Ард нийтийн санал асуулгатай хамтатган ээлжит бус сонгууль явуулах эсэх дуулиан асар их давалгаалахгүй байгаа ч улс төрийн хүрээнд ил далд оволзож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 73 дугаар тогтоолыг УИХ-д өргөн барьсан дагуу удаа дараа хэлэлцүүлэг хийж, улмаар Ард нийтийн санал асуулга явуулахаар үйл явдал өрнөж байсан. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өөрийн саналаа нэмэрлэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү төслөө татан, УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьчихсан гэх мэт учир битүүлэг асуудал олон болжээ. Нөгөө талаар ах намынхан ээлжит бус сонгуульд 100 хувь санал нэгдсэн эсэх нь тодорхой бус байгаагаас харвал үйл явдал хөшигний наана цаана, өөр өөр агуулгаар өрнөж байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрсөн баасан гаригт МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан хуралдаан зарлаж 10 гаруйхан гишүүн ирсэн аж. Хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ээлжит бус сонгууль явуулах тухай санал гаргаж, Ц.Нямдорж эсэргүүцсэн гэх мэдээлэл бий. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланк дээр ээлжит бус сонгууль явуулах тухай гишүүдийн гарын үсэг цуглуулж, өдгөө 47 болсон гэх мэдээлэл ч байдаг.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдох МАН-ын бүлгийн хуралдааны ирц, 47 гишүүний гарын үсэг хоёрын хооронд асар их зай байгаа нь анзаарагдана. Энэ тухай УИХ-ын гишүүдээс тандахад ямар нэг гишүүний албан бланкан дээр бус өөр цаасан дээр гарын үсэг цуглуулж байгаа, түүнийг дараа нь албажуулна, чухам хэдэн гишүүн гарын үсэг зураад байгааг мэдэхгүй гэх.
Тэд ийм чухал зүйл дээр гарын үсэг зурахдаа хэн хэний нэр байгаа эсэхийг нягтлахгүй, хэд байгааг тоолохгүйгээр мутраа хайрлана гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Гэтэл МАН-ын бүлгийн хуралдааны ирц тааруу байсны нэг шалтгаан нь гишүүд ээлжит бус сонгуулийн сургаар тойргоо бага ч атугай услаж яваа юм байх. Нөгөө нэг шалтгаан нь гадаадад томилолттой нөхөд байгаа гэсэн мэдээлэл бий. Ээлжит бус сонгууль явна гэсэн ямар нэгэн үндэслэл олж харсан учраас сонгогч олноо эргэхээр явсан нь ойлгомжтой. Магадгүй гишүүдийн гарын үсэг 47+ байгаа нь тэднийг ийн яаруулсан ч байхыг үгүйсгэхгүй. Мөнхүү МАН, АН, МАХН хамтран ээлжит бус сонгууль явуулах албан бус Ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл байгаа нь ч бас л нэгэн үндэслэл юм. Ямартай ч хуульч Ц.Нямдоржоос гадна Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа нар ээлжит бус сонгууль явуулахын эсрэг байр сууриа илэрхийлж байсан. Өдгөө чухам хаашаа эргэснийг мэдэх юм алга. Ийнхүү үйл явдал их л битүү өрнөж байгаа ч парламент тарах магадлал өндөр байна.
УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХУВЬД...
Эрх баригч МАН-ын хувьд энэ тал дээр санал нэгдэж, улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн удаа дараагийн хэлэлцүүлэг хийж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Нөгөө талаар төсөв мөнгө хэмнэх үүднээс Ард нийтийн санал асуулгатай хамтатган ээлжит бус сонгууль явуулах шийдвэрт хүрсэн. Ард түмэн ч дэмжиж байна. Тэгэхээр ууган намын шийдвэр бол ойлгомжтой аж. Харин ээлжит бус сонгуулийн дуулианд “Соотон халтар чимээнээр” гэгчээр гуравдагчдын орон зайд өөрсдийгөө томоор дүрсэлсэн МАХН-ынхан үе үехэн хуралдаан зарлан ухасхийх нь баярлаж байгаагаа нууж чадахгүй байгааг харууллаа. Үүний зэрэгцээ өнөөх л “ЖДҮ”, “60 тэрбум”-ыг өдөр шөнөгүй дурдаж байгаа нь сөрөг пиараа эхэлчихэж. Гэхдээ ээлжит бус сонгуулийг шууд дэмжиж байгаагаа илэрхийлэхгүй ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгаа зарим нэг зүйл заалтыг эсэргүүцэх замаар сонгууль хийж байгаа нь илт харагдана. Энэ бол парламентын гаднаас хашхирч байгаа цөөн хүний улс төр учраас шийдвэр гаргагчдад төдийлөн нөлөөлөхгүй.
