НЭГ СЭДВЭЭР: БУУДАЛ ДАМНАСАН БАРИВЧИЛГАА БА 800 ХЯТАД ИРГЭН
Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгад 500 гаруй хятад иргэнийг баривчлан шалгах ажиллагаа аравдугаар сарын 29-ний оройн 21:00 цаг орчмоос эхлэн үргэлжилж байгааг бид мэдээлж байсан. Тэдгээр иргэний ихэнх нь жуулчны визээр, зарим нь бизнесийн визээр манай улсад зорчиж байсан гэж тогтоогдсон. Өчигдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан баг Хятад Улсын иргэдийг зохион байгуулалттай цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна. Энэ тухай редакцийн сурвалжлах баг “НЭГ СЭДВЭЭР” буланд онцлон, ярилцлага, сурвалжлага, нийтлэл бэлтгэн хүргэж байна.
Д.ГЭРЭЛ: ЭНЭ ХҮМҮҮС МӨНГӨ УГААХ ЗОРИЛГООР ОРЖ ИРСЭН
Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гүйцэтгэх ажил явуулж, цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 740 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Гүйцэтгэх ажлын талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэлээс дараах тодруулгыг авсан юм.
-Хууль хяналтын байгууллагаас 740 гаруй хятад иргэнийг саатуулсан байна. Ямар учраас эдгээр иргэдийг саатуулсан юм бэ?
-ТЕГ болон цагдаагийн байгууллага хамтран өнгөрөгч наймдугаар сараас энэ ажиллагааг эхэлсэн. Наймдугаар сард хэсэг хятад иргэд манай улсад ирээд цахим орчны судалгаа хийсэн. Хууль хяналтын байгууллагын зүгээс асуудал цаашид хэрхэн өрнөхийг ажигласан. Ажиглалтын үеэр буюу ес, аравдугаар саруудад эхний ээлжид 80 хүн орж ирсэн. Аажмаар энэ тоо өссөөр байгаад өчигдрийн байдлаар орж ирсэн хүний тоо 800-д хүрлээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. Одоо байцаалтаа өгч байгаа. Хятад иргэдийг зохион байгуулалтад оруулж, цаанаас нь явуулаад, таван зочид буудлыг ашиглуулсан. Энд бид хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллагаа явж байгаа учраас дэлгэрэнгүй зүйл хэлж чадахгүй.
Урьдчилж хэлэхэд тоо баримтууд хэвлэлээр гарсан байсан. 1000-аад компьютер байсан. Гар утасны 10 мянгаад сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айдас түгшүүрт автах ямар ч шаардлага байхгүй. Ажиллагаанд хэрхэн яаж ашигласныг хяналтаар тогтоогоод наймдугаар сараас хойш бүтэн хянаж байсан.
-Хятад иргэдийн энэ үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл мөн үү?
-Цахим ертөнц дахь аюулгүй байдал хөндөгдсөн учраас манай байгууллага анхнаас нь ажилласан. Өнөөдрийн байдлаар батлагдаж байгаа зүйл нь эдгээр иргэд мөнгө угаах зорилго агуулсан байна. Мөнгө угаах байдал нь тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Дахин хэлэхэд шалгалтууд явагдаж байна. Хураасан хардуудыг үзнэ. Энд цагдаагийнхан ажиллаж байна. Бид нэгдсэн дүнгээ удахгүй гаргана.
-Дээрх асуудлыг ҮАБЗ дээр хэлэлцэх ёстой юу?
-Үндэсний аюулгүй байдлын эрхлэх асуудалд хамаарах асуудал байж болзошгүй учраас манай байгууллага энэ асуудлыг шалгаж байна. Хамгийн гол батлагдаж байгаа зүйл нь энэ хүмүүс мөнгө угаах зорилгоор орж ирсэн. Энэ асуудлыг нарийн тогтоохоор ажиллаж байна.
-Цахим орчинд мэдээлэл түгээх, бусниулах ажиллагаа явуулах зорилготой байсан байж болох уу?
-Шалгалт явж байна. Комьютерийн хардуудыг үзэж шалгана. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, манай байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд ажиллаж байгаа.
-Саатуулсан 800 хүнийг хорьж шалгах уу?
-800 хүнийг хорьж шалгах асуу-дал хэцүү. Эдгээр хүмүүс буусан таван буудалдаа байгаа. Манай IT багийнхан ажиллаж байгаа. Харин удирдаж, зохион байгуулсан хүмүүсийг саатуулсан. Тэд нараас байцаалт авч байгаа. Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, бусад иргэдийг нь албадан гаргана. ЦЕГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
-Эдгээр хүмүүс хилээр яаж орж ирсэн байх вэ?
-Энэ оны наймдугаар сараас хойш 20-30-аараа цуварч орж ирсэн. Бөөнөөр орж ирсэн ч явдал бий. Жуулчны визээр орж ирсэн байна. Хамгийн том зөрчил нь жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн явдал. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ тал дээр бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Бид Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, албадан гаргана.
-Саатуулагдсан хүмүүс ямар үүрэн телефоны дугаар хэрэглэж байсан бэ. Ямар замаар ийм их хэмжээний утасны сим карт энэ хүмүүст очсон юм бол?
-Маш зөв асуулт асууж байна. Сим ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг журамлах хуулийн төсөл явж байгаа. Нэг хүн гурваас илүү сим авах учиргүй. Нэр хаяг нь тодорхой байх ёстой. Энэ журмаа ч бид барих ёстой. Нэг хүн дээр ийм олон сим карт очих боломжгүй. Энэ бүгдийг тодорхой болгохоор ажиллаж байна. Ямар үүрэн телефоны утасны дугаар барьж байсныг хувийн хэвшлийн нууц учраас хэлэх боломжгүй.
-Энэ хүмүүсийг удирдан, зохион байгуулсан иргэдийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг тодруулж өгөөч?
-Хятадын талаас дөрөв, Монголын талаас нэг иргэн зохион байгуулж, удирдсан байна. Зохион байгуулсан таван иргэнийг саатуулсан. Маш түргэн хугацаанд шалгаж, эргэж мэдээлэх болно.
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ: ХЭРЭГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДЭГДЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын хуулийн байгууллагуудын явуулсан гүйцэтгэх ажил буюу БНХАУ-ын 700 гаруй иргэнийг саатуулсан явдалтай холбогдуулж мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр манай Элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна. Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно” гэжээ.
С.БААТАРЖАВ: ОДООГООР ЦАГДАН ХОРЬСОН, ТАСЛАН СЭРГИЙЛСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд 740 гаруй хятад иргэнийг саатуулан 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав товч тодрууллаа.
-ЦЕГ, ТЕГ-аас явуулсан гүйцэтгэх ажлын талаар тайлбар өгөхгүй юу. ЦЕГ ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Хэрэг шалгадаг хуультай. Хуулийнхаа хэмжээнд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бүх мэдээлэл ижил. Өөрөөр ямар нэгэн байдлаар тагнуулын байгууллагын ажил тусдаа, цагдаагийн байгууллагын ажил тусдаа гэсэн зүйл байхгүй.
-ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс манай байгууллагад бий. Цахим гэмт хэрэгтэй тэмцдэг чиг үүрэгтэй. Энэ хэлтсийн үйл ажиллагаа энэ хэрэгт хамаарна. Шалгаж байгаа.
-Үүрэн телефоны операторуудыг шалгах уу?
-Зарим нэг үүрэн телефоны оператор компанийг шалгана.
-Хятад иргэдийг байршуулсан зочид буудлуудыг хэрхэх вэ?
-Шалгана. Эдгээр хүмүүс “Амар”, “Кентавр”, “Юнион”, “Ориентал” гэсэн дөрвөн зочид буудалд байрласан байсан. “Юнион” зочид буудал Сүхбаатар дүүргийн нэдүгээр хороонд байрладаг. “Амар” зочид буудал Баянзүрхийн наймдугаар хороонд байдаг. “Ориентал” нь Баянзүрхийн 13 дугаар хороонд байдаг. “Кентавр” зочид буудал Чингэлтэйн зургаадугаар хороонд байрладаг.
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон мэдээлэл байна уу?
-Одоогоор шалгалт хийгдэж байгаа учраас мэдээлэл гаргах боломж байхгүй. Дээрх 700 гаруй иргэд анх барьсан байрандаа байгаа. Түүнээс байшингаас эхлээд бид хорьдог, саатуулдаг боломж байхгүй. Бичиг баримт, бусад зүйлийг шалгаж байгаа.
-Зочид буудалд байрлуулсан болохоор эдгээр иргэд гадуур гарах боломжтой гэсэн үг үү?
-Ер нь эдгээр хүмүүсийг явуулна шүү дээ. Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, бусад иргэдийг нь албадан гаргана.
-Зохион байгуулсан иргэдийг хорьсон уу?
-Одоогоор цагдан хорьсон, таслан сэргийлсэн зүйл байхгүй.
-Хятад иргэдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Мөрийтэй, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхлэх зорилготой орж ирсэн нь тогтоогдсон. Монгол иргэд оролцсон байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь аялал жуулчлал, бизнесийн визээр орж ирсэн. Хөдөлмөр эрхлэх зорилготой орж ирсэн нэг ч хүн байхгүй.
Д.ТҮВШИНТӨР: 30 ХОНОГИЙН ВИЗЭЭР ИРСЭН ЖУУЛЧИД ГИХГ-Т БҮРТГЭЛ ХИЙЛГЭДЭГГҮЙ
Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-БНХАУ-ын иргэд холбогдсон гүйцэтгэх ажлын талаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ?
-Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. Бидний авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас 500 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон. Олон нийтийн дунд Хонконгийн иргэд гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл Хонконг паспорттай хонконг иргэд байхгүй бүгд БНХАУ-ын иргэд байна.
-Эдгээр иргэд нь визээ хаанаас авч орж ирсэн юм бол?
-Дийлэнх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас авсан жуулчин ангиллын визтэй, зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас авсан жуулчин, бизнес ангиллын визтэй иргэд байна. Одоогоор бид аль аль газраас, ямар компанийн урилгаар ирсэн тоог нэгтгэж байна. Эдгээр иргэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй. Тийм учраас тэдний оршин суух хаяг, ирсэн зорилго, аяллын төлөвлөгөө зэрэг мэдээлэл бидэнд байдаггүй. Харин 30-аас дээш хоногоор ирэх гадаадын иргэн манай байгууллагаас виз, визийн зөвшөөрөл авч, хилээр нэвтэрсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх хуультай.
-30 хоногийн визтэй нийт хэчнээн иргэн байдаг талаар тоон мэдээлэл байдаг уу?
-Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу 30 хоног хүртэлх хугацаагаар ирж буй гадаадын иргэдийг Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг. Тэндээс нарийн тоон мэдээллийг авах боломжтой.
-Ер нь богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн хяналтын сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-30 хоног дотор ирсэн гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтыг сайжруулах үүднээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулан холбогдох яам, газруудаас санал авч дуусаад байна. Хоёр долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөгөө гарсан. Энэ төслөөр гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос их, бага хугацаагаар ирэхээс нь үл хамааран хилийн боомтоор орж ирэнгүүт гар хурууны хээг аван бүртгэдэг байх, тэднийг урьсан болон зочид буудал, орон байраар хангасан иргэд 24-48 цагийн дотор манай байгууллагад бүртгүүлдэг байх зохицуулалтыг оруулж байгаа. Мөн Монгол Улсын визийн ангилал, төрөл, эрхлэн олгох байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаж байгаа. Визийн асуудал хариуцсан мэргэжлийн ажилтанг дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж хяналт тавьж байх зохицуулалтыг мөн оруулах болно. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр болох Олон нийтийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж болно.
Сэтгэгдэл ( 3 )
Бүгдийг хөөж гаргах хэрэгтэй
ХЯТАДЫН ТАЛЫН МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ САНХҮҮЖИЛТЭЭР Л ЯВУУЛСАН АЖИЛЛАГАА!!!
Hyataduudiin too zohion baiguulagchdiin too medee bvr deer uur uur garah um negdsrn neg oilgolt uguuch