МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс зохиож буй "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" чуулга уулзалт "Нэг зорилго нэг бодлого" уриан дор болж байна.
Чуулганд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч 300 гаруй залуус оролцох байгаа юм. Залуус бизнесийн орчныг сайжруулах, өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замуудын талаарх ойлголтоо нэгтгэн бодит ажил болгох, цаашлаад төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулах зорилгын хүрээнд хэлэлцэж байна.
Чуулганд оролцогчдын байр сууриас хүргэе.
"Марс Ви" төслийн удирдагч, МҮХАҮТ-ын Инновац хариуцсан зөвлөх С.Эрдэнэболд “Миний одоо ярих юм та нарт хэт агаарын санагдаж магадгүй. Гэхдээ 88 жилийн өмнө, нэгэн найрагч монгол залуу 25-тайдаа "Од" хэмээх шүлгээрээ шинжлэх ухааны долоон том асуултыг хөндөж тавьсан байдаг. Өнөөдөр бол технологийн, инновацын, оюун санааны зуун. Залуус бид төр засгаас дэмжлэг авчихаад, мөнгө босгочихоод том төсөл хэрэгжүүлнэ гэж болохгүй. Түрүүлж ярьж, ойлгуулж, хүн үнэмшихгүй, үнэлэхгүй байлаа ч өөрсдөө итгэл үнэмшил дүүрэн байх ёстой. "Марс Ви" төсөл бол хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх болно. Манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн. Бид Марсын сургуулилалтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулна” гэж байна.
"Сургалт, судалгааны Полиси төв"-ийн Захирал Г. Эрдэнэгэрэл хэлэхдээ “Сүүлийн 30 жилийн бизнес бол үнэндээ "копи паст" байлаа. Гадаад эзэнтэй компанийг Монголд салбарлуулах, гадаад хүний хийсэн юмыг Монголд зарах, гадаад удирдлагатай нэг сүлжээний эрэг шураг болох хэмжээнд л монгол хүмүүс ажиллаж ирсэн. Одоо бид өөрсдөө нэгдээд, өөрсдийнхөө бизнесийг хийцгээе. "Амжилтын цамхаг руу хүн бүр тэмүүлдэг. Гэхдээ ганцаараа хүрсэн хүн байхгүй" гэж үг бий. Одоо зүгээр л чаддаг чаддагаараа нэгдээд дор бүрнээ амбицлах биш дундын ашиг сонирхлоо тодорхойлж, хариуцлагатай хамтарч бизнесээ томруулъя” гэлээ.
"Сор кашимер" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Бархасбадь “Амьдрал хэцүү, бэрхшээл их байна, төр засаг муу байна гэхээсээ илүү бидэнд өөрсдөд маань ямар асуудал байна гэдгээ харах болсон. Өөрсдөө үгээ хэлж, зөв дуугарч, зөв тэмцэж байгаа нэгнээ харлуулах биш дэмжих, ялгах салгах хэрэгтэй байна. Залуус бидний урмыг юу хугалдаг вэ ямар нэг төсөл, тендерт оролцлоо гэхэд аль хэдийн гүйцэтгэгч нь тодорчихсон байдаг байдал. Тиймээс бизнес дэх улс төрийн оролцоог хязгаарласан хуулийн бүх заалтыг дэмжиж, үгээ хэлдэг, сонирхдог, оролцдог байх ёстой.” гэв.
Чуулганы үдээс хойших хуралдаан "Монгол экспорт" дэд сэдвээр болж, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын худалдааг дэмжих TRAM төслийн ахлах зөвлөх Карл Круг, Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Василиев нар илтгэл тавьж, БНХАУ-ын Баяннуур аймгийн E-export төслийн зохицуулагч Д.Ариунжаргал "Хил дамнасан худалдаа-e-export" төслөө танилцуулав.
Сэтгэгдэл ( 0 )