Сөрөг хүчний хувьд ээлжит бус сонгуулийг шууд эсэгүүцэж буй. Сөрөг хүчин ч юу байхав, зөвлөл хэмээх хэдэн нөхдийн байр суурийг С.Эрдэнэ л хүргэх юм. Ингэхдээ тэр “УИХ-ыг тараах гэж байгаа бол хариуцлагаа хүлээж байж тарах хэрэгтэй” гэсэн ямар ч утгагүй байр суурь илэрхийлнэ. Энэ нь хариуцлага нэхэж байгаадаа ч бус ээлжит бус сонгуулиас айж байгаагаа л харуулсан хэрэг. Түүнээс бус бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа парламентад хариуцлага тооцох тухай ярьж байхаар ард түмнээр дүн тавиулчихаад дараа нь хариуцлага тооцох хамгийн зөв гарц харагдаж байна. Тэр “ЖДҮ” нь байна уу, “60 тэрбум” нь байна уу хариуцлагаа тооцох том боломж бий. Тэгээд ч С.Эрдэнэтэй, С.Эрдэнэгүй ард түмэн эхний ээлжинд дүнгээ тавиад, дараа нь хариуцлага тооцох боломжийг нь бүрдүүлээд өгөх нь дамжиггүй. Энэ бол айдсандаа өлгийтэй байгаа намын даргын арга ядсан байр суурь болов уу.
Нөгөө талаас саяхан “төрөөд” хөл тэнцэж ядан буй “ШИНЭ” намынхны хувьд ээлжит бус сонгуулийг дэмжиж байгаагаа албан ёсоор зарлаж, “нэг ч гэсэн өдрийн өмнө МАНАН мафиас салъя, хууль бус зүйлээс хагцая” гэдгээ зарласан. “ШИНЭ” нам нь МАХН-ыг бодоход парламентад хоёр ч суудалтай нам гэхээр үүрэг оролцооны хувьд чамгүй байж таарна. Бусад парламентад суудалгүй намууд бүгд л ээлжит бус сонгуульд оролцох хүсэлтэй байгаа ч түүнийгээ шууд илэрхийлж чадахгүй, битүүхэн бичиг баримтаа нягталж сууна.
АРД ТҮМНИЙ ХУВЬД...
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль нь парламентад суудалтай суудалгүй намуудын шийдчих асуудал биш. Энэ бол маш том кампанит ажил. Юуны өмнө ард түмний идэвхи зүтгэл ямар байгааг харгалзан үзэх учиртай. Энэ тал дээр томоохон ажил зохион байгуулахаас нааш бүтэх зүйл биш. Ид хүйтний ам угтан зохион байгуулах албан бус товтой ээлжит бус сонгуулийн ирц хүрэх үү, үгүй юу гэдгээс бүх зүйл хамаарна. Эрх баригчдын төсөв мөнгө хэмнэх үүднээс ээлжит бус сонгууль зарлаж байгаа бол үүнийг хууль эрх зүйн хэм хэмжээнд сонгогчдын идэвхи зүтгэлийг бий болгох гээд бэрх зүйл бий гэдгийг сануулан дэмжиж буй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дундах мэдээллээс харахад Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв, алдаатай зүйлээ засаад цааш явах ёстой гэж үзэж байна. Эндээс харахад ард түмний дэмжлэг бол сайн байна гэхэд болно. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тал дээр иргэдийн байр суурийг хүргэж байгаагаас харахад 80-90 орчим нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэдгээрийн санаа бодлыг тандаж байхад чамгүй хэсэг нь өдгөөгийн УИХ-д тийм ч таатай биш байгаа учраас “Парламент тарж, шударгаар өрсөлдөн ард түмнээрээ дүн тавиулах хэрэгтэй” гэж байгаа бол нэг хэсэг нь “Ард нийтийн санал асуулгад 20 гаруй тэрбум зарцуулах сураг бий. Тэгэхээр энэ мөнгийг ганцхан зүйлд зарцуулж байхаар хэдхэн сарын дараа болох сонгуулийг нааш татан санал асуулгатай хамтатгаж, төсөв хэмнэх нь зөв. Энэ бол зүйтэй шийдвэр” хэмээн дэмжих нь ч бий.
ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД...
Тэгэхээр хууль зүйн үүднээс ямар боломжууд байгааг авч үзье. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т “Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэх цаг хугацааны хязгаарлалт байгаагаас харахад лавтай ирэх арванхоёрдугаар сардаа багтаан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийн батлах хугацаа бидэнд байна. Тэгвэл ээлжит бус сонгууль товлон зарлах тухайд ч тодорхой заалт бий. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-т “Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална” гэсэн байдаг. Тэгэхээр маргааш ч бай, нөгөөдөр ч бай УИХ тарах нь зөв гэж олонхоороо шийдсэн тохиолдолд ээлжит бус сонгуулийн тов гарснаар дараагийн ажиллагаа өрнөх нь. Мөнхүү УИХ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т “Ээлжит бус сонгууль товлон зарлах” тухай тодорхой заажээ.
Ингэхдээ Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана” гэсэн байгаагаас харвал бас л хугацаа байна. Нэгдсэн шийдэлд хүрсэн тохиолдолд шүү дээ. Хэрвээ ээлжит бус сонгууль явууллаа гэж үзвэл ялалт байгуулсан гишүүд дараагийн ээлжит сонгууль хүртэл 4.6 жил бүрэн эрх хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Учир нь УИХ-ын тухай хуулийн 30.1-т “Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд энэхүү хугацаа нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээн зааснаас харахад тэд үндсэн дөрвөн жил дээрээ нэмээд зургаан сар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх нь. Юутай ч хөшигний наана цаана хоёр өөр өнгөөр өрнөж буй ээлжит бус сонгууль болох магадлал ч байна, цаг хугацаа ч байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319