Бүтээгч үйлдвэрлэлгүй, мөнгө барагтай Монгол Улсын ганц төсөлд хөрөнгө оруулагч нь Рио Тинто. Үйлдвэрлэлгүй учраас ямар сайндаа тэдний оруулсан 1.5 тэрбум ам.доллар валютын нөөцийг бүрдүүлж байх вэ дээ? Хөрөнгө оруулсан Оюу Толгой нь ээдрээтэй түүхийг туулсаар арав дахь жилтэйгээ золгоод байна. Далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй ч хойшилсон, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэх олон сүүдэр тэднийг дагаж байгаа. Эрх барьж буй намын бодлогоос хөрөнгө оруулагчид тайзан дээр хэрхэн тоглож болдгийг АН, МАН-ын найруулсан цомнолтой Рио Тинто бэлхнээ харуулна. Гэхдээ бидний өгүүлэх түүх үүнээс ондоо. Хятадуудыг үзэн ядсаар ирсэн Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинто хятадтай илүү найрсаж буй явдал. Хувь нийлүүлсэн компани байгуулах, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятадууд ч үүнийг нь найрсгаар хүлээн авч буй.
Австралийн уул уурхайн “акул” Рио Тинто 2005 оноос эхлэн Хятад руу хараагаа бэлчээж эхэлжээ. Чухам энэ цаг үеэс Хятад руу хараа сунгасан нь цаанаа учиртай. Тухайн үед хөрөнгө чинээ, бэл бэнчин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй, хэтдээ Америкийг ардаа хаях зорилттой БНХАУ-ын засаг захиргаа хойд африкийн улсууд руу хараагаа сунгаад байсан цаг. Өсөн нэмэгдэж буй хөрөнгөө колонийн шинэ бодлого болох “Бүс ба зам” хөтөлбөртөө шингээн африк тивийн шинэ “халамжлан хүмүүжүүлэгч” болж байсан учраас дэлхийн томоохон тоглогчид Хятад руу анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Үүнээс уул уурхайг сорчлон жижиг, буурай улсуудад “дарцагладаг” Рио Тинто компани хоцрохыг хүссэнгүй. Тиймдээ ч африк тивд хэрэгжүүлдэг ихэнх уурхайнхаа тал хувийг Хятадын төрийн өмчит компаниудад худалдах санал тавьж, энэ нь ч эхнээсээ биелсээр байна.
2010 оны зургаадугаар сар. Хятад, Рио Тинтогийн хувьд бүгд шинээр эхэлсэн, байгуулсан хэлцэл нь амжилттай хэрэгжиж эхэлсэн он байлаа. Гайхалтай тохиолдлоор яг энэ цаг мөчид Монгол Улсын өмнийн шаргал говьд Оюу Толгой ч гараанаас гарсан байдаг. Гэхдээ Рио, Хятадын нөхөрлөл 2015 он хүртэл дэлхий дахинд нэг их мэдэгдсэнгүй. Харин 2016 оноос эхлэн африк тивд хэрэгжүүлдэг хэд, хэдэн уурхайд Рио Тинто, БНХАУ-ын Төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах гэж буй тухай Reuters, Bloomberg, Asia Finance сэтгүүлүүд анхлан мэдээлснээр дэлхий нийт сая нэг юм мэдэж эхэлсэн юм. Энэ цаг мөчид Монгол Улс “алаагүй баавгайн арьс”-аа арав хувааж идэх гээд анзаарах сөхөө ч байгаагүй. Угтаа одоо ч анзаарч байгаа эсэх нь эргэлзээтэй.
БНХАУ-ын Засгийн газар болон Рио Тинто компани хамтран ажиллах анхны оролдлого Мозамбик улсад хэрэгжүүлж буй нүүрсний томоохон төсөл байлаа. Мозамбикийн Тете мужид оршдог нүүрсний уурхайд Рио Тинто компани 2011 онд хөрөнгө оруулж, төслөө албан ёсоор эхэлсэн байдаг. Уурхайн 65 хувийг 3.9 тэрбум ам.доллароор өөрийн болгосноосоо хойш уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж амласан ч амлалт, төлөвлөгөөндөө хүрч чадаагүй. Тэд нүүрсний агуулга, чанар муу учир ашиг олохгүй байна гэж мэтгэдэг. Хөрөнгө оруулснаасаа хойш таван жилийн дараачаас эхлэн хамтран хувь эзэмших компаниа хайсаар БНХАУ-тай нүүр тулжээ. Гэвч эхнээсээ Мозамбикийн Засгийн газартай худалдан авах, эрх шилжих тал дээр маргаантай байсан тулд хөрөнгө оруулахаас татгалзаад гарсан юм.
Гайхалтай тохиолдлоор яг энэ цаг мөчид Монгол Улсын өмнийн шаргал говьд Оюу Толгой ч гараанаас гарсан байдаг. Гэхдээ Рио, Хятадын нөхөрлөл 2015 он хүртэл дэлхий дахинд нэг их мэдэгдсэнгүй.
Харин Гвинейн төмрийн хүдрийн Симанду төсөл тэднийг ширээний ард найрсан суух эхлэл байлаа. Хэдийгээр 2018 онд хэлцэл амжилттай болсон ч 2010 онд БНХАУ-ын тал Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзаж хамтран эзэмших талаар санал солилцсон мэдээ бий.
Гвинейн хөрсөн доорх байгалийн арвин баялаг 2008 онд үндэстэн дамнасан корпорац, их гүрнүүдийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар 2013 онд Рио Тинто компани үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн байна. Израйлийн очир эрдэнийн бизнест хөрөнгө оруулсан Бени Стайнвиц голлох хөрөнгө оруулагчдын нэгээр нь нэрлэгдэж байлаа. Хэдийгээр төслийн эхэнд Рио Тинто компани өөр улсын компанитай хамтрахгүй гэж байсан ч Гвинейн Засгийн газарт мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын төрийн өмчит Хөнгөн цагаан олборлох компанитай гэрээ байгуулсан нь олон улсын анхаарлын төвд орж байлаа. Улмаар БНХАУ-ын төрийн өмчит Chinalco компани 2018 оны аравдугаар сард уг уурхайг хамтран эзэмшихээр болж, 2018 оны аравдугаар сарын 26-нд хэлцэл албан ёсоор хүчин төгөлдөр болсон юм. Гэрээ ёсоор Рио Тинто болон “Chinalco” компани уурхайн 45.05 хувийг хуваан эзэмшихээр болсон билээ. Эзэн суух ёстой Гвинейн Засгийн газар энэ уурхайн дөнгөж 15 хувийг эзэмшиж буй юм.
Амжилттай болсон хэлцлээс ердөө хоёр хүрэхгүй сарын дараа Рио, Хятадын найрсал дараагийн төсөл дээр биеллээ олов. Намиб улсын энгэрт байгалийн эхийн хайрласан асар их уурхайн нөөц хоёр талын найрын ширээний ууц болсон Россинг уурхайн төсөл тэртээ 1976 оноос эхтэй. Нутгийн уугуул иргэдийн ширүүн тэмцэл, нутаг орноо гэх олон арван байгууллагын хараал, шүлсийг хангалттай барсан энэ компани хувь заяаны шоглоомоор Намибын эдийн засгийн гол амь тариа болсоор иржээ. Энэ утгаараа Монголтой адилхан байж болох юм. Уурхайн гарц 2000-аад оноос эрс муудан улмаар 2001 оноос эхлэн гүний уурхайн тухай ам нээх болжээ. Гэвч одоог хүртэл гүний уурхай ашиглалтад ороогүй л байна. Гүний уурхай ашиглалтад оролгүй 20 гаруй жил болох хооронд уурхайн насжилт 2025 он хүрэх төлөвтэй.
Найдлага тасарч, маргаан холдохоо байсан энэ уурхай дээр БНХАУ-ын төрийн өмчит “Хятадын үндэсний ураны корпорац” 2018 оны 12 дугаар сард хамтран ажиллахаар болсон юм. Гэрээ ёсоор Россинг уурхайн 68.6 хувийг “Хятадын үндэсний ураны корпорац” эзэмшинэ. Хэлцэл энэ оны нэгдүгээр улиралд багтан бүрэн дууссан ч маргаан тасрахгүй хэвээр. Өнгөрсөн тавдугаар сард Намибын Засгийн газар БНХАУ болон Рио Тинтогийн хооронд болсон дээрх хэлцлийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ галт тэрэг хөдөлж “Хятадын үндэсний ураны корпорац” эхний арга хэмжээгээ аваад эхэлжээ.
Африк дахь төслүүд муурын амнаас гараад барын аманд орж байх хооронд Рио болон Хятад найрслаа улам лавшруулсаар байлаа. Үүний нэг илрэл нь Бао-Хи компани БНХАу-ын төрийн өмчит төмрийн компани болох Баову компани Рио Тинтотой таван жил хэлэлцсэний үр дүнд хувь нийлүүлсэн үйлдвэр байгуулахаар болсон юм. Уг үйлдвэр Рио Тинтогийн эзэмшлийн Пилбара төмрийн хүдрийн бүлэг орд дээр түшиглэн төмрийн хүдэр олборлоно. Хэдийгээр хэлцэл албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч зургаадугаар сард хоёр тал тохироонд хүрчээ. Гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсны дараа тус ордын 54 хувийг Рио Тинто компани эзэмших юм. Шинжээчид ирэх 11 дүгээр сард Бао-Хи компани албан ёсоор байгуулагдана гэж таамаглаж байна.
Компани байгуулах тухай сураг тасраагүй байна. Тэдний хооронд үйлдсэн сүүлийн хэлцэл дөнгөж саяхан өнгөрсөн долоо хоногт боллоо. Рио Тинто компани БНХАУ-ын төрийн өмчит China Minmetals Corp компанитай хувь нийлүүлсэн компани байгуулахаар боллоо. Хоёр талаас 50/50 хувийг нийлүүлэн байгуулах уг компани хятадын дөрвөн мужид зэс, зинк олборлох хэд, хэдэн уурхай байгуулах юм байна. Талууд 2018 оноос хэд, хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж 2018 оны зургаадугаар сард хувь нийлүүлсэн компани байгуулахаар тогтсон юм.
Монголдоо шүлс, шуналд хангалттай булуулж, үйлс нь нэг л урагшгүй байгаа Рио Тинто компани ийнхүү хятад руу хараагаа бэлчээж, гар барилцах болсоор удаагүй байна. Цаашид улам илүү найрсана.
Одоогоор Шинжаан Уйгар, Өвөр Монгол, Юнань, Хэйлонжиан гэсэн дөрвөн мужид техникийн багийнхан ажиллаж урьдчилсан судалгаа, тооцоолол хийж байгаа аж. Хувь нийлүүлсэн компани 2025 он гэхэд үйл ажиллагаагаа эхэлсэн байхаар төлөвлөж байгаа юм. Тэдний тооцооллоор БНХАУ-ын дотоодын зах зээлийг бүрэн хангахуйц зэс, зэсийн баяжмал нийлүүлэх ажээ. Хувь нийлүүлсэн компани байгуулагдсаны дараа Рио Тинто болон Минметальс компанийн удирдлагууд Өмнөговь аймагт хэрэгжүүлдэг Оюу Толгой төслийн зэс, зэсийн баяжмалыг Өвөр Монголд нийлүүлэх талаар санал солилцсон байна.
Монголдоо шүлс, шуналд хангалттай булуулж, үйлс нь нэг л урагшгүй байгаа Рио Тинто компани ийнхүү хятад руу хараагаа бэлчээж, гар барилцах болсоор удаагүй байна. Цаашид улам илүү найрсана. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Рио Тинто компани анх удаагаа хятадын зах зээлд юаниар төмрийн хүдрээ борлуулав. Рио Тинто БНХАУ-ын хойд хэсэгт орших Рижао боомтод төмрийн хүдрийг анх удаа юаниар худалдлаа. Хамгийн анхны юанийн худалдааны хэмжээ 10 мянган тонноор хэмжигдэж байгаа юм. Цаашид Рио Тинто компани БНХАУ-ын нутаг дэвсгэрт юаниар худалдах хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж буй аж.
Монголчууд бид дотооддоо алаагүй баавгайн арьсыг арав хувааж идэх гэж “зодолдож” байх хооронд Рио Тинто компани хятадтай айлсаад эхэллээ. Харин бид баавгайгаа хэзээ алж, сэтгэл тэнэгэр болох вэ гэдэг асуулт хэвээр...
Сэтгэгдэл ( 1 )
oyutolgoigoos garsan bayjmaliig hytad uuriin nutgaaraa damjuulan .... zesiin bayjmal gej tatvar avdag baisan ... genet shalgalt hiij tsever altnii bayjmal baisan ni notlogdoj . Riotinto. shantaajind orson tuhai ... hamtran ezemshih tuhai yarigdsan .geh .. hytadad altiig ni tsevershvvlj ehelsen . tuhai ...