Д.Одгэрэл: Геологийн судалгаа уул уурхайд суурь мэдээлэл болдог

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

-Жишээ нь ашигт малтмалын байршил зүйг геологийн шинжлэх ухаангүйгээр тодорхойлох боломжгүй-

Монгол орны геологийн тогтоц, түүний хувьсал хөгжлийн түүх болон  ашигт малтмалын тархалт ба байршлын зүй тогтлуудыг судлан илрүүлэхтэй холбогдсон онолын асуудлыг гардан гүйцэтгэдэг Геологийн шинжлэх ухаан нь маш өргөн хүрээтэй салбар. Дэлхийн геологийн шинжлэх ухааны шинэ онол, судалгааны арга зүйг Монголын геологи судлалд нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй геологичдын гавьяа их . Улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийг тодорхойлогч чухал хүчин зүйл болсон Геологийн салбарын түүхт 80 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ салбарын түүхэн замнал, ололт амжилт хийгээд хэтийн төлөвийн талаар Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Одгэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө Геологийн салбарын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Геологийн шинжлэх ухааны судлалын түүхээр яриагаа эхэлье?

-Баярлалаа, Монголын Геологийн салбарын үе үеийн эрдэмтэн, Монгол улсад Геологийн алба үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг хувиасаа болон хүрээлэнгийн хамт олны өмнөөс дэвшүүлье. ХХ зуун бол Монголын шинжлэх ухааны нэг томоохон ололт нь Монгол орны геологийн тогтоц ба газрын хэвлийн баялгийн тухай эрдэм мэдлэгийн нэгэн шинэ тогтолцоо болох Монголын Геологи судлал үүсэж хөгжсөн явдал юм. Монгол орны геологи судлалын түүхийг доктор Николай Александрович Маринов эхлэн судалж геологийн тухай  цуврал номуудаа бүтээсэн. Сүүлийн үед энэ төрлийн судалгааг доктор Ж.Бямба, профессор Ж.Лхамсүрэн, доктор А.Ф.Бойшенко нар үргэлжлүүлж байгаа нь сайшаалтай. Манай оронд 100 гаруй жилийн өмнөөс гадаадын геологичид геологийн судалгаа явуулж ирсэн бөгөөд 1920-1950-аад онд  Судар Бичгийн Хүрээлэн, ЗХУ-ын ШУА-ийн Монголын комисс, АНУ-ын Төв Азийн Экспедици, ЗХУ-ын “Дорнотын Геологи-Хайгуулын Экспедици”, “Монголнефть” нэгтгэл зэрэг байгууллагуудын шугамаар олон төрлийн судалгаа хийсэн. Иймээс ч энэхүү судлалын эх суурийг тавихад гадаадын эрдэмтэд, судлаачид онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

-Геологийн шинжлэх ухаан  ямар, ямар салбартай салшгүй холбогддог вэ?

-Геологи, палеонтологи, ашигт малтмалын сэдэвчилсэн судалгаанууд болон талбайн геологи-шинжилгээний ажлын үр дүнд хуримтлагдсан давхрагазүй, магматизм, тектоник, ашигт малтмалын баримт, онолыг тодор­хойлдог учраас бүх л салбартай салшгүй холбоотой. Жишээ нь ашигт малтмалын байршил зүйг геологийн шинжлэх ухаангүйгээр тодорхойлох боломжгүй гэхээр маш том салбар байгаа биз. Дэлхийд нэртэй Оюутолгой, Тавантолгойн орд,  Эрдэнэтийн овоог нээхэд геологичдын оюун тархиа ширээсэн хөдөлмөр чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

-Монгол Улсад Геологийн хүрээлэн хэдэн онд бай­гуулагдсан вэ?

-Өнгөрсөн зууны 60-аад онуудад манай улс аж үйлдвэржиж эхэлсэнтэй холбогдон эрдэс-түүхий эдийн баазаа эрс нэмэгдүүлэх шаардлагатай болсон нь улсын­хаа нутаг дэвсгэрийн гео­логи, ашигт малтмалын судалгааг өргөн хүрээтэй явуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ нөхцөлд Монгол орны геологи, минерагенийн судалгааны шинж­лэх ухааны үндэслэлийг сайжруулах, тус салбарт үндэсний боловсон хүчнийг эрчимтэй бэлтгэх асуудлаар МАХН-ын Төв Хороо, Шинжлэх ухааны академи, Геологийн яамны удирдлагууд нэгдмэл саналд хүрснээр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1966 оны 113 дугаар тогтоол гарч ШУА, Геологийн Яамны дэргэд хоёрдмол удирдлагатай анхны Геологийн хүрээлэнг байгуулж байсан.

-Геологийн хүрээлэн бүтэц, харьяаллын хувьд хэд, хэдэн удаа өөрчлөгдөж байсан?

-Тийм шүү. Манай хүрээлэн 1966-1975 онд Геологийн яам, ШУА-ийн харьяа байж байгаад 1975-1997 онд ШУА-ийн Геологийн хүрээлэн, 1997 онд таван сарын хугацаанд Техникийн их сургуулийн дэргэдэх Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, 1997-2015 онд  ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, 2015-2019 оны наймдугаар сар хүртэл  ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, өнгөрөгч наймдугаар сараас ШУА-ийн  Геологийн хүрээлэн  болж олон удаа өөрчлөлт, шилжилт хийсэн. Энэ бүтэц, харьяалалд шилжээд сар гаруйхан хугацаа өнгөрч байна.

-Хүрээлэнг үүсгэн байгуу­лалцсан гавьяатнуудаа дурсан өгүүлбэл?

-Хүрээлэнг үүсгэн байгуулах, хөгжүүлэхэд БНМАУ-ын Геологи-Шинжилгээний газрын  дарга асан М.Цэрэндорж, Монголын анхны геологич шинжлэх ухааны доктор Ж.Дүгэрсүрэн, анхны академич-геологич Б.Лувсанданзан нар чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнээс хойших үеийг манай нэрт эрдэмтэд болон залуу судлаачид маань үргэлжлүүлж байна. Ахмад эрдэмтдээ өгүүлэн дурсахад академич О.Төмөртогоо, доктор Г.Бадарч, П.Хосбаяр, Ж.Бадам­гарав, Д.Гарам, Л.Баярбилэг  зэрэг олон сайхан эрдэмтэд геологийн судалгаанд их зүйлийг хийсэн гавьяатнууд билээ. Мөн одоо ч бүтээлээ туурвиад явж байгаа академич Р.Барсболд, доктор Ж.Бямба, Д.Оролмаа, С.Ариун­билэг, Г.Ээнжин, З.Дашдаваа, Л.Болд, Ц.Цэдэн, Б.Түмэнбаяр, Г.Дэжидмаа нарын ахмадуудаасаа суралцаад явж байгаа нь бахархууштай байдаг. Тэдний нойр, хоолгүй зүтгэсэн нөр их хөдөлмөр Монголын геологийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан учраас дурдахгүй байхын аргагүй юм даа.

-Өдгөө геологийн хүрээлэн ямар бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Хүрээлэн нь региональ геологи, тектоник ба магматизм ба металлогени гэсэн хоёр үндсэн салбартай, Петрографийн лаборатори, Хатгал тосгон дахь геологийн судалгааны төв, захиргаа аж ахуй гэсэн бүтэцтэй, нийт 35 ажилтантай. Үүнээс 27 нь эрдэм шинжилгээний ажилтан гурван тэргүүлэх, нэг  ахлах,  гурван дэд,  17 дадлагажигч, гурван туслах ажилтан, найман захиргаа аж ахуйн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хүрээлэнгийн зорилго үйл ажиллагааны хүрээнд туурвисан бүтээлийн талаар дурдвал?

-Манай хүрээлэнгийн үйл ажиллагааны гол зорилго нь 1990 он хүртэлх үеийн гол ололт ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн шугамаар хийгдсэн Монгол орны стратиграфи, магматизм, тектоник, металлогенийн иж бүрэн судалгааны явцад Монгол Улсын геологи, эрдэс баялгийн судалгааг нэгэн шатаар ахиулахын зэрэгцээ үндэсний өндөр мэргэшлийн геологич-судлаачдын шинэ үеийг бэлтгэсэн явдал юм.  “Ховор металлт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагааны ялгарах, хуримтлах геохимийн үзэгдэл”-ийг нээж Монгол Улсын Шинжлэх Ухааны  анхны нээлтээр  1985 онд бүртгүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрийн ерөнхий тектоникийн ба мезо-кайнозойн тектоникийн анхны 1:1500 000 масштабын зургуудыг 1978, 1979  зохиосны зэрэгцээ олон арван ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгджээ.

-Түүхт 80 жилийн ойгоороо салбарынхаа ололт амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй байх?

