“Саарал жагсаалт” санхүүгийн хориг биш ч аль болох богино хугацаанд гарахгүй бол эдийн засагт хүндрэл үүсгэх эрсдэлтэйг хаа хаанаа ойлгож буй гэдэгт эргэлзэхгүй байна. Ирэх оны төсөв болон мөнгөний бодлогын төсөлд “Саарал жагсаалт”-ыг гол эрсдэл болгон дурдаж оруулж ирснийг сануулахад илүүдэхгүй байх. Бүр тодруулбал, Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол зээлжих зэрэглэл муудаж, гадаад өр төлбөрийн хүү өсөж, зардал нэмэгдэх цаашлаад гадаад төлбөр тооцооны системийг ашиглахад хүндрэлтэй болох тул гадаад худалдааны эргэлт буурна. Түүнчлэн хөрөнгийн орох урсгал удааширч, гадаадын хөрөнгө оруулалт буурах зэрэг хэд хэдэн сувгаар дамжин макро эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай Үндсэн чиглэлийн төсөлд тодотгосон байгаа юм. Тэгвэл өнөөдөр бид тэр эрсдэлтэй асуудалдаа уначихаад байна.
Олон улсын нөхцөл байдлыг харахаар дэлхийн банк санхүүгийн байгууллагууд эрсдэлтэй зах зээлүүдээс хол байх бодлого барьж байна. Гэтэл бид тэдэнд одоо эрсдэлтэй улс болж харагдах нөхцөл байдал үүсчихлээ. Тиймээс хурдан түргэн арга хэмжээ авч нэрээ цэвэрлэх шаардлагатай байгааг “Комплаенс Форум 2019” арга хэмжээнд оролцсон банкны салбарынхан хэлж байв.
Ер нь бол олон улсын томоохон банкууд одоо л Монголын зах зээлийг эрсдэлтэй гэж хараад байгаа юм биш л дээ. Тэд манай банкуудын дансыг хааж, Монголын зах зээлд төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тухай мэдээлэл хэд хэдэн удаа бидэнд ирж байв. Монгол Улс 2013 онд “Саарал жагсаалт”-д ороход Credit Suisse банк манайхтай харилцаагаа тасалсан бол 2014 онд ING Bank, Wells Fargo, Citi Bank манайхыг орхиж байсан. Мөн ФАТФ-ын эрчимтэй хяналтад орсон 2017 онд Deutsche bank Монголын зах зээлээс гарсан.
Тэгснээр ам.долларын төлбөр тооцоог дамжуулагч гол банк нь Standard Chartered Bank Plc болон China Construction Bank Corporation болсон юм. Сануулахад, 2018 онд энэ хоёр банк ч Монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл банкны салбарынхны мэдээллээр 2014 оноос хойш гаднын зургаан банк Монгол дахь үйл ажиллагаагаа хаасан гэж байгаа юм. Өнгөрсөн жил яригдаж байсан хоёр банкны нэг нь манайхаас гарсан гэж ойлгогдож байна. Хэрэв Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахгүй бол өнөөдөр бидэнтэй харилцаж буй банк ч гарч явах эрсдэл байна л гэсэн үг.
МОНГОЛЫГ ОРХИСОН ШАЛТГААНУУД ЮУ ВЭ?
Дэлхийн томоохон банкууд Монголын зах зээлээс гарч, харилцаагаа таслаад байгаа шалтгаан нэгээр тогтохгүй л дээ. Томоохон банкууд хөгжиж буй орнуудын тэр дундаа Монголын банкуудын ностро дансыг ээлж дараалан хааж буй нь дараах шалтгаантай юм.
Нэгт. Монголын зах зээлээс олж буй бодит ашиг тэдний хувьд бага байна. Мөнгө угаалттай тэмцэх чиглэлийн байгууллагууд томоохон банкуудад их хэмжээний торгууль ногдуулсантай холбоотойгоор банкуудын комплаенсийн үйл ажиллагааны зардал нэмэгдсэн нь нөлөөлж байгаа.
Хоёрт. Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх бэлэн мөнгөний гүйлгээ ихтэйгээс шалтгаалан Монголын зах зээлийг эрсдэл өндөртэй гэж үзсэн.
Гуравт. Европын холбооны татварын “Хар жагсаалт”-д ороод гарсан.
Дөрөвт. Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас хийсэн хоёр дахь удаагийн харилцан үнэлгээний тайлангаар “Эрчимтэй хяналт”-д орсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд тодотгож байсан. Тэгвэл Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 18-нд албан ёсоор “Саарал жагсаалт”-д багтсан.
Тавд. Transparency International байгууллагын Авлигын индексээр 180 орноос 103-т жагссан.
Зургаад. Basel Institute of Governance байгууллагын Мөнгө угаалттай тэмцэх индексээр 146 орноос 69-т (Дундаас-Өндөр эрсдэлтэй) орсон гэх мэт хүчин зүйлс нь дэлхийн томоохон банкууд Монголын зах зээлийг орхиж гарах үндсэн хүчин зүйлс болж өнөөдрийг хүрснийг тодотгоё.
САНХҮҮГИЙН СИСТЕМ ЭРСДЭЛТЭЙ...
Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлэхдээ “Аливаа улс орон ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон тохиолдолд нэн тэргүүнд санхүүгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тухайн улс орны харьяанд байдаг банкны гадаад гүйлгээ хийгдэхгүй байх, удаашрах, харилцагч гадаад орны банкууд харилцаагаа таслах үйл ажиллагаа явагддаг. Тийм учраас ямар ч улсын хувьд ФАТФ-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Одоогийн орчин үеийн эдийн засаг бол зөвхөн санхүүгийн систем биш. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй” гэж байсан. Мэдээж ийм байдалд оръё гэж хүссэн хүн байхгүй ч бидний нөхцөл байдал тэр жагсаалтад нь оруулчихлаа.
Монгол гэдэг улс ганцаараа хэчнээн тонгочоод дэлхийн улс орнуудтай санхүүгийн харилцаанд орохгүйгээр, гадаад төлбөр тооцоо хийхгүйгээр орших боломжгүй тийм л цаг үед бид амьдарч байна. Түүнчлэн олон улсын зохицуулагч байгууллагуудын зүгээс мөнгө угаахтай тэмцэх дүрэм журам, шаардлага, стандартаа чангаруулснаас гадна гадаадын банкуудын комплаенсийн үйл ажиллагааны зардал нь нэмэгдсэн, Монгол Улсын зах зээл дээр хийгдэж буй гүйлгээ нь ашиг багатай, эрсдэл өндөртэй байгаа учраас гадаадын банкууд Монголын банкуудын ностро дансуудыг хаах аюул дандаа л хажууд байна. Тэгэхээр энэ эрсдэлийг бууруулахын тулд Монгол Улсын Засгийн газар илүү санаачилгатай, идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдгийг хэлэх хүмүүс олон байна. Мэдээж банкууд ч өөрсдөөс хамаарах үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй.
Манай улсын эдийн засаг гадаад худалдаа, шууд болон багцын хөрөнгө оруулалт, зээл, мөнгөн шилжүүлэг зэрэг гадаад валютын урсгал болон валютын төлбөр тооцооноос шууд хамааралтай. Эдгээр үзүүлэлтүүд өсөх, эерэг өөрчлөлт бий болох, гадаад төлбөр тооцоо саадгүй хийгдэх, зардал багатай байх нь эдийн засгийн өсөлт, санхүүгийн зуучлалын гүнзгийрэлд чухал нөлөөтэй юм. Монголын банкны холбооны зарим гишүүн банкууд ам.долларын гүйлгээг өөрсдийн корреспондент харилцааны хүрээнд нэр бүхий банкуудаар дамжуулан гүйцэтгэж ирсэн. Гэхдээ ихэнх банкууд манай банкуудын дансыг хаасныг эхэнд өгүүлсэн билээ. Тус холбооноос хийсэн судалгаагаар 2017 онд голлох таван банкаар дамжуулан нийт 334,891 удаагийн 8,1 их наяд ам.долларын дүн бүхий гадаад гүйлгээ хийгджээ. Үүнээс 5,5 их наяд нь ам.доллараар хийгдсэн байгаа юм. Манай улс АНУ-д ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэх дансгүй болсноор ам.доллароор хийгдэж буй гүйлгээ бүгд өөр валютаар хийгдэх эрсдэл үүсэж буй. Ингэснээр олон дамжуулагч банкаар дамжих, төлбөр хүлээн авах хугацаа тодорхойгүй хугацаагаар нэмэгдэх, төлбөр тооцооны зардал өсөх, цаашлаад нөхцөл байдал улам муудвал ам.долларын гадаад гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болох хүртэл эрсдэл бийг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэхээс гадна улсын төсвийн орлого бүрдүүлэлт хийгээд эдийн засагт чухал нөлөөтэй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс ч эхэнд дурдсанчлан бодлого боловсруулагчид төсөв болон мөнгөний бодлогын төсөлд “Саарал жагсаалт”-ыг гол эрсдэлүүдийн нэгээр нэрлэсэн хэрэг.
Сэтгэгдэл ( 0 )