Соёлын довтолгоо халхавчин цаана маш их цус нулимсаар цурманд хийсэн мухар сүсэг ардчилсан гэх сүүлийн гучаад жил аажим аажмаар сэргэсэн. Социалист нийгэм мухар сүсгийн хэлбэр дүрсийг устгасан болохоос голомтыг нь устгаж чадаагүй. Чадах ч үгүй. Хүн төрөлхтөн оршин буй цагт мухар сүсэг байж таарна. Гэхдээ мухар сүсгийг хуульчлаад гаргачихсан улс орон дэлхийн хаана байдгийг мэдэхгүй. Манж Чин гүрний үед монголчуудын гүн сэтгэлгээнд суулгасан шашин гэхээсээ илүүтэй мухар сүсэг бидэнд хэрэг болж байсан түүх лав байхгүй. Аливаа шашин хүн төрөлхтнийг хөгжил өөд татаж байсан түүх ч бас алга. Гэтэл үүнийг хуульчилна гээд зогсож байгаа төрийн түшээд зөвхөн Монгол Улсад л байна. Энд би ямар нэг шашныг гоочилж өөлөх гэсэнгүй, гагцхүү мухар сүсэг рүү ард түмнээ улам бүр хөтлөх гэж байгаа түшээд байгаад л гайхсан хэрэг.
Товчхондоо будда, христ, лал гээд бүх л шашин “аливаа муу үйл хийж болохгүй” гэсэн энгийн филосифтой болохоор нийгмийн аль нэг давхаргад хэрэг болдог байж таарна. Түүнийг нь ч манай түшээд сайн мэддэг бололтой. Тийм дээ ч гишүүд маань яг л манжууд шиг сонгогчдыг сүсгээр барих анхны оролдлогоо ийнхүү эхлүүлж байна уу гэмээр санагдав. Тэр тусмаа шинжлэх ухаанд суурилсан XXI зуунд оршин тогтнож байгаа ядуу буурай ч хөгжингүй Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүд ийм хуулийн төсөл санаачлаад зогсож л байна.
Учрыг тодотговол, УИХ-ын хэсэг гишүүн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ хуулийн гол санаа нь “Их дүйчин өдөр”-ийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай юм. Өдөр шөнөгүй ажилладаг ард түмнээ амраах гэсэн зорилго лав биш. Уг нь монголчууд энэ өдрийг “Бурхан багшийн төрсөн өдөр” хэмээн хуультай хуульгүй сүслэн тэмдэглэсээр ирсэн, хаашаа ч хөөж туух аргагүй тогтсон зүйл. Энэ өдөр цагаан хоолоор зоог барьж, муу үйл бүхнийг тэвчин тэр л буддын шашны философийг өөрөө өөртөө сүслэн хэрэгжүүлсээр ирсэн түмэн. Гэтэл монголчуудын оюун санааны ертөнцөд хэдэн зуун жилээр оршсоор ирсэн энэ философийг хуульчлах гэж байгаа нь цаашдаа буруу зам руугаа явж байгааг харуулж байна. Тэгээд ч орчин цагийн монголчуудын амралтын өдөр цөөдөөгүй.
Арай өөр төсөөлөлтэй гишүүдтэй байсан бол ард түмний оюун санаанд хүндтэй байр суурь эзлэх энэ өдрийг өөрөөр эргүүлэх бүрэн боломж бий. Тухайлбал, “Их дүйчин өдөр”-өөр дөрөөлөн “Их бүтээн байгуулалтын өдөр” болгон тунхаглаж болох юм. Ард нийтийн оюун санаанд баттай оршсон энэ өдрөөр “Их бүтээн байгуулалт” хийх нь хүмүүний амьдралд ихээхэн ач буянаа өгнө гэх мэтээр тунхаглаж болох байв. Энэ өдөр барилга байшингийн шавь тавих, түүнийг ашиглалтад өгөх, зам харгуй засах гээд ямар нэгэн бүтээлч ажил руу хандуулахыг дадал болгох тухай ярьж болох л байсан. Тэртээ тэргүй шашин оршсоор байх болно, үүнийг дагасан сүсэг бишрэл ч байсаар байх учраас арай өөр зүйлд хандуулах ёстой байсан болов уу. Энэ өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн нэгэнд хийсэн сайн үйл бүхэн мянга дахин үрждэг гэх мэтээр ярьдаг биз дээ. Тэдний өргөн барьсан хуулийн төслөөс анзаарвал “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм. Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй” гэжээ. Өнөөдөр ард түмнийг шашнаар нэгтгэх тухай яриад зогсох цаг биш.
Том агуулгаар нь авч үзвэл олон шашны урсгалд даруулахдаа тулсан Монгол Улс аль нэгийг нь өмчилж байгаа мэт хуульчлаад байх нь хэр зохилтой вэ гээд асуудал бий. Өнгөрөгч хавар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг “Шашны байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоо, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох тухай хууль”-ийг шинэчлэх зорилго бүхий хуулийн төсөл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэлэлцүүлсэн гэх боловч чухам хэн санаачилсан, хаанаас эхтэйг өдгөө ч мэдэх хүн алга.
Эзэн тодорхойгүй энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх, шашны бүлэг болон шашны байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор тэдгээрийн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тодорхойлсон. Энэ хүрээнд иргэн, шашны бүлэг, шашны байгууллага нь хууль тогтоомж зөрчөөгүй тохиолдолд тэдний үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцохгүй байх” гэх өгүүлбэрийг оруулахаар улайрч байсны цаана ямар санаа агуулагдаж байна вэ. Энэ өгүүлбэрээс харвал Монгол Улсад ямар нэг шашны байгууллага орж ирээд ард түмний тархийг яаж ч угааж байсан төр хөндлөнгөөс оролцохгүй гэсэн санааг хуульчлуулахаар улайрч байгаа нь анзаарагдана.
Олон шашны урсгал бий болсон энэ үед буддын тодотгол бүхий “Их дүйчин өдөр”-ийг амралтын өдөр болгон хуульчлах нь бусад шашны үзэлтнүүдэд ямар санагдах вэ, шашин хоорондын үл ойлголцол үүсэж магадгүй гэх мэт олон асуудал зүйл ёсоор урган гарч ирнэ.
Өнгөрөгч 2018 оны статистикаас харвал шашны байгууллага, сүм хийдийн тоо 400 дөхсөн байна. Эдгээр шашны байгууллагуудын 52.3 хувь нь христийн, 39.5 хувь нь буддын, 6.1 хувь нь исламын, үлдсэн 2.1 хувь нь бусад чиглэлийнх гэжээ. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд, Монголд зургаан төрлийн шашны 20 гаруй урсгал нэвтэрсний зэрэгцээ 848 хуулийн этгээдэд бүртгэлтэйгээс 54.2 хувь нь христийн, 34.6 хувь нь буддынх байна гэнэ. Харин тэдгээр байгууллагын 352 нь албан ёсны зөвшөөрөлгүй гэдгийг энэ үеэр онцолж байсан.
“Их дүйчин өдөр”-ийг амралтын өдөр болгохоор зорьж буй гишүүд тайлбарлахдаа “БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна” хэмээн тодорхойлсон байлаа. Гадны улс орнууд чухам ямар хуулийн зохицуулалтаар явж байгааг тоочих аргагүй. Ямартай ч цөөн хүн амтай зургаан төрлийн шашны 20 гаруй урсгалын 848 хуулийн этгээд бүртгэлтэй улс оронд тохирох уу гэдгээ юуны өмнө бодох хэрэгтэй. Тэгээд ч хууль санаачилсан гишүүд маань шашин, мухар сүсэг хоёроо ялгаж салгаж ойлгохгүй байна уу даа.
Сэтгэгдэл ( 3 )
yunhorol gedeg hyn olon tymniig huurch udaan aar undur sentiid baij bayajsan daa!!1odoo shashnaar olonii tolgoi ergyylj suudag boljee!1bushyyhan zailuuulahgyi bol bolohgyi!!!1
Er hun em hun hoeriin ali n muhar susegt iluu avtdag ve
bilegt , oyunkhorolmaa naryn durakuud sanaachlakhaar yamar l oligtoy yum bayw gej