Саяхан л дэргэд инээж, дуулж явсан анд нөхөр, ах нар минь тэнгэр болчихоор хорвоо гэдэг ямар юутай хуурмаг юм бэ гэж халаглана. “Ах нь ахиж таарахгүй ч юм билүү” гэж гоморхон, тунирхаж суусан найрагч ах минь төрсөн өдрөөрөө төөрүүлж орхичхоод яваад өглөө.
“Тэнгэр газраар дүүрсэн энэ их харуусал дунд
Тэвчээр алдвал өвлийг үзэжчадахгүй нь байна
Тийм нэг уртаас урт намар гандсан үснээс минь унаж
Хөл дор минь тийчигнэн удаанаас удаан амь тавьж байна”
хэмээн “Хүйтэн намрын хэлбэргүй дүрслэл”- дээ Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн ах минь хамаг л эд эсээрээ үйрч, бутарч буйгаа дотогшоо хашхиран хэлснийг тань хэн сонссон билээ. Тэнгэр л сонсож. Олон л найрагчдыг “Үхэл”-ийн тухай шүлэг бичсээр байгаад биеллээ олсныг харсан даа.Үг гэдэг шидтэй, хүчтэй, амьтай гэж хүмүүс ярьдаг. Сайн сайхан үгийг хэлэх тусам боджин биелж, муу муухай үгийг ярих тусмаа амилан босдог ажээ. Хүний зөн совин гэдэг хэрхэхээ мэдэрдэг, зөгнөн хардаг, зүүдлэн сэрдэг юмсан уу? Олон хүнд олдохгүй болно гэдгээ, хорвоод ирсэн өдрөө буцна гэдгээ хэлсэн байгаа юм даа. Тэр үед гэнэ сэрэггүй, инээлдэн өнгөрүүлсэн ч гэмтэн мэт харамсан, шархирах өдөр ирдэг л юм байна. Ай хөөрхий, гэрэлт хорвоод гэгээн шүлгээ үлдээгээд буцсан ах нар минь дээ. Та нарынхаа нөмөрт ухаажиж, нөөлөгт хэрсүүжиж явсан жаалхан дүү нар нь элгэндээ шүлгийг тань шивнэж, энгэртээ нулимсаа эгшээж хоцрох юм даа. "Ах нь цав цагаан хусан байшин бариад шүлгээ бичих мөрөөдөлтэй" гэсэн ах минь
Ээж ээ, та явчихсан.
Таньгүй өдрүүд өнгөрдгөөрөө өнгөрсөөр,
Хааяахан хачин ихээр санадаг минь л хэвээрээ
Байна
Баярлахдаа боддог,
Гунихдаа дурсдаг,
Уухдаа ярьдаг,
Уйлахдаа үгүйлдэг минь хэвээрээ...
Ингэсээр хүү чинь өтөлж байна
Ижий тань руугаа дөтөлж байна...
хэмээн гунигтайхнаар шүлгээ дуудаж байсныг тань харсан. Ижий тань хүүгээ гунигтай байгааг мэдэж, та ижии рүүгээ очих зам руу дөтөлсөөр байгааг бид харин мэдээгүй л явж дээ. Найрагч ах минь цав цагаан хусан байшиндаа ижийтэйгээ шүлгээ дуудан эрхлэн байгаа даа.
Сэтгэгдэл ( 1 )
Гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ дашрамд богинохон насанд нь сайнаасаа илүү муу үгийг ямар их сонсож амьдарсан юм бэ дээ гэж эргэцүүлж бодоход хүрлээ. Ядаж бие биенээ дэндүү их мэддэг нутаг усныхан нь хайрлаж өрөвдөж өмөөрч байгаач. Ахархан наслах насанд нь ахадмаар их ачааг үүрүүлж, гүтгэж гутааж баймааргүй л байна. Өөрийнхөө хэн болохыг мэдэхгүй байж бусдыг гутаадаг нөхдүүдэд зориулав.