30 жилийн дараа илэрсэн аймшигт хэргийн сэжигтний гэрэл зургийг нийтэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Өмнөд Солонгосын “Ханкук Ильбо” сонин 30 жилийн өмнө нь тус улсын Хвасонг тосгонд болсон цуврал аллагад сэжиглэгдэж буй Ли Чун-чэ гэгч 56 настай этгээдийн ахлах сургуулиа төгсөх үедээ авхуулсан гэрэл зургийг нийтэлжээ. Залуу Ли 30 жилийн өмнө гэрчүүдийн дүрсэлсний үндсэн дээр гаргасан цуврал алуурчны ам зурагтай төстэй харагдаж байна.

1986 оны есдүгээр сараас 1991 оны дөрөвдүгээр сарын хооронд Сөүлээс өмнө зүгт орших Хвасонг тосгонд 13-аас 71 насны есөн эмэгтэй хүчирхийлүүлж, ижил байдлаар хөнөөгдсөн хэрэг гарсан. Тухайн үед зөвхөн энэ хэргийг мөрдөхөд хоёр сая цагдаа дайчлагдан ажиллаж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Гёнги Намбу мужийн цагдаагийн газар шүүх эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан алуурчны ДНК—г шинжилсний үндсэн дээр шоронд хоригдож буй Ли Чун-чэг гол сэжигтэн болохыг зарласан.

Ли 1994 онд бэрээ хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэргээр Хойд Чунчонг мужийн Чонгжу хотод баривчлагджээ. Тухайн үед Чонгжу хотын цагдаа хэргийн нэмэлт нотлох баримт олох зорилгоор Хвасонг дахь түүний хуучин гэрт аваачсан байна. Ли Хвасонг тосгонд төрж, өссөн бөгөөд 1993 онд Чонгжу хот руу нүүжээ. Есөн эмэгтэйн зургаа нь түүний хуучин байшингаас 3 км-ийн радиуст олдсон аж. Лигийн бэрээ хөнөөсөн арга, Хвасонгын аллагуудтай төстэй байсан учир Хвасонг тосгоны цагдаагийнхан Лигээс байцаалт авах  зорилгоор цагдаагийн хэлтэст авчирч өгөхийг хүссэн ч Чонгжу хотын цагдаа нар өөрсдөө Чонгжу хотод ирж байцаалт ав хэмээгээд хүсэлтийг хүлээн аваагүй аж. Тодорхой бус шалтгааны улмаас тус хоёр газрын цагдаагийн хэлтсийнхэн энэ хэргүүд дээр хамтран ажиллаагүй байна.

Ингээд Ли зөвхөн бэрээ хөнөөсөн хэргээр ял авчээ. ДНК-ийн шинжилгээний дүнгээс үзвэл Ли дээрх есөн хэргийн гурван хэрэгт холбоотой болох нь тодорхой болоод байна. Ли эдгээр хэрэгт холбоогүй хэмээн мэдүүлэг өгсөн бөгөөд энэ аймшигт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ли энэ хэргээр ял хүлээхгүй аж.

Өмнөд Солонгосын засгийн газарт одоогоор 230 мянган хоригдлын мэдээллийн сан байдаг аж. Гэвч өнгөрсөн жил тус улсын Үндсэн хуулийн цэц тусгай зөвшөөрөлгүйгээр хоригдлуудын мэдээллийг цуглуулж, хадгалах нь үндсэн хуулийг зөрчиж байсан гэж үзсэн байна. Тиймээс энэхүү ДНК мэдээллийн санг хадгалж авч үлдэхийн тулд энэ оны сүүлээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mng (67.163.50.7) 2019 оны 09 сарын 30

Beree bish ehneriinhee emegtei duug alaad barigdsan gj bna daa

0  |  0
Mng (67.163.50.7) 2019 оны 09 сарын 30

Beree bish ehneriinhee emegtei duug alaad barigdsan gj bna daa

0  |  0
trtr(202.9.43.164) 2019 оны 09 сарын 28

khereg khuuchirdaggui...

0  |  0
Top