Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигт Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тухай заасны дагуу өнөөдөр /2019.10.11/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “БОГД ХААН 150: ТҮҮХ СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ,
“...Архивын Ерөнхий газар, Үндэсний музей хамтран ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ойд зориулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын турш Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээн ажиллууллаа. Мөн ойн хүрээнд Гандантэгчэнлин хийд, Үндэсний номын санд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Богд хааны намтар, түүхийн талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн цацаж байна. Богд хааны ордон музейн зүүн тал орчимд Богд хааны хөшөө дурсгалын цогцолбор барих ажил явагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Япон, Герман, Унгар, Польш, БНХАУ зэрэг орнуудын нэрт монгол судлаач, эрдэмтэн, профессорууд хүрэлцэн ирж оролцож буй нь тус хурлын ач холбогдлыг өндөрт өргөж байгааг дуулгахад таатай байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрэлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, СУИС, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын 33 эрдэмтэд, лам нар илтгэл тавьж байгаа нь тус хурлын чансааг илэрхийнэ хэмээн үзэж байна” гэлээ.
Тус хуралд Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн гавьяат профессор Наками Тацүо, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн доктор Сергей Львович Кузьмин нар үндсэн итгэл тавьж, Унгар, Герман, Япон, ОХУ-ын бусад эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )