Хөрөнгө оруулалт гэдэг бол алсын хараа, стратеги хэмээн Дэлхийн банк группийн хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Завиер Форнерис “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” хурлын үеэр тодорхойлов.
Тус байгууллагын зүгээс Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр цогц судалгаа хийж, зөвлөмж боловсруулсан бөгөөд шинэчилсэн стратеги боловсруулахыг санал болгож байна Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт татах чиглэлээр баримталсан бодлого тогтворгүй, тодорхой бус алдаатай гэж үзэж болохоор аж. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалт татах шинэ стратеги боловсруулах, энэ асуудлыг хариуцсан тусгай чиг үүрэг бүхий институц бий болгох зэрэг санааг олон улсын шинжээчдийн зүгээс дэвшүүлж байлаа. Мөн Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тодорхойлсон. Түүний илтгэлд дурдсанаар өнгөрсөн 10 жилийн жилийн хугацаанд Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт ерөнхийдөө уул уурхайн салбарт төвлөрсөн. Цаашид буурах чиг хандлагатай болжээ.
Тэдний илтгэлтэй холбогдуулан Эдийн засагч С.Дэмбэрэл, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх асан Н.Энхбаяр нар Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны сорилт, шийдлийн талаар хэрхэн ярилцсаныг хүргэе.
ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ОРЛОГОО ӨСГӨХ ШААРДЛАГАТАЙ
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монгол Улс үйлчилгээний төлбөрт хамгийн алдагдал хүлээдэг. Нүүрсний тээврээр жишээлэхэд, 70 хувь нь гадаадын компани байна. Засгийн газар 42 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ нүүрсийг тээвэрлэж буй компаниудын 30 хувь нь Монголынх байдаг. Мөн Монгол Улс их хэмжээний гадаад төлбөр тооцоотой байгаа. Зээлийн хүү их хэмжээний хөрөнгийн гарах урсгал болдог. Зөрөөд худалдааны тэмцэл ашигтай гарч байгаа. Одоогоор экпортын орлого импортоосоо тэрбум ам.доллароор давсан явж байна. Энэ хоёрыг нийлүүлж дүгнэдэг төлбөрийн тэнцэл өнгөрсөн жил алдагдалтай ажиллаж байсан бол наймдугаар сарын байдлаар ашигтай ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалт 2016 онд огт байхгүй болоод байсан. 2017 оноос эргээд сэргэсэн ч өндөр хэмжээнд хүрч чадахгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт дотроо 70 гаруй нь зөвхөн Оюутолгойн төсөлд орсон. Үлдсэн хэсэг нь барилга, худалдаа үйлчилгээний салбарт орж байна. Статистикаас харахад, гадаадын хөрөнгө оруулагчдыг даллаж дуудах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ даллаж дуудахдаа, хүртээмжтэйгээр ямар салбарт чиглүүлэх хэрэгтэйг судалгааны дүнгүүд харуулдаг. Уул уурхайн салбарт орж буй хөрөнгө оруулалт бусад салбартаа тийм ч хүртээмж байдаггүй юм байна. Боловсруулах, үйлчилгээ болон санхүүгийн салбарын хөрөнгө оруулалт бусад салбартаа өгөөжтэй байдаг. Бидний хойшдоо явуулах хөрөнгө оруулалтын бодлого үүнээс чиглэлээ авах боломжтой гэж харж байна. 2020-2024 онд нийт 14.3 тэрбум ам.долларын өр төлбөр хүлээж байна. Энэ ачааллыг багасгах хамгийн гол суваг бол гадаадын хөрөнгө оруулалт. Дараагийнх нь Монгол Улс дотооддоо бүтээмжээ нэмэгдүүлж, экспортоо өсгөх асуудал. Гурав дахь гарц гэж байгаа. Санхүүгийн арга хэрэгсэл ашиглах зэрэг арга зам байгаа. Гэхдээ нэн тэргүүний асуудал бол гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөж, өрөө хаах нь хамгийн зөв зам гэж харж байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭМЖЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
-Монгол Улсын Ерөнхий сайдын доор хэд хэдэн том зөвлөл үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөл Ерөнхий сайдын доор хоёр жил үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа нь тогтворжсоны дараа салбарын сайдад нь хариуцуулсан туршлага бий. Ийм хэмжээний зөвлөлийг Ерөнхий сайдын доор байгуулах ёстой юм байна. Хөрөнгө оруулалт татах нь зөвхөн Монголбанк, салбарын яамны хэмжээнд хийчих ажил биш. УИХ, салбар хариуцсан бүх яамд оролцох хэрэгтэй. Төрийн болон бизнесийн байгууллагууд ч оролцох, том хэмжээний асуудал. 2016 онд батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бизнесийн салбарын дэмжих олон асуудал тусгагдсан. Энэ ажлуудыг үе шаттай гүйцэтгээд явж байна. Монгол Улсын татварын орчин харьцангуй тогтвортой. Хамгийн сүүлд 2007 онд шинэчлэл хийсэн. Үүнээс арав гаруй жилийн дараа буюу 2020 оноос татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлнэ. Америкийн Элчин сайдын яам, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас гаргадаг тайлангуудыг харж байхад, хамгийн гол нь Монгол Улсын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудал хөндөгдөж байгаа. Магадгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дор энэ асуудлыг зангидаж явах нь зөв байх. Өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр бизнесийн салбартай холбоотой эрх зүйн орчинд орж буй өөрчлөлтүүдэд нийтээс санал авахад тодорхой хугацаа зарцуулдаг болсон. 2019 оны байдлаар төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Экспортын хэмжээгээ 2009 онтой харьцуулахад 90 хувь нь уул уурхайгаас хараат хэвээр байна. Энэ утгаараа төсөв дээр үзүүлж буй нөлөөлөл ч өндөр хэвээр байна. Хөрөнгө оруулалтын цаашдын дүр зургийг харахад амаргүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад хоёр дахин буурсан байна. Тиймээс Ерөнхий сайд хэмжээнд томоохон зөвлөл байгуулах нь зүйтэй болов уу.
