Каталончууд Хонконгийн жагсагчдын мөрөөр

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Испанийн өөртөө засах Каталон мужид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр. Тус улсын Дээд шүүх 2017 онд Каталон мужийг Испаниас тусгаар тогтнуулах оролдлогод оролцсон хэргээр салан тусгаарлах хөдөлгөөний 12 удирдагчид ял ногдуулсны дараа буюу энэ сарын 14-нд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн. Тэдний ес нь 9-13 жилийн хорих ял авсан. Ялын шийдвэр каталончуудын дургүйцлийг хүргэв. Каталоны засгийн газрын тэргүүн Ким Торра тэдэнд уучлалт үзүүлэхийг уриалж, буулт хийхгүй бол Мадридыг ноцтой үр дагавар хүлээх болно хэмээх сүрдүүлж байв.

Нөхцөл байдал хэрхэн өрнөв

Энэ сарын 14-өөс эхэлсэн нийтийг хамарсан жагсаал цуглаан Каталоны Барселон, Жирон, Таррагон, Вик зэрэг томоохон хотуудад үргэлжилсээр байна. Өнгөрсөн даваа гарагт тусгаар тогтнолыг дэмжигчид Барселон хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тасалдуулж, зам дээр хаалт байрлуулж байв. Өнгөрсөн лхагва гарагт буюу 16-нд жагсагчид Таррагон, Берг, Жирон хотуудаас Барселоныг чиглэсэн. Аравдугаар сарын 17-ны өдөр Барселон хотноо олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдэв. Мөргөлдөөн Испанийн нэгдмэл байдлын төлөөх хэт барууныхан, салан тусгаарлагчид, цагдаа нарын хоо­ронд гарсан билээ. Хууль сахиулагчид хүчирхийллийг газар авхуулахгүйн тулд  хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн. Гэвч улангассан салан тусгаарлагчид Барселон хотод хог шатааж, галт дэнлүү дэл­бэлж, тээврийн гол судас болсон зам харгуйг хааж, ноцтой нөхцөл байдал бий болгов.

Аравдугаар сарын 18-нд эсэргүүцлийн жагсаал мөн л үймэн самуунаар төгсөв. Барселонд олныг хамарсан ажил хаялт болохтой зэрэгцэн хотын төв дэх цагдаагийн газрын байрны дэргэд мөргөлдөөн гарчээ. Үүний улмаас 90 энгийн иргэн бэртэж, 30 гаруй хүнийг баривчилсан. Аравдугаар сарын 19, 20-ний өдрүүдэд жагсаал үргэлжлэв. Эмх замбараагүй байдлын улмаас 200 орчим цагдаагийн алба хаагч, 60 гаруй сэтгүүлчид гэмтэж, бэртсэн мэдээлэл бий.

Каталон мужийн засгийн газрын тэргүүн Ким Торра эсэргүүцлийн хөдөлгөөнийг тайван замаар явж байна гэж мэдэгдээд Испанийн засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Педро Санчесыг хэлэлцээний ширээний ард суухыг уриалав. Каталоны асуудлыг ардчилсан замаар шийдэх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Энэ хооронд Каталон эмх замбараагүй байдалд дасаж эхэлж байна. Өглөө бүр тохижилт үйлчилгээний албад шөнө нь бусниулсан газарт тусгай техник оруулж, цэвэрлэгээ хийсээр. Кафе, рестораны урд хуримтлуулсан хогны дэргэд жуулчид гэрэл зургаа татуулсаар.

