Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ард нийтийн санал асуулга” явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавиад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатараас тодрууллаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь хууль бус төсөл хэлбэртэй байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Та үүнийг хэр үндэслэлтэй үзэж үзэж байна вэ?
-Би УИХ-ын даргын ахлах зөвлөх ажилтай. Тиймээс энэ асуултад бүрэн дүүрэн хариулт өгөх албан тушаалтан биш болохыг юун түрүүнд хэлье. УИХ дахь олонхын бүлэг хуралдаж, байр сууриа илэрхийлэх учиртай. Мөн УИХ-ын Тамгын газраас хууль зүйн үндэслэлийг нь судалж, танилцуулах ёстой.
Гэхдээ хуульч хүнийхээ хувьд болж байгаа нөхцөл байдлын талаар ерөнхий байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэр томьёог хэрхэн хэрэглэж ирсэн тухай практик жишиг гэж бий. Монгол Улсын Үндсэн хуульд 1999, 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдсан. Энэ үед дандаа нэмэлт, өөрчлөлт гэж явсан. Мөн Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсэж байсан. Бүгд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэгдсэн байдаг.
Хоёрдугаарт, одоо явж байгаа хууль зүйн процесс нь ямар байдалтай явсныг харгалзаж үзэх учиртай. УИХ-аар хэлэлцэхдээ хуульд заасан шаардлагыг хангаж ирсэн байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 2010 онд батлагдсан. Үүгээр хэлбэрийн хувьд хуульд байх бүх хэлбэрийг хангасан байна гэж заасан. Эдгээрээс ямар нэгэн санал, шүүмжлэл өрнүүлэхгүйгээр бодит байдлыг харахад Ерөнхийлөгч маань өөрөө хориг тавихдаа дурдсан шигээ анхнаасаа асуудлаа ойлгож байсан уу гэдэг байна.
2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүд өргөн барьж байсан. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх нар УИХ-ын гишүүн байсан. Энэ гурав маань гурвуулаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байсан. Мөн долоодугаар сарын 16-нд Ерөнхийлөгч хууль санаачлах эрхээ эдлээд төсөл, саналаа өргөн барихдаа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гэдэг байдлаар өргөн барьж байсан. Хоёрхон сарын өмнө өргөн барьсан төслийг нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан гэж үзсэн. Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гээд явсан байдаг. Практикийн хувьд нэршлээрээ төсөл гэж явдаг. Харин агуулгаараа хуульд заасан хэлбэрийг хадгалж ирсэн. Ерөнхийлөгчийн хоригтой танилцсаныхаа хувьд ийм тайлбар өгөх байна.
Мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэрлэхдээ үндэслэлээ Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.16-д заасан УИХ-ын онцгой бүрэн эрхийг үндэслээгүй байна гэсэн байсан. Үндсэн хуулийн 68.2-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.16-д заасан үндэслэлийн дагуу явуулна гэж заасан. Энэ заалтад УИХ-ын 25.6 нь өөрөө орсон байгаа юм. Тэгэхээр энэ заалтыг үндэслээгүй гэдэг нь бүрэн дүүрэн тайлбар биш. Ерөнхийлөгчийн байр суурийг би хүндэтгэж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн тайлбар хууль зүйн хувьд бүрэн дүүрэн үндэслэлтэй биш гэж үзэж байна.
-Ерөнхийлөгчийнхөөр УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихаад ард нийтээсээ асуух учиртай байв уу?
-Хууль батлагдаагүй байгаа. Ард нийтээс санал асуухдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална. Магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гээд өөрчлөх нөхцөл байдал ч үүсэж болзошгүй. Одоо дөнгөж төслийг УИХ хүлээн зөвшөөрөөд ард түмнээрээ батлуулах гээд байгаа юм. Хуулийн хэлэлцүүлгийн эцсийн шат үргэлжилж байгаа болохоос биш хуулийг баталчихсан зүйл биш. Батлах ажиллагааг ард түмэн шийднэ. Хуулийн хэллэг дотроо тодруулах шаардлагатай юм билээ. Төслийн томьёолол, заалтыг нь УИХ хүлээн зөвшөөрөөд баталсан болохоос биш батлах эрхээ ард түмэн өөрөө эдэлнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хориг эцэслэн батлаагүй байхад хууль гэдэг нэршил өгөгдөөгүй байна гэж байгаа. Магадгүй УИХ үндэстэй байна гэж үзвэл ард нийтийн санал асуулгаар хэлэлцэж шийдэхдээ нэршлээ ярьж болно. Харин агуулгын хувьд яривал хуулиас гажууд явсан зүйл байхгүй.
-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслээгүй гэж шүүмжилж байсан.
-Хуулийн заалтуудыг бүгдийг нь дурдах нь техникийн асуудал. Зарим заалтуудыг нь хэлчихэж болно. Жишээлэхэд Үндсэн хуулийн 68.2-ыг хэлчихэд Үндсэн хуулийн 1.16-г заавал дурдах албагүй болдог. Харин хууль хэлбэрээр хэлэлцүүлээгүйгээс болоод хууль хэлэлцдэг ёс журмаас гадуур зүйл яриад явсан байх вий гэдгийг нягтлах хэрэгтэй. Цаашид энэ талаар Ерөнхийлөгчийн төлөөний хүн Байнгын хороон дээр тайлбарлах хэрэгтэй болно. Урьдчилаад надаас асуусан болохоор хэлж чадах зүйл маань энэ л байна.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэлгүй гэж Та хэлж чадах уу?
-Шууд хэлэх боломжгүй. Би хэлэх эрх бүхий хүн биш. Хуульд заасан шаардлага хангаагүй гэдгийг нь хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хууль гэж нэрлэсэн, нэрлээгүй тухайд яривал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн батлаагүй байна. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн процесст олон саад тотгор учирч байна. Тэгэхээр ард түмэн батлах гэж байгаа үед энэ асуудлаа богино хугацаанд шуурхай шийдээсэй гэж хүсэж байна.
Сэтгэгдэл ( 0 )