СУРВАЛЖИЛГА: Ухаалаг гар утас хэрэглэхээ больсноор сурагчдын сурлагад ахиц гарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Гэхдээ сурагчид сурах бичиг бүрэн хэвлэгдээгүй учраас ухаалаг гар утас хэрэглэхээс өөр аргагүй байна гэсэн тайлбар хэлж байна!!!

Нэгдүгээр улирлын амралт эхлэхэд нэгхэн хоног үлдээд байна. Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх тогтоол гаргаж, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Шийдвэр энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирлын турш ерөнхий боловсролын сургуулиудад хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлахаар нийслэлийн 50 болон 16 дугаар сургуулийг зорьсон юм. Манай сурвалжлах баг эхлээд 16 дугаар сургууль дээр очив. Өдрийн 11.00 цагийн үед нар гийж дулаахан байсан учраас сургуулийн гадна талбайд нэлээд олон хүүхэд тоглож байлаа. Тэдний нэг нь ч утас оролдож харагдсангүй. Дотогш ороход мөн адил иймэрхүү дүр зураг нөхцөл байдал угтсан юм. Биднийг очиход дөрөвдүгээр цаг завсарлаж байсан учир сургуулийн коридороор явж байсан зарим хүүхдийн сэтгэгдлийг асуулаа.

Тус сургуулийн наймдугаар ангийн сурагч А “Манай ангийнхан хичээлийн цагаар огт гар утас хэрэглэдэггүй. Харин завсарлагаагаар шаардлагатай тохиолдолд багшаас утсаа авч байгаад ярьж болдог. Ийм байх нь тийм ч хэцүү санагддаггүй” гэв. Наймдугаар ангийн сурагч О “Ангийн багш хичээлийн эхний цаг дээр бид нарын гар утсыг хураагаад авчихдаг. Гэхдээ зарим хичээл дээр сурах бичиг байдаггүй учраас заавал утасны хэрэг гардаг. Тэр үед багш бидний утсыг буцааж өгдөг” гэсэн юм. Арванхоёрдугаар ангийн сурагч Б “Өнгөрсөн жилээс сургууль дээр гар утас хэрэглүүлэхгүй болсон. Гэхдээ ахлах ангийнхан бол утсаа унтраагаад хичээлдээ суудаг. Хичээл тарсны дараа асаадаг. Учир нь зарим хичээл дээр гар утасны шаардлага заавал тулгардаг. Номын зураг дарж харах, хойно суудаг хараа муутай хүүхдүүд самбар дээрх зүйлийг утсаараа дарчхаад харж хийдэг” гэлээ.

Дөрөвдүгээр цагийн таван минутын завсарлагаа дууссан учир тус сургуулийн нийгмийн ажилтнаас дараах зүйлийг тодруулсан юм.

-Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэр энэ хичээлийн жилд танай сургуульд хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Манай сургууль журам батлагдсанаас хойш буюу өнгөрсөн жил хичээл эхлэхийн өмнө 1-12 дугаар ангийн хүүхдүүдийн утсыг хураагаад авчихдаг байсан. Тэгээд хичээл тарсны дараа утсыг нь өгдөг. Бага ангийн сурагчдыг товчлууртай утас хэрэглүүлэхийг шаардаж байгаа. Энэ жилээс эцэг эхчүүдтэй гуравласан гэрээг хийж байгаа. Тэр гэрээн дээр сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэж байвал хураан авч зуны амралт эхлэхэд өгөх юм уу, эцэг, эх, асран хамгаалагчдыг нь дуудаж сануулга өгч эхний удаа утсыг өгнө. Харин тухайн сурагч дахиж ийм асуудал гаргавал хичээлийн жилийг дуустал өгөхгүй.

-Хичээл эхэлснээс хойш утсаа хураалгасан хүүхэд байгаа юу?

-Нэг хүүхэд байгаа. Гэхдээ сурах бичиг бүрэн хэвлэгдэж дуусаагүй учраас зарим хичээл дээр гар утсыг нь гаргаж өгч байгаа. Дараа нь ангийн дарга бүгдийг нь хураагаад багшид өгнө.

-Сургалтын орчинд гар утас хэрэглэхгүй байх нь ямар давуу талтай вэ?

-Хичээл, сургалтын үеэр сурагчид ухаалаг утас хэрэглэх нь сургалтын чанарт ихээхэн нөлөөлдөг байсан. Иймд бид Засгийн газрын 276 дугаар тогтоолыг эцэг эхчүүддээ танилцуулж, гар утсыг хэрхэн хязгаарлах тухай журам боловсруулсан. Энэ нь маш зөв шийдвэр болсон.

-Сурагчид эцэг эхтэйгээ яаралтай холбогдох шаардлага гарвал яах вэ?

-Сурагчид заавал ухаалаг утсаараа ярих биш товчтой, энгийн утас хэрэглэх боломжтой. Гэхдээ хичээл, сургалтын үеэр утасныхаа дууг унтраах ёстой. Шаардлагатай тохиолдолд сурагчид тухайн өдрийн хариуцлагатай жижүүр багшаар дамжуулан эцэг эхтэйгээ холбогдох боломжтой. Мөн эцэг эхчүүдэд анги удирдсан багш, сургалтын менежер, нийгмийн ажилтны утасны дугаарыг өгдөг.

Сурагчид ухаалаг гар утас огт хэрэглэхгүй байна уу гэхээр үгүй. Сурах бичгийн хэвлэлт дуусаагүй байгаа учраас зарим тохиолдолд хэрэглэхээс өөр аргагүй. Бид нэгдүгээр улирлын амралт дууссаны дараа буюу сурах бичгээр бүрэн хангагдсаныхаа дараа сурагч болон багш нарыг талонтой болгох ажлыг эхлүүлсэн гэдгийг мөн тэрбээр онцлон хэлж байв.

Хэрэв хичээл орж байх үед багш, сурагч гар утсаа хэрэглэвэл талоныг нь цоолдог гэнэ. Гурван удаа цоолуулбал дараагийн шатны арга хэмжээг авах тухай дүрэмдээ тусгажээ. Түүнчлэн тус сургуулийн хаалгаар гараад л автомашины зам байдаг учраас зам тээврийн осолд өртөх аюултай байдаг байна. Тиймээс өглөөд жижүүр багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан нь ахлах, дунд ангийн сурагчдыг чихэвч хэрэглэхгүй байх шаардлага тавьдаг ажээ. 


СУРАГЧДЫН УТСЫГ ХУРААН АВЧ ХАЙРЦАГ САВАНД ХИЙХ НЬ ЭРСДЭЛТЭЙ 

Бид дараа нь нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийг зорьсон юм. Сургуулийн гадна нам гүм байсан бол дотогш ороход эсрэгээрээ дүр зураг угтав. Учир нь зургаадугаар цагийн цагийн завсарлагаа болж байлаа. Сургуулийн коридороор явж байгаа зарим хүүхдүүд чихэвч зүүсэн харагдах боловч утас руугаа ширтсэн, утсаараа оролдон явж байгаа хүүхдүүд харагдахгүй байв. Жижүүрээс нийгмийн ажилтны өрөөг асуун очтол цоожтой байлаа. нийгмийн ажилтныг хүлээх зуураа Зураг, технологийн багш Т.Алтанцэцэгээс Засгийн газраас гаргасан ухаалаг гар утас хэрэглэхгүй байх шийдвэр хэрхэн хэрэгжиж байгааг тодрууллаа.

