Дэлхийн мах үйлдвэрлэгчдэд тулгарч буй СОРИЛТ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

НЭГ СЭДВЭЭР - МАХНЫ ҮНЭ ба БОДЛОГО, ЭКСПОРТ
 

Эрт дээр үед олон улс үндэстний хувьд мах нь тансаг хэрэглээнд тооцогдож, зөвхөн баяр ёслол, долоо хоногийн онцгой өдрүүдэд зооглодог бүтээгдэхүүн байсан бол өнөөдөр дэлхийн дахины ердийн хэрэглээ болжээ. Боловсруулсан махны зах зээлийн үнэлгээ 2022 он гэхэд 1.5 их наяд ам.долларт хүрнэ. 2018 онд дэлхий даяар 335 сая тонн мах үйлдвэрлэсэн нь дэлхийн дээд амжилт гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлд дурджээ. Энэ өсөлт БНХАУ, АНУ болон Европын холбооны махны үйлдвэрлэлийн өсөлттэй шууд хамааралтай. Үүнтэй зэрэгцэн дэлхийн махны хэрэглээ мөн өсөх хандлагатай байна. Дэлхийн махны үйлдвэрлэл ирэх жил 61,9 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн экспортын хэмжээ 11.5 сая тоннд хүрч, дөрвөн хувиар өсөх хандлагатай. Энэ нь Бразил, Энэтхэг, АНУ, Аргентины экспорт нэмэгдэж буйтай холбоотой. Хятадын махны импорт нэмэгдэж буйгаас үүдэн Бразил, Аргентин, Парагвайн экспорт нэмэгдэнэ гэсэн урьдчилсан мэдээг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас  гаргажээ.

Ази тив 140 сая тонн мах үйлдвэрлэж, дэлхийд тэргүүлж байна. Боловсруулсан махны гол төрөл болох шувууны мах дэлхийн зах зээлийн 38 хувийг эзэлж байгаа бол улаан мах буюу гахай, үхрийн мах 33 хувийг эзэлж байна. Хүний эрүүл мэндэд сайн, байгаль орчинд ээлтэй хэмээгдээд буй далайн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хэмжээ өсөн нэмэгдсээр буйг судалгаа харуулжээ. Харин хонины мах сүүл мушгиж байна. Хэдийгээр тэжээллэг чанар болон шашны шалтгаанаар олон хүн гахайн махнаас татгалзаж буй ч энэ төрлийн махны хэрэглээ Ази болон Европт өндөр байна.

Манай гараг дээр нэг хүн жилд дунджаар 43,7 кг мах хэрэглэдэг бол энэ хэмжээ 1965 онд 25 кг байв. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр махны хэрэглээ ирэх жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай. Гэвч ирэх жилүүдэд байгаль орчны болон эрүүл мэндтэй холбоотой шалтгаанаар АНУ зэрэг улс оронд улаан махны хэрэглээ буурна гэж шинжээчид таамаглаж байна.

ХЭРЭГЛЭГЧДИЙН СОНГОЛТ

Түүхийн явцад махны үнэ, амт болон хэрэглэхэд хялбар байдал нь хэрэглэгчдийн гол шалгуур байсан бол өдгөө үйлдвэрлэсэн газар, арга, гарал үүсэл, тухайн орны эдийн засгийн байдал, мал амьтны болон ажилчдын ариун цэвэр, эрүүл ахуй, байгаль орчны үр нөлөө, тогтвортой байдал зэрэг шалгуурыг тавьдаг болжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл байгаль орчны үзүүлэлт тухайн бүтээгдэхүүний худалдан авалтад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Хүн төрөлхтөн эрүүл хүнсэнд онцгой анхаарал хандуулах болсны хэрээр үйлдвэрлэгчид тэр чинээгээр хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнд үйлдвэрлэх сорилттой тулгараад байна. Энэ зөвхөн барууны ертөнцөд ажиглагдаж буй үзэгдэл бус. Азийн хэрэгдэгчид байгаль орчинд ээлтэй хэрэглээнд шилжихтэй зэрэгцэн үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлага өндөрсөж, хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг болжээ. Тиймээс өнөө цагт амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тулгарч буй томоохон сорилт бол хэрэглэгчид бүтээгдэхүүний юунд анхаарч сонголтоо хийж буйг тодорхойлоход оршиж байна.

Шувуу, үхэр, гахайн мах болон загасны бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэгчид антиобиотик, даавар, нэмэлт бодис, кампиолобактер буюу гахай зэрэг амьтны нарийн гэдсэнд байдаг нян,  салмонелл, глуттенгүй байх, генийн өөрчлөлтгүй гэх шалгууруудыг тавих болжээ. Гэхдээ эдгээр шалгуур нь бүтээгдэхүүнд тавигдах ердийн шаардлага болж, зах зээлийн үнэд нөлөөлөх хүчин зүйлс аль хэдийн байхаа болив. Махны үйлдвэрлэлийн салбарын өмнө хүчтэй тавигдаж буй асуудал бол антибиотокийн хэрэглээ. Хүнсний томоохон үйлдвэрлэгчид болох McDonalds, KFC компанийг эзэмшдэг Yum зэрэг групп хувьцаа эзэмшигчдийн зүгээс антибиотик хэрэглээнээс гаргах шахалттай тулгарч байна. Economist сэтгүүл 2016 онд мал аж ахуйн салбарыг антибиотикийн хэт их хэрэглээний гол буруутан гэж нэрлэн, дэлхийн нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулж байв.

Үүнээс гадна өнөөдөр мах үйлдвэрлэгчид зах зээлд, ялангуяа хөгжингүй орнуудад хүч түрэн орж ирж буй мах орлуулагчид анхаарлаа хандуулах цаг ирснийг шинжээчид анхааруулж байна. Ургамалын уурагт суурилсан мах орлуулагч үйлдвэрлэгчид санхүүгийн хүчтэй дэмжлэг авч, уламжлалт мах үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөгч болох хандлага ажиглагдаж буй.

МАХ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Махны хэрэгцээ уламжлалт зах зээлээс гадна шинээр гарч ирж буй зах зээлд өсөж байна. Гэвч химийн хорт бодис бүхий мах, тодорхойгүй гарал үүсэл махны үйлдвэрлэлийн нэр хүндийг унагаж байна. Тиймээс дэлхий дахинд мах нийлүүлэлтийн сүлжээ хэрэглэгчдийн итгэлийг  дахин олж авах сорилттой тулгараад байна. Үүний тулд малын тэжээлээс авхуулаад мал нядалгаа, эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл мах нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шат дамжлагын тунгалаг байдлыг хангах нь хамгийн чухал гэж шинжээчид дүгнэжээ.

ФЕРМ ДЭЭР

Мах нийлүүлэлтийн сүлжээ төл гарахаас бус тэжээл үйлдвэрлэлээс эхэлдэг. Малын тэжээл, орц найрлагыг нь шинжлэх нь мал амьтны үүлдэр угсаа, эрүүл мэндэд шаардлагатай, зүй зохистой тэжээлээр тэжээгдэж буйн баталгаа болдог. Ингэснээр мал амьтан ямар нэгэн өвчин, химийн бодис болон гаднын биетээр халдварлаж, хордоогүй гэдгийг баталж буй юм.

Ихэнх улс оронд мал амьтны эрүүл мэнд, хяналтын хөтөлбөр, малын тээвэр зэрэг мал өсгөх, таргалуулах нөхцөлийг зохицуулсан буюу хууль бий.

ТЭЭВЭР

Мал аж ахуйн фермээс нядалгааны газар хүрэх тээвэрлэлт эрсдэл ихтэй байдаг. Малыг хамгаалах тухай дүрэм, журам болон чанарын удирдлагын системийн дагуу худалдан авагчид хараат бус шалгалт явуулдаг. Үүний дагуу шинжээчид тухайн ферм дээр очиж, мал, амьтныг өсгөж буй нөхцөл байдал болон ачилтын үйл явцтай танилцаж, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгадаг.

НЯДАЛГААНЫ ГАЗАР

Нядалгааны газар юуны өмнө мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэнд зэрэг бүхий л шаардлагатай бичиг баримтыг шалгана. Байцаагчид нядалгааны газрын ажилтнуудтай нягт хамтран ажиллаж, дагалдах бүхий л бичиг баримтыг шалгах үүрэг хүлээдэг байна. Гулууз махны чанар болон тоог тус тусад нь баталгаажуулж, хэрэглэгчид бүтээгдэхүүнд бодиттой үнэ төлж худалдан авч буй, нөгөө талаас нийлүүлэгч бодит үнээр зарж буй баталгаажуулдаг байна. Ингэхдээ, үхэр, адуу, хонины махыг тухайн амьтны нүдээр нь ангилдаг байна. Өдрөөс өдөрт хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоо эрүүл ахуйн хяналтын шаардлагыг хатуу баримтлах шаардлага тавих болсон. Байнгын шалгалт хийснээр эдгээр хяналтын хэрэгжилтийг хангаж буйг илтгэнэ. Мал, амьтны эрүүл ахуйн хяналтад амьтны цус, эсийг шинжлэх шаардлага мөн багтдаг байна.

МАЛ, АМЬТНЫГ ӨСГӨХ НӨХЦӨЛ

Өнөөдөр хэрэглэгчид мал, амьтныг ямар нөхцөлд өсгөж, үржүүлсэн, мал амьтантай хэрхэн харьцаж байсан талаар анхаарал тавих болжээ. Төл малыг өвчин намдаах бодис хэрэглэлгүйгээр хөнгөлөх асуудалд хэрэглэгчид таагүй хандах болсон байна. Үүнийг шийдэх олон арга зам бий бөгөөд төл мал, амьтныг хөнгөлөлгүйгээр нядлах гэж үзэж байна. Гэвч энэ арга нь мөн асуудалтай. Учир нь эр мал, амьтан үнэр ихтэй байдаг тул нядалгааны газарт хүндрэлтэйгээс гадна хэрэглэгчид ийм махыг таашаадаггүй. Тиймээс мэргэжилтнүүд энэ асуудлыг шийдэх арга замыг боловсруулах тал дээр ажиллаж байна.

ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ НЬ

Мал, амьтныг нядалсны дараа махыг яснаас нь салгаж, эвдэж, жижиглэн, савладаг. Хэрэглэгч рүү тээвэрлэх явцад мөн л хүнсний аюулгүй байдлын тухай зохих дүрэм журмыг дагаж мөрдөн, хяналт тавьж, тухайн бүтээгдэхүүн чанараа алдалгүй хэрэглэгчийн гар дээр хүрч буйг хянадаг байна.

ХАРААТ БУС ХЯНАЛТ

130 гаруй жилийн туршлагатай SGS хяналт шалгалтын компани нь малын тэжээл үйлдвэрлэгчид, ферм, нядалгааны газар болон мах боловсруулагчдыг үйл ажиллагааг хянаж, дэмжин ажилладаг байна. Энэхүү компани нь мах нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлаг бүрд хяналт тавьж, баталгаажуулдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top