Ирээдүйн өв сангийн мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө

2019 оны 10 сарын 04

Ирээдүйн өв санд ирэх 2020 онд нэг их наяд орчим төгрөг төвлөрүүлнэ гэсэн том тооцооллыг Сангийн яам хийжээ. Хаанаас, хэнээс олж ирэх гээд байгааг нь харвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 792 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төрийн эзэмшилд ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоор 155 тэрбум төгрөг. Хүүгийн орлогоор 30 тэрбум төгрөг. Ингээд нийтдээ 977 тэрбум буюу их наядыг шүргэсэн мөнгө санд хадгалахаар төсөөлжээ. Хэрэгжүүлж чаддаг бол сайхан л санаа. Гэвч төсвийн зарлагаа 14 их наяд төгрөгт шүргүүлж, алдагдлыг нь хоёр их наядыг давуулж төсөөлж байгаа бидэнд үнэхээр ийм боломж гарах эсэх нь эргэлзээтэй. Сандаа хийгээд хадгаллаа гэхэд энэ сан баялгийн сангийн үүрэг гүйцэтгэх боломж байхгүй. Эсрэгээрээ хоёр их наядаар хэмжигдэх төсвийн алдагдлын тэн хагасыг нь нөхнө гэсэн үг.

Сануулахад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хүний хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж дуусгалаа хэмээн долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдан,  167 тэрбум 300 сая төгрөгтэй болоод буйг тодотгож байсан.  Засгийн газар энэ жил Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулахад чиглэнэ гэж байсны дагуу өр тэглэгдсэн нь сайн хэрэг л дээ. Харин 2020 оны тухайд нэмж их наядыг энэ сандаа хадгалж болох ч өөрсдөө өндөр зарлагатай төсөв баталсан тохиолдолд боломж хэцүү л болов уу.

Ер нь цаашид Ирээдүйн өв сан баялгийн сангийн үүргийг гүйцэтгэх үү гэдэг асуулт ч анхаарал татаж байна. Энэ сан бол 2016 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу 2017 онд нөхөн сэргэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан хуримтлалын сан юм. 2017 онд сангийн орлого 358 тэрбум төгрөг байсан. Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар 2030 он хүртэл сангийн хөрөнгө зөвхөн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал болон хөндлөнгийн аудитын зардалд зарцуулагдах учиртай. Гэтэл сангийн орлогыг Хүний хөгжил сангийн өрийг төлж барагдуулах болон 2022 он хүртэл төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулах журмыг эрх баригчид гаргасан. Тиймээс ч энэ сан ойрын гурван жилдээ лав баялгийн сангийн үүрэг гүйцэтгэх боломжгүй юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anush(103.229.122.133) 2019 оны 11 сарын 06

reket Monhbaatar reket Uhain Boldtseren 2-iin buleg Boroo gold uurhain toloo hoorondoo chamgui hertsgii shiruun tulaan tsemtsel ornuulyee.

0  |  0
zochin(185.39.141.57) 2019 оны 10 сарын 04

hotgor shanagnii hulgaich . iim l yum sedej taaraa

0  |  0
Top