Эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг асуултад эдийн засагчид харилцан адилгүй хариултыг өгдөг. Ямартаа л арван эдийн засагч тойроод суухаар санаа оноо нийлэхгүй зөрөлдөөд байдаг тухай цагтаа засаг удирдаж явсан, туршлагатай эдийн засагч эрхэм хэлсэн байдаг юм билээ. Эдийн засаг гэдэг нийгмийн бүхий л салбарыг хамаарсан том ойлголт учраас тийм байдаг ч биз. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Монголын эдийн засагчид нэг зүйл дээр санаа оноо ижилсэж байгаа учраас тодотгож заавал дурдах ёстой болов уу. Тэр нь улс орны эдийн засаг ирэх жилүүдэд бартаа саадтай замаар замнахаас өөр аргагүй нөхцөл байдал гадаад хийгээд дотоод хүчин зүйлсийн нөлөөллөөр ойрхон ирээд байгаа тухай юм л даа.
Цөөн нэр төрлийн түүхий эдээ өмнөд хөрш рүү зөөдөг экспортын доголон ганц сувагтай бидний тухайд дэлхий маньд хамаагүй гээд сууж байх боломжгүй. Ялангуяа манай үндсэн ганц зах зээл Хятад улс дэлхийн гол тоглогчдын нэг. Түүний оролцоотой худалдааны дайн өчигдөр, өнөөдөр дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд буйн сацуу маргаашийн олон өдрүүдэд улам хурцдах хандлагатай байна.
Энэ үед бид цаашид хэрхэх вэ гэдгээ бодохоос гадна гаргах шийдвэртээ, хийх үйлдэлдээ тусгах шаардлага үүсээд байна. Уг нь энэ тухай эрх баригчид ч тоон үзүүлэлтүүдийг харьцуулж, хэлхэж, хөвөрдөж хардаг мэргэжилтнүүд ч мэдэж л байгаа. Гэвч энэ онд багтан хуульчлах ёстой ирэх жилийн төсвийн орлогыг 12 их наяд орчим, зарлагыг түүхэнд байгаагүй өндөр тоо болох 14 их наяд төгрөгт шүргүүлж тооцоод буй нь эдийн засагчдын шүүмжлэлийг дагуулж байгаа.
Харин ийм тооцоололтой төсвийн төслийг боловсруулсан яамыг ахалж буй сайдад эдийн засагчдын шүүмжлэл таалагдахгүй байгаа юм билээ. Ирэх жил Монгол Улс 11.8 их наяд төгрөг төсвийн дансандаа хийнэ гэсэн эрх баригчдын тооцоолол дотоод биш гадаад зах зээлээс хамаарсан эдийн засагтай манай тухайд хөрсөн дээр буух бодитой төсөөлөл биш болохыг нь сануулсан эдийн засагч Ш.Алтанцэцэгийн байр суурьтай холбогдуулан сайд дараах тайлбарыг хийсэн байгаа юм. Тэрбээр “2019 оны төсвийг хэлэлцүүлж байхад Сангийн яам орлогоо хэт өөдрөг тооцсон байна гээд шүүмжлээд л байсан даа. Энэ жил бас дахиад. Цаг хугацаа харуулчихдаг зүйл дээр хэт мэдэмхийрэх муухай” гэсэн байна лээ.
Тэгвэл Сангийн сайдын энэ байр суурьтай холбогдуулаад сэтгүүлчийн хувиар байр сууриа илэрхийлмээр байна. Энэ оны төсвийг өнгөрсөн жил баталж байхад эдийн засагчид шүүмжилж байсан. Өнөөдрийн тухайд төсвийн үзүүлэлтүүд, эдийн засгийн идэвхжил сайн байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ энэ нь манай төсвийн бодлогын үр нөлөөнөөс гадна жин дарах нөлөөллийг гадаад зах зээлийн ая таатай нөхцөл бүрдүүлсэн гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа болов уу. Тэгээд ч 2019 оны төсвийн орлогыг 9 их наяд 676 тэрбум 500 сая төгрөгөөр тооцсон. Харин ирэх 2020 оны төсвийн орлогыг энэ оныхоос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж орж ирээд байгаа шүү дээ. Хоёр их наяд гэдэг бол яагаад ч бага мөнгө биш ээ. Тиймээс ч эдийн засагчид эрсдэлүүд ойр байхад ийм өндөр орлого хийгээд зарлага төсөөлснийг шүүмжлээд байгаа юм. Эдийн засагчдын шүүмжийг мэдэмхийрэл гэж хүлээж авах бус ул суурьтай харж, бодлого шийдвэртээ тусгах нь “эм гашуун ч өвчинд тустай” гэдэгтэй агаар нэг л ойлголт баймаар. Энэ жил төлөвлөсөн 42 сая тонн нүүрсний экспорт оны төгсгөлд бүрэн дүүрэн биелнэ гэдэгт эргэлзэх тоо бидний өмнө байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний есөн сарын байдлаар манай улс 2434.8 сая ам.долларын 28.6 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулбал тоо хэмжээний хувьд 1.6 сая тонноор их байгаа. Гэвч төсвийн орлогодоо 42 сая тонн нүүрс гаргахаар тооцсоныг дахиад тодотгоё. Арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд 13 сая тонн нүүрс гаргах боломж бидэнд байлаа гэхэд өмнөд хөршийн бодит эрэлт юу байгаа билээ гэдгээ тооцох ёстой. Товчхондоо бол бид биш тэд бидний орлогыг тодорхойлно. Үүнийг дахин дахин хэлэхийн учир нь ирэх оны 42 сая тонн нүүрсний экспортын хувь заяа ч биднээс хамаарахгүйг гэдгийг ойлгуулах гэснийх л дээ. Түүнчлэн дэлхийн эдийн засагт хямралын дохио гэрэл асаж эхэлснийг бататгах тоон үзүүлэлтүүд ар араасаа тодорч буйг шинжээчид ажил хэрэгч байр сууринаас анхааруулаад эхэлчихлээ.
Энэ тохиолдолд бид яах вэ. Тэртээ тэргүй адилхан хямрах юм чинь гээд мөнгөний нийлүүлэлтийг чинээнд нь тулгаж, эдийн засгийг идэвхжүүлэх арга зам сонгоод байгаа юм уу. Шандас сорьсон сорилтууд өмнө бийг мэдсээр байж сонгуулийн жил гэсэн нөлөөллөөр төсвийн сахилга батаа алдах гээд байгаа юм уу. Бодлого боловсруулдаг нөхдийн ойлгомжгүй үйлдлүүд тодорхой бус нөхцөл байдлыг үүсгээд байна. Үндсэн гол зах зээл Хятадын эдийн засаг саарч, үйлдвэрлэл буурах төсөөллийг шинжээчид хийгээд байгаа. Хэдийгээр бидний нийлүүлэлт тэдний хувьд хэрэглээнийх нь багахан хэсгийг хангадаг ч бидэнд Орос, Австрали гээд өрсөлдөгчид бийг санах ёстой.
Түүнчлэн ирэх оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд тээг болж болзошгүй эрсдэлүүдийн эхэнд тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаантай холбоотойгоор экспортын түүхий эдийн үнэ, эрэлт буурч болзошгүйг Сангийн яам уг нь тооцсон л гээд буй. Үнэхээр тэгж тооцсон бол өнөөдөр эдийн засагчид арай өөр зүйл ярих байсан болов уу.
Хэдийгээр сонгууль дөхөхөөр улстөрчид цочирдом шийдвэр гаргадаг ч цаашид дандаа ийм байх юм уу. Сонгуулийн жилийн төсөв гэдэг утгаар нь давагдашгүй хүчин зүйл аятай хүлээн зөвшөөрөөд л өнгөрөх ёстой гэж үү. Тэгээд л нөгөөх ОУВС-гаасаа тус гуйгаад өмөлзөөд зогсож байх уу. Дэлхийн 63 улсыг харьцуулсан өрсөлдөх чадварын тайланд улс орнуудыг улс төрийн тогтворгүй байдал бага байгаагаар нь эрэмбэлэхэд манай Монгол Улс 63 орноос 61 дүгээрт бичигдсэн байсан. Улс төрийн тогтворгүй байдал гэдгийг зөвхөн засаг огцруулах асуудал яригдах төдийгөөр харж болохгүй л дээ. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг нь төр засгийн бодлогын тогтворгүй байдлыг хэлэх болов уу. Төсвийн сахилгыг сахихгүй, задарсан, даварсан тоонууд оруулж ирж хуульчлах нь үүний тод жишээ юм. 2020-2024 оны хооронд төр, хувийн хэвшил нийлээд 14 тэрбум ам.долларын их өр төлөх гэж байж арай л даруулгагүй байна гэж шүүмжлэхэд мэдэмхийрсэн болох юм болов уу. Яах юм бол.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )