Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, ХасБанк , НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран “Ногоон зээл, Ногоон технологийн” чуулган, үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар явагдах тус чуулган нь Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч Аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.
Чуулганд оролцсоноор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийн боломжууд болон иргэдэд зориулж БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Ногоон зээлийн үйлчилээг авах боломжтой юм. Тухайлбал чуулганыг хамтран зохион байгуулагч Хас банкны жилийн 8%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан хүссэн мэдээллээ авах боломжтой юм байна.
Түүнчлэн ногоон технологийг дэмжих төрийн бодлого, Нийслэлийн гэр хорооллын өрхөд үзүүлж буй цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт, Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулахын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллага, төлөөлөгчид илтгэл танилцуулах аж.
Мөн энэ удаагийн чуулганы үеэр үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын худалдаа эрхлэгчид болон эко дулаалгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг зохион байгуулагчид онцолж байна.
Хэрэв та байшингаа зардал багатай эко шийдлээр дулаалах, мөн цахилгаан халаагуур худалдан авах, Ногоон зээлд хамрагдахаар сонирхож байгаа бол уг үзэсгэлэн худалдаанаас мэдээлэл авах боломжтой аж.
Үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох бөгөөд сонирхсон хүн бүрд нээлттэй.
Харин Та Ногоон санхүүжилтийн чуулганд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй!
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )