Эрх баригч намын 2016 оны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал туссан байдаг. Үүнийг ч нэгэн цагт УИХ-ыг даргалж явсан М.Энхболд гишүүн “гэрийн даалгавар” гэж ангийнхандаа сануулж байлаа. Ерөнхийдөө бол аль нэг намын мөрийн хөтөлбөр гэхээсээ нийгмийн хүлээлт л дээ. Хэдийгээр өдгөө даган мөрдөж буй Үндсэн хууль муу биш боловч цаг хугацаа өнгөрөх хэрээр засаж, тодруулж байхаас өөр аргагүй “залуу” хууль хэвээрээ байна. Наад зах нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж Засгийн газар байгуулагдахад УИХ-ын аливаа фракц, бүлэглэлүүдийн нөлөө тусдаггүй болгох нь чухал. УИХ-аар Засгийн газрын гишүүдийг батлах явцад юу болдог билээ дээ. Хот, хөдөө бүр тэрний, түүний гэсэн гэсэн нэр тодотголтой фракцууд өөрсдийн хүнийг оруулахгүй бол эсэргүүцнэ гэж айлгасаар “үхрийн бөөр” шиг танхим байгуулах болдог. Ингэж авсан яамаараа дамжуулан нөгөө бүлэглэл өөрсдийн хүмүүсийг төрд шахах, үгүй ядаж сонгуульд нь ажилласан дэмжигчдээ ажилтай болгохоор улайрдаг юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ганцхан зүйл заалтын тухайд ярихад ийм байна. Тиймээс ч 2015 онд тухайн үед төрийн эрх барьж байсан АН өөрчлөлт хийхийг оролдож байв. 2016 онд төрийн эрхэнд гарсан МАН ч энэ согогийг засах оролдлогоо хийсэн. Гэхдээ өмнөх оролдлогуудаас хамгийн далайцтайгаар хөдөлсөн. Гурван жилийн хугацаанд зөвлөлдөх санал асуулга явуулж, улс орон даяар танилцуулж, бараг байшин дүүргэчихээр бичиг баримт овоолсон. Үүнийхээ хүчинд ч 2000 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл анх удаа УИХ-ын хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг давлаа.
Дунд нь олон асуудал гарсан даа. Хамгийн захын жишээ гэхэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх зорилт нь бүрэн биелж чадсангүй. Ерөнхийлөгч өөрийн хууль хүчний томилгооны эрх мэдлээ аваад үлдэж байна. Гэхдээ үүнийг шууд зөв, буруу гэж дүгнэхэд хэцүү л дээ. Ямар ч байсан давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг байдлыг л ганцхан өөрчлөөд өгөхөд том алхам болно. Өнөөгийн Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг аваад үзье. Муугаар бодоход 16 нь УИХ-д сууж байхад 76 гишүүнтэй парламент огцруулж чадах уу даа.
Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл анх төлөвлөгдөж байсан шигээ баялаг биш ч хэдхэн чанартай заалттай үлдчихээд батлагдахаа хүлээж байгаа хэрэг.
Харин батлах асуудал ойртох хэрээр “хоёр хэцүү”-гийн нэгийг сонгох асуудал маргаан дагууллаа. Тодруулбал, ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-аар батлуулах нь адилхан зовлонтой болчихсон гэсэн үг. Үүнийг тайлбарлахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга улсын наадмын дараах УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсныг дурдахаас эхлэх ёстой байх. Тус төсөлд нь Үндсэн хуулийн 25.1.6-д “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно”, 21.4-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ” гэсэн авууштай саналууд байсан. Үнэхээр ч Орос Украйнаас Крымийг булаагаад авчихсан саяхны явдлыг санасан ч улс орны бүрэн бүтэн байдлаар монголчууд санал хураах боломж байх ёсгүй. Төрийн эрхийг аливаа хэлбэрээр тухайлбал, “60 тэрбумын схем” гэх мэт байдлаар авсан тухай хардлага сэрдлэг байгаа үед доод заалт ч бас хэрэгтэй.
Гэхдээ үүнийхээ хажуугаар “Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. УИХ цөөн тооны буюу 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхоор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль батлах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх сөрөг нөлөөллүүд үүсэж байна. Тодруулбал, УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм” гэснээс гадна парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох тухай саналуудаа оруулж байлаа. Энэ нь парламент дотор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр хагарал үүсгэсэн бол гадна талдаа олон нийтийн зүгээс “УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлж, олуулаа болох гэлээ” гэсэн шүүмжлэл дагуулсан.
Тэртэй тэргүй хойтон жилийн УИХ-ын сонгууль ойртсон үед парламентад суудалтай, суудалгүй намууд улстөржилтийнхөө аянд гарчихаад байгаа нэрмээс болсон л доо. Ингээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг санал гэж үзээд нэгтгэх ажлын хэсэг байгуулж баахан бужигналаа. Дээр нь тойрогтоо яваад ирсэн УИХ-ын гишүүд өнөө бүрэн эрхийн хугацаа таван жил, 108 гишүүнтэй болох саналыг чуулганаар хэлэлцээд унагав. Харин одоо хэрхэн батлах вэ гэдэг асуултын өмнө очоод байна. Анхандаа ард нийтийн санал асуулгыг дэмжиж байсан Ерөнхийлөгч өдгөө хориг тавьсныг нь УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гарагт хүлээгээд авчихлаа. Уг нь УИХ дахь МАН-ын бүлгээс урд өдөр нь “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй” гэсэн шийдвэр гаргаад байлаа. Энэ талаар тухайн үед МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ зургаадугаар сарын 12-ноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үндсэндээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцээд есдүгээр сарын дундуур төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулга явуулах зүйтэй гэж үзээд тогтоол гаргасан. Тус тогтоолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй, ард нийтийн санал асуулгыг явуулах нь зөв гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж социологийн судалгаанд оролцсон 10 хүний ес нь дэмжсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж үзээд бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй” гэж байв. Эрх баригч намын дотор гарсан хагарлаас ч болдог уу, намынх нь удирдах бүрэлдэхүүн дээр гаргасан шийдвэр нь яг шийдвэр гаргалт дээр очоод унаад байх болсон. Ямартаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 75 гишүүн хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байна. Ингэхийн тулд 57 гишүүний дэмжлэгээр батлагдаж таарна. АН ч гэлтгүй МАН-аас сонгогдсон нэр бүхий гишүүд өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх санаагаа илэрхийлээд байсан. Энэ өнцгөөс харвал ээдрээтэй л юм. Хэрэв Ард нийтийн санал асуулга явуулаад дэмжүүлсэн бол УИХ шахаанд орох байлаа. Гэхдээ бас хойтон жилийн сонгууль ойртоод байгаа үед эрх баригчаас бусад намууд улстөржилтөө Үндсэн хуулийг нэг нам үнэмлэхүй олонх байх үед өөрчлөх ёсгүй гэсэн чиглэлийг барьж явуулж байгаа. Тэр хэрээр олон нийтийн дунд сөрөг мэдээлэл багагүй цацагдаад байсан. Ийм үед ард нийтийн санал асуулгыг тойрох нь өлзийтэй ч байсан байж болох юм. Ямартаа ч Үндсэн хуулийн хувь заяа УИХ-ын гишүүдийн гарт эргэж ирлээ дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )