УИХ-ын өнөөдрийн /2019.10.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдааныг ШУУД дамуулж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Гарцаагүй хэлэлцэх асуудалд оруулах нэг зүйл байна. Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Оюутолгойн дүгнэлт гараад жил боллоо. Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Ядаж энэ ондоо багтаж хэлэлцэх хэрэгтэй байна. Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн гэрээг хэлэлцэж өгөхийг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд "Өмгөөллийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэж өгөхийг хүсэж байна. Учир нь, Ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны дарга нь алга" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Мал аж ахуйн өвөлжилт, бэлчээрийн даац зэрэг асуудалтай холбоотой асуулга тавьсан. Асуулгын маань хариуг сонсгож өгөхийг хүсэж байна. Тиймээс энд анхаарч өгөөч. Оюутолгойн дүгнэлт гараад урт хугацаа өнгөрлөө шүү. Үүнийг яаралтай нэг талд нь гаргахгүй бол болохгүй. Энэ байдлаараа замхарч, мартагдлаа" гэсэн юм.
Үүний дараа Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Засгийн газрын гишүүд их эмзэг байх юм. Санал, байр суурь нэгдэхгүй байгаа хүмүүс байх шиг байна. Өмгөөллийн хуулийг хойшлуулах шаардлагатай, хэлэлцүүлэг хийж байж батлах ёстой гэсэн бичиг ирсэн надад. Үүнд нэг хариулт авмаар байна" гэв. Хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Байнгын хороо дээр ярилцсан. Б.Бат-Эрдэнэ гишүүний яриад байгаа зүйл хуулийн төсөл боловсруулахад зөндөө ярьсан. Хэлэлцүүлэг, судалгааг олон хийсэн. Ер нь, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай орон байхгүй. УИХ шийдвэрээ гаргана биз. Бүх прокрурор, шүүхийг бүрэлдэхүүнд оруулсан ч ороогүй. Хуулийн шийдвэр гаргаж байгаа улс нэг хуулийн дор амьдарна гэж байдаггүй" гэх тайлбарыг өглөө.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өмгөөлөгч гэдэг хүн гарч ирээд өөрийнхөө хүнээс бусдыг гүтгэдэг, дайрдаг. Уг нь, өөрийнхөө үйлчлүүлэгчийг хамгаалах өмгөөлөл л явуулах ёстой. Гэтэл бусад руу дайрах зүйл олон гарч байна. Хууль, хяналтын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, эсвэл халагдсан хүн өмгөөлөгч хийдэг. Тэд хэн нэгний даалгавраар, бусдын зориудаар матах ажлыг маш сайн хийдэг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )