Банкны салбарын зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилд 18 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өслөө. Энэ өсөлтийг зээлдэгчийн төрлөөр нь салгаж үзвэл иргэдийн зээл 24.8 хувь буюу 1.8 их наяд төгрөгөөр, байгууллагын зээл 10.9 хувь буюу 949.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Иргэдийн зээлийн өр-орлогын харьцааг хязгаарлах макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 оны эхнээс авах болсонтой холбоотойгоор 2018 оны төгсгөлд хэрэглээний зээл олголт огцом нэмэгдсэн бөгөөд иргэдийн зээлийн өсөлт энэ онд хурдтай саарч байна.
Байгууллагын зээлийн өсөлтийг аж ахуйн нэгжийн хэмжээгээр задлахад жилийн 1 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн зээл өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буюу 966.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол түүнээс жижиг бизнесийн зээл 0.9 хувиар буурчээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацааны зээлийн өсөлт нь иргэдийн хэрэглээг дэмжих, үндсэн хөрөнгө худалдан авах болон томоохон бизнесийг санхүүжүүлэх зээл нэмэгдсэн бол эсрэгээрээ жижиг, дунд бизнесийн зээл олголт хязгаарлагдмал байжээ.
Харин зээл олголтыг эдийн засгийн сектороор авч үзэхэд иргэдийн хэрэглээ болон худалдааны салбарын зээл ойролцоогоор 30 хувиар нэмэгдэж, боловсруулах үйлдвэрлэлийн зээл 10 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засагт зээлээр хэрэглээ, худалдан авалтыг санхүүжүүлэх хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )