М.Өсөхбаяр: Улс, аймгийн наадмыг нэг өдөр тэмдэглэх нь зөв гэж боддог

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан М.Өсөхбаярыг "ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН"-оор урьж ярилцлаа.


-Та сайхан намаржиж байна уу. Наадмаас хойш аймаг, бүсийн баяр наадамд зодоглов уу?

-Сайхан намаржиж байна. Наадмаас хойш Боржигон наадамд очиж барилдлаа. Мөн “Жигүүр гранд” компанийн маань 30 жилийн ой болж, ойн бэсрэг наадмын бөхийн барилдааныг зохион байгуулж оролцлоо. “Жигүүр гранд” компани 2005 оноос намайг ивээн тэтгэж, би энэ компаниараа овоглож 15 жил барилдсан байна. Мөн саяхан БНСУ-д болсон Дэлхийн тулааны спортын наадамд бөхчүүдээ авч очиж, ширым бөхийн төрөлд анх удаа оролцоод ирлээ.

-Та Монголын Ширым бөхийн холбооны тэргүүнээр ажилладаг. Манай бөхчүүд сүүлийн үед энэ төрөлд амжилт үзүүлж байгаа сайхан мэдээг дуулгах боллоо?

-Ширым бөхийн холбоог нөхдийн хамт байгуулж, 2011 оноос хойш хөгжүүлээд явж байна. Манай холбоо БНСУ-ын Ширым бөхийн Үндэсний холбоотой хамтарч ажиллаж байна. БНСУ-ын Үндэсний холбоо манайхтай хамтарч ажиллах асуудлаар яриа хэлэлцээр хийхээр өнгөрсөн жилийн аравдугаар сард 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд ирсэн. БНСУ-ын Ширым бөхийн Үндэсний холбооны тэргүүн нь хүртэл ирсэн.

Монгол бөхчүүд бол ширым бөхөөр амжилт үзүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа. Манай тамирчид сайн барилдаж, уралдаан тэмцээнд амжилт үзүүлж байна. БНСУ-д саяхан болсон Дэлхийн тулааны спортын наадамд амжилттай оролцоод ирлээ. Манай бөхчүүдээс БНСУ-ын бөхчүүдтэй таараагүй нь бол түрүү, үзүүрт хүртлээ барилдаад финалдсан. Улсын харцага О.Хангай үнэмлэхүй жинд, Улсын начин Д.Тамир -130 кг-д, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл -105 кг-д, Г.Дашбямба -65 кг-д тус тус мөнгөн медаль хүртлээ. Мөн -130 кг-ийн жинд барилдсан аймгийн начин М.Гармаа хүрэл медаль хүртсэн.

-Таныг жил болгоны улсын баяр наадмаар дээгүүр даваанд барилдана гэж бөх сонирхогчид итгэл хүлээлгэдэг. Энэ жилийн наадмаар аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэтэй барилдаан таарсангүй юу?

-Энэ жил өөрийгөө гайгүй байгаа гэж бодсон. Дээгүүр барилдъя, шөвгөрье гэж бодож байсан ч дөрвийн даваанд аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ гэж залууд тахимаа өгсөн. Би өөрийгөө сайн байгаа гэж бодож барилдсан учраас алдаа гаргасан. Барьц сонгох болоход шоо миний талд буусан. Би бас түүний барилдааныг мэдэхгүйгээс болсон байх. Энэ жил Д.Баасандорж ахтайгаа хамт “Булганхан” дэвжээнийхээ бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлээ базаасан. Бэлтгэл сайн байсан учраас баруун хутгаад өөрийнхөөрөө барилдаад явсан. Тооцоо алдсан. Босгуулаад унасан. Би уначихаад бодсон л доо. Хөлөө зөөж чадалгүй уначихсан. Хүний сурсан мэх сайхан юм. Орой нь бичлэгээ эргэж харахад тэр залуугийн мэх ч над дээр сайн туссан, шийдсэн ч мэх байсан байна лээ. Тэгээд унахдаа их нисэлттэй унасан. Тэгэхээр их чангарсан, биеэ барьсан нь анзаарагдсан. Олон жил барилдаад ирэхээр биеэ барих, илүү хичээгээд ирдэг юм шиг. Анх гарч ирж байхад бол хамаагүй барилдаж байжээ. Одоо тэр үеийн цол авч байсан барилдааны бичлэгүүдээ харахаар би яаж уначихаагүй барилдаж байсан юм бол гэж харагддаг. 

