-Монгол хүмүүсийн биед архийг задалдаг пигмент дутмаг байдаг. Энэ хэмжээ нь ДЭМБ-ын гаргасан тоо хэмжээнээс дөрвөөс тав дахин бага учраас амархан донтох эрсдэлтэй-
Хоёр настай хүүгээ тэвэрсэн ээж ухаангүй болтлоо архи ууж байна. Уух уухдаа бяцхан хүү нь ханиад хүрээд, хатгаа авч, сэхээнд орчхоод байхад архи уух хүслээ барьж дийлээгүйн улмаас эмчилгээ хийлгэхгүй хүүгээ аваад эмнэлгээс зугтсан тохиолдол СЭМҮТ-ийн эмч нартай таарч байж. Энэ бол хүүгийн ээж архинд донтох эмгэгийн сүүлийн шат болох архийг хайж уудаг донтой болсны бодит жишээ. Ийм донтой хүнд архи ууснаас хойш 10 хонох юм уу сарын дараагаас уух сэдэл автоматаар төрдөг гэнэ. Энэ үед архи уучихвал тайвширч, санаа амардаг. Эцэстээ архигүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Архинд донтоход хүний сэтгэл зүй хүртэл өөрчлөгддөг жамтай аж. Ааш авир нь өөрчлөгдөж, аливааг хэт шүүмжлэх, хүүхдүүддээ ширүүн хандах гэх мэт байдал илэрдэг гэнэ. Энэ бол хүний сэтгэл зүйн архийг үгүйлээд байгаа нэг шинж. Цаашлаад бие махбодод нөлөөлж, нойргүйдэл үүснэ. Олон хоног нойргүй явсны дараа ядаргаа, сульдаа үүсч, эд эрхтэнд гэмтэл учруулдаг. Архинд донтсоноор та бүх төрлийн өвчин эмгэгийг өөртөө худалдаж авч байна гэсэн үг. Үүнээс хамгийн ноцтой гэмтэл нь тархинд нөлөөлдөг аж. Архи ууснаар тархины духны хэсгийг гэмтээж аливааг хайрлах, энэрэх, хүндлэх сэтгэл алдарч, хүсэл тэмүүлэл үгүй болдог хор хөнөөлтэй. Яван явсаар архинд донтсон хүнд юм бүхэн утга учиргүй, юу ч чухал биш болдог юм байна. 2000 онд Монголчуудын архинд донтсон байдлыг 2013 оны үетэй харьцуулахад 40 дахин өсжээ. Манай улсад 12 төрлийн сэтгэцийн эмгэг бүртгэлтэй байдгаас архинд донтолт нь нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд, ялангуяа архинд донтох эмгэгтэй иргэний гэр бүлийн гишүүдийн ирээдүйг тэр чигээр нь харанхуйлж мэдэх аюул учруулж байна.
Үүнээс гадна стрессын шалтгаант сэтгэцийн эмгэг буюу нойргүйдэх, айдас түгшүүр, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа, сэтгэл гутрал зэрэг эмгэг 10 дахин өсөөд байна. Тэр бүү хэл жилд 500 гаруй хүн амиа хорлож байна. Амиа хорлож байгаа хүмүүсийн 95 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс бол зөвхөн таван хувь нь сэтгэцийн эмгэгтэй буюу өвчнийхөө улмаас хий юм сонсох гэх мэт байдлаас шалтгаалж амиа хорлодог ажээ. Дэлхийн хэмжээнд дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт өртдөг юм байна. Бүхий л улс орны хувьд ихээр тулгамддаг асуудал нь сэтгэцийн эмгэг байдаг аж. Манай улсын хувьд ч гэсэн сэтгэцийн эмгэгт өртөж байгаа хүмүүсийн тоогоороо онц байдал зарлахуйц хэмжээнд хүрчээ. Энэ удаад архинд донтох эмгэгийн аюул заналын тухайд түлхүү мэдээлэл тодрууллаа.
Б.Энхчимэг: Архинд донтсон ганц л хүн байхад гэр бүлийг тэр чигээр нь хямраадаг
(СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн ерөнхий эрхлэгч)
-Манай нийгэмд хэдэн төрлийн донтолт байна вэ. Архинд донтох эмгэгийн хор нөлөө юу вэ?
-Архи, тамхи, мансууруулах бодис хүний уураг тархинд нөлөөлж, яваандаа эмгэг, дур бий болгоод тухайн бодисыг хэрэглэхгүй л бол тайван байж чаддаггүй. Үүнийг донтолт гэнэ. Донтох эмгэгийг хоёр ангилна. Химийн бодисын шалтгаантай донтох эмгэг нь архи, тамхи, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний газ, бензин зэрэг дэгдэмхий, ууршимтгай бодисууд, нойрсуулах төрлийн бодисын замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй. Зан үйлийн хүрээний донтолтод интернет, мурийтай тоглоом, цахим тоглоом, шашны дон, бэлгийн дон гэх мэтийг хамруулна. Зан үйлийн донтолт бага наснаас үүдэж, сэтгэлийн шалтгаантай хэрэгцээ шаардлагаа нөхөж чадалгүй хуримтлагдсаар эмгэг болох эрсдэлтэй. Жишээлбэл, сэтгэл санаагаа тайван байлгах үүднээс гар утасны тоглоом тоглож эхлээд яваандаа донтдог гэсэн үг. Мөн гэр бүлд нэг л хүн архины хамааралтай бол тухайн гэр бүлийн бүх гишүүнд ямар нэг хэмжээнд асуудал үүсч, эцэг, эхийн үр хүүхэддээ тавих анхаарал, хайр халамж эрчимтэй сулардаг. Улмаар архи уудаг хүнтэй нэгээс хоёр жил амьдарч байгаа гэр бүлийн бүх гишүүн стресс, хямралд ордог. Сэтгэл зүйн хэрэгцээнүүд хангагдахгүйн улмаас хүүхдүүд нь том болоод зан үйлийн хүрээний сэтгэцийн өвчтэй болох магадлал их. Стрессээ давж гарч чадахгүй хуримтлуулсаар биеэ даасан сэтгэцийн өвчин үүсдэг гэсэн үг.
-Архинд донтох эмгэг яаж илэрдэг вэ?
-Эхэн үедээ архинаас бие хараат болдог. Хэрэглэхгүй л бол биед нь ямар нэг зовиур илрээд, хэрэглэхэд түр хугацаанд тайвширсан мэдрэмж авдаг. Тайвширсан мэдрэмж авах тусмаа тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд дахин дахин хэрэглэх гэдэг. Хүмүүс “Би яахаа алдсан архичин биш” гэж ярьдаг ч найз нөхдийн уулзалт, төрсөн өдөр зэрэг баяр ёслол тэмдэглэх бүрт архийг хэтрүүлэн хэрэглэх, өөрийгөө барьж чадахгүй байхаас донтолт эхэлдэг. Архинд донтох өвчин гурван хүчин зүйлээс шалтгаалдаг. Монгол хүмүүст архийг задалдаг пигмент дутмаг байдаг. Энэ хэмжээ нь ДЭМБ-ын гаргасан тоо хэмжээнээс дөрвөөс тав дахин бага. Тиймээс монголчууд маш богино хугацаанд архинд донтох өвчтэй болдог. Мөн нээлттэй биш хүмүүс ганцаардах байдлаасаа болж архи ууж эхэлдэг бол нээлттэй хүмүүсийн хувьд найзархаг зан болон бусдын тусыг хариулж байна гэх мэт байдлаар уусаар архинд донтож эхэлдэг.
-Архи тархийг яаж гэмтээдэг юм бэ?
-Тархинд хэрэггүй бодисыг нэвтрүүлэхгүй байх хамгаалалтын систем бий. Тосонд уусдаг жижиг молекултой бодисууд шууд тархи руу нэвтэрч орж чаддаг. Ийм бодисуудад архи, тамхи, мансууруулах бодис багтдаг. Уураг тархи руу чөлөөтэй нэвтэрч, духны хэсэг гэмтсэнээр хүнийг адгууснаас ялгаж байдаг хайрлах, хүсэх, тэмүүлэх зэрэг байдал гэмтэнэ. Аяндаа ажил хийх, амьдралын төлөө зүтгэх ч сонирхолгүй болдог.
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ хэр үр дүнтэй вэ?
