Нийслэлийн утаа, агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр нь 220 мянган яндан гэж нийтээрээ хэлж, ярьж хэвшсэн. Тэгвэл тэдгээр янданг ийн цаана зуу зуун мянгаар хэмжигдэх хүний эрүүл мэндийн асуудал бийг сүүлийн өдрүүдийн үйл явц дахин сануулж байна. Ирэх оны төсөвт агаарын бохирдлыг бууруулахаар 130 гаруй тэрбум төгрөг төлөвлөж тусгаад байсантай зэрэгцэн сайжруулсан түлштэй холбоотой асуудал үүсээд буй. Ер нь Монгол Улс цаашдаа агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрс болон боловсруулсан гэгдэх шахмал нүүрсийг хэрэглэсээр байх уу. Өөр гарц гаргалгаануудыг олж харж, ажил хэрэг болгох уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Биднийг ийнхүү учраа олохгүй үймж суухтай зэрэгцэн Дэлхийн банкнаас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулж ээлжит санхүүжилтээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хотуудын нэг Улаанбаатарт оршин суудаг 1.4 сая иргэний тэн хагас нь төвийн дулааны сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч, нийт иргэдийн хувьд агаарын бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн асуудал үүсэхэд хүргэж буйг Дэлхийн банкнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд тодотгосон байна лээ. Гэхдээ тэд бидний болж бүтэхгүйг тодотгоод өнгөрөх бус дэм тус үзүүлэх ээлжит шийдвэрийг гаргасан нь “Улаанбаатар Цэвэр Агаар” төсөлд нэмж 12 сая ам.долларын санхүүжилт баталсан явдал юм. Энэ төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад байгаль орчинд ээлтэй халаалтын төхөөрөмж ашиглах боломжийг бүрдүүлэх, өрхийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг багасгах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой. “Улаанбаатар Цэвэр Агаар” төслийг 2012 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хөгжлийн түншүүдтэй хамтран гэр хорооллын иргэдийг агаарт нарийн ширхэгт тоосонцор бага ялгаруулах халаалтын төхөөрөмжийг ашиглах боломжоор хангах, Улаанбаатар хотод нарийн ширхэгт тоосонцрын ялгарлыг бууруулах арга хэмжээг боловсруулах зорилгоор 15 сая ам.долларын санхүүжилттэйгээр анх эхлүүлж байв. Төслийн хүрээнд 2013-2015 оны хооронд 40 мянган бүрэн шаталттай сайжруулсан зуух тарааж, гэр хорооллын айлуудын байшинг дулаалах замаар түлшний хэрэглээг багасгах, эрчим хүчний үр ашгийг сайжруулах туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 472 амины орон сууц, 12 төрийн үйлчилгээний барилга байгууламжийг хамруулсан гэх мэдээллийг Дэлхийн банкнаас өгч байгаа юм.
Харин нэмж баталсан 12 сая ам.долларын зарцуулалтыг харвал төслийн хүрээнд цахилгаан халаагуур худалдан авах, нам даралтын зуухнуудыг солих, гэр хорооллын айлуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Эко халаалтын шийдлийн талаар баримтлах дүрэм журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангахад Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Дээр дурдсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр таван мянган айл өрхийг шинээр цахилгаан халаагуураар хангаж, улмаар жил тутам хүлэмжийн хийн ялгарлыг 22.615 тонноор бууруулна гэсэн тооцооллыг хэлж байна. Ер нь бол нэмэлт санхүүжилтийн хүрээнд дулаан нөөцлүүртэй цахилгаан халаагуурын хөтөлбөрийг нэмэлтээр оруулж ирчихсэн аж. Өвөл ДЦС, салхин цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэж байгаа илүүдэл цахилгаан эрчим хүчийг нөөцлөн, түүнийгээ бүхэл өдрийн турш байгальд ээлтэй халаалтад зарцуулах боломжийг бүрдүүлэх аж. Түүнчлэн эрчим хүчийг үр ашигтай зарцуулах арга хэмжээ, төслөөс олж авсан туршлагыг ашиглан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэр хорооллын 40 мянган айл өрхийг цахилгаан халаагууртай болгох зорилготой халаалтын хөтөлбөрийг боловсруулна гэж буй юм. Төвийн дулааны шугам сүлжээг шинэчлэн сайжруулж, өргөтгөх, байгальд ээлтэй халаалтын бие даасан шийдлүүдийг өргөжүүлэх, гэр хорооллуудад эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг бий болгох зэрэг агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны үйл ажиллагаа явуулахад Дэлхийн Банк Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэж байна. Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ: “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлуудыг ганцхан шийдлээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд богино ба дунд хугацаанд олон арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм арга хэмжээнүүдийн нэг нь яах аргагүй эрчим хүчний үр ашигтай халаалтын эко төхөөрөмжөөр хангах. Энэ нь Улаанбаатар хотын хамгийн эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндэд нэн чухал юм. Энэ төслөөр дамжуулан Монгол Улсын өмнө тулгараад байгаа сорилтыг даван туулахад дахин дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна” гэв.
