Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

2019 оны 09 сарын 18


Олонхийн бүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр ам нэгссэн. Тус шийдвэрийн самбай сүүлийг дэрлэн эрх баригчид УИХ-ыг тараан дахин сонгууль явуулах ажиллагааг ч давхар дайжээ. Энэ тухай манай сонин өмнөх хоёр ч дугаартаа мэдээлсэн учраас энд дахин дэлгэх шаардлагагүй.  Харин УИХ тарж, дахин сонгууль явуулахтай холбоотойгоор өрнөж байгаа мэдээллүүд бий.

Юуны өмнө өнгөрөгч жилээс “УИХ тар, дахин сонгууль явуулъя” хэмээн агсам тавьж байсан АН-ынхан дуугаа хураажээ. Тэдний хувьд УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулахгүй гэсэн нэгдсэн саналд хүрсэн бололтой. Тэгэхээр урьд өмнө нь “Тар, боль” хэмээн өдөр бүр агсарч байсан нь зүгээр шоу байж. Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар С.Эрдэнэ тэргүүтнүүд Ерөнхийлөгчтэй уулзсан гэх. Чухам ямар яриа өрнөснийг мэдэхгүй ч таамаглахад Үндсэн хуулийн санал асуулгатай хавсран эрх баригчдын хийх гэж буй акцийг таслан зогсоох яриа өрнөсөн байх магадлалтай. МАН, Засгийн газрын рейтинг чамгүй өндөр байгаа үед дахин санал хураалт явуулах нь сөрөг хүчинд халтай.  Тиймээс сөрөг хүчний даргын хувьд дахин санал хураалтад орсноор даргын суудлаа алдана гэсэн жижигхэн улс төр ч үүн дотор явж байгаа нь ойлгомжтой.

УИХ-д 64 суудалтай эрх баригч намыхан АН-тай, АН-гүй хүч түрэн шийдвэр гаргах боломж байгаа ч улс төрийн нөхцөл байдал амаргүй. Хэдийгээр бүлэггүй ч АН гээд сөрөг хүчин бий. Ерөнхийлөгчийн зүгээс ирэх улс төр гээд юу эс мундахав. Ах намынхан бүлгийн хуралдаанаараа 100 хувийн санал дээр шүд амаа нийлүүлсэн гэх боловч гишүүдийн байр суурь өөр өөр байна. Тухайлбал, М.Энхболд, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн нараас эхлээд “Ээлжит бус сонгууль явуулах нь буруу” гэж хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн. Өдгөө УИХ-ыг тараах тухайд гарын үсэг зуруулах албан бланк Шаргал ордны цоожтой, цоожгүй хаалга мөргөж явсаар 30 гаруй гишүүний мутрыг авчихаж. Одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар тэргүүлэн гарын үсэг зурцгаажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар чухам ямар байр суурьтай байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. У.Хүрэлсүхийн хувьд түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар буюу засгийн гал тогоог барьж байсан Г.Занданшатараар төсөөлж байгаа болов уу. Гэтэл Г.Занданшатар өнөөдөр Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг тэргүүлж байгааг мартаж болохгүй.

Тодотгож хэлбэл, статусын хувьд У.Хүрэлсүхийн дээр ажиллаж байгаа гэхээр намын гэхээсээ илүүтэй ард түмнээс сонгогдсон парламент, улс орны эрх ашгийн талд өөрийн тодорхой байр суурьтай байж таарна. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Төрийн гурван өндөрлөгийн засаглал өөрчлөх хамтарсан “хувьсгал” гэх нь бий. Судлаачдын хэлж байгаагаар засаглал нь ямар нэгэн хувьсгалаар 20 жил тутам өөрчлөлт ордог байна. Гэтэл манай улс сүүлийн гучаад жил засаглалдаа өөрчлөлт оруулсангүй. Аливаа нийгэм өөрөө Үндсэн хууль, засаглалын бүтцийг даган өөрчлөн хувьсаж байх ёстой ч бид байрандаа суугаа нь үнэн болохоор эх сурвалжийн шивнэсэн үг ортой ч юм шиг. Ямартай ч бид 10, 20 жилийн өмнөх намын төлөвшил, үзэл баримтлал яриад суух цаг биш гэдгийг ч нийгэм өөрөө сануулж байна. Ерөөсөө ямар нэгэн хувьсгалын өөрчлөлтөөр түүчээлэн зүсээ хувиргах ажил юм.

Энэ мэтчилэн олон ургальч санаа бодол улс төрийн акцаас илүү жин дарахыг үгүйсгэх аргагүй. Ээлжит сонгууль дөхөж буй энэ цагт шууд төвөгшөөх нэгэн байхад дуртай биш ч “төсөв мөнгөний гарз” хэмээн эвтэйхэн цаараглах нэгэн ч бий. Тодорхой улс төрийн тохиролцоонд хүрэх сонирхол ч байж таарна. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд сүүлийнхээ жилийг дундалсан энэ парламент тарахдаа тулвал их зүйл болно. Өдгөө 30 гаруй гишүүн гарын үсэг зурчихсан байгаа ч УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь толгой дохиж байж нэг талдаа гарна. 50+1 тийм ч амар цуглачихгүй. Үнэхээр хүсч байгаа бол 50+1 хүргэхийн тулд гишүүдээ ятгахаас эхлээд айлгах, “буландах” гээд олон салаа аргаар үзэх байх. Тэгтлээ хүсээгүй бол 30 гаруй гишүүдийн гарын үсэг үр дүнгүй болно. Магадгүй эндээс Үндсэн хууль өөрчлөх сонирхол байна уу, үгүй юу гэдэг нь шууд харагдана. Эрх баригч намынхан 64 гишүүн байгаа ч шийдэж чадахгүй Ард нийтийн санал асуулга гэх нэр томъёо руу түлхэж байгаа нь ч ихээхэн сонирхолтой. Үнэхээр хүсч байгаа бол хийж болох л асуудал байсан.

Гэхдээ тарахгүй байхаасаа илүүтэй тарах нь илүү адармаатай зураг харагдана. Хэрвээ тарлаа гэж үзвэл яах вэ.  Мэдээжийн хэрэг Төрийн эрх барих дээд байгууллага нь тарчихсан учраас Ерөнхийлөгч Онц байдал тогтоож таарна. Монгол Улс Ерөнхийлөгчийн гарт 100 хувь очиж байна гэсэн үг. Гүйцэтгэх засаглалгүй улс гэж байхгүй учраас ямар нэгэн байдлаар завсарын Засгийн газар ажиллана. “Төрийн гурван өндөрлөгийн хамтарсан ажиллагаа” хэмээсэн эх сурвалжийн хэлсэн нь ташаарахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллах гарц харагдаж байна. Энэ бол бидэнд тал талаас өгч байгаа эх сурвалжийн мэдээлэл, зарим судлаачдын таамаг шүү дээ.

Харин энд ажиглагдаж буй нэг зүйл гэвэл Ерөнхийлөгчид бүх эрх төвлөрөх нь. Ингэхээр Ерөнхийлөгч дахин сонгууль хэзээ хэрхэн явуулах эсэхийг шийдэхээс эхлээд бүх эрхийг гартаа төвлөрүүлсэн Ерөнхийлөгч нөхцөл байдлыг хаашаа ч эргүүлж болох зураглал бууж байна. Хууль тогтоох хамгийн дээд байгууллагаа тараачихсан улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг юу юунаас хүчтэй, хаан л гэсэн үг.

Судлаачдын сэтгэлийг түгшээж байгаа нэг зүйл гэвэл хоёр том гүрний дунд хаашаа ч үгүй орших энэ улсын хувь заяа ямар засаглалтайгаар зөв оршин тогтнох вэ гэдэг нь юу юунаас чухал аж. Хэрвээ засаглалын өөр хувилбар сонголоо гэхэд мөнхийн хоёр хөрш ихээхэн нөлөөлнө гэдгийг тэд дуулгасан. Нөлөөлж байсан түүх ч бий, эдийн засгаар дамжуулан нөлөөлсөөр ч байгаа. В.Путин Халхын голын ялалтын ойн үеэр Нисэх хүчний шилдгүүдээ хөлөгтэй нь илгээлээ. Өөрөө ч хүрэлцэн ирлээ гээд өдгөөгийн Ерөнхийлөгчтэй чамгүй харилцаа зузаарсан мэт харагдах нь хойд талаас дэмжлэг ирж мэдэхээр. Гэвч Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэр Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улс АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай боллоо. Энэ нь өөрөө харилцан итгэлцэл, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагаа, хамгийн их дутагдаад байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь нь болж өгч байна” гэж мэдэгдсэн. Мөнхийн хөрш ОХУ, В.Путины дээгүүр алхаад ийм гэрээ байгуулах нь манай улсын хувьд ямар үр дүнтэй вэ. Дэлхийн бодлогод өндөр байр суурьтай хойд гүрэн үүнд талархалтай хандах уу үгүй юу. Нэгэнтээ Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн “Монгол Улсад гуравдагч хөрш гэж хэзээ ч байгаагүй, хойшид ч байхгүй” хэмээсэн.

Нөгөө талаас өмнөд хөрш байна. Монгол Улс, Хятад хоёр хөршийн харилцаа сайн байгаа. Энэ онд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож олон ч бүтээн байгуулалтад эргэн төлөгдөх, төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр гараа сунгаад байгаагаас харахад нөхөрлөл чамгүй бэхжсэнийг илтгэх мэт. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч өмнөд хөрштэйгөө маш сайн ойлголцон ажиллаж байна. Энэ утгаараа засаглал сонгох уулзвар дээр ирэхэд өмнөд хөрш эрх баригчдыг дэмжихээр харагдана. Өмнөд хөрш АНУ-тай худалдааны дайн зарлаж олон тэрбумаар тоологдох ам.долларын алдагдал хүлээчихсэн сууна. Тодотгож хэлбэл, АНУ, Хятад хоёр дайн зарлачихсан. Үүгээр ч зогсохгүй АНУ, хойд хөрш хоёрын харилцаа тийм ч халуунгүй байгаа зэргээс харахад бид бодлоготой хөдлөх ёстой болов уу. Хэзээ ч хагацах боломжгүй хоёр хөршийнхөө “дайсан”-тай очоод нөхөрлөх оролдлого хийж байгаа нь бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ гээд чамгүй эмзэг асуудал бий.

Үүнийг яагаад дурдаад байна вэ гэхээр бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан парламентаа ч тарааж магадгүй нь. Засаглалын том өөрчлөлт ч хийж магадгүй ийм цаг үед амьдарч байна. Тиймээс засаглалын талаар судлаачдын байр суурийг ч тандсан. Тэдний хувьд “хоёр их гүрний дунд байдаг улсын хувьд олонхоороо шийдвэр гаргадаг парламенттай байх нь чухал” гэх буюу “1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь парламентын засаглал байсан, тиймээс парламент засаглалтай байх хэрэгтэй”, “нийгмийн шилжилтийн үе шувтрах болоогүй, эдийн засгийн хувьд бэхжээгүй ийм нөхцөлд дарангуйлагч төрөх аюултай. Тиймээс парламентын засаглалтай байя” гэх зэргээр бүгд л өдгөө байгаа засаглалдаа талтай байгаа. Гэхдээ парламентын засаглалтай байгаад үүнийгээ сайжруулъя, нөхцөл байдлыг өөрчлье гэсэн судлаачид бас цөөнгүй байгаа. Ямартай ч монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг дээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
зочин (139.5.219.193) 2019 оны 09 сарын 18

Манайхыг тойрсон хүчний тэнцвэр бүрэн алдагдсан. Орос Монгол хоёр хоёулаа Хятадын охин дүү болсон. Хятад Оросоос 17 дахин хүчтэй болжээ. Хятадаас газар нутгаа ч хамгаалж чадахгүйдээ хүрээд байгааг харж байна уу? Иймд Хятадаас айхгүй сөрж чадах улстай сайн харилцаатай байх нь нэн чухал.

0  |  0
Monxnar(202.126.89.144) 2019 оны 09 сарын 18

Mongol uls Chingis xaanii dor negdseneer l xvchirxeg xuulia dagadag uls bolson.ene bol bidnii max tsusand shingesen gants toxirox zasaglal..Zob Eronxiilogchtei baigaa vedee ene bolomjiig aldaj boloxgvi.Baigali I bayalagtai Mongol ulsiig 5 jiliin dotor l gargaad irne de

0  |  0
Бат(202.9.43.210) 2019 оны 09 сарын 18

За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое

0  |  0
Top