Д.Мөнхцэцэг: ЕБС-ийн дэргэд найман дотуур байр ашиглалтад орууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23



Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгтэй тус аймагт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар ярилцлаа. 


-Төв аймагт Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, орчин нөхцөлийг дээшлүүлэх талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Аймгийн хэмжээнд 2017 онд “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг ИТХ-ын VII тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлого маань 2017-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэхүү бодлогын баримт бичгийг дагаж бид боловсролын салбарт “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” гэсэн дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхэд бүр цэцэрлэгт дэд хөтөлбөр хэрэгжсэнээр 2016-2019 оны хооронд нийт 10 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр цэцэрлэгийн хүчин чадал 1280 ороор нэмэгдсэн. Тухайлбал өнгөрсөн 2018 онд аймгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр, Борнуур сумдад 696 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 175 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгүүд ашиглалтад орсон байгаа. Энэ 2019 оныг манай аймаг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласантай холбогдуулан энэ онд нийгмийн салбарт 21 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, 17 барилга байшин шинээр ашиглалтад орох юм. Эдгээр барилгуудыг бид түрүүчээс нь ашиглалтад хүлээн авч байна.

Нийт барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар  Жаргалант, Баян-Өнжүүл сумын цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна. Мөн хувийн хэвшлийн байгууллагын хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын Хайлааст багт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороод байна. Энэ мэтчилэн 2016-2019 онд найман цэцэрлэг шинээр баригдсанаар цэцэрлэгийн хүчин чадал 1090 ороор нэмэгдэж, хүүхэд багачууд тав тухтай, тохилог орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангагдаж байна. Мөн бид байгууллагын өмнөх болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ирсэн. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд байгууллагын цэцэрлэг хоёр, хувийн хэвшлийн таван цэцэрлэг баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Одоо Баянчандмань суманд 150, Эрдэнэ суманд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Мөн аймгийн 2019 оны үндсэн чиглэлд “Дээвэр” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Мөнгөнморьт сумын цэцэрлэгийн дээврийг 60 сая төгрөгөөр, Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн А байрны дээврийг 80 сая төгрөгөөр засварлаад байна. Эдгээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 83.57 хувьд хүрсэн байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 2.9 пунктээр ахисан, цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 1648 хүүхдээр нэмэгдсэн үр дүнд хүрсэн байна. 

-Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байна вэ?

-Аймгийн хэмжээнд “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” дэд хөтөлбөр маань хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд багшийн хөгжлийг авч үзэж, багш нараа сургах, хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Амжилт гаргасан багш сурагчдаа урамшуулах болзлыг шинэчлэн баталж, Төв математик болзолт уралдааныг аймгийн засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулж байна. 41.9 сая төгрөгийг энэхүү уралдаанд амжилт гаргасан багш, сурагчдыг шагнаж урамшуулахад зарцуулсан байна. Үүний үр дүнг 2016 оноос хойш улсын төрөлжсөн олимпиадаас 22 медалийг хүртсэн амжилтаас харж болно. Мөн багш нараа сургах чадавхжуулах тал дээр МУБИС-тай 17 чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтад 500 оноо авсан сурагчид МУБИС-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж нээгдэж байна. Дотуур байранд нь бас 50 хувийн хөнгөлөлттэй амьдрах юм.

2016 оноос эхлээд аймгийн Засаг даргын захирамжаар “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг жил бүр зохион байгуулж ажиллаж байна. Үүний үр дүнд улсын шалгалтын гүйцэтгэл 2018-2019 оны хичээлийн жилд 75.8 хувьд хүрсэн байна. Мөн аймгийн хэмжээнд судлагдахуун бүрийн тэргүүний шилдэг багш нараас бүрдсэн “Зөвлөх багш нарын баг”-ийг байгуулсан бөгөөд эдгээр багш нар маань улсын төрөлжсөн олимпиадын III даваанд оролцсон багш сурагчдыг мэргэжил бүрээр бэлтгэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн бүтээн байгуулалтын 2018-2019 онд Эрдэнэ сумын 320 хүүхдийн сургуулийг барьж байгуулан ашиглалтад оруулсан, одоо үйл ажиллагаа хэвийн явж байна. Түүнчлэн улсын төсвийн нэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цээл сумын 320 хүүхдийн сургууль, улсын төсвийн нэг тэрбум 151 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бүрэн сумын 320 хүүхдийн сургуулийг тус тус энэ ондоо багтаан ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Харин улсын төсвийн гурван тэрбум 978.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод суманд 640 хүүхдийн спортын төрөлжсөн дунд сургууль, дөрвөн тэрбум 907.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Батсүмбэр сумын 920 хүүхдийн сургуулийг 2020 онд ашиглалтад хүлээн авна. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа Дээвэр төслийн хүрээнд Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийг орон нутгийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварласан.  

-Дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин нөхцөлийг хэрхэн сайжруулж байна вэ?

-Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөрийн хүрээнд дотуур байруудыг ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар нийт 29 дотуур байр үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 19 нь буюу нийтдээ 65 хувь нь ариун цэврийн байгууламжтай болсон байна. Бид энэ жил хоёр сургууль нэг дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгоход 156.5 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ жил аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар Борнуур, Баянцагаан баян сумдад ариун цэврийн байгууламж барих болон дээвэр төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 893.8 сая төгрөгийг төсөвлөн, ажлын гүйцэтгэл хийгдэж байна. Мөн 2016 оноос Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд шинээр найман дотуур байрыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр дотуур байрны хүчин чадал 745 ороор нэмэгдэж  “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор энэ онд Эрдэнэ суманд улсын төсвийн нэг тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн ортой дотуур байр, Батсүмбэр суманд улсын төсвийн нэг тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн ортой дотуур байр, Баян суманд улсын төсвийн 880 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 75 хүүхдийн ортой дотуур байрыг тус тус ашиглалтад хүлээн аваад байгаа бол  Өндөрширээт суманд улсын төсвийн нэг тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 100 хүүхдийн ор бүхий дотуур байр, Жаргалант суманд улсын төсвийн нэг тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 100 хүүхдийн ортой дотуур байр баригдаж байна. Тус сумдын дотуур байр ашиглалтад орсноор дотуур байрны хүчин чадал 515 ороор нэмэгдэх юм. Харин Угтаалцайдам сумын 160 хүүхдийн ортой дотуур байрны барилгын ажил 2019-2020 он дамжин баригдах юм.

Түүнчлэн Дээвэр төслийн хүрээнд аймгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын дотуур байрны дээврийг 80 сая төгрөгөөр засварлаж, хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөр хэрэгжсэнээр дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан алслагдсан сумдын малчин өрхийн хүүхдүүдийг 98.2 хувьтай хамруулаад байна. Мөн 28 сургуулийн дотуур байрны тохижилтыг сайжруулж, зөөлөн эдлэлийг шинэчлэхэд 190 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top