БОДИТ БАЙДАЛ: Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Улс орон даяар ургац хураалтын ажил аравдугаар сард эд өрнөж, сарын сүүлчээр дуусдаг уламжлалтай. Өнгөрсөн жил гэхэд аравдугаар сарын 29-нд ургац хураалт дуусч, 400 гаруй мянган тонн үр тариа хураан авснаас гурилын үйлдвэрүүдэд 230 мянган тонн буудай нийлүүлж байсан. 2018 оны үйлдвэрүүдэд нийлүүлсэн буудайг 2017 оныхтой харьцуулахад 112 мянган тонноор өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн долоо, наймдугаар сард хур тунадас ахиу орсон нь тарианы болцод нөлөөлж байгааг мэргэжилтнүүд дүгнэсэн. Өчигдрийн байдлаар Төв аймгийн Борнуур болон Эрдэнэсант суманд тариалан эрхэлдэг “Буурал трейд” компанийн улаан буудайн хураалт 70 хувьтай явж байгаа аж. Тус компани нь Борнуур суманд 280 га талбайд, Эрдэнэсант суманд 230 га талбайд тариалалт хийжээ. Нийт талбайгаас 650 гаруй тонн улаан буудай хураах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. “Цаг агаар тогтуун байвал арваннэгдүгээр сарын 5-нд багтаан ургацаа хураачих болов уу” гэсэн мэдээллийг тариаланч Д.Хишигжаргал хэлсэн юм. Тэрбээр зун бороо их орсноос ургацын гарц оройтсон. Намар урт үргэлжилж байгаа тулдаа явц гайгүй байгааг тайлбарлаад Төв аймгийн зарим суманд ногооноороо тэжээлд шилжсэн тариалан хэд хэд байгааг баталлаа. Ер нь буудайн чанар дунд зэргийн болцтой. Гурил үйлдвэрлэлд тэнцэхгүй үлдэгдэл буудайнууд гарч байгаа аж.

Монгол Улсын дотоодын гурилын нийт хэрэгцээ 320 орчим мянган тонн буудайгаар бүрэн хангагдах ч одоогоор 170 гаруй мянган тонн буудайг гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлээд байгаа юм. Харин “Ургац алдсан. Тиймээс дотоодын хэрэгцээг хангах буудайг хурааж авч амжихгүй” гэдгийг зарим гурил үйлдвэрлэгч хэллээ.

Тариаланчдын хувьд ургац хураахад гол асуудлыг үүсгэж байгаа өөр нэгэн шалтгаан гэвэл хүний нөөц. Оюутан болон цэргийн албан хаагчийг өдрийн 30 мянга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өдрийн 20 мянган төгрөгөөр ажиллах хүчийг авч ажиллуулж болох боловч яг цагаа тулахаар тариалангийн талбайд ажиллахыг хэн ч хүсдэггүй. Тэднийг ажиллуулахын тулд дээд газраас нь “тусгай зөвшөөрөл” авах гэж нэлээд тэмцэлддэг бололтой. Сонирхуулахад, буудайн тариаланд дэмжлэг болохуйц нэгэн шийдвэр гараад удаагүй байна. Тонн тутамд 50 мянган төгрөгөөр тооцож олгож ирсэн улаан буудайн урамшууллыг 2020 оны төсвийн төсөлд хоёр дахин нэмж, тонн тутамд 100 мянган төгрөг олгохоор болсон. Энэ дэмжлэгт үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байгаа 1400 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжтой. Үүнээс гадна тариалан эрхлэгчдэд үрийн буудай, түлш, ургамал хамгаалах бодис, бордоо гэсэн үндсэн чиглэлүүдээр төрөөс дэмжлэг олгодог. Мөн ТЭДС-гаас эргэлтийн хөрөнгөөр дэмждэг.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭЛД 333.2 МЯНГАН ТОНН БУУДАЙ НИЙЛҮҮЛЭХЭЭС 170 МЯНГАН ТОННЫГ ОЛГОСОН

Арваннэгдүгээр сарын 20-ны үеэр ургац хураалтын төвшин ямар гарах, дотоодын хэрэгцээнд хэрхэн нөлөөлөх гээд гол үзүүлэлтүүд эцсийн байдлаар шийдэгддэг. Одоо байгаа мэдээллээр, 420 мянган тонн буудай хураан авахаас өнгөрсөн долоо хоногийн эцсээр 350 орчим мянган тонныг нь хурааж аваад байгаа. Үлдсэн 70 орчим мянган тонн буудайг ойрын хугацаанд хураан авахаа холбогдох яамнаас хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч үр тариа, улаан буудайн хураалт үндсэндээ оройтож, энэ жил дотоодын гурилын хэрэгцээг хангаж чадах уу гэсэн хүлээлтийг нийгэмд төрүүлээд байна. Монгол Улсын дотоодын гурилын нийт хэрэгцээ 320 орчим мянган тонн буудайгаар бүрэн хангагдах ч одоогоор 170 гаруй мянган тонн буудайг гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлээд байгаа юм. Харин “Ургац алдсан. Тиймээс дотоодын хэрэгцээг хангах буудайг хурааж авч амжихгүй” гэдгийг зарим гурил үйлдвэрлэгч хэллээ. Гурилаас гадна дотоодын төмсний хэрэгцээний 100, хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг иргэд дотоодын үйлдвэрлэл, тариалангаас худалдан авдаг.

Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс “170 гаруй мянган тонн буудай нь үйлдвэрлэлийн хагас жилийн л хэрэгцээ. Тиймээс дөрвөөс таван сарын дараа импортоор буудай оруулж ирэхээс өөр аргагүй байдалд орлоо. Импортын квотыг шударгаар олгосон тохиолдолд үйлдвэрлэгч хохирохгүй. Цаашлаад гурилын үнийг нэмэхгүй” гэсэн байр суурьтай байгаа юм. Импортоор улаан буудай авах нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Наанадаж гааль, татвар нэмэгдээд хөрөнгө зарж таарна. Үүнийг дагаад бидний өдөр тутамд хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ өснө.

Манай улсын нэг хүн жилд 105 кг гурил хэрэглэдэг учраас үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн дээрх хэмжээний буудайг нугалсан хэрэгцээ бидний өмнө шаардагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд албаны байр суурь алга. Учир нь энэ жилийн гурилын хэрэгцээг хангах буудайг ирэх өдрүүдэд хурааж амжина хэмээн тэд үзэж байгаа билээ. Албаныхны байр суурьнаас асуудлыг тодруулбал “Ургацын урьдчилсан балансаар нийт 420 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянга, тэжээлд 21.5 мянга, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлсэн байна. Харин гурил үйлдвэрлэлд 333.2 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй. Балансаас харахад, 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэнэ” гэж мэдээлж байгаа юм.


ОНЦЛОХ ТОО
 

900

  • Нийт тариалангийн талбайг 900 орчим га талбай гэж үзвэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.6 хувийг тариаланд ашигладаг. Сэлэнгэ аймаг дангаараа ургацын 50 хувийг хангадаг.

3-4

  • Хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөгжил нэн чухал. Тухайлбал, Төв аймгийн урд сумд, Зүүн гурван аймагт сүүлийн 3-4 жил дараалж бараг ургац аваагүй.

420

  • Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс буудай 420 мянга, төмс 176.8 мянга, хүнсний ногоо 91.2 мянга, тосны ургамал 38 мянга, малын тэжээлийн ургамал 80.4 мянган тонныг тус тус хураан авна гэв.

511

  • Ургац хураалтад дунджаар комбайн 1216, жатка 511, үтрэм 362, төмс хураах комбайн 120 гаруй, төмс, хүнсний ногоо ухагч 455, цэвэрлэгч, ачигч, сортлогч машин 923 ажиллажээ.

82

  • Засвар үйлчилгээ хийснээр ургац хураалтад техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(119.40.103.6) 2019 оны 11 сарын 01

Тэр архи, пиво ны будааг гурил болгооч ээ

0  |  0
1(119.40.103.6) 2019 оны 11 сарын 01

Тэр архи, пиво ны будааг гурил болгоочээ

0  |  0
Top