ЖДҮХС-г татан буулгаж, Кино урлагийг дэмжих сан мэндэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Засгийн газраас харьяа 29 тусгай сангаа цөөлж, 21 болгох хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулаад байгаа. Эдгээрээс Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг сан гэсэн долоон тусгай санг байх шаардлагагүй гэж үзэн татан буулгахаар болжээ.  Мөн чиг үүрэг нэгтэй Мал хамгаалах сан, Тариаланг дэмжих сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгэн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгон зохион байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь. Улмаар Кино урлагийг дэмжих санг шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг том төлөөлөлд  тооцогддог кино урлагийн салбар санхүүгийн хувьд төрийн халаасанд очиж магадгүй болж ирлээ. Төр нь урлагаа санхүүжүүлж, урлаг нь төрөө сурталчилна гэсэн үг. Дэлхийд кино урлагийн салбараараа дамжуулан нийгмийн сэтгэл зүйг удирддаг улсуудын томоохон жишээ бол тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс. Мумбайд төвтэй Болливудын кино үйлдвэр  Засгийн газрынхаа мэдэлд байдаг бөгөөд ямар нэг кино хийхээр бол зөвшөөрөл олгож, “film city”-дээ газар зааж өгдөг. Энэтхэгийн Ерөнхий сайд киноны урлагийн салбарын супер оддоо цуглуулан тамхи татаж буй дүрсээ дэлгэд гаргахгүй байх хүртэл уриалга, сануулга өгч байжээ.

Одоо Энэтхэгийн телевизүүд тамхи татаж буй нэг  ч секундийн дүрс гаргадаггүй. Нийгэмд үзүүлж буй нөлөөлөл нь ийм хүчтэй учраас Энэтхэгт кино урлагийн салбараа сэтгүүл зүйн салбарынхаа салшгүй нэгэн хэсэг  болгон хамруулан үздэг юм билээ. Нэг талаар соён гэгээрүүлэх салбарын ноён оргил гэгддэг кино урлаг төрөөс хараат болж мэдэх ч Энэтхэгийн хувьд гадаад улсад эх орноо сурталчлах, зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлэх том сувагтай болсон, оюуны өмчийн экспорт өссөн зэрэг давуу тал олон бий. Тэгвэл манайхны батлахаар зэхэж буй хуулийн төслийн дагуу Кино урлагийг дэмжих сан салбарын хөгжлийг төрөөс дэмжих, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой аж. Бүр тодруулбал, үндэсний контент бүтээх, үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын  наадам, үзэсгэлэнд монгол киног оролцуулах, төрийн захиалгаар уран сайхны болон баримтат кино, хүүхэд  залуучуудад зориулсан бүтээл туурвих гэнэ. Үр дүнд нь бараг л суваг бүрээр гардаг болсон Хятад, Солонгосын цуврал цөөрч мэдэх юм. Гэхдээ бүрэн хэмжээний дэглэж зохиосон уран сайхны бүтээл хоёр минутын телевизийн мэдээнээс илүү хүний ухамсарт нөлөөлдөг гэдэг утгаараа нийгмийг хаашаа ч чиглүүлэх шидтэй гэдгийг мартаж болохгүй. Ирэх оны төсвөөс уг санд 10 тэрбум төгрөг суулгахаар болжээ.  Тэгвэл соёл, урлагийг  хөгжүүлэх, үнэт өвийг бүртгэх, судлах,  хамгаалах зориулалттай Соёл, урлагийг дэмжих санд хоёр тэрбум, нийтийн биеийн тамир, өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх,  сэргээшний эсрэг хяналтыг хэрэгжүүлэх зорилготой Спортыг дэмжих санд хоёр тэрбум,  эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, тандалт судалгаа зохион байгуулах ач холбогдолтой  Эрүүл мэндийг дэмжих санд гурван тэрбум, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлдэг  Байгаль орчин, уур амьсгалын санд 1.6 тэрбум, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчдод нөхөн төлбөр олгодог Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд 0.6 тэрбум төгрөг суулгаад байгаа аж. Бас л нийгмийн шаардлагынхаа хувьд харьцангуй дүн шүү.


ЗАСГИЙН ГАЗРЫН 21 ТУСГАЙ САН 2020 ОНД 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
 

Одоо үйл ажиллагаа явуулж буй тусгай сангуудын 19-ийг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар, 10 санг тусдаа хуулиар зохицуулж ирсэн. Ингэснээр төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг хийж буй төрийн том халаас юм. Тусгай сангуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2018 онд 3.2 их наяд төгрөгийн төсөв батлагдаж байсан бол энэ онд 3.6 их наяд төгрөг болж, даруй 400 тэрбум төгрөгөөр өсчээ.  Харин ирэх 2020 онд Засгийн  газар тусгай сангуудаараа дамжуулан 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ. Үүний 88 хувь буюу 3.8 их наяд төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага эзэлсэн байгаа. Үлдсэн 12 хувь буюу  512.1 тэрбум төгрөг нь бусад сангийн зардалд хамаарч байна. Тухайлбал, ЖДҮХС-г орлохоор болж буй  Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сангаас ирэх онд жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйг дэмжихэд зориулан 84.9 тэрбум төгрөгийн  хөнгөлөлттэй зээл олгох төсөвтэй байна. Улаан буудай, мал амьтны урамшуулалд л явчихгүй бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих мөнгө гэж ойлгогдож байгаа. Түүнчлэн Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн ирэх оны зарцуулалтыг энд онцлох нь зөв байх. Уг сангийн  зардлыг 88.3 тэрбум төгрөгөөр тооцсон нь энэ оныхоос 39.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн. Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 200  мянган төгрөгт хүргэх болсон. Энэ хүрээнд нийт 40 мянган суралцагчдад 79.9 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгаад буй. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл дээр дутагдаж буй хүний нөөцийг хангах чухал ач холбогдолтой. Гэхдээ эздэдээ очсон тохиолдолд.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгад  хөнгөлөлттэй зээл олгох замаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэн сайн туршлага гэгддэг Япон, Солонгос улсуудын жишгийг харгалзан үзсэн болохоо дурджээ. Япон, солонгосчууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зээл олгохдоо ил тод байдлыг хангах зорилгоор цахимжуулан, олон нийтэд тогтмол мэдээллэдэг нь давуу тал болжээ. Гэтэл манай өнгөрсөн хугацааны практикаас харахад, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, Тариаланг дэмжих сангийн дэмжлэг, Мал хамгаалах сангийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилт бүгд хууль зөрчсөн, ашиг сонирхол орсон, эргэн төлөгддөггүй гэх мэт зуун зовлон одоо ч үргэлжилсээр. Ганцхан Тариаланг дэмжих санд хийсэн шалгалтын дүнд өгүүлснээр 2005-2018 оны хооронд 585.3 тэрбум төгрөгийн үндсэн дэмжлэг, 157.4 тэрбум төгрөгийн урамшууллыг тариаланчдад олгосон байна. Гэвч одоо 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, авлага нь 131.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Үүнээс найдваргүй зээлийн үлдэгдэл 72.1 тэрбум төгрөг буюу авлагын 56 хувь нь эзэнгүйдсэн гэдэг эмгэнэлтэй мэдээлэл бий. Энэ мэт тусгай сангуудыг цэгцлэх асуудал бол удаан хугацаанд яригдсан зүйл. Олон нийтийн зүгээс ч өндөр хүлээлттэй байлаа. Тиймээс өнгөрсөн хугацааны зөрчлийг өргөс авсан мэт нэг далайлтаар арилгахгүй ч цэгцэнд оруулахаар хуулийн зохицуулалтаа шинэчлэн найруулсан биз. Ялангуяа татварын  мөнгөний зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах шаардлага байгаа юу гэвэл, байгаа. Харин ингэж өөрчлөлт хийснээр санхүүгийн сахилга  бат нь сайжирч, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж найдъя. Үүний тулд тусгай сангуудаас олгодог хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон нь хамгийн эхний сайшаалтай алхам болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorigt(24.19.4.149) 2020 оны 01 сарын 17

Ger horoolliig modon jorlontoi ni ustgah san baiguulah zorigtoi is turch bnuu taminee!!!

2  |  0
Top