ХӨГЖЛИЙН ЗАГВАРЧЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХОД
ХУВИЙН ХЭВШИЛ МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ ЁСТОЙ
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:
-Төр хувийн хэвшлийн түншлэл улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох хамгийн чухал зүйлүүдийн нэг гэдгийг аль аль талаасаа ойлгож байгаа. Олон улсын байгууллагууд ч ийм зөвлөгөө өгдөг. Хувийн хэвшил байр сууриа илэрхийлэхэд төр нь сонсдог. Сонссон ч хэрэгжүүлдэггүй талаар олон улсын байгууллагын судалгааны дүгнэлт ч гарч байсан. Төрийн гурван өндөрлөг албан болон албан бус хурлууд дээр хувийн хэвшлийнхэн хамтраад эдийн засгаа хөгжүүлэх бодлогоо нэг цонхоор, нэгдмэл байдлаар илэрхийлж байхыг хэлсэн. Тэгвэл шат дараатай арга хэмжээ авч болно гэдгээ хэлж байгаа. Олон холбоод төрийн бус байгууллагууд, өөр өөрсдийн бодлогоо дэвшүүлэхээр аль нь зөв, бурууг ялгахад хэцүү гэдэг байдлаар тайлбарласан. Эдийн засгийн хөгжлийг улс төрийн байгууллага удирдаж хийхээрээ хэтэрхий нэг тийшээ хазайлгаж туйлширдаг. Хэрэгжилтийг нь төрийн албанд даатгахаар гүйцэтгэл муу гарч байна. Тиймээс хөгжлийн загварчлалыг хөндлөнгийн байдлаар хийх саналаа МҮХАҮТ-ын зүгээс дэвшүүлж байгаа.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙГ УРТ ХУГАЦААНД НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
МБЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт:
-Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтын тусгай агентлаг, тинк-танк хүртэл байсан. Одоо Монгол Улс бодлогын хувьд ямар хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хөнгөлөлт яаж үзүүлэх зэргийг цогцоор нь танилцуулж шийддэг байгууллага бүдгэрсэн гэж харж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх бүтцийг хүчитгэх ёстой юм болов уу. Агентлагийн тал хувь нь бизнесийн хөрөнгө оруулалтыг татдаг байвал их чухал. Оюутолгойн жишээн дээр авч үзэхэд, Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай төсөл. Оюутолгой компани 10 жил ажилласан хугацаандаа 1.6 тэрбум ам.долларын татвар хураамж төлж, эдийн засагт шууд болон шууд бус нөлөөллөөр 2.5 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулаад байгаа. УИХ-ын түвшинд өгөөжийн асуудлыг маш их ярьдаг. Өгөөжийг юу гэж үзэх вэ, хэдий хугацаанд харах вэ гэдэг асуудлууд гарч байгаа. Нийгэмд Оюутолгойг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж үздэг. Энэ байдлаар нь харьцуулаад үзэхэд, Эрдэнэт үйлдвэр 1976 онд ашиглалтад орсноос хойш 25 жилийн дараа ногдол ашиг хуваарилсан байдаг. Тэгэхээр өгөөжийг урт хугацаанд харж, түншүүдтэйгээ хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Дэлхийн банк группийн зүгээс танилцуулсан илтгэлд Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дутагдаж байгаа талаар дурдлаа. Оюутолгой гэхэд эрчим хүчээ Монголоос авбал, гадагшаа урсаж буй валютын урсгалыг зогсооно. Зэс баяжуулах үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчдийн хүндрэл шийдэгдэх олон төрлийн өгөөжийг урт хугацаандаа хүртэх боломж байгаа. Засгийн газраас Эрдэнэс-Тавантолгой компанийн IPO-г хийхээр ажиллаж байна. Ингэснээр Тавантолгой Оюутолгойгоос дутахааргүй том төсөл болно. Төмөр зам, усан хангамж, нүүрс баяжуулах үйлдвэр зэргээр 5-6 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт яригдана. Энэ төслүүдийн нөлөөг улам батжуулж баяжуулах чухал байгаа. Мөн популизмд автаж болохгүй гэдэг санааг илтгэгчид танилцууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгийн дийлэнхийг ард түмэн хүртэнэ гэсэн санаа агуулсан байгаа. Одоо үйлчилж байгаа хуулиар стратегийн ордын 34 хувь төрийн эзэмшилд байна гэж заасан. Өгөөжийн дийлэнх гэдэг асуудалд хөрөнгө оруулагчдын чуулганд ирсэн гаднынхны санаа зовж буйгаа хэлсэн. Иймд хууль тогтоомжоо өөрчлөхдөө хөрөнгө оруулалт татах орчноо харж үзмээр юм шиг. Бас нэг санаа хэлэхэд, худалдааны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах шаардлага байгаа. Монгол Улс яг ямар бодлогоор худалдаа хийх нь эзэнгүй, тодорхойгүй болчихсон.
