Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн цаашдын төлөвийг танилцуулав. Шинэчилсэн тайланд дурдсанаар Монгол төдийгүй бүс нутгийн эдийн засаг бүхэлдээ саарах дүр зураг гарсан байна. Бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021онд 5.6 хувиар өснө гэж таамаглав. Эдийн засгийн өсөлт саарахад их гүрнүүдийн худалдааны маргаан тэргүүтэй тодорхой бус байдал сөргөөр нөлөөлж байгааг анхаарууллаа. Монголын худалдааны гол түнш Хятадын эдийн засаг Америктай хийж буй худалдааны дайны улмаас удааширч болзошгүйг тус банкны шинжээчид онцолсон. Улмаар Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьтай гарна хэмээн таамаглажээ.
Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлж байсан таамгаас нь 0.3 хувиар доошилсон үзүүлэлт. Ирэх оны таамгийг ч сулруулж, 0.6 хувиар бууруулав. 2020 онд Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлт үзүүлэх магадлалтай аж. Хэдийгээр таамаг суларсан ч дунджаар зургаан хувийн өсөлт гэдэг бол дэлхийн эдийн засгийн идэвхжил бүхэлдээ саарч буй энэ үед харьцангуй сайн үзүүлэлт гэдгийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану тодотгосон. Тэрбээр “2017 оноос хойш Монголын эдийн засаг дунджаар 6.5 хувиар өссөн нь харьцангуй өндөр үзүүлэлт. Энэ өсөлтийг уул уурхайн салбарын гүйцэтгэл, нүүрсний экспорт дэмжсэн. Уул уурхайтай холбоотой бусад салбаруудын идэвхжил ч сайн байлаа. Ялангуяа тээвэр болон худалдааны салбарын эргэлт нэмэгдсэн. Мөн хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа махны экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эрэлт талаас нь аваад үзвэл, түүхий эдийн экспорт, хувийн хэвшилд оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилийн түвшиндээ хадгалагдав. Айл, өрхүүд, хувийн хэрэглээнд өсөлт ажиглагдсан зэрэг хүчин зүйлсээр эдийн засгийн өсөлтийг тайлбарлаж болно. Ирэх хоёр жилд ч эдийн засгийн голлох салбаруудын идэвхжил эдийн засгийн өсөлтийг тэтгэх болов уу гэсэн хүлээлттэй байна” гэлээ.
ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЯДУУРАЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Дэлхийн банкны эдийн засагчдын зүгээс Монголын Засгийн газрын өрийн түвшин 2016 оноос хойш дорвитой буурч байгааг сайшаасан юм. 2020 оны төсвийн төсөлд өрийн түвшинг бууруулахаар тусгасан. Төсвийн алдагдлын түвшин ч хуулийн тусгай шаардлагуудад нийцэж байгаа. Харин төсвийн зардлын өсөлтийн тал дээр анхаарч үзэхийг зөвлөлөө. Зардал дотроо ямар зардлууд өссөн байгааг онцлон харах шаардлагатай аж. Хөрөнгө оруулалтын зардал тал дээр Засгийн газраас гаалийн шинэчлэл, экспортыг дэмжих санхүүжилтийг суулгасан. Үүнийг дагаад үр ашиг нь өндөр байх талтай. Мөн 2020 оны төсвийн төсөлд тусгасан нийгмийн халамжийг бодлогыг онцолсон. Дэлхийн банкнаас 2018 онд Монгол Улсын ядуурлын түвшинг зарлахад ердөө 1.2 хувиар буурсан дүн гарсан. Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч ядуурал дорвитой буураагүй гэсэн үг. Тиймээс ядууралд өртөх магадлалтай, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих нийгмийн халамжийн бодлогодоо илүү анхаарах шаардлагатай аж. Монголын нийт хүн амын 25 хувь нь ядууралд өртөх магадлал өндөр байгаа бөгөөд эдийн засагт ямар нэгэн сөрөг үзэгдэл гаргахад тухайн иргэд ядууралд өртөх эрсдэл улам л нэмэгдэнэ гэдгийг Жийн Паскаль Н.Нгану анхааруулав. Иймд ядууралтай уялдуулсан бодлогыг нягт хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Төв банкнаас үнийн өсөлтийг тогтвортой байлгах, инфляцыг илүү зорилтот түвшиндээ хадгалах бодлогоо чиглүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
ТҮҮХИЙН ЭДИЙН ХАНШ УНАХ ХАНДЛАГАТАЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
