ЧУУЛГАНЫ ПРОТОКОЛ: Засгийн газар шийдвэрээсээ УХРАХГҮЙ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн /2019.10.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт гишүүнээс Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонслоо. Хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Засгийн газраас тавдугаар сарын 15-аас гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан шахмал түлш, нүүрс хийжүүлэлт болон байгалийн хийгээр сольж шийдсэн байдаг.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийн хэрэгцээнд сайжруулсан түлш үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, өнгөрсөн онд ашиглалтад оруулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхлээд байна. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлд Ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг хэрэглэж байна. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, есөн хувийг Сүхбаатар дүүрэг, зургаан хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тав нь есдүгээр сард, 32 хувь нь аравдугаар сард, 29 хувь нь арваннэгдүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна. Тус компанийн дөрвөн үйлдвэрийн найман шугам 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулж, зургаан дүүрэгт байгуулсан 332 борлуулалтын цэгт 66, мянга 328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25 мянган тонн түлшийг борлуулаад байна. Гэрээт борлуулагчид худалдан борлуулсан түлшний тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгож байна" гэх мэдээллийг өглөө.

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тодорхой бус шалтгаанаар хүний амь нас эрсдэж, иргэд хордлого авч эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссыг энэ сарын 5, 6, 8-ны өдөр хуралдуулж, холбогдох мэргэжлийн байгууллага албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгч ажилласан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Харин угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 96 насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Насанд хүрсэн 20 иргэн, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад 144 хүнд зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж гэрт нь буцаасан байна. Энэ өдрүүдэд зургаан хүн, түүний дотор бага насны хоёр хүүхдийн амь нас эрсдээд байгаа билээ.


УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ҮГ ХЭЛСЭН ГИШҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ: Хоёр хоногийн дотор 174 хүн угаартаж, зургаан хүн амиа алдлаа. Энэ бол шахмал түлшийг ашиглахад гарсан ноцтой үр дагавар гэж үзэж байна. Онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүний амь эрсэднэ гэдэг нь хамгийн том эрсдэл яах аргагүй мөн. Энэ бол хүний эрхийн хамгийн том зөрчил юм. Үүнд хэн нэгнийг өмөөрөх, хамгаалах шаардлагагүй. Өнөөдөр Улаанбаатарын иргэд айдастай амьдарч байна. Төр маш хойрго хандаж байна. Утаагүй болж байгаа нь үнэн. Гагцхүү шахмал түлшний үнэргүй, хортой үр дагавар байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс онцгой анхаарах шаардлагатай. Яагаад өндөр илчтэй Таван толгойн түлшийг шахмал түлш хийхээр сонгосон юм.  

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН: Шахмал түлш хортой гэж бодохгүй байна. Шахмал түлшний стандартыг 2014 оноос мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн тавдугаар сард шахмал түлшний стандартыг сайжруулж, баталсан. Тэр стандартын хэмжээндээ шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Таван толгойн нүүрс илч сайтай. Энэ ч үүднээс ашиглах шийдвэрийг гаргасан байдаг.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Энэ бол улстөржих сэдэв биш. Эрчим хүчний сайдаас асуумаар байна. Та асуудал үүсвэл огцорно гэж хэлсэн. Шахмал түлшнээс болж 100 гаруй хүн угаартчихлаа. Энэ асуудал мөн үү. Мөн бол та огцрох уу. Хэн хариуцлага үүрэхийг нь хэлээд өгөөч. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үү. Хэнийг яллагдагч, сэжигтнээр татсан юм.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН: Эрүүгийн хэрэг үүсгэх байх гэж бодож байна. Өмнөх жилүүдэд олон арван хүн угаартаж байхад яагаад чимээгүй байв. Энэ жил яагаад дуугарч эхлэв гэдгийг гайхаж байна. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл бүрд суурилуулахаар ярьж байна. Шахмал түлштэй холбоотой шинжилгээний хариунд итгэх ёстой.

АЖЛЫН ХЭСЭГ: Зургаан хүн нас барсан. Таван тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нийт 86 дуудлага ирснээс 81 тохиолдолд нь хэрэг бүртгэл нээж, тавд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Угаартана гэдэг хариуцлагын асуудал. Эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна. Утаа бол гамшиг. Утаагаа гаагүй болгохоор угаар гарч ирлээ. Айл, өрхүүдээр явах ажил хийгдэж байна. Би хэд, хэдэн хороогоор ажилласан. Зарим өрх нь шахмал түлшээ ч аваагүй байна. Шахмал түлшийг 100 хувь хамруулах шаардлагатай байна. Шахмал түлш хэрхэн хэрэглэх зааврыг сайн хийх ёстой байж л гэж бодож байна. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэзээнээс тараах вэ.

АЖЛЫН ХЭСЭГ: Шахмал түлшийг хэрхэн хэрэглэх зөвлөмжийн ажил 91.4 хувьтай явна. Одоогоор 100 хувьд хүргэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаа ирэх сарын 1-ний дотор угаарын хий мэдрэгчийг нийт өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Бүхэл бүтэн зургаан хүн угаартаж амиа алдлаа. Цаашид онцгой анхаарах хэрэгтэй. Дахин иргэний амь хохирохгүй гэх баталгаа байхгүй.

УИХ-ын гишүүн З.НАРАНТУЯА: Би угаартаж амиа алдсан хоёр хүүгийн буяны ажилд оролцсон. Талийгаачдын өвөө нь “Утааг багасгах бодлогыг үгүйсгээгүй. Шахмал түлшийг буруутгаагүй. Аюулгүй байдлын баталгааг хангаагүй түлшийг тараасан юм. Энэ бол химийн зэвсэг өгснөөс ялгаагүй арга хэмжээ боллоо. Энд хэн нэгэн хүн хариуцлага хүлээх үү. Нэг ч гэсэн төрийн хүн уучлалт гуйгаагүй, үгээ хэлэх боломжгүй байгаа хэрэг үү” гэх үгийг дамжуулсан.

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН: Олон удаа туршсан. Боломжтой гэж үзсэн гэж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байдаг. Ажлын хэсгийнхэн тодорхой мэдээлэл өгнө үү, ард түмэнд үгээ хэл. Агаарын бохирдлыг бууруулах ажил амаргүй. Бүгдээрээ хүчээ нэгтгэсэн бол утаатай байхгүй шүү дээ. Утааг л арилгах гэж Засгийн газар зүтгэсэн. Одоо буруудчих гээд байна л даа.

АЖЛЫН ХЭСЭГ: Гурван жил туршсан. Шахмал түлшний компанитай хамтраад өнгөрсөн онд айл, өрхүүд дээр туршилт явуулсан. Сонгинохайрхан дүүргийн найман хороонд туршилт явуулсан. Эдгээр өрх шахмал түлшийг хоёр дахь жилдээ хэрэглэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ: Зуухны чанарын асуудал байна. Яндан нь муу байна. Ханан пийшин болон сойлтын асуудал байна. Хамгийн сүүлд зуух нь үнсээр дүүрчихсэн байсан нь цагдаагийн шалгалтаас харагдаж байна. Хоёрдугаарт, шахмал түлшинд асуудал байна. Ямар ч байсан агаарт хаяж байгаа утааны хэмжээ 40 хувь буурсан гэдэг дүгнэлт гарсан. Цаашид анхаарч ажиллах ёстой. Гаднын орны шинжилгээний хариу ирэх байх. Дотоод шинжилгээтэйгээ харьцуулаад үзэхэд нэг дүгнэлт гарах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Л.БОЛД: Өнгөрсөн амралтын өдөр гэр хороололд ажилласан. Угаарын хий мэдрэгчийн нэн яаралтай айл, өрхүүдэд тараах ёстой. Энд хариуцлага ярих хэрэгтэй. Шахмал түлшнээс өөр зам байхгүй. Агаарын бохирдол буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол утаанаас салах зөв зам гэж бодож байна. Хамгийн гол нь зөвлөгөө, заавраа өгөөгүй. Энд л шат, шатандаа ажлын хариуцлага алдсан.

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН: Засгийн газар утааг бууруулахын тулд шахмал түлшийг сонгосон. Харамсалтай нь, хүний амь хохирлоо. Өмнө нь санамж, зөвлөгөө, зааврыг явуулаагүй хэрэг үү. Шахмал түлш хэрэглэснээрээ агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан нь үнэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Санамж, зөвлөгөөг өгч байхад тухайн үед гэртээ байгаагүй зэрэг тохиолдол байсан. Гэхдээ нөхцөл байдал шат, шатны дарга нар дээр унасан. Амьжиргааны судалгаагаа нарийн хийж өгөөгүй.

УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН: Нас барсан зургаан хүний тоог 60 болгохгүйн тулд онцгой байдал зарлаж ажиллах ёстой. Түүнээс утаагаар улс төр хийх гэж асуудалд хандах ёсгүй.

УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ: Бид улстөржихгүй байх үүрэгтэй. Угаартсан иргэдийн тоо 201-д хүрчихлээ. Заримынх нь бие хүнд байна. Өнөөдөр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг аюулгүй байлгах ёстой. Хангах үүрэг нь Монголын төрд бий. Асуудлыг ярьж байгаа албан тушаалтан, улстөрчийн нэг нь ч талийгаачдын ар гэрээс уучлалт гуйсангүй. Үнэхээр алдаа гаргасан бол алдаагаа хүлээгээд ар гэрээс нь өршөөл гуйх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛ: Засгийн газрын зүгээс угаартаж амиа алдсан зургаан хүний ар гэрт нөхөн төлбөр олгох хэрэгтэй. Агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч байна гэдэгт санал нэг байна. Шийдвэртээ арга хэмжээгээ аваад хэрэгжүүлээд цаашид явах байх. Энэ асуудлыг улс төрийн зорилготой хутгахгүйгээр ажлаа үргэлжлүүлээд аваад явах хэрэгтэй.

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН: ОХУ, Хятад, Солонгос, Япон улс руу явуулсан шинжилгээний дүгнэлтийг хүлээх хэрэгтэй. Илүүдэхгүй шүү дээ. Энэ бол дотоодын шинжилгээний хариудаа итгэхгүй байна гэсэн үг биш.

УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМАА: Таван толгойн түлшний нөөц хэр байгаа вэ. Үнэхээр утаа буурч байгаа бол энэ ажил сайжраад явах ёстой. Ирэх оны төсөвт хэдэн төгрөг суутгахаар оруулж ирж байна вэ. Нэгдсэн удирдлага, зохион байгуулалт гэдэг зүйл харагдахгүй байна шүү. 

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН: Эхлээд 100 гаруй мянган тонн шахмал түлшийг нөөцөлсөн. Тэднийгээ цэгүүдэд тараасан. Үйлдвэрийн хүчин чадал хангалттай гэж харж байна. Ирэх оны төсөвт үйлдвэрийн урсгал зардалд хөрөнгө суутгасан зүйл байхгүй.   

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Шахмал түлштэй холбоотой сайн, муу олон мэдээлэл явж байна. Олон нийтэд улс төр хутгалдаагүй, үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэр болохоор үргэлжлүүлэх нь зөв. Үнэн, зөв бодит мэдээллийг дахин УИХ-д танилцуулах хэрэгтэй. Хүний амь нас, эрүүл мэндийг анхаарч ажиллах нь зөв. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар зөвлөмж, танилцуулгыг сайн хийх хэрэгтэй байна. Үнэхээр хариуцлага ярих ёстой. Алдаа байвал засах хэрэгтэй. Утаа тэмцэх ажлаа Засгийн газар орхиж болохгүй.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт чиглэл өгч байна. УИХ-ын Ажлын хэсэг, дэд хороо ирэх долоо хоногт хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээнд хяналт тавьж, оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон улсын байгууллагын оролцоог хангасан санаачилгыг бий болгох ажлыг зохион байгуулахыг чиглэл болголоо. Ингэхдээ хөндлөнгийн хяналтыг бий болгон, зохих ёсны дэмжлэг үзүүлж ажиллахыг сануулсан. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эсрэг тэмцэлд ялах нь” нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийн судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийн талаар зохих дүгнэлтийг гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгалаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санаа(112.72.8.90) 2019 оны 10 сарын 15

Нарантуяа гишүүнийг их боловсролтой хүн гэж бодож байлаа. Цангинаж хангинаад гал тогооны авгай нараас илүү хэрүүлч юмаа. Ард иргэдийн амьдралын төлөө хашгираад б гаа юм уу гэтэл үгүй бололтой. Дэргэд нь сайд байсан Оюунгэрэл гишүүн хамаагүй бүтээлч юм

0  |  0
Иргэн(64.119.19.147) 2019 оны 10 сарын 14

Болохоосоо болохгүйг нь хүртэл үзэх хэрэгтэй. Гахц, шийдэл байж л таараа Болих, устгах шиг амархан юм ална, тэгээд лараа нь яахын.

0  |  0
Top