Махны үнийн өсөлт ядарсан иргэдийг улам зүдрээж  байна

2019 оны 09 сарын 16

Үнийн өсөлт буюу инфляци гэдэг ойлголтыг эдийн засгийн агуулгаар харвал “эрүүл” үзэгдэл. Эсрэгээрээ дефляци буюу үнийн уналт удаан үргэлжлэх нь эдийн засгийг хөшингө байдалд оруулдаг болохыг Японы жишээнээс бид харж болно л доо. Гэхдээ манайх шиг гурван хүн тутмын нэг нь наад захын хэрэглээний зүйлсээ авч дийлэхгүй ядуу амьдарч буйн дээр дахиад дөрвөн зуу мянга гаруй иргэн ядуурлын шугамд ойрхон байгаа улсад инфляцийн өсөлтийг зөвтгөж харахад хэцүү байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсжээ. Улаанбаатар хотын инфляцийг харахад наймдугаар сард жилийн өмнөхөөс 10.5 хувиар өссөн байна. Тэгвэл энэ өсөлтийн 1/3 орчим нь махны үнийн өсөлтөөс хамаарч буй.

Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш үнэ нь өсөөд, дорвитой буугаагүй махны үнэ монголчуудын тэн хагасаас илүү нь амьдарч буй Улаанбаатарын инфляцийг арван хувь давж гарах гол нөлөөллийг үзүүлжээ.Үнийн өсөлтийн 2/3-ыг хатуу түлш, дотоодын аялал, төрийн зохицуулалттай үйлчилгээ,  улсын их сургуулийн төлбөр, шатахууны үнийн өсөлт гэсэн бусад бараа, үйлчилгээ бүрдүүлсэн байгаа юм. Сануулахад, энэ оны нэгдүгээр улиралд үнийн өсөлт бүх бүс нутгаар өсөлттэй гарахад хүнсний үнийн инфляци  Улаанбаатараас бусад бүсийн хувьд ерөнхий индексээсээ илүү байсан нь махны үнийн өсөлттэй голчлон холбоотой байсан билээ. Тэгвэл наймдугаар сарын байдлаар нийслэлийн инфляцид илүү нөлөөлсөн дүр зураг харагдаж байна.

Махны үнэ тогтвортой байсан бол нийслэлийн инфляци найм орчим хувьтай гарахаар харагдаж байна л даа. Хэдийгээр үнэ эрэлт, нийлүүлэлтийн огтлолцол дээр тогтдог ч  иргэдийн олонх нь нэг хүний сарын наад захын хэрэгцээг хангах 166 580  төгрөгөөс доогуур хэмжигдэх орлоготой байгаатай уяж харах ёстой. Ядуурлын түвшин 2016 оны байдлаар орон нутагт 34.9 хувь байсан. Дэлхийн банкны зүгээс манай улсын ядуурлын түвшинг 29.6 хувь, цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгч дөрвөн хүн тутмын нэг нь нэн бага цалин авч байна гэж дүгнэж байв.  Үндэсний статистикийн хороо  болон Дэлхийн банк хамтран 2018 оны байдлаарх ядуурлын хувь хэмжээг судлаж, гаргахад 28.4 хувь болж, хоёр жилийн өмнөхөөс 1.2 пунктээр буурсан гэж тэд мэдээлсэн. Гэхдээ эхэнд хэлсэнчлэн  дөрвөн зуу гаруй мянган хүн ядуурлын шугамд ойрхон байгааг сануулсан юм. Бүр тодруулбал,  нэг хүн хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авч чадахгүй байгаа бол тэр хүн ядуу гэсэн үг. 2016 онд манай улсад ийм чадамжгүй 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 оны байдлаар 904.9 мянган хүн ядуу амьдарч байгаа. Өмнөх судалгаагаар хөдөөд ядуурлын хэмжээ гучин хувь даваад байсан бол сүүлийн судалгаагаар хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гарсан. Судлаачид бол хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч нийт хүн амын 2/3 нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байгаа гэж тайлбарлаж суугаа юм. Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон аж.  Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь буюу 378.2 мянган хүн амьдарч байна. Тэгвэл Улаанбаатарын инфляци  тэрдундаа анхдагч хэрэгцээ болсон махны үнийн өсөлт дундаж орлоготой иргэдэд дарамт үүсгээд байхад бага орлоготой, өнөө маргаашаа аргалж чадахгүй шахам амьдарч буй иргэдийг улам бүр дэвсэлж байгаатай маргах хэрэггүй биз. Нэгэнтээ инфляци ийм байхад та нар шулсан ясаар шөл гарга гэж тэдгээр иргэдээ гаргуунд нь гаргаж болохгүй.

Цаашлаад инфляцийн өсөлтийг хязгаарлах бодит боломж юу байна вэ гэдэг асуудал мэдээж гол нь. Үүний тулд урхаг шалтгаануудаа бид сайн анзаарах ёстой. Ер нь бол  махны үнийн өсөлтийн өрхийн төсөвт үзүүлэх дарамт нэмэгдсэн.  Уг дарамтыг багасгахын тулд төр, засгаас авч хэрэгжүүлж буй болон авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үндэслэлийг сайн гаргах нь чухал гэж Төв банкны зүгээс үзэж байгаа юм. Махны үнийн өсөлтийг эдийн засгийн талаас нь тайлбарлахын тулд малын үнэ, малын түүхий эдийн үнэ, зах зээлийн бүтэц, хандлагыг анхаарах, нийгмийн талаас нь тайлбарлахын тулд малчин өрхүүдийн бүтэц, мал хөрөнгийн бүтцийн өөрчлөлт, орлого, хэрэглээний тал дээр өрнөж буй үйл явц, хөдөөгийн ядуурал, орлого, хөрөнгийн тэгш бус байдлын үйл явц хэрхэн өөрчлөгдөж буйг иж бүрэн, өргөн хүрээтэйгээр судлах хэрэгтэйг сануулж байна. Мөн махны үнэ бүрдэлтийн нийлүүлэлтийн хэлхээний бүрдэл хэсэг бүр дээр үнийн өсөлтийг эрэн сурвалжилж хэн нэгэн буруутныг тодруулах гэхээсээ малчин өрхүүдийн дунд сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй нийгэм,  эдийн засгийн үйл явц, түүний хандлагыг тодорхойлох нь малын, махны үнэ яагаад өсдөг вэ гэдгийг тодорхойлоход ч хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Сүүлийн арваад жил малчин өрхүүдийн дунд хөрөнгийн ялгарал буюу малын тоо, сүргийн бүтэц, чанар гэх мэтээс үүдсэн орлого, хэрэглээний томоохон өөрчлөлт явагдсаны үр дүнд өнөөгийн байдлаар нийт малын олонхи буюу 80 хувь орчим хувь нь нийт малтай өрхийн цөөнх буюу  45 хувь орчим хувьд  харъяалагдаж байна. Тэдгээр нийлүүлэгчдийн хувьд Улаанбаатар хотын хэрэглэгчид хямд үнэтэй мах идэх эсэх нь төдийлөн хамаатай сэдэв биш гэдгийг ч судлаачид сануулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top