ФАТФ-ын шийдвэр биш шуугих нь чухал байсныг ханшийн өөрчлөлт харуулж байна 

2019 оны 10 сарын 22

Саарал жагсаалтад орчихвол ам.долларын ханш чангарч давхиад, төгрөг маань нурмайгаад баларна даа гэсэн утга бүхий сэтгэгдлүүд өнгөрсөн долоо хоногт сошиалаар цөөнгүй харагдсан. Төгрөгийн дархлааг санаатайгаар  унагах  нь иргэдийн амьдралд, эдийн засагт сайн зүйл дагуулахгүйг мэдмээр байрын хүмүүс хүртэл ханшаар тоглохыг бусдад санал болгож, оч үсэргэж буй нь таагүй л харагдаж байв. Ер нь бол валютын зах дээр энэ мэтээр санаатайгаар нөлөөлөл үзүүлж ханшийг хөдөлгөх, дундаас нь их бага ашиг олох сонирхолтой талууд байдаг гэдгийг хаа хаанаа гадарладаг болсон л доо. Богино хугацаанд валютын захыг нэг савлуулаад ашиг хүртээд аваад үлдэх нэг хэрэг. Харин өнөөдрийн тухайд нөхцөл байдал өөр байна. Уг нь манай валютын захын тоглогчид цомхон. Валют арилжааны нийт эргэлтийн 70 орчим хувийг том гурван банк болох Хаан, Худалдаа хөгжил, Голомт банкны арилжаа эзэлдэг. Өдрийн арилжааны дундаж эргэлт 61.6 сая ам.доллар байдаг бол банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэж буй бэлэн валютын арилжаа нийт эргэлтийн 11 хувийг эзэлдэг аж.  Ханш өсөнгүүт хамгийн их нэр нь дуулддаг, бурууддаг хэсэг бол  “Найман шарга” дээр валютын арилжаа хийгчид. Тэд үнэхээр ханш тодорхойлоод байна уу. Эсвэл томчуудыг даган намирч, тэдний тодорхойлж буй үнийг дагаад байна уу гэдгийг анхаарах ёстой. Хоёр жилийн өмнө валют арилжааны “Банк хоорондын цахим талбар” нээгдэж байсныг энд сануулах хэрэгтэй. Цахим талбарын  арилжаа идэвхжихээр валютын захын хөтлөгч ханш болж, ченжүүд тоглолт хийх боломжгүй болно гэсэн зүйлийг тухайн үед Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа хэлсэн байдаг. Гэсэн ч өнөөдөр ханшаар наадагчдын тухай сэдэв халуун хэвээрээ байна. Зах зээлд хэн илүү ноёрхож байгаагаас хариуцлага асуух ёстой юу гэдэг асуулт тавигдаж таарна.

Энэ он ингээд дуусдаг юм байж. Ирэх оноос том асуудал эхэлнэ. Засгийн газар, Төв банк 2020-2024 онд 7.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад өр барагдуулах ёстой. Энэ нь валютын нөөцөө нэмэх шаардлагатай гэсэн үг. Одоогоор Төв банкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байгаа. Хэрэв валютын захын тоглогчид төгрөгийн ханш суларна гэсэн мэдээллээр суурь хийн төгрөгийг гадаад валют болгон хөрвүүлэх үйл явц үргэлжлээд байвал юу болох вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Энэ тохиолдолд төгрөгийн эсрэг ам.доллароос гадна бусад валютууд чангарна. Төв банк зохицуулалт хийх гэж оролцоод интервенц хийх тохиолдолд гадаад валютын нөөцөө алдана. Интервенц хийж, банкуудад ам.доллар нийлүүлэх нь валютын захад богино хугацааны л зохицуулалт болохоос урт хугацаанд асуудал шийддэггүй. Тэгсэн мөртлөө л улсын валютын нөөцийг багасгах сөрөг үр дагавартай арга хэрэгсэл л дээ. Ханшийн  цикл валютын орох, гарах урсгал, гадаад хийгээд дотоод орчны нөлөөлөл, тэр дундаа улс төр, эдийн засаг, бизнесийн орчин  гэхчлэн тал талын оролцооноос хамаардаг.

Тэгвэл өнөөдрийн тухайд ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах бодит үндэслэл юу байна вэ гэдгийг авч үзье.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сарын өмнө буюу есдүгээр сарын 21-ний өдөр 2,667.91 байсан бол аравдугаар сарын 21-ний  байдлаар 2,679.03  төгрөг байв.