-Архинд донтох эмгэгийн эмчилгээний хамгийн том арга бол сэтгэл зүйн эмчилгээ буюу АНУ-аас гаралтай “Миннесота” эмчилгээг хийж байна. Бид архинд донтох асуудлаар өөртөө туслах төв, сайн дурын клуб байгуулаад 2000 гаруй хүний сэтгэл зүйг архины хамаарлаас гаргаж, эмчлээд байгаа. Тэнд архинд донтох эмгэгээс эдгэрсэн хүмүүс хичээл орж, санал бодлоо солилцдог нь их үр дүнтэй. Бүлгийн болон ганцаарчилсан “Миннесота” эмчилгээ архинаас гарах хамгийн үр дүнтэй арга юм. Хэвтэн эмчлүүлэхгүйгээр амбулаторийн нөхцөлд 10-15 хүнийг нэг анги болгоод сарын хугацаанд өдөр бүр гурваас дөрвөн цагийн сургалт танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг.
-Архины худалдааг багасгах гэх мэтээр бодлого талаасаа нийгэмдээ нөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүстэй 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Хуулиа чанд биелүүлэх хэрэгтэй. Архи, пивоны реклам, зар сурталчилгааг хүртэл ямар ч хяналтгүйгээр явуулж байна. Их хэмжээгээр, олон төрлөөр нь худалдан борлуулж байна. Архийг идээний дээж гэдэг ч хүмүүсийн хамаг амьдралыг устгаж байгаа. Үүнд нийгмийн асуудлууд мөн нөлөөлдөг. Сэтгэл гутарсан, стресст автсан ихэвчлэн ажилгүй хүн архи уудаг.
Фиона Нолан: Баян ядуугийн ялгаа ихтэй улсын иргэд сэтгэцийн асуудалд илүү өртдөг
(Флоренс Найтингейлийн сангийн Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн клиникийн профессор)
-Сэтгэцийн эрүүл мэндээрээ хамгийн сайн хамгаалагдсан улс аль вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалгүй иргэнтэй улс гэж байхгүй. Бүх улс оронд хамгийн их тулгамдсан асуудлын нэг нь сэтгэцийн өвчлөл. “Spirit level” гэх номонд бичсэнээр аливаа улс орны дотоодод баян, ядуугийн ялгаа их байх тусмаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өндөр байна гэсэн дүгнэлт бий. Жишээлбэл, АНУ-д баян, ядуугийн ялгаа асар их байдаг учраас сэтгэцийн эрүүл мэндийн асуудал газар авсан. Нөгөө талаар Швед Улсад баян, ядуугийн ялгаа бага учраас сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бага гэж хэлж болно.
О.Баатаржав: Нийт эмийн 75 хувийг шинэ сэтгэцэд нөлөөт эмээр хангаж байна
(СЭМҮТ-ийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал)
-Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсээд 90 жил боллоо. Сүүлийн 10 жилд сэтгэцийн эрүүл мэндийн салбар хэр хөгжиж байна вэ?
-СЭМҮТ-д 84 эмч, сэтгэцийн эрүүл мэндийн албанд 173 эмч ажиллаж, нийт орны тоо 570 болсон. Сүүлийн 10 жилд шинэ цогцолбор эмнэлэг, тоног төхөөрөмж, тавилга, автомашинд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлөөрөө өндөрт тооцогдох ОХУ-аас сэтгэл зүйн оношилгооны 45 тестийг нутагшуулж байна. Энэ тестээр хүний оюуны чадамж, зан төлөв, айдас, түгшүүр гэх мэт олон улсын сэтгэцийн тулгамдсан асуудлыг бүгдийг судлах боломжтой. Мөн сэтгэцийн эмгэгт хэрэглэдэг эм, тарианы чанар сайжирсан. Нийт эмийн 75 хувийг шинэ сэтгэцэд нөлөөт эмээр хангаж байна. Сүүлийн үед гарч байгаа эмнүүд гаж нөлөө багатай учраас нэвтрүүлснээр гэрээрээ эмчилгээ хийгээд хяналтад ороод явах боломж бүрдэнэ.
-Архинаас гарахын тулд лам дээр очих, янз бүрийн эм, тариа хэрэглэх гээд илүү хялбар аргыг хүмүүс сонгох юм. Яаж архины хамаарлаас бүрэн ангижрах вэ?
-Донтсон хүмүүсийг хүчээр архинаас гаргах, эмийн аргаар эмчлэх гэсэн ойлголт буруу. СЭМҮТ-ийн архинд донтох эмгэгийн эмчилгээ 70 хувьтай эдгэрдэг. Эдгэрээд буцаж архинд орсон хүн тун цөөхөн.
Сэтгэгдэл ( 0 )