Монгол Улсад бизнесийн орчны нөхцөл муудаж, аравдугаар сарын байдлаар сүүлийн есөн сарын хамгийн тааруу түвшин рүү унаад байгааг “World Economics”-ийн тайланд дурдаад буйг эхлээд сануулъя. Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д багтсаны дараахан бизнесийн орчны талаарх тааруу мэдээлэл наашилсан нь анхаарал татаж буй. Гэхдээ шинжээчдийн зүгээс 2019 он гарсаар Монгол Улсын бизнесийн орчныг уруудсан үзүүлэлтүүд дагасан гэж тодотгож байгаа юм. Тэгвэл манай дотоодын судлаачдын тооцооллоор биднийг ойрын үед ямар нөхцөл байдал хүлээж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.
“NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс гаргасан “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал”-ын талаарх гуравдугаар улирлын тайлангаас харахад бизнесийн нөхцлийг тандсан өнөөгийн үнэлгээ, ойрын ирээдүйн хүлээлт аль аль нь үл ялиг өссөн байдалтай байна. Судалгааны мэдээллийг санамсаргүй түүврийн аргаар 1000 өрхөөс цуглуулах үйл явц “Саарал жагсаалт”-ын шийдвэр гарахаас өмнө явагдсаныг судлаач хэлж байна.
Тодотгоход, Хэрэглэгчийн итгэлийн индекс нь эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. Иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацаанд үнийн түвшин, валютын ханш, зээл, зээлийн хүү болон орон сууцны үнийн талаарх хүлээлт, томоохон хэмжээний худалдан авалтын төлөвлөгөөний тухай тандаж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн эдгээр үзүүлэлтийн талаар ирээдүйн таамаглал гаргадаг судалгаа юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс болон үүнтэй төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украин, Хонконг, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг. Эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг гэж судлаачид тодотгодог.
Тэгвэл судлаачдын тандалтаар Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 83.5 байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн түвшинтэй ойролцоо буюу 1.8 пунктээр, бага зэргийн өндөр үзүүлэлт. Энэ өсөлтөд өнөөгийн байдлын индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, өнөөгийн байдлын индекс жилийн хугацаанд 7.3 (13.7%) пунктээр өсөж 60.7 болжээ. Харин ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеийн түвшингээс 1.8 (1.8%) пунктээр бага зэрэг буурч 98.7 болсон байна.
Хэрэглэгчийн итгэлийн индексийг илэрхийлж буй тоон утгын талаарх мэдээллийг судлаач Б.Соёлмаагаас тодруулахад “Хэрэглэгчийн итгэлийн индекс нь хэрэглэгчийн итгэлийг хэмждэг макро эдийн засгийн түрүүлэгч индекс. Хэмжихдээ өрхийн санхүү, ажлын байрны олдоц, бизнесийн нөхцөлийн хүлээлтээр хэмждэг. Харин эдгээр хүчин зүйлсийн хүлээлтэд юу нөлөөлөв гэдэг нь илүү өрхийн түвшний судалгаа болно. Тэгэхээр Хэрэглэгчийн итгэлийн индексийн мэдээллийг ашиглахдаа яагаад ирээдүйн бизнесийн нөхцөл болон өрхийн орлогын талаараа өрхүүд гутранги хүлээлттэй байгааг тодруулах гэхээсээ илүүтэй энэ нь цаашид бизнесийн байгууллагууд, бодлого боловсруулагчдад юу гэсэн дохио вэ гэдэг талаас нь харвал зүгээр. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 2016 оноос хойш өсөлттэй байсан хэдий ч 100 гэдэг утгандаа 2014 оноос хойш хүрээгүй гэдгийг энд дурдмаар байна. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 100 байгаа үед бид эдийн засаг хэвийн байна гэж үзнэ. 100-аас бага байгаа үед хэрэглэгчид гутранги байна гэж үзнэ. Тэгэхээр 2016 оноос хойш Хэрэглэгчийн итгэлийн индекс өсөж байгаа ч 100 буюу хэвийн түвшиндээ хараахан хүрээгүй л байна” гэж байсан.
Тэгэхээр 2019 оны гуравдугаар улирлын судалгаагаар Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 83.5 байгаа нь эдийн засаг хэвийн гэж үзэх 100 гэсэн утгаас доогуур байна.
АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ДУНДЖААР 2706 ТӨГРӨГ БАЙХААР ХҮЛЭЭНЭ
Мөн уг судалгаа валютын ханшийн хүлээлтийг танддаг гэдгийг эхэнд мэдээлсэн. Тэгвэл валютын ханшийн өөрчлөлтөд “Саарал жагсаалт”-ын мэдээлэл тодорхой хэмжээнд нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Санхүүгийн зах зээлийн итгэх итгэл мэдээлэлд их эмзэг гэсэн байр суурийг судлаач илэрхийлж байна. Уг судалгаа нь ханштай холбоотой судалгааг авахдаа иргэдээс мөнгөн хөрөнгөө ямар хэлбэрээр хадгалахыг илүүд үзэж байна вэ гэж асуудаг бөгөөд төгрөгт итгэх итгэлийг, ханшийн хүлээлтийг танддаг аж. Тэгвэл гуравдугаар улирлын байдлаар хэрэглэгчдийн 40.5 хувь нь ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханш өснө гэж үзэж байгаа бөгөөд ханшийн өсөлтийн хүлээлт нь жилийн өмнөх түвшинд байна. Хэрэглэгчид ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханшийг дунджаар 2706 төгрөг байна гэж хүлээж буй аж. Энэ нь гуравдугаар улирлын ам.долларын ханштай (2669.7 төгрөг) харьцуулахад 36.3 төгрөгөөр өндөр юм.
