Тавантолгойн IPO. Та бидний танил болоод ес дэх жилтэйгээ золгож буй хуучин сэдэв. Хэрэв хэрэгжээд хөрсөн дээр буучихвал иргэн бүрийн 1072 хувьцааг амь оруулах учраас чухал сэдэв л дээ.
Тэгвэл Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж нэг тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буй “Эрдэнэс-Тавантолгой” компани зөвлөх, андеррайтераар “Банк оф Америка”, “Кредит Свисс” банкуудыг сонгосон тухай Блүүмберг өнгөрсөн баасан гарагт мэдээлэв.
Энэ долоо хоногт зөвлөхүүдтэйгээ уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухай мөн мэдээлэлд дурдаад байна. “Эрдэнэс-Тавантолгой”-н зүгээс энэ талаар албан мэдээлэл хийгээгүй ч “зөвлөх”-үүдээ сонгохоор төлөвлөсөн хугацаа нь өнгөрсөн гуравдугаар сар байсныг сануулъя. Тэгэхээр тооцож төлөвлөснөөс найман сарын дараа хамтран ажиллах банкуудын нэр тодорч байна гэсэн үг.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэх охин компани байгуулагдсан. Тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгож, 70 буюу түүнээс доошгүй хувийг толгой компани эзэмшихээр болсон. Ордын найман лицензийн нэг болох Зүүн Цанхийн лиценз дээр олон улсын хөрөнгийн биржээс тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буй юм.
IPO гаргахад гадаад дотоод олон хүчин зүйлс нөлөөлнө. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар Тавантолгой орд 7.6-8 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсоныг жил гаруйн өмнө тус компанийн зүгээс мэдэгдсэн. IPO гаргах үйл явц өнөөдрийн байдлаар урагштай байгаа ч гадаад зах зээлийн хувьд нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа нь анхаарал татаж байна. Гадаад талаас Хонконгд улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа нь хувьцааны зах зээлд эрсдэл дагуулж буй. Түүнээс гадна Тавантолгой бол коксжих нүүрсний орд. Тиймээс дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний зах зээлийн төлөв чухал.
Тэгвэл БНХАУ-ын Фенвей sxcoal.com агентлагийн судалгаагаар дотоодын томоохон үйлдвэрлэгч мужуудад нүүрсний үнэ богино хугацаанд тогтвортой байхаар хүлээгдэж байна. Хятадын Шандун муж коксжих нүүрсний уурхайнуудаа хааж, хүчин чадлаа энэ онд 10 сая тонноор, ирэх 2020 онд 6.6 сая тонноор бууруулахаар байна. Цаашид тус улсын Засгийн газраас нүүрсний олборлолт, импортод тавих хяналтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарах хандлагатай байна. Энэ нь коксжих нүүрсний эрэлтийг бууруулж, үнийг нь өмнөх оноос бууруулах төлөвтэй байгаа юм. Тэгэхээр гадаад талд эрсдэл тодорхой хэмжээнд байна.
Мөн манай дотоодын нөхцөл байдлын хувьд зээлжих зэрэглэлээ уруудуулчихгүй байхын тулд анхаарах нэн шаардлагатай үе ирсэн. Олон улсын үнэлгээний Фитч агентлагийн зүгээс Монгол Улсын зээлжих зэрэглэл эрсдэлтэй байдалд байгааг мэдэгдээд байгаа.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар олборлолт 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102 хувь, борлуулалтын орлого есдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 2.1 их наяд хүрсэн. Цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд байгаа юм. Тавантолгойн IPO олон улсын бирж дээр гарах нь эдийн засагт ихээхэн ач холбогдолтой. Түүнчлэн уул уурхайн салбарын өгөөжийг иргэдэд хүртээх чиглэлд ч томоохон алхам болно. Түрүүн дурдсанчлан, гадаад дотоод хүчин зүйлсийн эрсдэл байгааг тооцож алхах шаардлага бас харагдаж буйг тодотгоход гэмгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )