Эдийн засгийн тойм: Шүүмжтэй, таамагтай, нэг алхам урагшилсан 7 хоног

2019 оны 10 сарын 12

Zindaa.mn сайт энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлууд хийгээд сэдвүүдээс тоймлон хүргэж байна. 2020 оны төсвийн төсөл болон төрөөс баримтлах Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн агуулга энэ өдрүүдэд зүй ёсоор анхаарал татаж буй. Ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор хуульчлан батлагдсан байх учиртай төсвийн төсөлд төрийн аудитын төв байгууллага дүгнэлт хийж, аравдугаар сарын 15-ны дотор УИХ-д хүргүүлсэн байх хуулийн заалттай. Тэгэхээр 2020 оны төсвийн төслийг төрийн аудит хэрхэн дүгнэсэн нь ирэх долоо хоногийн мягмар гарагт ил болох нь.

 

Үйл явдлуудаас эргэн сануулахад, Дэлхийн банкнаас  Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланг аравдугаар сарын 10-ны өдөр танилцуулахдаа Монголын эдийн засагт ЭРСДЭЛҮҮД ойр хэвээр байгааг сануулав.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууссаныг салбарын яамнаас мэдэгдэв. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтад улсын хэмжээнд 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 467 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дөрвөн зээлийн багцад хамрагдаж, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах эрхтэй болжээ. Нийтдээ 219 төсөлд 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 30 хувьтай байгаа гэх мэдээллийг долоо хоногийн эхээр өгсөн юм.

АНУ-ын Засгийн Газраас Монгол Улсын хөгжилд зориулан 6.4 сая ам.доллар буюу 17 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүлэхээр болсноо энэ долоо хоногт мэдэгдэв. Тус улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг  болон манай улсын Сангийн Яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал, хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний хөтөлбөр, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт санхүүжилт олгохоор тусгажээ. 17 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтээр Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд дэм тус үзүүлэх аж.

Энэ долоо хоногт МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" чуулга уулзалт зохион байгууллаа.

 

ТӨСВИЙН ЗАДАРСАН БОДЛОГО МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ  ХАТУУРУУЛАХ НӨХЦӨЛ  ҮҮСГЭНЭ

Долоо хоногийн онцлох сэдвүүдийн эхэнд ирэх оны төсвийн төсөл эдийн засгийн бодит нөхцөл байдалтай хэр нийцэж байгаа вэ гэдэг асуудлыг тодотгож байна. Улс орны эдийн засаг ирэх жилүүдэд бартаа саадтай замаар замнахаас өөр аргагүй нөхцөл байдал гадаад хийгээд дотоод хүчин зүйлсийн нөлөөллөөр ойрхон ирээд буйг эдийн засагчид сануулж байгаа ийм үед 12 их наядын орлого, 14 их наяд шүргэсэн зарлагатай төсөв батлах нь бидний хувьд бодит тооцоо судалгаанд тулгуурлах бус сонгуулийн жилийн хөөсрүүлсэн төсөв болох гээд байна гэсэн шүүмжийг эдийн засагчид хэлээд байгаа. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд орлого, зарлагын төсөөлөлдөө эргэлзэхгүй итгэж байгаа бололтой. Тэрбээр шүүмж хэлсэн эдийн засагчийг мэдэмхийрлээ гэж хариу шүүмжлээд байгаа юм. За яахав эдийн засагчид хийгээд яамны сайдын байр суурь заавал ижил байх албагүй. Гол нь үнэхээр ийм хэмжээнд төсвөө төлөвлөх эерэг нөхцөл, суурь байгаа юу гэдэг л гол. Төсвийн задарсан бодлого нь эргээд Мөнгөний бодлогоо хатууруулах нөхцлийг үүсгэнэ гэдгийг энд сануулахад илүүц болохгүй биз. Төсвийн зарлагыг задалж харвал  төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэндээ анх удаа хоёр  их наяд төгрөг болж байгаа нь бүсээ чангалахаас урьтан амжиж том алхсан шийдвэр гэж нэг талаас харж болох. Гэвч хэрэг дээрээ зардлаа эргээд хурдан нөхөх төсөл хөтөлбөр харагдахгүй байна гэсэн шүүмжийг эдийн засагчид хэлж байна. Төсвийн орлогын тухайд цөөн нэр төрлийн түүхий эдээ өмнөд хөрш рүү зөөдөг экспортын доголон ганц сувагтай бидний тухайд дэлхий маньд хамаагүй гээд сууж байх боломжгүй. Ялангуяа манай үндсэн ганц зах зээл Хятад улс дэлхийн гол тоглогчдын нэг. Түүний оролцоотой худалдааны дайн өчигдөр, өнөөдөр дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд буйн сацуу маргаашийн олон өдрүүдэд улам хурцдах хандлагатай байна. Энэ үед бид цаашид хэрхэх вэ гэдгээ бодохоос гадна гаргах шийдвэртээ, хийх үйлдэлдээ тусгах шаардлага үүсээд байна.


 ФАТФ  ИРЭХ ДОЛОО ХОНОГТ  ДҮНГЭЭ ТАВИНА

Анхаарал татах чухал сэдвүүдийн эхэнд Саарал жагсаалт байна. Монгол Улс Саарал жагсаалтаас нэг алхам хойш ухрах эсэх нь энэ сарын 15-нд буюу ирэх мягмар гарагт шийдэгдэнэ. Энэ өдөр Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ Парис хотноо ээлжит хурлаа хийх юм. Бидний хувьд тун чухал үйл явдал. Манай улс 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан түүхтэй.  Тухайн үед  хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарч, арга хэмжээ авч ажилласнаар саарал жагсаалтаас гарч байсан бол одоо ФАТФ-аас тавьж буй стандарт өөр болсныг мэргэжилтнүүд хэлж буй. Одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал  тухайн үед хангалттай байсан. Бүр тодруулбал, 40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар  ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байв.

Тэгвэл 2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн. Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй холбоотой есөн зөвлөмж нь 40 дотроо багтаж,  40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөр болсон. Нэгт, техникийн хэрэгжилт буюу тогтолцоо нь байна уу гэж  харсан хэвээрээ.  Хоёрт, тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах  үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт гарч илүү нягт, цогц  авч үзэж буй үнэлгээний хэлбэр рүү шилжсэн болохыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлж байсан. Тэгэхээр одоо бидний дагах ёстой стандарт бол хууль эрх зүйн орчин хийгээд хэрэгжүүлэгч талуудаас гадна тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах  үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийг хангах ёстой байгаа л даа.

Сүүлийн мэдээллээс үзэхэд 2017 онд ФАТФ-ийн  40 зөвлөмжийн 20 нь хангалтгүй гэдэг үнэлгээ авсан бол үнэлгээг ахиулах тайланг 2019 оны наймдугаар сард хамгаалж 15 зөвлөмжийн биелэлтийн үнэлгээг ахиулсан гэх мэдээллийг Төв банкны холбогдох мэргэжилтэн өгсөн байгаа. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 35 зөвлөмжийн хэрэгжилт “хангалттай” үнэлгээтэй, таван зөвлөмжийн хэрэгжилт “дунд” үнэлгээтэй байгаа гэж ойлгогдож буй. Тэгэхээр  40 зөвлөмжийн биелэлт боломжийн хэмжээнд байлаа гэхэд үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтэд  хангалтгүй үнэлгээг авснаа хэрхэн яаж засаж залруулсан бэ гэдэг нь бидний хувьд гол даваа болоод байгаа гэсэн үг юм.

За тэгээд ФАТФ-ын шийдвэр гарах тун дөхсөн энэ үед манай зүгээс гадагшлуулах мэдээлэлдээ  анхааралтай хандах ёстой болов уу. УИХ-ын дарга Г.Занданшатар цаг тулсан үед буюу энэ долоо хоногт саарал жагсаалтыг гэнэт сэрэн санасан нь тэд бидэнд дүн тавихад ямар байдлаар нөлөөлөх бол гэсэн сэрэмж дагаж буйг сануулахад илүүдэхгүй биз.


 ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ НЭГ АЛХАМ УРАГШИЛЛАА

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг энэ долоо хоногт   ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалт албан ёсоор эхэлснийг зарлав. Ер нь бол үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд одоо л ундарч эхлэх нь гэж ойлгогдож байгаа юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдана гэсэн хүлээлт бий.

Мөн үүний зэрэгцээ түүхий эдээ Дорнодоос буюу 600 гаруй километрийн цаанаас дамжуулах хоолойгоор бус төмөр замаар тээвэрлэх тухай яригдаж байгаа. Тэглээ гэхэд  төмөр замын ажил нь тээг саадгүй урагшилж чадах уу, 2023 он гэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлж амжих уу гэдэг нь гол байгаа юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам,цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн. Харин БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан  Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэсэн юм.


  МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛЖ ТААМАГЛАВ

Манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ оны эцэст 6.9 хувь, ирэх 2020 онд 6.3 хувьтай байна гэсэн төсөөллийг Дэлхийн банк  хийсэн нь дөрөвдүгээр сарын тооцооллоос бууруулсан таамаг юм.  Энэ  оны эхний хагаст эдийн засаг  7.3 хувьд хүрч өсөхөд  нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлсөн гэж Дэлхийн банкны зүгээс дүгнэлээ. Мөн түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлөв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ.

Тус банкнаас танилцуулсан  шинэ тайланд дэлхийн эдийн засгийн идэвхжил, түүн дотроо Хятад улсын эрэлт саарч байгаа,  худалдааны маргаанаас шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж улмаар уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг онцолсон байв. Хятадын эрэлт саарна гэдэг манай тухайд таагүй мэдээ юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top