Каталончуудын эрх чөлөөний мөрөөдлийн ард

Испанийн зүүн хойд нутаг дахь салан тусгаарлах хөдөлгөөн өдгөө 100 гаруй жилийн настай. 2008 оны санхүүгийн хямралаас хойш тус мужийн оршин суугчдын тусгаар тогтнох хүсэл эрмэлзэл улам бүр ассан. Испанийн бусад нутагт санхүүгийн хямрал их өрнөж байхад Каталоны эдийн засаг цэцэглэн, мужийн төсвөөс их хэмжээний мөнгө улсын төсөвт урсаж байв. 2010-аад оны орон нутгийн сонгуулиудаар салан тусгаарлагчид ялж эхэлжээ. Тэднээс бүрдсэн засаг захиргаа 2017 онд Испанийн төдийгүй дэлхий дахины хүлээн зөвшөөрөөгүй тусгаар тогтнолын талаар санал асуулга явуулсан. Мадридтай нэгдмэл байдлыг хадгалж үлдэхийг дэмжигсэд санал асуулгыг бойкотолсон нь ирцэд нөлөөлөв. Нийт каталончуудын 43 хувь нь оролцсоноос 90 хувь нь тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ. 2017 оны аравдугаар сарын 27-нд Каталоны эрх баригчид тус мужийг Испаниас салан тусгаарласан хэмээн зарлав. Үүний хариуд Испани улс Үндсэн хуулийнхаа 155-р заалтыг үндэслэн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг түр зогсоолоо. Мужийн тэргүүн Карлес Пучдемон бүрэн эрхээ алдаж, тус улсыг орхин гарахаас өөр аргагүйд хүрэв. Түүний орлогч Ориол Жункерас цагдаад баривчлагдсан бөгөөд 2019 оны аравдугаар сарын 14-нд 13 жилийн хорих ял сонссон. Түүнд болон бусад найман салан тусгаарлах үзэлтэй улс төрийн болон нийгмийн зүтгэлтэнд оноосон ял олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн юм.

Улс төрийн хүрээнийхний хариу үйлдэл

Ирэх сард Испанид парламентын сонгууль болно. Олон нийтийн санаа бодол салан тусгаарлагчдын эсрэг чиглэж буй энэ нөхцөлд Испанийн Ерөнхий сайд Педро Санчест буулт хийхэд ашиггүй. Барууны үзэлтэй “Иргэд (Ciudadanos)” нам Жункерас тэргүүтэй салан тусгаарлагчдад өршөөл үзүүлэхгүй гэсэн баталгаа өгөхийг Санчесаас шаардаж байгаа. Мөн ийм байр суурийг барууны уламжлалт үзэл баримтлалтай Ардын нам баримталж буй. Каталоны засгийн газрын тэргүүн Ким Торрагийн нам тус мужийн тусгаар тогтнолын төлөө байр суурь илэрхийлдэг. Жункераст шүүхийн шийдвэр гаргах хүртэл Барселоны удирдагч эвлэрэх байр сууринаас хандаж, бүх талын хүсэл зорилгод нийцсэн хууль ёсны санал асуулга явуулахыг Мадридад уриалж байв. Шүүхийн шийдвэрийн дараа Ким Торрагийн байр суурь илүү хурцдаж, ойрын хоёр жилийн хугацаанд Каталоны хувь заяаг шийдэх санал асуулга дахин явуулах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Каталончуудын үзэл бодол

Тус мужийн өнцөг булан бүрд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцож байгаа хэдий ч олон нийтийн санал асуулга тусгаар тогтнолыг дэмжигчид цөөн буйг харуулж байна. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Каталоныг Испаниас тусгаар тогтнохын төлөө 44 хувь нь саналаа өгсөн бол 48.3 хувь нь эсрэг байр суурь илэрхийлжээ.