Өмнөх хоёрдугаар улирлын судалгаагаар мөнгөн хөрөнгөө төгрөгөөр байршуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн тоо буурч, гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн тооо өссөн үзүүлэлт байсан. 2018 оны гуравдугаар улиралд нийт хэрэглэгчдийн 49.3 хувь нь хөрөнгөө төгрөгөөр хадгалах нь зөв гэж үзэж байсан бол 2019 оны гуравдугаар улиралд 49.7 хувь нь ингэж үзэж байна. Харин гадаад валют хэлбэрээр хадгалах нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь гурван пунктээр өсөж, биет хөрөнгө болгох нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь 1.4 пунктээр буурсан бол бусад хэлбэрээр байршуулах нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь үл ялиг өсжээ.
ИРГЭД ТОМООХОН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЭСЭХЭЭ "МЭДЭХГҮЙ" БАЙНА
Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь тэд өөрсдийн цалин, орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй байгаагаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн байдал сайжрахын хирээр хэрэглэгчдийн итгэл дээшилбэл бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ. Харин эдийн засгийн байдал муудахын хирээр хэрэглэгчдийн итгэл буурвал хэрэглэгчид хэрэглээгээ багасгана. Монгол Улсад бусад орнуудын нэгэн адилаар хувийн хэрэглээний зардал ДНБ-ий хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хамгийн том худалдан авагч нь монголын нийт өрхүүд юм. ҮСХ-ны мэдээлснээр 2015 онд өрхийн хэрэглээ ДНБ-ий 58.9 хувийг эзэлж байна.
Тэгвэл гуравдугаар улирлын байдлаар харахад өрхүүд томоохон худалдан авалт хийхдээ харзнах байдалтай байна. Ер нь энэ нөхцөл байдал өмнөх улирлын судалгаагаар ч харагдаж байсан билээ. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид эрс өсөх үү, буурах уу гэдэг дээр тодорхой дүр зураг байхгүй бол том хэмжээний худалдан авалтаа харзнасан байдалтай болдог аж. Мөн өрхийн санхүүгийн байдлаа ирээдүйд муудна гэсэн хүлээлт давамгайлах нь худалдан авалтаа харзнахад нөлөөлнө гэж судлаач тайлбарлалаа.
Томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой юу гэдэг асуултад иргэд сүүлийн хоёр улирал дараалан МЭДЭХГҮЙ гэдэг хариулт маш их өгсөн аж. Уг нь судалгаанд хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь тохиромжтой эсвэл дийлэнх нь тохиромжгүй гэдэг хариултыг өгдөг бол сүүлийн хоёр улиралд дийлэнх нь мэдэхгүй гэж хариулжээ. Ер нь эдийн засаг сайжраад, хүмүүсийн худалдан авалт нэмэгдээд ирэхээр иргэд том худалдан авалт хийхэд тохиромжтой үе гэж их хариулдаг. Учир нь санхүү нь сайжирч байгаа, дээрээс нь цаашид үнэ өснө гэж хүлээж буй учраас яг одоо худалдан авах нь зөв гэж үздэг аж. Эдийн засаг муудаж буй үед эсрэгээрээ харзнасан байдалтай болдог гэсэн үг. Судалгаанаас харвал, ойрын зургаан сард удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах эрэлт буурах хандлагатай байна. Хамгийн их эрэлттэй байдаг томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт өмнөх оны мөн үеэс 5.4 пунктээр буурчээ. Мөн түүнчлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад автомашин, аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгийн эрэлтүүд бүгд буурсан үзүүлэлттэй байгаа юм.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ӨРХИЙН 24.8 ХУВЬ НЬ САНХҮҮГИЙН БАЙДЛАА МУУДСАН ГЭВ
Энэ оны гуравдугаар улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 24.8 хувь үзсэн бол 18.3 хувь нь сайжирсан гэж хариулжээ. Санхүүгийн байдлаа сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 3.5 пунктээр буурчээ.
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой үе гэж 18.3 хувь нь үзэж байхад 14 хувь нь тохиромжгүй үе гэж үзжээ. Тохиромжтой гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 1.7 пунктээр өсжээ. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс эрс өссөн байна.
Нийт хэрэглэгчдийн 15.5 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх хоёр оны мөн үетэй харьцуулахад 3 пунктээр буурч 2016 оны түвшинтэй ойролцоо болжээ.
Сэтгэгдэл ( 0 )