Ер нь бол гаднын байгууллагууд Улаанбаатарын утаа, агаарын бохирдлыг бууруулахад манай хэдэн улс төрчдөөс илүү санаачилга гаргаж хэлж ярьдаг гэдгийг тодотгох хэрэгтэй. Уг нь бол тэдний биш бидний л агаарын бохирдол. Гэхдээ том зургаараа бол дэлхийн цаг уур, хүлэмжийн хийн ялгаралд сөрөг нөлөөтэй учраас тэд бидэнд санаа тавиад байгаа хэрэг л дээ. Харин манай улс төрчдийн хувьд Монголын дээр тусдаа ганц тэнгэр байдаг шиг л аягладаг. Олигтойхон шиг мөнгө төсөвлөөд “бай”-г нь оносон зарцуулалт хийвэл агаарын бохирдлыг бодитой хувь хэмжээгээр бууруулах боломжтойг гаднын улс орнуудын жишээнээс харж болно. Гэвч манайд шийдэл зөв олж харахгүй, асуудлаа тойрч давхиад, төсөвлөсөн хэдэн төгрөгөө утаатайгаа холиод, өшөө дахиад эрүүл саруул юм ярихаар нийгмээрээ итгэж, хүлээж авахын аргагүй хөрс суурийг бүрэлдүүлчихээд байгаа л даа.
Энэ онд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулж гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн цөөнгүй ажил байсан. Тодруулбал, дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1.733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэхээр тооцогдсон. Шинээр болон он дамжиж хэрэгжих 23 төсөл хөтөлбөрийг нэгтгэж харвал Улаанбаатар хотын эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг сайжруулах замаар гэр хорооллыг барилгажуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд дийлэнх нь юм. Энэ онд хийгдэх санхүүжилтийн дүнг хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтцэд шилжүүлсэн байдлаар тооцвол Улаанбаатар хотын дэд, бүтэц 48 хувь, Гэр хорооллыг хөгжүүлэхэд дөрвөн хувь, Орон сууцжуулах төсөл хөтөлбөр 11 хувь, Тээврийн хэрэгсэл 7 хувь, хог, хаягдал ус зэрэг бусад үйл ажиллагаа 31 хувийг бүрдүүлж байгаа юм. Харин санхүүжүүлэгч түнш буюу улс орноор нь үзвэл хамгийн их санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банк 80.45 сая ам.доллар, дараа нь БНХАУ 71.9 сая ам.долларын санхүүжилт оруулж буй үзүүлэлттэй. Тэгээд өчигдөр Дэлхийн банк 12 сая ам.долларын санхүүжилт нэмж баталсан гэхчлэн харахаар Улаанбаатарын утааны төлөө биднээс илүү гаднынхан л санаа тавиад байх шиг.
Сэтгэгдэл ( 1 )
Бүгдийн цахилгаан станц барихад зориулах хэрэгтэй, богино хугацаанд цахилгаан станцын хүчин чадал нэмэгдүүлж халаалтаа цахилгаанаар шийдэх шаардлагатай байна. Янз бүрийн зуух, нүүрс гэж хичнээн мөнгө цацаж байна. Хайран өнгөрсөн хугацаа, хайран мөнгө тусламж.