Далд уурхайн санхүүжилт яаж ч өссөн Дубайн хэлцэл бидний дууг хорино

2019 оны 11 сарын 08

Өнгөрсөн арваад жилд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хамгийн их яригдсан халуун сэдвүүдийн эхэнд Оюутолгой бичигдэх байх. Мөнгө угаах тухай ойлголтыг нийгмээрээ, нийтээрээ “гэрийн бүрээсийг түмпэнд угаахтай”  жишиж зүйрлэж хүлээж авдаг байсан тийм л цаг үед байгуулагдсан гэрээ л дээ. 2009 онд гэрээг үзэглэж, дараа жилээс нь төсөл замд гарснаар Монголын эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөллийг шууд үгүйсгэх нь учир дутагдалтай. Гэхдээ тэглээ гээд Оюутолгойн гэрээн дэх бидэнд ашиггүй асуудлуудыг засаж залруулах санаачилга гаргах Монголын Засгийн газрын эрхийг үгүйсгэж бас боломгүй. Гэрээг байгуулсан Засгийн газрыг удирдаж асан Санжийн Баяр төслийн 34 хувийг Засгийн газар эзэмшсэн нь өнөөдрийн зовлонгийн шалтгаан болоод буй тухай өгүүлсэн байсан. Яг л өнөөдрийн хэлж ярьж байгаа шиг татвар, роялти хэлбэрээр ашгаа хүртээд байсан бол Монголын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад эргээд төлөх өрийн асуудал яригдахгүй байх байсан  л гэж тэрбээр яриад байгаа.

2006 оны Ашигт малт­малын тухай хуулийн заалтаа л дагаж 34 хувиа өрөөр санхүүжүүлэх гэрээг байгуулсан  гэж буй ч татвар, хураамжийг тогтворжуулах чиглэлийн асуудлыг болохоор хуулийн зүйл, заалтаас эс хамааран тусгасан байдгийг тодотгоход илүүдэхгүй байх. Ер нь бол Оюутолгойн гэрээний зүйл, заалтыг нарийвчлан боловсруулахдаа Монгол Улсын хууль, журмыг яс мөрдөж, дагаж шийдсэн гэж бүрэн дүүрэн үзэж болохгүй. Таван тэрбум ам.доллароор тооцсон  анхны хөрөнгө оруулалтын зардлаа  хоёр тэрбумаар хэтрүүлсэн нь Монголын Засгийн газрын хувьд нүдээ аниад өнгөрч боломгүй асуудал байсан. Учир нь “Оюу толгой”  ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эзэмшиж буй  “Эрдэнэс Оюу толгой”  ХХК нь хэтэрсэн зардал бүрийн 34 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээчихсэн байгаа шүү дээ.

Тодруулж хэлбэл, 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээг баталсан байдаг юм. Тусгасан асуудлуудыг харвал, “Рио тинто” групп нь “Оюу толгой” ХХК-д стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, менежментийн үйлчилгээний төлбөр авна.  Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно. Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана. Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байгаа юм. Тэгэхээр төслийг санхүүжүүлж гаднаас орж ирж буй мөнгөний өсөлтийг бид анхаарахгүй, хайхрахгүй байх боломжгүй. Засгийн газар өрийг хүүтэй төлнө.

Манай улсын гадаад өр 29.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа. Үүний 18.2 тэрбум нь  аж ахуйн нэгж, компаниудын зээл. Тэгвэл үүнээс  арав гаруй тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилт байгаа юм. Зээл хэрнээ яахаараа хөрөнгө оруулалтад бүртгэгдээд байна вэ гэж харагсад бий. Яахав, аливаа бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр босгосон мөнгийг хөрөнгө оруулалт  гэж тодорхойлдог л доо, дэлхий нийтэд. Гол нь эргээд үйл ажиллагаагаараа мөнгө олж, тавьсан өрөө буцаан дарах чадвартай байх ёстой юм. Сангийн сайд асан С.Баярцогт үүнийг тайлбарлахдаа “Хөрөнгө оруулалтын гэрээний 9.8 дахь заалтад хөрөнгө оруулалтын хэлбэрийг зааж өгсөн болохоос түүний эх үүсвэрийг зааж өгөөгүй” гэж байгаа юм. Тэгэхээр төслийг хэнээс ч  хаанаас ч өрөөр санхүүжүүлэх боломжийг гэрээнд тусгасан гэсэн үг.

Түүнчлэн 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авсан.  Мөн төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг. Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байгаа. Мөн уг хэлцлээр гүний уурхайн бүтээн байгуулалтад жил бүр зарцуулах тойм дүнг тогтоосон байдаг.  Тэгэхээр  далд уурхайн санхүүжилт хоёр тэрбум ам.доллароор өсөхөөр болсон тухай хөрөнгө оруулагчдын үгийг  Монголын Засгийн газар ямар нэг хариу тайлбар хийлгүйгээр сонсохоор л нөхцөл байдал, гэрээний орчин үйлчилж байна. Монголын Засгийн газар Оюутолгой  төслийн хэрэгжих хугацааны туршид нийт өгөөжийн 53 гаруй хувийг татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр хүртэх тухай Дубайн хэлцлээр баталгаажуулсан ч ногдол ашиг энэ тэр гэсэн сэдэв бидний хувьд өнөөдөр бол ойр биш байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.210) 2019 оны 11 сарын 10

Үхэр монголчуудаа баялагийнхаа эзэн нь байхыг хүсвэл гэрээг өөрчилж 50I болгох тал дээр тууштай тэмцээч баялаг нь дуусахаар мянга донгдоод ч нэмэргүй худлаа том том ярьж бүлтэрхээс өөр юмгүй арчаагүй малнууд байх юм да үеийн үед дарлуулж дээрэлхүүлж амьдрахдаа таарсан малнууд юм да хэлэх ч үг алга,

0  |  0
Nymaa(202.179.25.100) 2019 оны 11 сарын 09

Хар ухаанаар бодход Цуг ашиг хүртээд явмаар юм. Тэгхэд манайх л өрөнд ороод байхын.

0  |  0
Top