ТАНИЛЦ: Дэлхийн төлөө тэмцэж буй ТАВАН охин

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн өмнө тулгамдсан сэдэв билээ. Түүнчлэн  нэг улс орны биш нийт дэлхий даяарх иргэн бүрээс оролцоо шаардсан том асуудал. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын идэвхтэй тэмцэл дэлхий дахинд улам бүр тэлж, өргөжиж байна. Дэлхийн өөр өөр бүсэд тэмцэл өрнүүлж буй хүсэл тэмүүллээр дүүрэн таван залуу эмэгтэйг энэ удаа танилцуулъя.

 

ЛЕА НАМУГЕРВА: Би яагаад зүгээр хараад сууна гэж?

“Манай улс оронд хүрээлэн буй орчны маш олон асуудал байгаа  ч би хэвлэл  мэдээллийн хэрэгслээр эсвэл хэн нэгэн энэ тухай ярьж байгааг бараг л олж харахгүй байна.Хэвлэлээр улс төр болон алдартнуудын хов живийг л мэдээлдэг. Хүрээлэн буй орчны асуудал дээрх чимээгүй байдал, шударга бус үйлдэл нь санаатай явдал. Ихэнх хүмүүс байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийж байгаа ч түүнийгээ огт тоодоггүй. Насанд хүрэгчид энэ асуудалд манлайлан оролцох янзгүй байгааг би анзаарч өөрөө сайн дураараа ажиллахаар болсон юм. Байгаль орчны шударга бус байдал нь миний хувьд шударга бус явдал юм.” хэмээн 15 настай Леа хэлж байна. Өнгөрсөн наймдугаар  сард 15 насны төрсөн өдрөөрөө 200 мод суулгасан Леа Намугерва  охин  эх орондоо учраад буй хүрээлэн буй орчны бохирдолд анхаарал хандуулахыг зорьж буй тэмцэгч юм. Тэрбээр Уганда улсын хойд хэсэгт өргөн тархсан өлсгөлөнгийн эсрэг ямар нэг зүйл хийхийг бусдад үйлдлээрээ уриалж байна. Урт удаан үргэлжилсэн ган гачиг асуудлыг улам дордуулсан бөгөөд нутгийн зүүн хэсгүүдэд хөрсний нуралт үүссэн байна.

 

Леа бол Ирээдүйн төлөөх Баасан гараг хөдөлгөөний цөөн тооны идэвхтнүүдийн нэг бөгөөд хүний эрхийн ажлаараа Эмнести Интернэшнлийн шагнал хүртжээ. Уганда дахь Ирээдүйн төлөөх Баасан гараг бол Африкийн тэргүүлэх хөдөлгөөн юм. Тэр тав дахь өдөр болгон тэмцэл хийж бүс нутгийн нийслэлүүдэд илтгэл тавьдаг. Тэрбээр нийслэл Кампала дахь гялгар уутны хэрэглээг хориглохыг уриалах аяныг тэргүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ойгүйжилт, ган, үерийн асуудлыг дэлхий нийтэд гарган тавьж анхааруулдаг. “Хэрэв насанд хүрэгчид энэ асуудалд манлайлан оролцохгүй гэвэл би болон надтай хамтран зүтгэгч хүүхдүүд манлайлах болно. Яагаад би, нүдний минь өмнө болоод буй энэ хүрээлэн буй орчны шударга бус байдлыг зүгээр хараад сууна гэж?” хэмээн тэр Руандагийн нийслэл Кигалид үг хэлж олон нийтийн хүндэтгэлийг хүлээжээ.


Амазоныг хамгаалагч АРТЕМИС ХАКРИАБА

Бразил улсын Хакриаба нутгийн уугуул иргэдийн төлөөлөл 19 настай Артемис Хакриаба охин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй тэмцэгч юм. Артемис дор хаяж 25 сая уугуул иргэдийг мөн  Нью Йорк-ийн дэлхийн уур амьсгалын эсрэг тэмцэл дэх  Нутаг дэвсгэрийн хамтын нийгэмлэгийн уламжлалт холбоодыг төлөөлж байна. Энэхүү холбоо нь Амазоны ширэнгэн ойд 600 сая га газрыг хамгаалдаг.  Артемиса бол та бидний танил болоод буй Грета Тунбергтэй зэрэгцэн дэлхийн хамгийн том ширэнгэн ойг хамгаалахын төлөө тэмцэж, өөрийн дуу хоолойгоо хүргэсэн охин юм. 

“Амазоны ширэнгэн ой шатаж байна.  Ган гачиг болох магадлал нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын бодлого, хариуцлагагүй байдлаас болж дан ганц Амазон төдийгүй Бразилын таван томоохон ургамал, амьтны аймгууд ойгүйдэж, улам их хор хохирол жилээс жилд учирсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт нь засгийн газрын хариуцлагагүй байдлын үр дагавар болохын сацуу гал түймэр улам газар авах шалтгаан болж байна.

“Амазоноос гадна Индонез, Африк, Хойд Америкийн ой шугуйдад нүүрлээд буй аюул бид бүгдийн амьдралд нөлөөлж байна. Уугуул иргэд бид бол байгаль эхийн үр сад. Тиймээс бид эх дэлхийнхээ төлөө тэмцэнэ. Учир нь эх дэлхийн төлөө тэмцэх нь бусад тэмцлийн эх юм. Бид та бүхний амьдралын төлөө тэмцэж байна. Бид өөрсдийн амьдралын төлөө тэмцэж байна. Бид өөрсдийн ариун нутаг орныхоо төлөө тэмцэж байна. Гэвч бид тэмцсэнийхээ төлөө хавчигдаж, заналхийлүүлж, амь насаа алдаж байна. Бид уугуул иргэдийн дахин нэг ч дусал цус урсахыг зөвшөөрөхгүй.” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. 

Мөн тэрбээр Guardian цахим мэдээллийн хуудсаар дамжуулан   уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж буй дэлхий даяарх олон мянган залуучуудад талархаж буйгаа илэрхийлжээ.  “Бид ирээдүйгээ өөрчилж чадна, гэхдээ үүний тулд биднийг сонсож, хүндэтгэх ёстой." гэж тэр  хэлсэн. 


 

Усны дайчин ОТОМ ПЕЛТИЕР

Анх найман  настайдаа усанд асуудал байгааг анзаарч байсан Отом Пелтиер  13 настайдаа усны хамгаалалтын асуудлаар НҮБ-ын удирдагчдад хандаж байв.  Усны дайчин хэмээх тодотголтой  Отом охин цэвэр усны ухуулгаараа алдартай.  Канадын уугуул иргэдийн төлөөлөл тэрбээр  Анхны Улс Wikwemikong-ийн Anishinaabe бүлгийн гишүүн юм. 

Канадын олон уугуул газар нутагт усны нөөц бохирдолтой байж болзошгүй хэмээн ард иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө буюу ус буцалгах зөвлөгөөнүүд өгдөг. Хэдийгээр угаалга хийхэд тэрхүү усыг ашиглах нь аюулгүй байж болох ч буцалгалгүйгээр унданд хэрэглэвэл дотор муухайрах, хавагнах, гүйлгэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч цаашлаад булчин задрах тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг усаар халдварлах өвчнөөр өвчлөх эх үүсвэр болдог аж.

Тэрбээр 2018 онд НҮБ-д тавьсан илтгэлдээ: “Хэдийгээр би одоог хүртэл нуурын уснаас ус уудагтаа баяртай байдаг ч миний амьдардаг газраас холгүйхэн хүмүүс ус буцалгах зөвлөгөөгөөр амьдарч байна. Би өөрөөсөө яагаад ийм байгаа юм бэ? Яагаад манай муж улсад гэж? Яагаад миний эх оронд гэж? гэж үргэлж асуудаг. Отом Дэвид Сузуки сангаас олон улсын хүүхдийн Энхтайвны шагналд нэр дэвшжээ. 


ИСРА ХИРСИ: Бид өөрсдөө л  энэ асуудлыг зөвхөн цагаан арьстнууд тойрон ярихад хүргэсэн 

АНУ-ын Залуучуудын Уур Амьсгалын эсрэг Тэмцэл – ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 16 настай Исра Хирситэй танилц. Исра харилцан хамааралд гол анхаарлаа хандуулдаг. Өнгөт арьстнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүүтэйгээр өртдөг гэж үздэг.  Тэрбээр өнгөт арьстай залуус өөрсдийгөө харуулж чадах хөдөлгөөн бий болгохыг хүсэж, тэмцлээ эхлүүлжээ. 

Түүний ээж бол Илхан Омар бол  АНУ-ын Конгрессын гишүүн. Миннесота мужаас сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй юм. 

Исра  охин хотод өссөн тул байгальтай гүн холбоотой биш ч энэ нь уур амьсгалын өөрчлөлт түүнд нөлөөлөхгүй гэсэн үг биш юм.

“Бид энэхүү хямрал өнгөт арьстнууд, уугуул болон бага орлоготой иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэг их анхаарч үзэхгүй байна. Энэ асуудал бүх газрыг хамарч буйн адилаар Миннесотад ч тулгараад байна. Хойд Миннеполисд астма өвчний бүртгэл нэмэгдэж, орлого багасаж, агаарын бохирдлын асуудал улам дордож байгаа ба дээрээс нь усны шугам хоолой цуурсан бөгөөд уугуул нутгаар дамжин урссаар байна. Бид энэхүү уур амьсгалын хямралын талаар ярихдаа  нөлөөлөлд өртөөд байгаа эдгээр иргэдийг огт авч хэлэлцдэггүй. Тиймээс  бид өөрсдөө л  энэ асуудлыг зөвхөн цагаан арьстнууд тойрон ярихад хүргэснээр тэндээс гарах шийдвэр нь өнгөт арьстнууд, уугуул нутгийн иргэдийг анхаарахгүй орхигдуулдаг ” хэмээн тэрбээр ярьж байна. 


Засгийн газарт шаардлага тавьсан РИДХИМА ПАНДИ

11 настайдаа Энэтхэгийн Засгийн газрыг  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ ав хэмээн шаардсан охин бол  Ридхима юм.  Тэрбээр Герман, Франц, Бразил, Аргентин, Туркийн эсрэг уур амьсгалын хямралыг шийдэж чадахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг хэмээн гомдол гаргасан 16 хүүхдийн нэг билээ. 

“Би илүү дээр ирээдүйг хүсэж байна. Би өөрийнхөө ирээдүйг авармаар байна. Би өөрсдийн ирээдүйг авармаар байна. Би ирээдүй үеийнхний бүх хүмүүс, хүүхдүүдийг аврахыг хүсэж байна" хэмээн ярих Ридхима төрөлх хот нь жилээс жилд улам халуун болж, хуурайшиж байгааг  мэдсээр байж дуугүй суухыг тэвчээгүй.  Уур амьсгалын өөрчлөлт нь Энэтхэгийн усны эх үүсвэрийг улам бүр хорогдуулж, хүн амын эрүүл мэндэд ч нөлөөлөх болно гэдгийг тэрбээр мэдэж, ойлгож буй учраас идэвхтэйгээр тэмцэж эхэлжээ. 

 Эх сурвалж: www.amnesty.org.uk

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top