Тэрбээр “Боловсролын тухай хуульд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч сургуулийн дотоод журмыг биелүүлэхэд сургуулийн захиргаатай хамтарч ажиллах ёстой. Тиймээс бид сургуулийн дотоод журамдаа гар утас ашиглах тухай тусгачихсан. Харин суралцагч хичээл, сургалтын үеэр гар утсаа ашиглахгүйгээр унтраах үүрэгтэй. Анги удирдсан эсвэл тухайн хичээл орж буй багш сурагчдын утсыг унтраалгана. Сурагчдын утсыг хураан авч хайрцаг саванд хийх нь эрсдэлтэй. Хулгайд алдах нөхцөлийг бүрдүүлдэг учраас нэгдсэн байдлаар гар утсыг нь унтраалгаж, өөрсдөө хадгалдаг. Ийм байдлаар шийдвэрлэсэн. Сурагчид энгийн утас хэрэглэх боломжтой учраас шаардлагатай тохиолдолд гэрийнхэнтэй тэр утсаараа ярьж болно. Засгийн газраас ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх шийдвэр гараагүй байхад хичээл дээр заавал нэг асуудал гардаг байсан. Хойно сууж байгаа хүүхдүүд хичээлдээ анхаарахгүй утсаараа оролдох гэх мэт. Одоо тийм асуудал гарахгүй байгаа учраас хүүхдүүдийн сурлагад ч ахиц гарсан” гэлээ.

Т.Алтанцэцэг багштай ярилцсаны дараа нийгмийн ажилтны өрөөг дахин таттал бас л цоожтой байв. Учрыг асуутал тус сургууль дээр “Ногоон гэрэл, цагаан шугам” гэсэн үйл ажиллагаа болж, нийгмийн ажилтан шүүж учраас яриа өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.

Ингээд бид хичээл завсарлах цагийг хүлээн зогсов. Сургууль бүхэлдээ нам гүм байх бөгөөд хаалганы цонхоор зарим нэг ангийг харвал утсаараа оролдож байгаа хүүхдүүд мэр сэр харагдаж байлаа /ахлах анги/. Хичээл завсарлаж хүүхдүүдээс сэтгэгдлийг нь асуув. Есдүгээр ангийн сурагч Э “Англи хэлний хичээл дээр ухаалаг гар утас зайлшгүй шаардлагатай гэж боддог. Учир нь бид орчуулж чадахгүй үгээ хардаг” гэсэн юм. Аравдугаар ангийн сурагч Х “Манай сургуулийн багш нар өнгөрсөн жилээс сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглосон. Ингэснээр бид завсарлагааны үеэр хоорондоо чөлөөтэй харилцдаг. Өөрөөр хэлбэл, амьд харилцаа бий болсон гэх үү дээ. Түүнээс өмнө хүүхдүүд хичээл орж байхад багшаас нууж утсаараа оролддог. Завсарлагааны үеэр утсаараа тоглоом тоглох, видео үзэж, фейсбүүк ордог байсан. Одоо бол сургууль дээр хэн ч ухаалаг утас хэрэглэдэггүй. Олонх нь товчтой утас барьдаг” гэв. Долоодугаар ангийн сурагч Ө “Манай анги 27 хүүхэдтэй. Тэднээс цөөн хэд нь ухаалаг утас хэрэглэдэг. Олонх нь товчтой утас барьдаг. Ээж аав надад ухаалаг утас авч өгсөн л дөө. Түүгээрээ би хичээлийн бус цагаар тоглоом тоглодог. Бас фейсбүүк орж найзуудтай чаталдаг. Харин сургууль дээр зөвхөн хичээлдээ л анхаарал хандуулдаг. Харин гэр рүүгээ харих замдаа утсаараа тоглоом тоглодог” гэлээ.

Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны  технологи хөгжихийн хэрээр хүн амын дунд нийгэм, эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуусын дунд мөн тэр хэмжээгээр сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь төрөөс бодлогын зохицуулалтыг хийхийг зайлшгүй шаардаж байгаа хэмээн үзэж гар утас хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж мөрдсөнөөр хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нь нэмэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2024 оны 12 сарын 05

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

1  |  0
Top