-Сүүлийн үед бөхийн ертөнцөд допинг, бөхийн холбоодын маргаан гээд олны анхаарлыг татсан асуудлууд их гарч байна л даа. Тантай энэ сэдвээр ярилцах бодолтой байна. Энэ зуны турш бөхчүүд сэргээш хэрэглэсэн асуудал олны шүүмжлэлд өртлөө. Та энэ асуудал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би бөхийн дүрэмтэй холбомоор байдаг юм. Хаялцах барьц, шахааны барьц авч барилдахаар жин ихтэй бөхөд давуу тал болдог. Тийм учраас бөхчүүд маань масс нэмэх гэж уураг, бэлдмэл хэрэглэдэг. Үүнээс болж сэргээш илрээд байна уу гэж ойлгодог. Гэвч бөхчүүд сэргээшийн төрлийн бодис хэрэглэж болохгүй. Дэлхий нийт ч үүнд тамирчин, дасгалжуулагч, үзэгч сонирхогчгүй анхаарал хандуулж байна. Сэргээшийг санаатай хэрэглэж байна уу, санамсаргүй хэрэглэж байна уу гэдгийг мэдэхгүй юм. Сэргээш хэрэглэх ойлголт, сонирхол бөхчүүд, тамирчид бидний хувьд байж болшгүй асуудал. 

Харин бэртэл гэмтлийн улмаас энэ төрлийн бодис хэрэглэсэн тохиолдол байх юм бол өөр хэрэг л дээ. Дэлхий нийтэд ч бэртэл гэмтлийн үед, хорт хавдрын өвчинтэй тэмцэх үед тамирчин эмчийн хяналтад зарим төрлийн уураг, бэлдмэл хэрэглэх тохиолдол байдаг юм байна. Сэргээш гэхээр гормоны төрлийн эмүүд ихэвчлэн илэрдэг гэж эмч нар тайлбарлаж байна. Тухайлбал, хөхний хорт хавдартай хүн энэ төрлийн эм заавал хэрэглэх болдог. Эрүүл хүн хэрэглэх юм бол ааш авирт нь нөлөөлдөг, булчин шөрмөс нь томордог гэж мэргэжлийн эмч тайлбарлаж байна лээ. Тэгэхээр эрүүл хүн хэрэглэх боломжгүй. Иймд сэргээшийн төрлийн бодис хэн, яаж оруулж ирээд байна вэ гэдэг дээр мөн анхаарал, хяналт тавих хэрэгтэй. 

Сэргээшийн явцын буюу гэнэтийн шинжилгээг 2017 онд спортынхноос авсан байдаг. Тэр дунд үндэсний бөхийн тамирчид багтсан. Үндэсний бөхийн тамирчдын дунд сэргээш хэрэглэсэн асуудал байгаа учраас бөхчүүдийг явцын шинжилгээнд хамруулъя гээд нэлээд олон бөхөөс авахаар шийдсэн байх. Тэр шинжилгээгээр таван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон шүү дээ. Тэгэхээр бөхчүүдийн дунд сэргээш хэрэглэх явдал байна гэж ойлгогдож байна. Ямар ч тохиолдолд бид сэргээшийг хүлээн зөвшөөрч болохгүй. Дүрмийн чанга, нарийн зохицуулалт хэрэгтэй.