-Хүрээлэнгийн гол ололт амжилтын түүхийг 1990 оноос өмнөх ба хойших хэмээх хоёр үед хуваан үздэг. Эхний хагас нь 1967-1990 онуудад тасралтгүй ажилласан ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн үйл ажиллагаатай, сүүлийн хагас нь 1990 оноос одоог хүртэлх  өөрийн бие даасан үйл ажиллагаатай тус тус холбоотой. Нутаг дэвсгэртээ 1:1 000 000-ын масштабтай геологийн зураглал хийсэн. Одоо 1:200 000-ын масштабтай геологийн зураглал хийгээд дууссан. Чухал газрууддаа 1:50 000-ын масштабтай геологийн зураглал хийлээ. Мөн олон арван ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд, геохими, геохронологийн өгөгдлүүдийг бий болгосон.  Эдгээр зурагзүйн синтез бүтээлүүд нь манай орны геологийн үйлдвэрлэл, практикт нэвтэрч, их сургуулиудын сургалтын шинэ­лэг хэрэглэгдэхүүн болохын сацуу геологийн судалгаа нь уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт олоход суурь мэдээлэл болдог.

 

-Шинэ боловсон хүчнээ бэлтгэх, залуучуудыг дэмжих ажлын хүрээнд хийгдсэн ямар, ямар ажлууд байна вэ?

-Залуучуудыг дэмжих ажлын хүрээнд гадаад болон дотоодын их дээд сургуулиудын докторантур, магистрантурт сургахын зэрэгцээ урт, богино хугацааны сургалтад хамруулж байна. Геологийн хүрээ­лэнгийн залуучуудыг дэмж­сэн үйл ажиллагааны нэг бол жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын анхны геологич, эрдэс суд­лалын ухааны доктор Ж. Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач” эрдэм шинжилгээний бага хурал юм. Тус хурлын гол зорилго нь Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачид, геологичид, оюутнуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцэх, хийж бүтээж буй ажлынхаа талаар бие биетэйгээ харилцан санал хуваалцах, ярилцах, туршлага солилцох явдал юм. Уг хурлыг “Танан Импекс” ХХК, Ж.Дүгэрсүрэн сан ивээн тэтгэж мөнгөн урамшуулал олгодог ба  ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургууль хамтран зохион байгуулдаг. Одоо Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийн хэмжээний төсөл, олон жижиг уурхайнуудад геологичийн салбарын эрдэмтэн, судлаачид ажиллаж байна шүү дээ.

-Монгол оронд элбэг буй боржин чулyуны судалгааг та хийсэн. Энэ талаараа ярина уу?

-Миний судалгааны чиглэл бол маагмын судалгаа буюу залуу насны боржингийн судалгаа юм. Жишээлбэл энэ Богд уулын чулуу гэсэн үг /чулуу харуулав/. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны ажлаасаа дурдвал Монгол орны хэмжээнд тархсан мезозойн гранитоид магматизмыг судлах ажил нэлээд үр дүнтэй хийгдэж петрохими, геохими, үнэмлэхүй насны шинжилгээний олон тооны шинэ өгөгдлүүдийг  буй болгож чадсаны зэрэгцээ шинжилгээний үр дүнгүүдийг боловсруулж тэдгээрийн геохимийн онцлог, гарал үүслийн болон хүдэржилтийн талаар шинэлэг мэдээлэл бий болголоо. Мөн Мезозойн грани­тоид магматизмын 1:1000 000 масштабын зураг анх удаа зохиолоо.

-Олон улсын хамтын ажил­лагааны талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Олон улсын төвшинд хийгдсэн зурагзүйн бүтээлүүдээс дурдвал Төв Ази ба зэргэлдээх нутгуудын тектоникийн зураг  (Масштаб 1:2.500.000), Зүүнхойд Азийн геодинамикийн зураг (Масштаб 1:5.000.000),  Хятад-Монголын хилийн бүсийн зураг (Масштаб 1:1.000.000) зэрэг судалгаа хийсэн. Мөн Геологийн хүрээлэнгээс геологийн холбоодтой хамтран 10 гаруй улсын хурлыг зохион байгуулсан. Зөвхөн энэ онд гэхэд л Геологийн алба үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд  “Orogenic architecture and crustal growth from accretion to collision Govi-Altai accretionary orogeny”, “Present Earth Surface Processes and Long-term Environm-ntal Changes in East Eurasia” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хээрийн экскурсийг зохион байгууллаа.

-Геологич хүний бахархал юу вэ?

-Тэсвэр тэвчээртэй. Тууштай, зорьсондоо хүрдэг хүн л геологич болдог. Геологичдын нээлт хийсэн газарт орд, үйлдвэрлэл сүндэрлэж, геологичдын нээсэн чулуу, боржингоор барилга, хот босох нь бидний ажлын нэг бахархал юм даа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top