Хонконг Каталоны жагсагчдад үлгэр дуурайл болж байна

Нисэх онгоцны буудлыг хаахаас авхуулаад кодолсон мессеж явуулах аппликэйшн ашиглаж буй Каталоны салан тусгаарлагчид Хонконгийн ардчиллын төлөөх жагсагчдын тэмцлийн тактикийг дуурайж буйг илтгэж байна. Каталоны есөн удирдагчид 11-13 жилийн хорих ял оноосны дараа Оросын бүтээсэн Telegram аппликэйшны 240 мянган хэрэглэгч Испанийн хоёр дахь том хот болох Барселонагийн нисэх онгоцны буудалд очих мессеж авчээ. Ардчиллын цунами гэх нэртэй салан тусгаарлагчдын нууц байгууллагаас явуулсан мессежний гол зорилго Хонконгд есдүгээр сард болсон шиг нисэх онгоцны буудлыг үйл ажиллагаанд саад учруулах явдал байв. Аппликэйшн ашиглан жагсагчид тухайн өдрийн нислэгийн тасалбар авч, нисэх онгоцны буудлын аюулгүйн бүсэд нэвтрэх боломжтой болсон байна. Гадна цугларсан 10 мянга орчим жагсагчид 100 гаруй нислэгийг цуцлуулж дөнгөв. Мөн ийм аргыг Хонконгийн жагсагчид хэрэглэж байсан юм.

Жагсагчид зарим үед лазер заагчийг цагдаагийн эсрэг ашиглаж буй арга нь Хонконгд ихээхэн дэлгэрсэн ч Испанид төдийлөн түгээмэл бус хэлбэр юм гэж Каталон мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч AFP агентлагт ярьжээ. Каталоны ихэнх жагсагчид Хонконгийн жагсаал урам зориг өгч байна гэж онцолжээ. “Бүх бослого гудамжнаас эхэлдэг. Тиймээс бүгд гудамжинд гарах ёстой. Хонконгийг хардаа” гэж 62 настай Викториа Сантос ярьсан бол “Орон нутгийн сөргөлдөөнд дэлхийн анхаарлыг хэрхэн хандуулах жишээг Хонконг харуулж байна” гэж “El Nacional” сонины тоймч Жорди Барбета бичжээ. Хонконгийн жагсагчдын нэгэн адил Каталоны тэмцэгчид Telegram аппликэйшныг ашиглаж байна. Учир нь энэ аппликэйшн хэрэглэгчдийн нууцлалыг хадгалдаг найдвартай үйлчилгээ юм гэж зохион байгуулагчид онцолжээ. Есдүгээр сард Каталоны салан тусгаарлах бүлэглэл “Хүчирхийлэлгүй тэмцэлд шинэ технологи ашиглах нь: Хонконгийн жишээ” гэх сэдэвт бага хурал зохион байгуулж байв.  Үүнээс гадна Каталоны салан тусгаарлагчид Хонконгд тарааж байсантай ижил ухуулах хуудас зарим үед ашиглаж байна. Каталоны салан тусгаарлагчдын олон нийтийн сүлжээгээр түгээж буй цагдаагаас өөрийгөө хэрхэн хамгаалах тухай зөвлөмжид тусгасан зааварчилгаа Хятадаар бичсэн байх жишээтэй. Наймдугаар сард байгуулагдсан салан тусгаарлагчдын бас нэг бүлэглэл Хонконгийн жагсагчдын нэгэн адил шар өнгийн хамгаалалтын малгай өмсөж эхэлжээ. Хонконгийн дуучин, ардчиллыг дэмжигч Дэнис Хо Ван-Си, шог зураач Бадиукао, Хятадын зураач Ай Вэй Вэй нар бүгд олон нийтийн сүлжээгээр дамжуулан каталончуудыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Харин Хятадын “China Daily” сонинд “Салан тусгаарлах үзлийг #HongKong хаштэг, Барселонагийн онгоцны буудал дээрх жагсагчид, цагдаагийн хоорондын мөргөлдөөнийг харуулж буй бичлэгийн нэгэн адил аль ч улс орон тэвчихгүй” гэж анхааруулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(81.240.93.132) 2019 оны 10 сарын 22

Uursdiinhuu ireeduin tuluu humuus ingej temtseh yum, getel mongolchuud...... Ulam aimhai hulchgar, amia bodsoor l....

1  |  0
Top