“Мөнгө угаах” гэдэг нэр томъёоны автор нь мафийн толгойлогч Аль Капоне

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Мөнгө угаах гэмт хэрэг гэж чухам юуг хэлдэг болохыг уншигчдад энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй нь энэ өдрүүдэд илүү тодорхой харагдаж байна.  Бохир мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж “цэвэр” мөнгө мэт харагдуулахыг мөнгө угаах гэмт хэрэг гэж ойлгох болох юм. Дэлхийн  улс орнуудыг сүлжсэн бохир мөнгөний хэмжээ 80 их наяд ам.доллароор хэмжигдэнэ гэсэн тооцоолол бийг судалгаанд дурдсан байна.

Түүнчлэн энэ ойлголтын үүсэл эхлэлийг  товч дурдахад илүүдэхгүй болов уу.

Судлаачдын үзэж буйгаар Мөнгө угаах гэмт хэргийн үүсэл манай эриний өмнөх 2000 жилийн өмнөх цаг хугацаанд хамаарах аж. Бүр тодруулбал, хятад наймаачид татвараас зугтахын тулд өөрсдийн удирдагчдаасаа орлогоо нуун өөр газар, өөр улсад шилжүүлж, гадагш хөрөнгө оруулж, эсвэл газарт булдаг байсантай холбон тайлбарласан байх юм.

Харин мөнгө угаах гэсэн нэр томъёоны тухайд өнгөрсөн зууны 20-иод оны эхэн үетэй холбогддог. АНУ-ын мафийн толгойлогч Аль Капоне гэх этгээд хууль бус үйлдлээсээ олсон орлогоо өөрийн угаалгын газраас олсон орлого мэтээр тайлагнадаг байснаас эхэлсэн гэж судлаачид тэмдэглэсэн нь бий. Аль Капонег 1931 онд Холбооны татварын албанаас татвараас зугтан зайлсан гэж үзснээр, баривчилж байсан түүхтэй аж.  Түүнчлэн АНУ 1970 онд Банкны нууцлалын тухай хуулийг батлахдаа Мөнгө угаах гэсэн нэр томъёог албан ёсоор тусгаж байжээ.

Аль Капоне

Мөнгө угаах гэмт хэрэг хууль бусаар олсон ашиг, орлогын гарал үүслийг нуун дарагдуулж, хууль ёсны мэт харагдуулахыг зорьдог аж. Гэмт хэрэгтнүүд авлига, хээл хахууль, хар тамхи, зэвсгийн наймаа, цахим орчин дахь луйвар гэх мэт гэмт хууль бус үйлдлээс олсон хэлбэр, оролцсон этгээдүүдийг нуун далдалж, хууль сахиулах байгууллагын анхаарлыг татахгүйгээр захиран зарцуулах арга замыг олохыг үргэлж эрэлхийлж байдаг. Тухайлбал, эд хөрөнгийн гарал үүслийг нуун далдлах хөрөнгийн хэлбэрийг өөрчлөх, байршлыг өөрчлөх, оффшор бүсээр дамжуулах, эд хөрөнгөтэй холбоотой гүйлгээний ул мөрийг баллах зэрэг маш олон арга хэлбэрийг ашиглаж бохир мөнгийг цэвэршүүлэн хууль ёсны бизнесийг санхүүжүүлэх замаар угаадаг аж.

Мөнгө угаах арга хэлбэрүүд цаг үеийг, технологийн хөгжлийг  даган улам боловсронгуй болсоор байна. ОУВС болон НҮБ-ын судалгаагаар дэлхийн ДНБ-ий 2-5% буюу 800 тэрбумаас 2 их наяд ам.доллартой тэнцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгө гэсэн тооцоо бас бий. Ер нь бол далд эдийн засагтай холбоотой ийм төрлийн судалгааг хийхэд нарийн тооцоолоход ихээхэн хүндрэлтэй байдаг тул  ойролцоогоор таамаглан гаргадаг байна. Монгол Улсад ч мөн адил хууль бус орлогын хэмжээг тодорхойлох, судалгаа хийх бэрхшээлтэй байдаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлига, хээл хахууль, оффшор хөрөнгөтэй холбоотой хэд хэдэн тохиолдол илэрсэн нь цаашдаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг бидэнд харуулж буйг мэргэжилтнүүд онцолж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top