УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хоригийг парламент хүлээж авсан. Цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн батлах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нөгөө талд энэ асуудалд эрх баригч нам болон сөрөг хүчин хоорондоо зөвшилцөлд хүрч чадахгүй нь тодорхой боллоо. Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ямар замаар батлах хэрэгтэй гэж харж байна вэ?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үнэт зүйл нь стратегийн орд газрын үр өгөөжийн дийлэнхийг нь иргэдэд хүртээсэн явдал юм. Өнөөдөр энэхүү заалт нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн үнэт зүйл болоод байна. Үүнийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувь заяаг намуудын зөвшилцөл шийднэ. Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөх байх. Зөвшилцөл ид дундаа үргэлжилж байна гэж харж байна. Нааштай шийдвэр гарах байх л гэж найдаж сууна. Харин Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зүгээс хоёрдугаар хэлэлцүүлгийн төслийг хамгаалах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа.
-Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн одоогийн төслийг задлахгүйгээр зөвшилцөлд хүрч батлах ёстой гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тийм. Задлахгүйгээр төслөө хамгаалах хэрэгтэй. Харин холбогдох хуулийнх нь шаардлагыг нь биелүүлэх ёстой. Үүнээс гадна УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай хамтатгаж Ард нийтийн санал асуулгыг явуулах нь зөв. Тийм боломж, бололцоо нь ч бий.
-Тэгэхээр Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит сонгуультай хамтатгаж явуулсан тохиолдолд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн парламент баталж таарах нь шүү дээ?
-Тэгнэ. Шинэ парламент нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлаад явах бүрэн боломжтой гэж харж байна.
ШАХМАЛ ТҮЛШИЙГ НЭВТРҮҮЛЭХДЭЭ ШАТ, ШАТАНДАА ХАРИУЦЛАГА АЛДСАН
-Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, түүхий нүүрс түлэхийг хориглосон. Харамсалтай нь, хэдхэн өдрийн дотор шахмал түлшний угаарт хордож зургаан иргэн амиа алдлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Үе, үеийн төр, засгийнхан 30 жил утаа ярьсан. Түүхий нүүрсийг халж, шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь яах аргагүй дэвшил, бодитой алхам гэж хэлнэ. Үнэхээр өнөөгийн Засгийн газар бодитой, зоригтой алхам хийсэн. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ ажлын хариуцлага алдсан. Бүр шат, шатандаа ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байна.
-Мэргэжлийн бус хариуцлагагүйн дээр ямар ч тооцоо, судалгаа хийгээгүй гэж үү?
-Шахмал түлшийг ганц Монгол Улсад хэрэглэж байгаа юм биш. Дэлхийн олон оронд шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж утаанаасаа салсан туршлага байдаг. Манайхан зөвхөн түлш л сольж байгаа мэт хөнгөн хандсан нь том алдаа. Гэтэл бүхэл бүтэн түүхий нүүрсийг халж, шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж байгаа шинэ үе, шинэ технологи шүү дээ, энэ чинь. Наад зах нь шахмал түлшийг хэрхэн хэрэглэх заавар, зөвлөгөөнөөс эхлүүлээд шаардлагатай мэдээ, мэдээллийг нь олон нийтэд хангалттай өгөөгүйгээс болж өнөөдөр иргэд амь насаараа хохирч байна. Энэ талаасаа тэд шат, шатандаа ажлын хариуцлага алдсан гэж харж байна.
-Одоо яах ёстой, ямар гаргалгаа байна вэ?
-Цаашид шахмал түлшээ сайжруулах хэрэгтэй. Айл өрхийн хэрэглэх боломжтой зуух, тоног төхөөрөмж, түүнийг ашиглах арга техникийг нь ямар ч алдаагүй шийдэж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ зүйл нэвтрүүлж байгаа бол түүнийгээ цогцоор шийдэх ёстой юм. Шахмал түлшний асуудлыг маргааш /өнөөдөр/ парламентаар хэлэлцэнэ. Тэр үеэр тодорхой шийдвэр, шийдэлд хүрэх байх гэж найдаж байна.
-Засгийн газар ч тэр, парламент ч тэр дорвитой арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргаж чадахгүй бол яах вэ?
-Жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь ширээ тойрч суугаад хурдан хугацаанд хамгийн зөв шийдлийг гаргах хэрэгтэй. Энэ бол улс төрийн сэдэв биш. Улстөржих ч шаардлага байхгүй. Өнөөдөр шахмал түлш утааг багасгаж байгаа нь бодитой харагдаж эхэлсэн. Утаанаас салах шийдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь насыг зольж аливаа шинэчлэлийг хийж болохгүй. Нөгөө талаасаа шат, шатандаа хариуцлага алдсан нь үнэн. Бүр тодорхой ярих юм бол өнөөх МАН-ын 60 тэрбум хэрэгжсэн, түүний хор уршиг гэж хэлэх байна. Наад зах нь ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй хүмүүс албан тушаалд байгаагийн үр дүн. Дандаа улс төр дагасан, даргын цүнх барьсан, албан тушаалын наймаагаар томилогдсон хүмүүсийн балаг. Энэ нөхдийн л хийж байгаа ажлын үр дүн нь энэ шүү дээ.
МОНГОЛЫН ТӨРИЙГ ХАР ТАМХИНЫ ТОМООХОН БҮЛЭГЛЭЛ БАГАЛЗУУРДЧИХСАН БАЙНА
-Танаас асуулгүй өнгөрч болохгүй байх. Саяхан Польшийн цагдаагаас Монгол Улсын нэр бүхий 69 дипломатчийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдлаа. Та өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Сайдаар ажиллаж байхдаа энэ талаар мэдэж байсан уу?
-Энэ бол Монгол төрийн гамшиг. Гаднын оронд Монгол Улсын нэр хүндийг унагасан жинхэнэ гай, том гамшиг гэж хэлнэ. Би 2012 онд Гадаад харилцааны сайдаар томилогдсон. Хоёр жил гаруйн хугацаанд ажилласан байдаг. Энэ хооронд надад ямар ч мэдээлэл байгаагүй, ирээгүй. Холбогдох хүмүүс нь надад ийм асуудал байдаг гэдгийг танилцуулаагүй, тас нуусан.
-Үнэн үү?
-Тийм ээ. Гэтэл намайг сайд байхад, түүнээс хойш тэр нэр дурдагдаж эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс байсан байгаа юм. Энэ бол маш том сүлжээ Монголын төрийг багалзуурдчихсан байгаагаас ялгаагүй. Сүүлдээ тэд хар тамхины хэрэгт холбогдож байна. Түүнийгээ юман чинээ бодохгүй байна шүү дээ.
-Нөгөө талаараа төр, засгийн зүгээс өндөр ач холбогдол өгч тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй биз дээ?
-Эдгээр хүнд хуулийн хатуу цээрлэлийг хүртээх ёстой. Энэ бол Монгол Улсын эсрэг гэмт хэрэг юм. Хуулийн хамгийн дээд хариуцлагыг зайлшгүй оноох ёстой. Ингэж байж Монгол Улсын нэр цэвэр болно, аврагдана. Монгол Улсыг тэр чигээрээ хар тамхины сүлжээ гэж гаднын орон харж эхэллээ. Өнгөрсөн хугацааны гадаад харилцааны салбарт гаргасан бүх амжилт нуран унаж байна. Хүний нүүр харахын аргагүй нөхцөл байдал үүсэж байна.
Б.ХУРЦ НАР ХУГАЦАА ХОЖИЖ БАЙНА
-УИХ-ын даргын захирамжаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан. Түр хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болж, Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн тайлбар, дүгнэлтийг хэлэлцсэн. Олон улсын парламентын холбооноос С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай холбоотой ямар дүгнэлт ирүүлсэн юм бэ?
-Олон улсын парламентын холбооны дүгнэлт өнгөрсөн есдүгээр сарын 6-нд ирсэн юм билээ. Энд хугацаа алдахгүйгээр Монгол Улсын парламент тайлбараа өгөх ёстой. Ирэх долоо хоногт Олон улсын парламентын чуулганаар хэлэлцэнэ. Тогтоол гарна, тайланг батална. Бид ирэх ням гарагт Олон улсын парламентын холбооны хуралдаанд оролцохоор явах гэж байна. Гэтэл Монгол Улсын парламент энэ хэрэгт байр сууриа илэрхийлээгүй, аливаа шийдвэрийг гаргаагүй байна. Энэ нь Монголын төрд парламентын засаглал байна уу гэдэг нь олон улсын түвшинд эргэлзээ төрүүлж эхэллээ. Гэтэл үнэндээ Түр хорооны дарга Ж.Батзанданд ирүүлсэн дүгнэлт, шийдвэрийг хэлэлгүйгээр бүтэн сар нууж, төрийн нууцад авчихсан байгаа юм.
-Хэн тэр вэ?
-Уг нь, Олон улсын парламентын холбооны тайланг УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаягласан байдаг. Ж.Батзандангаас гадна хуулбарыг нь эрх мэдэл, хуулийн байгууллагын 11 хүнд явуулсан гэсэн. Гэтэл сарын өмнө ирүүлсэн Олон улсын парламентын холбооны тайлан, дүгнэлтийг нууж, дарсан байна. Маш ноцтой дүгнэлт гэж үзээд төрийн нууцад авчихсан байгаа юм. Энд бол маш том хуйвалдаан явж байна гэж хэлж болохоор үйл явдал.
-Гэхдээ Түр хорооны гишүүд дүгнэлт, тайлбартай нь танилцсан биз дээ?
-Тийм ээ, танилцсан. Бидний өнөөдрийг хүртэл ярьж, хэлж байсан зүйлийг л баталсан байна. Энэ бол Олон улсын парламентын холбооны шийдвэр болж гарна. Олон улсын шүүхэд хүртэл нотлох баримт болно. Тэнд маш тодорхойгоор “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллахдаа эрүү шүүлт явагдсан байна. Ямар нэгэн болзол, цаг хугацаа алдахгүйгээр хохирогч нарыг суллах шаардлагатай” гэж дүгнэсэн байгаа юм. Түүнчлэн “С.Зоригийн хэргийг үйлдээгүй. Үйлдээгүй гэдэг нь тогтоогдож байна” гэсэн байдаг.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр Түр хорооны гишүүнийхээ хувиар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсан. Тэдний биеийн байдал ямар байна вэ?
-Өмнөхөө бодоход биеийн байдалд нь сайжирсан байна билээ.
-Хорих ангийн эмнэлэгтээ байгаа биз дээ?
-Тийм. Гэхдээ ямар л олиг байв гэж. Шорон л бол шорон шүү дээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг яаралтай суллах л шаардлагатай. Тэдний өрөөнд амиа хорло гэж янз бүрийн зүйл оруулж өгдөг байсан талаар ярьсан. Ар гэрийнхнийг нь байнга дарамталдаг гэж хэлж байсан. Хэрэв тэр хоёрыг буцаад шоронд нь хорих аваас тэд өөрсдөө биш тэдний амийг хорлох вий гэж эмээж байна.
-Тэр хоёрыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Энэ хугацаа хожиж байж болох уу?
-Үнэн. Тэгээд ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгаа. Хэргийг нааш, цааш нь явуулж хугацаа хожиж байна. Өөрөөр хэлбэл, Б.Хурц нар хугацаа хожиж байна.
-Гэхдээ генерал Б.Хурц нарыг шүүх хуралд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулж байгаа нь хэр зөв гэж харж байна вэ. Уг нь тэр хүн эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн хүний нэг шүү дээ?
-Шүүх хурал нь өөрөө эргэлзээтэй. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахад шүүх хурал найз, найран дундаа процесс явагдаж байна гэж хэлсэн. Нууцын зэрэглэлтэй болохоор өөр зүйл хэлэх боломжгүй байна.
Сэтгэгдэл ( 8 )
МУНДАГ ХҮН ,
BATZANDAN ENE 2 NEEREE BUTEHGUI EE BOON HUDLAA SHOW ICHMEER ZA NUGUU BATZANDAN BOL HAGAS ERUUL HUN ENE ODOO JAAHN TAVTIRTAI BMAAR BGA YUM\n
Баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Болд гишүүн үнэхээр талархууштай үнэн үг хэлж бна лээ. Засгийн газрын алдааг хэлээд зогсохгүй оноог нь ч бас хүлээн зөвшөөрсөн. Хүний хийж бгаа ажлын сайныг ч бас хүлээн зөвшөөрнө гэдэг том соёл шүү
чи яаж ч дүрээ хувиргаад дахин сонгогдохгүй ээ м а л минь. чам шиг юмаар одоо төр удирдуулахгүй луйварчин минь
ugaartaj uhsen havdraar ovchnoor ood bolj bui 1000,1000 jiriin irgediig omgoolj hamgaalj amiig n avraach.Gantshan yaj hudlaa poporch shorond orson 2 hunii erh ashgiig hamgaalj od boloh ve l gej bodjiin
Мананг устгалаа гээд баахан хүн хальж солиод байсан биздээ тэгээд одоо ямар манантай тэмцээд байгаа юм бол энэ нөхөр ардчилалын үр шимийг хамгийн их хүртсэн бизнес улс төрд хамгийн их ашиг хонжоо олсон манангийн засагт сайд гишүүн байсан биздээ хулгайч хүн л хулгайчийг бариарай гэж хашгирдагдаа эргүү малнуудаа
Хөгжилтэй орнууд татгалзаж байгаа
64 уулээ Монголын ганцхан хулгайчид барьцаалагдсан МАН ундсэн хуулийн оорчлолтод хуруугаа ч дурж чадахгуй