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНЭЛГЭЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН БАЙДЛЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД БОДИТООР ХАРУУЛДАГ ТОЛЬ
Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх асан Н.Энхбаяр:
-Гадаадын хөрөнгө оруулалт яагаад чухал вэ гэдгийг өнөөдөр ойлгож байгаа юм биш л дээ. Монгол Улс 1991 онд зах зээлийн эдийн засагт шилжээд, хамгийн түрүүнд ОУВС, Дэлхийн банкны гишүүнээр элссэн. Хоёр дахь нь Үндсэн хуулиа баталсан. Гурав чухал алхам бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталсан явдал. Тухайн үед зоригтойгоор бүтцийн өөрчлөлт хийж чадсан учраас нийгмийн шилжилтийн хүндрэлийг давж чадсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхдээ орчноо судалдаг. Зөвхөн Засгийн газрын эх сурвалжтай танилцдаггүй. Олон улсын байгууллагуудын эх сурвалжийг ашиглаж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Өрсөлдөх чадварын индекс, ОУВС-гийн ажлын хэсгийн үнэлгээ гэх мэт олон эх сурвалжийн мэдээллийг харгалзан үздэг. Өнгөрсөн долдугаар сард Америкийн Төрийн департаментаас гаргадаг Дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны тайланд Монгол Улсын алдаа оноог бүгдийг нь дурдсан байна лээ. Энэ мэт эх сурвалжууд Монгол Улсын эдийн засаг ямар байгаа вэ гэдгийг хөрөнгө оруулагчдад бодитоор харуулдаг толь. Бид эдийн засаг сайн байгаа талаараа тайлан гаргалаа ч олон улсын байгууллагуудын үзүүлэлтүүд маш тодорхой хариу өгдөг. Дэлхийн банкны бизнес эрхлэх орчны тайлангаар Монгол Улсыг тодорхой үзүүлэлтүүд байгаа. Цахилгаан эрчим хүчинд холбогдох асуудал хамгийн хойгуур байр эзэлдэг. Энэ үзүүлэлтээр Монгол улс дэлхийн орнуудаас 148 дугаар байранд явж байна. Дампуурлыг хэрхэн шийдэж байгаа байдлаараа 152 дугаарт, гадаад худалдаа эрхлэлтээрээ мөн муу үзүүлэлттэй. Эдгээр үзүүлэлт ахихгүй байгаа учраас Монгол Улсын бизнес эрхлэлтийн орчны үнэлгээ сайжирдаггүй. Бидэнд шийдвэрлэх асуудлуудыг хөндлөнгийн мэргэжилтнүүд нарийвчилсан үнэлгээ хийгээд өгчихсөн. Одоо хийх ажлаа шуурхай хийгээд явахгүй бол маш цаг алдаж байгааг хэлмээр байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын талаар цоо шинэ стратеги боловсруулах асуудал байв. Энэ нь ч гаднынхны зөвлөгөө төдийгүй манай судлаачдын байр суурьнаас илт харагдсан. Мөн “Инвест Монголиа” буюу Хөрөнгө оруулалтын агентлагийн чиг үүргийг Үндэсний хөгжлийн газрын холбогдох хэлтэст шилжүүлсэн нь хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах ач холбогдлыг бууруулсан асуудлыг эргэн харах, цаашлаад худалдааны асуудал асуудал эрхэлсэн агентлаг байгуулах зэрэг асуудлыг судлаачдын зүгээс хэлж байсан. Ер нь Монголд гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах тууштай бодлого үнэндээ байсангүй. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн хурал цуглааны үеэр тоочдог нөгөө хэдэн зовлонгоо ярьсан хэвээр байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, бодлогын тогтвортой байдлаа хадгалах, гадаадын хөрөнгө оруулагчдад ялгавартай ханддаг зэрэг үндсэндээ олон жилийн өмнө хөндөгдөж байсан асуудлууд өнөөдөр ч гол сэдэв байсаар. Тиймээс эдийн засаг С.Дэмбэрэл төгсгөлд нь “Ер нь ажил яваагүй юм байна дөө” гэж халаглана лээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Pizda