Төрийн баяр наадам сайхан болоод, цол авсан бөхчүүд найр наадмаа хийгээд, нутаг орныхонтойгоо баярлаад сайхан байдаг л даа. Ялангуяа том цолонд хүрсэн бөхчүүдийг. Тэгээд удаагүй байж байтал асуудал дэгддэг. Энэ жилийн хувьд допингийн хариу маш хурдан гарч, шөвгөрсөн бөхчүүд ч мэдээлэл хийцгээсэн. Аварга бол сэргээш хэрэглээгүй, надад хэрэглэх шаардлага байхгүй гэж тайлбар хийсэн. Надад бол өөрийнх нь ярьж байгаа зүйл ортой л санагдсан. Яагаад вэ гэхээр Э.Оюунболд аварга бол авьяаслаг бөх. Зөвхөн хар хүчээр хүн унагаад байгаа юм байхгүй. Уран барилдаанууд гаргаж барилддаг. Би түүнийг сайн бөх гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр яг юунаас болсон юм. Шинжилгээний дээж солигдсон юм уу, үгүй юм уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох байх даа. 

-Та Үндэсний их баяр наадамд олон удаа шөвгөрсөн. Тэгэхээр сэргээшийн шинжилгээг хэдэнтээ өгч байсан байх. Э.Оюунболд аварга шинжилгээний сорьц солигдсон гэдэг тайлбар хийсэн. Тийм алдаа гарах эрсдэл байдаг уу?

-Би улсын баяр наадамд дөрвөн удаа шөвгөрөхдөө шинжилгээ өгч байсан. Допингийн шинжилгээний төвөөс хүрч ирээд гарын үсэг зуруулаад, сорьц авдаг. Би тав даваад, зургаагийн даваанд өвдөг шороодсон бол шууд авч яваад л шинжилгээ авна гэсэн үг. Шинжилгээний сорьц солигдох боломжгүй л санагдсан.

-Үндэсний их баяр наадмаар бөхчүүд даваа наймаалцлаа, найраатай начин төрлөө гэж бөх сонирхогчид шүүмжилдэг. Бөхчүүдийн дунд найрааны асуудал үнэхээр байдаг уу?

-Шавь эсвэл нутгийн дүүгээ амлаж, цолонд хүргэж байгаа тохиолдол бол байдаг. Үүнийг ард түмэн маань ч ойлгож, мэдэрдэг. Бөхийн ухаан, уламжлал гэж зүйл байна л даа. Найрааны тухай ард түмэн маань ч, бөхчүүд ч ярьдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл үүнийг нотолсон зүйл байхгүй, нэг ёсондоо нотолгоогүйгээр бөхийн нэр хүндэд халдах тохиолдол удаа дараа гарч иржээ. Нэг компанийн захирал наадмаар өөрийнхөө компанийн залуу бөхийг начин болгох гэж баахан мөнгө цацаад л бөхчүүд түүнд нь нурж унаж байгаа юм шиг хүмүүс ойлгодог. Би бол улсын баяр наадамд найрааны асуудал байхгүй гэж боддог. Дэмжлэг бол байдаг. 

-Та бусад бөхөд тийм дэмжлэг үзүүлж байв уу?

-Найз нөхөд, ах дүү, нутгийн бөхөө нэг давуулах, гарыг нь амраах зүйл байдаг. Түүнээс бол мөнгөөр найраа хийдэг зүйл бол байхгүй. Х.Баянмөнх аварга ярьсан байдаг. Б.Бат-Эрдэнэ аваргыг дөнгөж гарч ирж байхад нь “Би чамд бууж өгөхгүй. Харин чи надаас ханасан барьцаа ав” гэж барьц өгөөд, барилдаж байсан гэдэг. Энэ ухаан бол шинэ гарч ирж байгаа залуу хүнд мундаг дэмжлэг биз дээ. Залуу хүнд өөрт нь илүү барьц өгөхөөр сэтгэл зүйн хувьд ч том дэмжлэг болдог. Ийм зүйлүүд бөхчүүдийн ярианаас олон сонсож байсан. Ер нь тэгээд цолонд хүрэх бөхчүүд андашгүй байдаг шүү дээ. Тухайн жил заал, танхимын барилдаануудад сайн барилдаж байсан бөхчүүд л улсын цолонд хүрлээ. Өвөрхангайн Б.Цэдэнсодном энэ жил заалны барилдаанд үнэхээр сайн байсан. Цэргийн наадмаар үзүүрлэж байхад нь харж л байлаа. “Энэ хүүхэд чинь начин цолонд хүрэх л юм байна” гэж бодож суусан. Д.Анарыг бол харцагаар тогтохгүй цолонд хүрнэ гэж боддог. Сайн барилдаж, цолоо ахиуллаа. За тэгээд ид сайн барилдаж байгаа аварга, арслангууд маань дээгүүр барилдлаа. Ер нь тэгээд одоо бол барилдаан бүр л өрсөлдөөнтэй өрнөдөг болсон. Сүүлийн хоёр жилийн наадамд түрүүлсэн Н.Батсуурь, Э.Оюунболд нарын аваргууд өмнө нь нэг, нэг түрүүлж байсан. Бусдаар бол сүүлийн 10 гаруй жилд дандаа өөр өөр бөх түрүүлсэн. Тэгэхээр хэн ч түрүүлж болохоор өрсөлдөөнтэй болсон гэсэн үг. 

-Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин хөндөн тавьсан байгаа. Холбогдох хүмүүст Ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгосон. Хуульд баяр наадмын бөхийн барилдаантай холбоотой ямар өөрчлөлт хэрэгтэй бол?



-Ө.Энхтүвшин дарга энэ жил Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан хүний хувьд анзаарч харсан байх л даа. Тухайлбал, допингтой холбоотой болохгүй зүйл яваад байна шүү гэдгийг. Сум, аймгийн баяр наадмыг Үндэсний их баяр наадамтай хамт хийе гэдэг санал гаргасан нь маш зөв юм. Улсын баяр наадам долоодугаар сарын 11-ндээ эхэлж байхад аймгууд баяр наадмаа 10, 11-нд тэмдэглэж болж байна. Долоодугаар сарын 10, 11-нд аймгийн баяр наадамд барилдаж байгаа бөх улсын баяр наадамд ирж зодоглох боломжгүй. Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл долоодугаар сарын 10-ны 17:00 цаг гээд хаачихдаг. Тийм учраас бөхчүүд аймаг, улсын баяр наадмын нэгэнд нь барилдах боломжтой. Аймгийнхаа баяр наадамд зодоглох сонирхолтой улсын цолтой бөх байвал барилдаж болно шүү дээ. Нас ахисан улсын цолтой бөх “Би үндэсний баяр наадамдаа барилдаад шалихгүй дээ. Аймгийнхаа баяр наадамд барилдъя. Хийморио сэргээчихье” гэж үзвэл тэднийг буруутгах аргагүй. Хаана барилдах нь хүний эрхийн асуудал. Харин аймгуудын баяр наадам, улсын баяр наадамтай нэг цаг хугацаанд болоогүй тохиолдолд улсын том цолтой бөхчүүд олноороо аймгийн наадамд очиж барилдаж таарна. Ингэхдээ өөрийн ойр тойрны бөхчүүдийг даваа ахиулдаг гэх зэрэг асуудал байдаг. Зарим аймгийн баяр наадамд зохимжгүй зүйлүүд харагддаг. Улсын цолтой бөхчүүд аймгийн наадамд оччихоод найз бөхчүүддээ хэлж, өөрийнхөө дагуулдаг дүү, шавь нарыг дэмжүүлдэг, даваа ахиулдаг байж болохгүй. Тэгэхээр аймаг, сумын залуу бөхчүүд өсөж дэвжих, цолонд хүрэх байдлыг хаачихдаг. Тийм байж болохгүй. Мөн аймгийн баяр наадмын хувьд ч гэсэн 256 бөх барилдах нь хэр зохимжтой юм бол гэж бодогддог. 128 бөх барилдахад л болно шүү дээ. Чанаргүй олон бөх барилдуулаад яах юм. Аймгуудын баяр наадмыг нэгэн зэрэг хийсэн тохиолдолд 256 бөх барилдах аймаг ховор л байх.

