Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн дүнгээрээ буурах төлөв гарчээ. Монголбанкны Инфляцын төлөв байдлын тайланд дурдсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгал хагас жилд өмнөх оны мөн үеэс 12 хувиар буюу 62 сая ам.доллараар буурч, 469 сая ам.доллараар хэмжигдэж байна. Тухайлбал, Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт гэгддэг “Оюутолгой” компанийн орох урсгал өнгөрсөн оныхоос 28 хувиар буюу 50 сая ам.доллараар буурсан дүнтэй гарав. Оюутолгойн далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөрөөр бол жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх учиртай. Бусад гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд мөн л 50 сая ам.доллар буюу 34 хувиар буурсан нь гадаадын түншүүдээс орж ирэх урсгал 101.3 сая ам.доллар болж буурахад нөлөөлсөн байна. Нийтдээ гадаадтай хамтарсан компаниудад 192 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн өөр төрлийн хөрөнгө оруулалтууд 233 сая ам.долларт хүрсэн гэдэг тоо мэдээлэл бий. Эдгээрт дүн шинжилгээ хийсэн мэргэжилтнүүдийн зүгээс оны төгсгөлд том хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэх төлөв харагдахгүй байгаа учраас өнгөрсөн хэмжээндээ хүрэхгүй гэх таамаг дэвшүүлж байна. Түүх сөхөхөд, 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.8 тэрбум болж дээд амжилт тогтоож байсан бол 2014 онд 276 сая ам.доллар, 2015 онд 182.69 сая ам.доллар болж татарсан байдаг. 2016 онд тоймтой өсөөгүй ч 2017 онд 1.4 тэрбум ам.доллар болж эргэн сэргэсэн.
Улмаар 2018 онд хоёр тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлж байлаа. Эдгээрийн 80 гаруй хувь нь “Оюутолгой” төсөлд төвлөрсөн.
Олон улсын жишгээр өндөр өсөлт үзүүлж буй эдийн засагт төдий чинээ хөрөнгө оруулалт төвлөрдөг. Саяхан Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засаг ойрын хоёр жилд дунджаар зургаан хувиар тэлнэ гэх тооцоогоо танилцуулсан. Хэдийгээр энэ нь одоогийнхоос буурах үзүүлэлт боловч дэлхийн эдийн засгийн идэвхжил бүхэлдээ саарсан тохиолдолд бас ч гэж боломжийн өсөлт гэдгийг мөн тодотгоод байгаа. Монголбанк, Сангийн яам, Засгийн газартай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй ОУВС-гийн хувьд ч дээрхтэй ойролцоо хэмжээний өсөлт үзүүлнэ гэж тооцоолж байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талаарх сайн мэдээ. Гэхдээ сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт буурснаас авахуулаад сайн гэхээс илүүтэй саар мэдээ зах зээлд давамгайлах болсон.
Эрсдэл талаасаа их гүрнүүдийн дундах газар зүйн байршил, эдийн засгийн хэмжээ жижиг, улс төрийн бодлого тогтворгүй зэрэг хүндрэл байсаар л байна. Дээр нь олон улсын судалгааны байгууллагууд ээлж дараалан дэлхийн эдийн засаг саарах төлөвт орсон. Үүнийг дагаад таваарын ханш уруудах магадлал өндөр байгааг анхааруулах болсон нь уул уурхайд түшиглэсэн манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бизнесийнхний чихэнд муу мэдээ болж хүрсэн нь дамжиггүй.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд гадаадаас Монгол руу чиглэсэн валютын 80 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг. Нүүрс, зэс, алтны үнэ өссөнөөр, манайд орж ирэх валютын хэмжээ нэмэгддэг бол эсрэгээрээ таваарын ханш уналтад ороход гадаадын шууд хөрөнгө оруулалт татардаг цикл бий. Одоогийн байдлаар уруудах цикл ажиглагдах болсон талаар дотоод гадаадын шинжээчид ам уралдаж байна. Үүнд, манай хөрш орны эдийн засаг хамгийн ихээр нөлөөлж болзошгүй аж. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвт бүр муугаар нөлөөлж болзошгүй хамгийн том асуудал бол БНХАУ, АНУ хоорондын худалдааны маргаан. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч их гүрнүүдийн худалдааны маргаан гүнзгийрч, хоёр талын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл одоо ч арилаагүй байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд худалдааны маргаан БНХАУ-ын эдийн засагт хүчтэй доргилт өгөөгүй ч цаашид даамжирвал, байдал буруугаар эргэх хүлээлт хэдийнэ олон улсын зах зээлд зонхилсон. Энэ нь Монгол Улсын худалдааны нөхцөлд сөргөөр нөлөөлөх нь хамгийн ойрын эрсдэл. Худалдааны зөрчилдөөн улам гүнзгийрсэн тохиолдолд манай улсын гадаад эрэлт муудах, экспортын орлого багасах, гадаад дотоод тэнцвэр алдагдах эрсдэлийг дагуулна. Мөн Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орох эсэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх том эрсдэлүүдийн дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа. Энэ тохиолдолд зээлжих зэрэглэл буурч, гадаад санхүүжилтийн өртөг нэмэгдэх, олон улсын санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцооны системд хүндрэл гарах, хөрөнгө оруулалтын орчин муудах, валютын урсгал татрах зэрэг эрсдэлийг бий болгоно гэж Инфляцын төлөв байдлын тайланд дурджээ.
Эх сурвалж: www.visualcapitalist.com
Эдгээр эрсдэлээс гадна улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулах том шалтаг, шалтгаан болдог. Тиймээс валютын орох урсгал буурч буй энэ үед 1.2 тэрбум ам.долларын төсөвтэй Газрын тос боловсруулах үйлдвэрээ үргэлжлүүлж, 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн далд уурхайгаа зөв гольдиролд нь оруулж, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд доноруудаас орж ирэх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээ таслалгүй татах шаардлага бий. Одоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамгийн их жин дардаг Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талаас далд уурхайн чулуулгийн бүтцээс шалтгаалан бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орох, олборлолт хийх хугацаа хойшлох эрсдэлтэй гэдгийг танилцуулаад байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын дараах Монголд ам.доллар авчирдаг суваг бол экспорт. Энэ сувгаар орж ирэх урсгалыг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний экспортын төмөр замаа тавьж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Зөвхөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулснаар нүүрс тээврийн өртөг одоогийнхоос хоёр дахин буурах бөгөөд дэлхийн зах зээлийн ханш унасан ашиг олоод байж дөнгөнө гэж үздэг. Бусад таваарын тээвэр нээх их хүндрэлтэй биш учраас одоогийн түвшнээ хадгалах боломжтой. Ялангуяа алт дэлхийд зах зээл дээр хамгийн эрэлттэй таваарт тооцогдох болоод байна. Сүүлийн жилүүдэд мах, махан бүтээгдэхүүн Монголын экспортод солонго талуулж байгаа ч хувийн хэвшлийнхэнд яамны зөвшөөрөл гэх дөнгө зүүлгэснээр гацаад байгаа юм билээ. Төсгөлд нь өгүүлэхэд, өөрөө ирдэг валют буюу жилдээ нэг тэрбум ам.доллар олох мөрөөдөлтэй аялал жуулчлалын салбар ч ойрын хугацаандаа уул уурхайд орж буй гадаадын хөрөнгө оруулалтыг орлох хэмжээнд хүрч, бойжих шинжгүй байна. Цаашид татарч буй гадаадын хөрөнгө оруулалтыг юугаар орлуулах вэ?
Сэтгэгдэл ( 3 )
бага оврын цөмийн станцууд барьж гадаадаас хөрөнгө оруул
ЗӨНДӨӨ ГЭМТ ХЭРЭГ ЗАРЛАГДСАН. НЭГ Ч ХҮН ЯЛ ЭДЛЭЭГҮЙ БАЙХАД СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРЖ БАЙГААДАА ГАЙХААД ЯАХАВ. ГХЯ ЧИНЬ” ЭНЭ ХЭРЭГ”Т ЧИНЬ ТЭРГҮҮЛЖ ЯВНА Ш ДЭЭ.НЭ ХЭРЭГ ГЭЖ БҮР ЦЭЭРЛҮҮЛЖ ХЭЛЖ БАЙНА ШДЭЭ.
Ерөнхий сайдтайгаа нийлж попрохоо больчихвол гадаадын хөрөнгө оруулалт аяндаа сэргэнэ шд