Монгол Улс ноолуурынхаа 60 хувийг дотооддоо боловсруулдаг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум “Шангри-Ла” зочид буудалд /2019.10.24/ боллоо. Форумд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд оролцож, цаашид борлуулах хүрээгээ тэлэх, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох болон ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Засгийн газраас хөдөө аж ахуйн түүхий эдийг үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого барьж байгаа бөгөөд Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл, тэр дундаа АНУ-руу экспортолж эхэлсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чанарын тэмдэг нь “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг юм. Тус тэмдэгт нь ноос, ноолууран бүтээгдэхүүнийг чанартай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулах үүрэгтэй. Тухайн ноос, ноолуураар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг. Энэ чанарын тэмдэгтийн шаардлагыг “Говь”, “Эвсэг”, “Хан богд” компаниуд хангажээ. Ноолуурын зах зээлд Монгол Улс дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч боловч хангалттай хэмжээнд нэмэн өртөг шингээхгүй экспортолж байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудал юм.

“Малчны хотоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмэн өртгийн чанарын хяналт хийх, үйлдвэрлэлийн түвшинд бүтээгдэхүүн технологийн шат дамжлага бүр дээр нь чанарыг сайжруулах тал дээр ажилласан. Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны ширхэгтийн онцлог давуу талыг нь дэлхийд таниулан сурталчлах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхэд Монголын хаан ширхэгтийн тэмдэгт чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж “Ноос, ноолуурын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж тус холбоонд бүртгэлтэй байдаг аж

 

Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгана

Хэрэв манай улс бүх ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох юм бол жилд 4.7 их наяд төгрөг олох боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 1.2 их наядын борлуулалттай байна. ХХААХҮ-ийн яамны сайд Ч.Улаан “Монголын хаан ширхэгт ноолуур нь дэлхийд брэнд болох ёстой. Байгалийн өгөгдөл, өөрийн онцлог чанараараа дэлхийд хосгүй зүйл. Хамгийн гол нь бид техник технологио сайжруулж, өнгө, загвараа өөрчлөх хэрэгтэй. Манай улс жилдээ 10 тонн ноолуур бэлдэж, 40 хувийг нь дотооддоо боловсруулдаг. Тийм учраас 60 хувьд хүргэхийн тулд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлнэ” гэв.

Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрөгч онд батлуулсан. Хөтөлбөр батлагдсанаас хойш ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нийт 188 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байрыг үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлж, 1500 ажлын байрыг бий болгож, борлуулалтыг 27 хувиар өсгөсөн үзүүлэлттэй.

ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Хамгийн гол асуудал нь хөнгөлөлттэй зээл. Харамсалтай нь Хөгжлийн банкнаас олгож буй зээлийн хүү 12 хувийн хүүтэй буюу хүү нь өндөр байна гэж аж ахуйн нэгжүүд хэлдэг. Арилжааны банкаар дамжвал 13 хувь болдог. Эргэн төлөлтийн хугацаа нь нэг жилийн дотор байдаг учир тэдэнд хүндрэлтэй тусдаг. Тиймээс ирэх жилийн хоёр сараас эргэн төлөлтийн хугацааг сунгана” гэв.

 

Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллах боловсон хүчин дутмаг байна

Байгуулагдаад 10 жил болж буй “Эвсэг” компани нь “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгт авсан нь дэлхийд танигдах маш том алхам юм. Тус компани экспортынхоо 80 хувийг Англи улсад гаргадаг. Мөн Итали, Франц, Чех, Герман, Польш улсад нийлүүлж байгаа бөгөөд 800 гаруй ажлын байр бий болгосон байна. “Хятад орон бол том үйлдвэрлэгч орон боловч байгалийн гаралтай мал аж ахуйн түүхий эд мөн үү гэдэг нь эргэлзээтэй учраас манай орон давуу талтай. Хятадын зах зээл дэлхийд ноолуурын үнийг унагах зэргээр өрсөлдөөн үүсгэдэг учир манай улс чанараараа л өрсөлдөж байна. Манай орон далайд гарцгүй орон учраас агаараар тээвэрлэлтийн зардал хүндрэлтэй байдаг. Бас нэг асуудал нь ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллах боловсон хүчин дутмаг байдаг” гэж ТУЗ-ийн дарга Д.Мөнхбат хэлсэн бол “Монголын хаан ширхэгт” тэмдэгтээр баталгаажсан “Хан богд” компанийн Борлуулалтын менежер Г.Гантахь “Манай компани ноос, ноолуур самнах, сүлжмэлийн шинэ үйлдвэртэй. Гадаад улсаас захиалгаа авч үйлдвэрлэдэг. 2015 онд чанарын итгэмжлэл, 2017 онд лабораторийн итгэмжлэлээ авсан. Цаг агаараас шалтгаалаад ноос, ноолуурын чанар өөрчлөгдөж, хог шороотой, бүдүүн ширхэгтэй болдог нь эрсдэлтэй байдаг” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top