Монгол Улс Саарал жагсаалтаас нэг алхам хойш ухрах эсэх нь энэ сарын 15-нд буюу ирэх мягмар гарагт шийдэгдэнэ. Энэ өдөр Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ Парис хотноо ээлжит хурлаа хийх юм. Бидний хувьд тун чухал үйл явдал. Манай улс 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан түүхтэй. Тухайн үед хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарч, арга хэмжээ авч ажилласнаар саарал жагсаалтаас гарч байсан бол одоо ФАТФ-аас тавьж буй стандарт өөр болсныг мэргэжилтнүүд хэлж буй. Одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал тухайн үед хангалттай байсан. Бүр тодруулбал, 40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байв.
Тэгвэл 2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн. Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй холбоотой есөн зөвлөмж нь 40 дотроо багтаж, 40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөр болсон. Нэгт, техникийн хэрэгжилт буюу тогтолцоо нь байна уу гэж харсан хэвээрээ. Хоёрт, тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт гарч илүү нягт, цогц авч үзэж буй үнэлгээний хэлбэр рүү шилжсэн болохыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлж байсан. Тэгэхээр одоо бидний дагах ёстой стандарт бол хууль эрх зүйн орчин хийгээд хэрэгжүүлэгч талуудаас гадна тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийг хангах ёстой байгаа л даа.
Сүүлийн мэдээллээс үзэхэд 2017 онд ФАТФ-ийн 40 зөвлөмжийн 20 нь хангалтгүй гэдэг үнэлгээ авсан бол үнэлгээг ахиулах тайланг 2019 оны наймдугаар сард хамгаалж 15 зөвлөмжийн биелэлтийн үнэлгээг ахиулсан гэх мэдээллийг Төв банкны холбогдох мэргэжилтэн өгсөн байгаа. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 35 зөвлөмжийн хэрэгжилт “хангалттай” үнэлгээтэй, таван зөвлөмжийн хэрэгжилт “дунд” үнэлгээтэй байгаа гэж ойлгогдож буй. Тэгэхээр 40 зөвлөмжийн биелэлт боломжийн хэмжээнд байлаа гэхэд үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтэд хангалтгүй үнэлгээг авснаа хэрхэн яаж засаж залруулсан бэ гэдэг нь гол асуудал гэсэн үг.
Тэгвэл 11 үзүүлэлтээс хэрэгжилт муу байгаа анхаарал татсан заалтуудыг авч үзвэл:
Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх
Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах
Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах
Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх зэрэг заалтууд бидний хувьд эрсдэл дагуулж байгаа аж.
2017 оноос хойш эрчимтэй хяналтад байгаа манай улсын асуудал шийдэгдэх дөхөөд буй энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох хүмүүсийг цуглуулж байгаад ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор үүрэг даалгавар өгч байна гэсэн мэдээллийг цацсан. Энэ нь манайд дүн тавих гэж буй ФАТФ-ын шийдвэр гаргагчдад ямар байдлаар хүрэх вэ. 2017 оноос хойш эрчимтэй хяналтад байгаа хэрнээ хоёр жилийн дараа дүн тавиулах болохоороо асуудлыг ЭРСДЭЛ ҮҮССЭН хэвээрээ байна гэдэг өнцгөөр гаднынхан ойлгуулах нь цагаа олсон бодлого мөн үү гэдэг асуултыг дагуулж байгаа юм.
Ер нь тэгээд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх хүртэлх түвшинд асуудал тулаад буйн учиг шалтгаан нь улс төртэй шууд холбоотой. Авлига, хээл хахууль, төсвийн мөнгийг эргэлдүүлсэн, угаасан гэхчлэн ноц бүхий асуудлуудыг хууль шүүхийн байгууллага нь үнэн зөвөөр эцэслэн шийддэггүй, хууль тогтоох дээд байгууллага нь 2007, 2015 онд дарааллан Өршөөлийн хууль баталж, мөнгөний хар захынхны толгойг илсэн зэрэг улс төрийн шийдвэрээс хамааралтай учиг шалтгаанууд бий. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь иргэн бүрт хамаатай ч улс төрчид нь өөрсдөө үүнд оролцоо ямар байгаа вэ гэдэг нь чухал асуудал.
Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд эрсдэлийн гадаа үлдэхийн тулд аль аль шатандаа анхаарах шаардлага бийг өнгөрсөн жилүүдэд хэлж ярьсаар ирсэн.
Төв банкны ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа долоодугаар сард хэлэхдээ “Манай улс 2016 онд хийсэн Харилцан үнэлгээнээс хойш нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчилсэн, эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд журам, заавар, аргачлал, гарын авлага гаргасан, сургалт, семинар, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан, хяналт шалгалтууд хийсэн, дотоодын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг өргөжүүлсэн, 15 сарын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хөтөлбөрийг Засгийн Газраас баталж хэрэгжүүлсэн гэх мэт маш олон ажлууд хийгдсэн. Үнэлгээний баг 2016 онд манай улсад ажиллах явцад Монгол Улс саарал жагсаалт биш, хар жагсаалтад орохоор бага үнэлгээ авах эрсдэл байгааг анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтаас ч муу үр дүн гарах боломжтой нөхцөл байдал байсан хэдий ч тухайн үед Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс өөрсдөөс хамаарах боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан. Тухайн үед ажлын хэсгийг ахалж ажилласан хүмүүсийн хүчин чармайлт энэ эрсдэлээс Монгол Улсыг хамгаалж чадсан. Одоо бидэнд Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлттэй холбоотойгоор саарал жагсаалтад орох эрсдэл байсаар байгаа. Үүнд Өршөөлийн хууль тогтоомж, түүний хэрэгжилт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын хэрэгжилт зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлсөөр байна” гэж байв.
Хэдийгээр олон ажил хийгдэж байгаа ч бодлого, хэрэгжилтийн түвшинд гээд хууль тогтоох эрх мэдэл, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой яаралтай хийж гүйцэтгэх хэд хэдэн ажлууд бидэнд бий гэдгийг мөн тэрбээр хэлж байсан юм.
Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үнэндээ бол асуудлыг цагийг нь тулгаж шийддэг хандлага үүн дээр ч харагдаж буй юм. Шийдэх ёстой асуудлууд юу вэ гэдгийг мэдсээр байж хугацааг хойшлуулж, тулгах нь өөрсдөө эрсдэлийг холдуулахгүй барьсаар байна л гэсэн үг.
ФАТФ-ын саарал жагсаалт гэдэг бол аль ч улс орны хувьд том эрсдэл. Улс орны санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөллийг шууд үзүүлнэ. Тухайн улс орны харьяанд байдаг банкны гадаад гүйлгээ хийгдэхгүй байх, удаашрах, харилцагч гадаад орны банкууд харилцаагаа таслах үйл ажиллагаа явагддаг. Аль ч улсын хувьд ФАТФ-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ гэдгийг Х.Батчулуун дарга хэлж байсныг сануулъя.
Ер нь тэгээд бид энэ удаад саарал жагсаалтын гадаа үлдлээ гэхэд эрсдэл хадгалагдсан хэвээрээ үлдэнэ гэдгийг хаа хаанаа санах ёстой.
Сэтгэгдэл ( 3 )
Саарал жагсаалтад орох эрсдэлийг хэн бий болгов лав ард түмэн биш Тэхээр ирэх сонгуульд одоо байгаа 76 болон урьд нь сонгуульд нэр дэвшиж байсан хэнийг ч сонгохгүй байхыг ард түмэн анхааралдаа аваач.
Энэ муу авилгачид, мөн оффшор данстангууд, улсын хөрөнгийг идэж уусан АСЕМ-ийнхан, мөн Элбэгдорж, УИХ-ын гишүүд ба бусад этгээдүүдээс л болж бүх ард түмнээрээ хохирч байна,яаралтай арга хэмжээ авч шийтгээч!!!
Монгол гэхээрээр дандаа доошоо ороостой байхаар ямар хэцүү вэ. Сайхан орон маань удирдлагуудаасаа ИХГ ээсээ болоод гадаадад дандаа доошоо хараастай гадуурхагдсан хүмүүс байсан одоо бүр гөлөлзсөн хүмүүс явах нь дээ. Мөнгө идэгсэдийн цүнх баригчдын мэдлэггүйгээс хийсэн үйлын үрийг ард түмнээр үүрүүлмээргүй байдаг.