Оросоос гахайн мах импортлохыг зогсоогоогүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч С.Нямдоржоос гахайн махны импорт зогссон эсэх талаар тодрууллаа. 


-Гахайн мах, махан бүтээгдэхүүний импортод хориг тавьсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулъя?

-Гахайн мялзан өвчин БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Ази болон Европын хэд хэдэн оронд тархалт их байгаа. Хил дамнаж халдварлах магадлал өндөртэй учраас БНХАУ-аас гахайн мах, махан бүтээгдэхүүн, амьд гахайг импортлохыг түр хугацаагаар хориглосон байгаа. Энэ бүр өнгөрсөн оны шийдвэр. БНХАУ-аас 2018 оны арванхоёрдугаар сараас хойш гахайн мах импортоор оруулж ирээгүй. 2019 оны нэгдүгээр сард Монголд гахайн мялзан өвчин дэгдэж, гахайн мах махан бүтээгдэхүүнүүдийн худалдааг хязгаарласан. Одоогоор Монгол Улс зөвхөн ОХУ-аас гахайн мах импортолж байгаа. Польш улсаас авч байсан боловч Дарханы замтай холбоотойгоор орж ирэхээ больсон.

-Хориг хэзээ тавигдах вэ?

-Өвчний хоригт хугацаатай байдаггүй. Халдвартай хамгийн сүүлийн гахайг нядалснаас хойш тухай улс 12-24 сарын дараа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээллээ өгч, баталгаажуулж тус бүсийг эрүүл бүс гэж зарласны дараа хориг тавигддаг. 

-ОХУ-д гахайн мялзан өвчин бас тархсан шүү дээ?

-ОХУ-д гарсан гахайн мялзан өвчин Европын хэсэгт гарсан. Манайх Ази хэсгээс нь импортолж байгаа. Хоёрдугаарт, тус улсад гарсан гахайн мялзан нь зэрлэг бодон гахайд илэрсэн. Хэрвээ фермд гарсан бол хориг тавигдана.

-Хиам, хиаман бүтээгдэхүүнд хамаатай юу?

-Хиам, хиаман бүтээгдэхүүнд гахайн өөх, мах ордог. Тэр өөх, махыг ОХУ-аас болон Польш улсаас импортолсон гахайн махныхаа нөөцөөр хангадаг.

-Тэгэхээр одоогоор ямартай ч гахайн махны импорт тасраагүй, ойрын хугацаанд ч бүрмөсөн тасрахгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Хангамжийн тасрах үгүйг бид хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл гахайн мялзан өвчин хэзээ ч гарч болдог. Түр хоригийг хэзээ ч тавьж, цуцалж болно. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас долоо хоног болгон гоц халдварт өвчний талаар мэдээлдэг. Мэдээллийн дагуу аж ахуй, үйлдвэр, бүтээгдэхүүн дээр мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн байх юм бол хориг тавина.

-Солонгос хоолны газрууд ихэвчлэн гахайн махаар хоол хийдэг. Үүн дээр яаж хяналт тавьдаг вэ?

-Импортын мах махан бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг гурван янзаар тавьдаг. Нэгдүгээрт, импортын өмнөх хяналт шалгалт хийнэ. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортын мэдэгдэл олгохдоо Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын сайт руу орж, тухайн бүс нутаг өвчтэй байна уу, эрүүл байна уу, тухайн үйлдвэр шаардлага хангаж байна уу гэдэг дээр үнэлгээ хийж, эрсдэлийг хянан тогтоон, импортын мэдэгдэл олгодог. Хоёрдугаарт, импортлох үеийн хяналт. Үүнийг улсын хил дээр буюу нийслэлд байгаа 13 терминал дээр хийдэг. Бичиг баримтын хяналт болон биет үзлэг, лабораторийн шинжилгээ гэсэн үг. Гуравдугаарт, импортын дараах шинжилгээ хийнэ. Энэ нь хоолны газар, үйлчилгээний газар, худалдаан дээр дүүрэг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээж авч, шинжилгээнд хамруулдаг үе шат юм. Хоригийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьдаггүй. Мал эмнэлгийн ерөнхий газраас хориг тавьдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top