Ирэх оны төсөв, Үндсэн хуулийн өөрчлөлт элдэв хов дуулианы ард чимээгүйхэн боогдох нь дээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Манай орны хувьд намар төрийн явдал хариуцлагатай, хавар малчдын ажил их байдаг. Энэ намар ч адилхан. УИХ-ын намрын ээлжит чуулган нээгээд шууд ирэх оныхоо төсвийг хэлэлцэж эхэлдэг юм. Ингэж чухалчлахаас ч аргагүй. Улс орон нэг жилдээ ямар барилга байшин барихаас эхлээд хэн хэдэн төгрөгийн цалин пүнлүү авахыг шийдэж байгаа юм чинь. Өнөө жилийн хувьд бүр ч онцлогтой. Хойтон жил УИХ-ын ээлжит сонгууль болно. Ийм байхад төсвийн хэдэн төгрөгөөс тойрогтоо өөрийн чадахаараа татахыг хүсэхгүй депутат байна гэж үү. Ялангуяа сонгуулийн жилийн төсвийг улстөрчид олон нийтийн хараанаас аль болох холдуулахыг хүсдэг. Тэр нь тэнгэрийн санаагаар биелж байх шиг байна. Төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх учиртай. Хууль нь тийм юм. Үгүй бол парламент тарна. Төсөв гацаагаад өөрсдийгөө тараачихдаг парламент гэж хаана байх вэ дээ. Бас дээр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах УИХ-ын тогтоол гарчихаад байгаа. Тогтоолд зааснаар бол гуравдугаар хэлэлцүүлэг энэ сарын 11-нд эхлэх ёстой. Арав хоногийн дотор төсвийг батлах бол, тав хоногийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхлэх нь дээ.

Анхаарч харъя ч гэсэн тарамдахаар хугацааны хувьд шахуу болчихлоо. Энэ дунд ажлын өдөр нь хэд байгааг тоолбол бүр чамламаар. Гэтэл анхаарч байгаа хүн байдаггүй ээ.

Ийм сэдвүүд олон нийтийн анхаарлын гадна гарчихсан нь өнөөгийн нийгмийн сошиал идэвхтэй холбоотой юу эсвэл угаасаа нүүдэлчдийн удам хов живэнд дуртай байдагт учир байна уу мэдэх юм алга. Ойрын хоёр долоо хоногийг лав монголчууд “Саарал жагсаалт”, дуучин Б.Амархүүгийн хар тамхины хэргээр хоёр жилийн ял авсан асуудал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Үндсэн хуулийн цэцээр шийдсэн явдал, Ц.Сандуй А.Ганбаатар нарын шүүх хурал, буудалд орогносон 800 хятад иргэний асуудлыг хэлэлцэж, шүүж өнгөрөөлөө. Ингээд зогсох нь уу гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын атгасан гэх солонгос өгзөгний асуудлаар маргаад, маазраад эхлэх. Ард нь бидний амьдралын дүрмийг тогтоож өгдөг гол зүйлс болох төсөв, Үндсэн хууль бараг хяналтгүйгээр боогдоод явчихлаа.

Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт, ирэх оны улсын төсөв хоёр яагаад ач холбогдолтойг тоочих нь илүүц. Гэхдээ хэлж сануулах нь хэвлэлийн үүрэг.

Төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсанаас хойш хэдэн өдөр багагүй чухал шүүмжлэл өрнөсөн юм. Наад зах нь, аймгуудад тавьсан хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй байна гэсэн гомдол бий. Увсад 49 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бол Хөвсгөлд арваад тэрбум төгрөг юм уу даа. Хэнтийд 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Зөвхөн Бэрх тосгонд оруулж буй хөрөнгө оруулалт нь бараг Дархан хоттой зэрэгцэхээр байсан санагдаж байна. Ажлын хэсэг дээрээ чухам хэр өөрчлөгдсөнийг батлагдахад нь хараад л өнгөрөх байх. Сөрөг хүчний шүүмжлээд байгаа сонгуулийн жилийн төсөв гэх зүйл тэр чигээрээ хэл амгүй гарч байгааг хараад эрх баригчид ямар азтай юм бэ гэж бодох нь зөв үү. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг зөвшилцлийн дараа энэ сарын 11-нд хийнэ гэснийг бодох хэрэгтэй. Гуравдугаар хэлэлцүүлэгт санал оруулах, хасах барих гэсэн юм байдаггүй. Боогдоод орсон төслийг батлах, эс батлах тухай асуудал л яригдана. Нэг ёсондоо, АН-аас тавьсан саналыг МАН-ынхан хүлээж авсан бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдана гэсэн үг. Хоёр тал зөвшилцсөн тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлт бидэнд падгүй болж байгаа юм. Энэ чинь эрх зүйт төрийнхөө эцэг хуулийг оролдож байгаа үед зүгээр үү. Уг нь олон нийт Д.Одбаярын өгзөг атгасан гэх асуудлыг ярьж байгаа шиг төсөв, Үндсэн хуулийг анхаарч шүүмжилж байсан бол хэдэн улстөрчид дундаа ярьж суугаадаа гэмшдэггүй юм гэхэд ичих байсан даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top