Дээр дурдсанчлан бүс нутгийн ихэнх орнуудын экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарах төлөв гарсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байх хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, томоохон төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэл байгааг анхааруулсан юм. Дотоод талаас шалтгаалах эрсдэлийн талаар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрай Михиев “Санхүүгийн зах зээл мэдрэмтгий учраас тууштай бодлого баримталж ажиллах нь маш чухал. Монгол Улсын хувьд ирэх жил улс төрийн сонгууль болно. Сонгуулиас үл хамаарч эхлүүлсэн зөв зүйтэй бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа илүү бат бэх болгоход гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал учраас нэг шөнийн дотор гэнэтийн, тодорхойгүй шийдвэрүүд гаргаж болохгүй л болов уу. Ийм асуудлуудад хөрөнгө оруулагчдад мэдрэмтгий ханддаг. Ил тод, тоглоомын дүрэм тодорхой байх нь маш чухал” гэсэн юм. Харин гадаад эрсдэлийн хувьд бүс нутгийн хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай саарч буй. Тиймээс түүхий эдийн дэлхийн зах зээлийн ханшийг ажиглаж, түүнээс шалтгаалж болзошгүй эрсдэлийг тооцохыг анхааруулсан юм. Голлох түүхий эдийн үнэ буурах төлөвтэй байгаа ч зэсийн үнийн буурах хандлага 2023 оноос хойш зогсох дүр зураг ажиглагдсан байна. Хэрэв Хятад улсыг хасч тооцвол тус бүс нутгийн орнуудын хэрэглээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч харьцангуй тогтвортой байгаа нь уг орнуудын мөнгөний болон төсвийн бодлоготой холбон тайлбарласан юм. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан нь онцлог буюу аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, олборлох салбарын өсөлтөөс голлон шалтгаалжээ. Тиймээс дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Кваква "Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Бидний тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сард бидний тооцож байснаас бараг долоон сая хүнээр өндөр байгаа" хэмээн анхааруулсан юм.
ХУДАЛДААНЫ НЭЭЛТТЭЙ БОДЛОГО БАРИМТЛАХЫГ ЗӨВЛӨВ
Ерөнхийдөө энэ удаагийн тайланд АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны үр нөлөөг түлхүү онцолж байлаа. Зарим улс орнууд дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж байсан. Гэвч дэлхийн улс орнуудын худалдааны уян хатан байдал сайн биш байгаа нь бүс нутгийн орнууд ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг хязгаарлах болжээ. Энэ талаар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх эдийн засагч Эндрю Мейсон "Компаниуд тарифаас зайлсхийхийг оролдож байгаа ч Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын дэд бүтэц сул, үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдмал байгаа нь дэлхийн зах зээлд Хятадын гүйцэтгэж байсан үүргийг богино хугацаанд орлуулахад хүндрэлтэй байх болно" гэв.
Мөн тайланд Хятад, Евро бүс, АНУ-д эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа болон “Брэксит”-ын талаарх тодорхой бус байдал зэрэг нь бүс нутгийн экспортын гадаад эрэлтийг цаашид улам сааруулж болзошгүй гэнэ. Зарим улс орон өр ихтэй, цаашид ч өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл тус бүс нутгийн орнуудын санхүүгийн өртгийг нэмэгдүүлж, улмаар бүсийн эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад цаашид ихээхэн ачаа дарамт болох магадлалтай юм. Тиймээс ээлжит тайлангаа “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гэж гарчигласан бөгөөд улс орнууд төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг сорилт ирж байна. Төсөв болон өрийн тогтвортой байдлыг анхаарлаас холдуулж болохгүйг зөвлөжээ. Бүс нутгийн улс орнуудын хувьд худалдааны нээлттэй бодлого баримталж, бүсийн худалдааны интеграцыг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй гэдгийг зөвлөж байна. Учир нь АНУ, Хятадын хоорондох худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь уг бүс нутгийн орнууд бүтээмжийг дээшлүүлж, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулах болсон.
Тодруулбал, хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зохицуулалтын шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )