Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүүгийн дарамтыг гурав дахин бууруулсан 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийж, анхны хуралдаанаараа Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Тэгвэл өчигдөр /2019.10.02/ УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бол хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа даргаллаа. 

Сангийн сайдын өгсөн мэдээллээс харахад өнгөрсөн онд сайдын багцад нийт 1.789.6 тэрбум төгрөгийн төсөв батлагджээ. Үүнээс 1.606.0 тэрбум төгрөг зарцуулж 89.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 159.791.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 158.127.7 сая төгрөгийн 52 нягтлан бодох бүртгэлийн алдааг аудитын явцад залруулж, 32.0 сая төгрөгийн зөрчилд 10 төлбөрийн акт тогтоож, 381.2 сая төгрөгийн 13 зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 1.250.1 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 94 зөвлөмжийг хүргүүлжээ. 

Харин Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын ярьснаар тус төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт гардуулж, аудитаар илэрсэн зөрчлүүдэд зөвлөмж өгчээ. Тухайлбал, Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа байгууллагуудын төсвийн хуваарийг баталгаажуулаагүй, Татварын ерөнхий газар болон харьяа хэлтэс, нэгжүүдэд батлагдсан орон тооноос илүү 48 албан хаагч ажиллаж байгаа, дууссан төсөл, арга хэмжээний хаалтын тайлан гаргаагүй, 85.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг холбогдох журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлээгүй, зарим хөрөнгийн элэгдлийг тооцоогүй, санхүүгийн тайлан гаргаагүй, эхний үлдэгдлээр төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэсэн, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгддэг "Хөгжлийн банк", "Хадгаламж даатгалын корпорац" ХХК оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт ирүүлээгүй байна. Тэгвэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар асуулт асууж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өгсөн юм. Тэдний асуулт, хариултыг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР "Урсгал дансны алдагдал 2.2 тэрбум ам.доллар болсон байгаа нь ямар учиртай юм. Өнгөрсөн оны төсвийн үр дүн сайн гарсан ч цаашид бодох зүйл их байна. Төсвийн тодотгол хийхийг Ч.Хүрэлбаатар сайдад шахсан ч хийгээгүй. Янз бүрийн бонд гаргаагүй нь сайн үзүүлэлт гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Жил бүрийн төсвийн төлөвлөлтийг яаж хийж байна вэ. Далд эдийн засгийг яах ёстой вэ. Саарал жагсаалтад орох шалтгааны нэг нь далд эдийн засаг байгаа шүү дээ" гэхэд Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР "Бид төлөвлөлт хийхдээ эдийн засаг ямар байх, ямар салбарт өсөлт гарч, ямар салбарт эрсдэлтэй байх вэ гэдгийг тооцдог. Сангийн яамнаас гаргасан төлөвлөлт их ойролцоо байдаг. Бид ОУВС-аас болгоомжилж бага байдлаар төлөвлөлтийг тусгах саналыг өгдөг. Эдийн засгийн өсөлтийг тооцоолсны дараа орлогоо тооцоолдог. Өмнөх жилүүдийн төлөвлөлтийг харж, хаана алдаа гаргав гэдгээ тооцоолж, төсвийн алдагдлын хязгаартаа тулгуурлаж тооцоолж байна. Бидний хувьд арай гүйцэд харж амжаагүй нэг зүйл бол эдийн засгийн идэвхжил. Энэ нь далд эдийн засагтай уялдаж, энэ чиглэлийн тооцоо байхгүй байна" гэх хариултыг өглөө.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.АМАРЗАЯА "2018 оны төсвийн гүйцэтгэлд эдийн засгийн өсөлт 6.8 хувь хүрсэн гэж байна. Салбаруудаар нь ангилж харахад барилгын салбар 2018 онд хасах хувь, боловсруулах үйлдвэр өндөр хувь эзэлж байгаа ч өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр, гадаад худалдаа бас бууралттай байгаа ч эдийн засгийн өсөлт сайн байна гэж яриад байна шүү дээ" гэхэд Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР "2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн салбар 4.5 хувь, үйлдвэрлэлийн хэмжээ 7.4 хувиар, үйлчилгээ таван хувь, цэвэр бүтээгдэхүүн 20 хувиар өссөн. Өсөлтийн гол шалтгаан хэрэглээний өсөлт байсан. Өрхийн хэрэглээ 50.8 хувь, төрийн байгууллагын хэрэглээ 11.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн. Өнөөгийн үнэ цэнээр Монгол Улсын нийт өр ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байгаа. Цалин, тэтгэврийн хэмжээтэй адил дүнг бид зээлийн хүүд төлдөг байсан. Одоо бид хүүгийн дарамтыг гурав дахин буруулж чадсан. Өр бол эдийн засагт үзүүлэх нөлөө, төсөвт учруулах дарамт буурч байгаа нь бодитой үр дүн юм" гэх байр суурийг илэрхийллээ. 

Харин “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6.828.374.0 /зургаан их наяд найман зуун хорин найман тэрбум гурван зуун далан дөрвөн/ сая төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 7.181.902.8 /долоон их наяд нэг зуун наян нэгэн тэрбум есөн зуун хоёр сая найман зуун/ мянган төгрөгөөр батлахаар тусгажээ. Тогтоолын төслийг батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top