Парис хотноо ФАТФ-ын хурал эхэлсэн өдөр буюу аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаарх  ханшийг харахад 2,669.96 төгрөг байсан бол 16-ны өдөр гэхэд 2,674.62 болжээ.

Тэгэхээр ФАТФ-ын албан ёсны хариу гарсан гараагүйгээс үл хамааран төгрөгийн ам.доллартой харьцах ханш гурван өдрийн дотор тав орчим төгрөгөөр суларсныг сүүлийн харьцуулалтаас харж болно. Тодруулж хэлбэл, өнөөд­рийн тухайд төгрөгийн ханшийн сулралтын шалтгаан нь санаатайгаар валютын захад давлагаа үүсгэсэнтэй холбоотой харагдаж байна. Саарал жагсаалт хэдийгээр санхүүгийн хориг биш ч гэлээ дагалдах сөрөг нөлөөллүүд үүслээ гэхэд валютын ханш дээр буух цаг хугацаа нь өнөөдөр болон маргааш мөн үү гэдэг асуулт мэдээж анхаарал татна. Үүнийг тодотгохын тулд бид эдийн засгийн суурь нөхцөлөө, гадаад орчны нөлөөлөл, тэр дундаа түүхий эдийн зах зээлийн төлөв зэрэгт тулгуурлах ёстой л доо.

Валютын орох, гарах урсгалын зөрүүг харуулж байдаг чухал үзүүлэлтийг төлбөрийн тэнцэл гэдгийг дашрамд сануулъя. Энэ оны хагас жилийн байдлаар авч үзэхэд төлбөрийн тэнцлийн бараа, үйлчилгээний худалдааны данс 5.5 сая ам.долларын алдагдалтай байгаа. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 56 сая ам.доллароор сайжирсан үзүүлэлт юм. Үүнээс гадна энэ оны нэгдүгээр улиралд банкуудын олгосон зээл  өмнөх улирлаас 2.9 их наяд төгрөгөөр буурсан нь валютын эрэлт, цаашлаад импортын эрэлтийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл болж харагдаж буй. Энэ онд төлөх томоохон өр төлбөр байхгүйн зэрэгцээ валютын нөөц өсөлттэй. Гадаад талаас АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхгүй гэж мэдэгдсэн зэрэг нь валютын захад айхтар савлагаа үүсгэхгүй байх суурь нөхцөлүүд болж буй. Ингээд аваад үзэхээр  ханш ойрын хугацаанд ноцтой савлаад байх бодит хүчин зүйл үгүй байна. Манай урсгал данс тогтмол алдагдалтай байдаг нь ханшийн хувьд үргэлж эрсдэл байж ирсэн л дээ. Гэхдээ энэ нь эдийн засгаа төрөлжүүлэх, орлогын олон эх үүсвэртэй болох гэхчлэн макро түвшний асуудлуудыг нэхээд удаж байгаа. 2001-2016 он хүртэлх 16 жилийн хугацаан дахь төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг аваад үзэхэд, нийт хугацааны 75 хувьд төгрөг суларсан байгаа юм. Энэ нь мөнөөх л нэг салбарын хэт хамаарал, эдийн засгийн доголон бүтэцтэй шууд холбоотой. Тэгэхээр төгрөгийн ханшаа валютуудын эсрэг боломжийн хэмжээнд чангаруулахын тулд бидэнд хийх ажил маш их бий.

Харин өнөөдрийн ханшийн зах зээлийн хөдөлгөөн саарал жагсаалт гэхчлэн  мэдээлэлд суурилсан гэдэг утгаараа богино хугацааны өөрчлөлт байх биз. Ер нь ханшийн богино хугацааны өөрчлөлт зах зээлд оролцогчдын хандлага, төсөөллөөс хамаардаг.  Харин зах зээлд оролцогчдын хандлага эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд тулгуурласан уу, эсвэл зориудаар хөөрөгдөж байна уу гэдэг нь зааглаж харах ёстой асуудал юм. Тиймээс ч ханшаар “тоглогчид”  наадаж эхэллээ гэхэд эдийн засгийн суурь нөхцөл нь ая таатай байвал тэд тийм ч хол явахад хэцүү. Эсрэгээрээ эдийн засгийн үзүүлэлтүүд унаад эхэлчихвэл байдал бишдэх эрсдэл ханшид ч, өшөө том зургаараа ч  бий. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top