-Та бол начны найраа байхгүй гэж үзэж байгаа. Гэхдээ даваа наймаалах, начин төрүүлэх хардлагыг зогсоохын тулд дөрвийн давааг биш тавын давааг оноолтоор барилдуулахаар зохицуулалт хийвэл үр дүнтэй байж болох уу?

-Байж болно. Гэхдээ оноолтоор барилдуулахын алдаа бас байна. Хамгийн дээр эрэмбэлэгдэж байгаа аваргатай хамгийн доор эрэмбэлэгдэж байгаа залуу бөх оноолтоор таардаг. Өсөж гарч ирж байгаа залуу бөхийг аваргаар “хэмжүүлж” цол авхуулна гэдэг өрөөсгөл байх талтай. Тэгэхээр нөгөө бөх сонирхогчдын улсын цолонд хүрээсэй гэж хүсдэг, сайхан барилддаг залуу бөхчүүдийг аваргын аманд аваачиж өгөөд байх нь зөв үү, буруу юу гэж бодогдох нь бий. Яахав аваргыг хаяад цолонд хүрч болно л доо. Гэхдээ аварга, аймгийн цолтой бөх хоёрын хооронд маш том зөрүү бий. Залуу бөхийн хувьд ч аваргатай барилдах сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй байгаа шүү дээ. Хараад байхад, аваргатай таарчихгүй бол болно доо гэсэн бодолтой наадамд ирж байгаа залуус ч байна. 

-Улсын баяр наадмаар шөвгөр­сөн бөхчүүдийн цол, шагналыг допингийн шинжилгээний хариу гарсны дараа олгодог байж болох уу. Тийм санал яригдаж байгаа гэсэн?

-Нэгэнт олгочихсон цолыг буцааж хураана гэдэг хэцүү. Тийм учраас одоо хуулиа тэгж өөрчлөх хэрэгтэй. Түрүүлж, шөвгөрсөн бөхчүүдийн батламжийг нь бол олгож болно. Харин допингийн хариу гарсны дараа Ерөнхийлөгч зарлигаа гаргадаг байж болох юм. Төрийн ордонд очоод, Ерөнхийлөгчөөсөө цолоо авчихдаг байж болно шүү дээ. Уяачид зун, нам хурдан морио давхиулж байгаад өвөл болсон хойно цагаан сараар цол, шагналаа авдаг.  Түүнтэй адилхан болгож болох л байх.

-Бөхийн холбоо хоёр хуваагд­чихаад байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ, та?

-За яг энэ асуудал бидэнд ч мөн ойлгомжгүй л болоод байгаа юм. "Их Эе"-ээ эв зүйгээр нь, үнэн мөнөөр нь хуралдуулж байх хэрэгтэй. Их хуралдаа улсын цолтой бөхчүүдээ бүгдийг нь оруулчих. Аймаг, сумын цолтой бөхчүүдийнхээ төлөөллийг оруулчих. Бөхчүүд бид л өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадна. Бөхийнхөө холбоог одоо сайхан цэгцэлж, бөхийн нэр хүндээ өргөх цаг болсон. Бөхийн давааны найраа, допинг, хоёр холбоо "Бөхийн өргөө"-гөө булаацалдаад байгаа юм шиг ийм таагүй дүр зураг, үйл явдлууд бөхийн их гэр бүлд багтаж яваа бидэнд хэцүү санагддаг. 

Шилэн дансны тухай хууль гарсны дараа "Бөхийн өргөө"-ний орлого, зарлагын тайланг танилцуулж байсан. Одоогийн холбоог маань манай бөхчүүд, зөв залуучууд удирдаж яваа гэж би боддог. Ц.Магалжав, Б.Сайнбаяр зааныг Бөхийн холбоогоо удирдаад, улам сайхан аваад явчих боловсрол, мэдлэгтэй, зөв хүмүүс гэж би хувьдаа үнэлдэг. Одоо илүү л сайн нягтарч, алдаа оноогоо засах нь чухал. Зөв менежмент их хэрэгтэй. Бөхийн маань нэр хүнд сэвгүй байгаасай л гэж хүсэж, бодож явдаг даа. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top