ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт
(2019.11.11-15)
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барилаа.
2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 108 заалтын 40 гаруй хувийн хэрэгжилт хангалтгүй, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, өмчлөл сайжирч, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн хэрэглээний усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийн менежментийг зохицуулах байдал хэрэгжих боломжтой болно. Эцсийн дүнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах зэрэг үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна. 2019.11.11. http://www.parliament.mn/n/mmky
Улсын Их Хурал энэ ондоо багтааж Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаатай энэ удаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллав.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Сонгуулийн тухай хүлээсэн чиг үүрэг, 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах талаар хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан юм. УБЕГ-ын дарга Б.Баасандорж хаягийн асуудал сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад үндсэн мэдээлэл болдог. Иймээс хаягийн асуудлыг объектод суурилсан буюу газрын кадастрын мэдээллийн сан бий болгож, үүн дээрээ суурилж иргэний улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх ёстой гэлээ.
Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86 мянга орчим хаяг байдаг. Цаашид хаягийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, хаягийн сангийн асуудлыг цэгцэлж, холбогдох байгууллагуудаас бодит мэдээллийг сонсож, шийдлийг олох хэрэгтэй байгаа тухай ярьж байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягийн асуудлаар удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ.
Тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгуулиа өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй. 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой. Давхцаж болзошгүй иргэдийг тодорхойлж, эрсдэлийн бүлэг тогтоосон гэлээ. Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягаа харах, шалгадаг болсон. Зөрчил гарвал тус газарт мэдээлж, арилгуулах боломжтой гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт сонгууль бүрээр гардаг зөрчил дутагдлыг арилгахад анхаарч, санаачилгатай ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа албан бичгээр ирүүлэхийг сануулав. 2019.11.11. http://www.parliament.mn/n/xdky
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн барив. 2019.11.11. http://www.parliament.mn/n/x8ky
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 12 дугаөр сарын 03-ны өдрөөр тогтоох, сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцохыг зөвшөөрөх, сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор тусгасныг дэмжив. 2019.11.12. http://www.parliament.mn/n/ozky
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төслийн 1-д заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох тухай 2.1 дэх дэд заалт нэмэхийг дэмжлээ.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов. Мөн дэгийн хуулийн дагуу Байнгын хорооноос боловсруулсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Хуралдааны төгсгөлд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 2019.11.12. http://www.parliament.mn/n/ouky
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт дэвсгэр Баянхошууны хөтлийн гэр хорооллын айл өрхүүдийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамж нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг нээж, энэ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон дүүрэг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адил хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэ “Дэд бүтцийн төв” төсөл юм. Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг санаачилсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон нийслэлийн удирдлагуудтай ярилцаад, хотын утаа, төвлөрлийг сааруулах ажлын нэг нь байж болох юм гэж үзэж, эхлүүлж байсан энэ ажил өнөөдөр бодит ажил болжээ. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассаныг та бид бүгд харж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг ашигласнаар үр дүн гарч болохын илэрхийлэл нь сайжруулсан түлш болон энэ төсөл юм гэдгийг онцлов.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв.
Албаны хүмүүс нээлтийн ажиллагааны дараа төсөлд хамрагдсан айл өрхүүдээр орж, дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа, цэвэрлэх байгууламжтай танилцсан юм. Төслийн хүрээнд гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбосон төдийгүй эдгээр айлуудын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман технологийн цэвэрлэх байгууламжийг мөн барьж байгуулжээ. 2019.11.12. http://www.parliament.mn/n/o9ky
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хууль зүйн, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцсан юм.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталснаас хойш нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн 19 жилийн өмнөх хуулийн зохицуулалтаар хүний эрхийг хангаж, хамгаалах ажиллагааг явуулах боломжгүй болсон, Хүний эрхийн үндэсний комиссын эрх мэдлийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, чиг үүргийг тодорхой болгох, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг харгалзан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 2000 онд баталсан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль нь 6 бүлэг 23 зүйлтэй байсан бол хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 9 бүлэг 42 зүйлтэй байхаар боловсруулжээ. Хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хүний эрхийн үндэсний комисс нь нэг тэрбум төгрөг хүрэхгүй төсвөөр Монгол Улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ажлыг түрээсийн байранд 48 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэдэг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос уг зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай буюу "Хүний эрхийн үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжийг удаа дараа өгчээ. Иймээс төсвийн асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан зохицуулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг танилцуулгадаа дурдав. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хүний эрхийн байгууллагуудад тавигддаг олон улсын шаардлага, хэв загваруудын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн саналыг хэлж, асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. 2019.11.13. http://www.parliament.mn/n/t9ky
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Тус конвенц 6 бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулдаг аж. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын Холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын асуудлаар дэлхийн 130 гаруй улс оронтой мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 2019.11.13. http://www.parliament.mn/n/tuky
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Мөн уг асуудлыг зөвшилцөхийг хэлэлцээд дэмжсэн талаарх Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэж орох асуудал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл саарал жагсаалттай ямар ч холбоогүй. Зөвхөн татварын асуудалтай холбоотой. Одоогоор манай улс 26 оронтой татварын мэдээлэл солилцож байгаа бол энэ конвенцид нэгдсэнээр 130 гаруй улстай татварын мэдээллээ солилцож, мэдээлэл авдаг болно. Нөгөө талаар манай улс Европын Холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломж бүрдэх юм гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг олон талт конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. 2019.11.13. http://www.parliament.mn/n/1dky
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.
Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулга хийсэн юм. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг нь 2019 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 07, 08, 09, 11 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй 2 саналыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулж, уг саналыг Байнгын хорооны хуралдаанд оруулахыг ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнийг Байнгын хорооны дарга дурдав.
Ингээд Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураалгаэ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжив. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжив.
Дараа нь төслийн зарим зүйл, хэсэг, заалттай холбоотой найруулгын саналуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2019.11.13. http://www.parliament.mn/n/t5ky
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг, 2021 онд 3 их наяд 93.4 тэрбум төгрөг, 2022 онд 2 их наяд 975.5 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2020 онд 22 их наяд 89.1 тэрбум төгрөг, 2021 онд 22 их наяд 910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23 их наяд 869.2 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгасныг дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлав. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусгасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98 тэрбум 700.0 сая төгрөгөөр, мөн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон байна.
Мөн Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5 тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг төсөл, арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй нь уялдуулан, мөн төсвийн төлөвлөлтийг сайжруулах үүднээс нийт 126 тэрбум 315.3 сая төгрөгөөр бууруулахаар болжээ. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 2020 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 4 их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг 2020 онд 1 их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.
Ингээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдааныг даргалагч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, тус бүрээр нь санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг эцэслэн баталлаа.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт асуух, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төслийг батлав. 2019.11.13. http://www.parliament.mn/n/1mky
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тус Байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 11 дүгээр сарын 13-ны өдрүүдийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт оруулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа, шалгууртай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2 дугаар зүйлийг төслөөс хасах, мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба- Очир, О.Содбилэг нар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлэнэ" гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.
Байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн агуулга бүхий 1, 2 дахь өгүүлбэр нэмсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн зүйл нэмэх санал гаргажээ.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт, тайлбар авсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн, баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ” гэж төсөлд нэмэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс хуралдаан даргалагч төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа бусад аймгийн төвийг хот болгох, тосгодын асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр оруулж ирэх чиглэлийг Байнгын хороонд өгөв.
Мөн төсөлд “Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна” гэсэн агуулгатай зүйл нэмэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авч чадсангүй. Түүнчлэн “Улсын Их Хурлын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна” гэж нэмэх санал ч дэмжигдсэнгүй. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 2019.11.14. http://www.parliament.mn/n/1uky
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад гардуулж өгсөн юм.
Иргэний нийгмийн 50 гаруй залуучуудын байгууллага эвлэлдэн нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжин өнгөрсөн 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяныг өрнүүлжээ. Уг аяны хүрээнд олон нийтэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг өгч, ялангуяа залуучуудын дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг нь хандуулах чиглэлд түлхүү ажилласан байна.
Мөн цахим мэдээллийн орчныг эерэг хандлагаар “Нэр, нүүртэй цахим нийгэм”-ийг бий болгохыг зорьж, иргэдийн саналыг авахдаа технологийн шинэлэг шийдлийг ашиглаж, регистрийн дугаар, овог, нэртэй нь бүртгэж авчээ. Энэ цахим аяны санал асуулгад 293 хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн агаад иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт залуучуудын төлөөлөл эвлэлдэн нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрсдийн дуу хоолойг хүргэж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогод залуусын оролцоо хэрэгтэй байгаа. Залуучууд нийгмийн идэвхтэй байж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж олон кампанит ажлыг зохион байгуулсанд баяртай байна. Улс орны хөгжлийн төлөө төрийн бодлого шийдвэрт байгаа алдаа дутагдлаа засаж, залруулах үүднээс энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа. Сүүлийн гурван парламент дамжиж яригдсан, эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд үндэслэсэн, иргэд, улс төрийн намуудын саналыг тусгасан төслийг хэлэлцэж байгааг хэлмээр байна” гээд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлов. 2019.11.14. http://www.parliament.mn/n/19ky
Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын даргад хандаж ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өгөв. “Хариу өгөх тухай” уг албан бичигт:
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг томилох саналыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарна гэж зохицуулсан байна.
Үндсэн хуулийн дээрх заалтад нийцүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал өөрөө, эсхүл Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их хурал тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан.
Энэхүү тогтоолын төслийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр эцсийнх байх бөгөөд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах эрхгүй байна.
Хоёр. Танай хөдөлгөөнөөс санаачлан “Улсын Их Хурал тарах, бүрэн эрх шилжих тухай” хуулийн төслийг боловсруулан ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхийг эдлэх бөгөөд хууль санаачлагч холбогдох хуулийн төслийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх журамтай.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлан, уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно гэж заажээ. Иймд дээрх хуулиудад заасан эрх бүхий субъектүүд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.
Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 2019.11.14 http://www.parliament.mn/n/1zky
Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй зарим саналын томьёолол гаргасныг хэлэлцэж дэмжив.
Ингээд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, хуулийн төслийг батлуулахаар тогтов. 2019.11.14. http://www.parliament.mn/n/uzky
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 09 дүгээр сарын 04, 05, 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь тогтсон тул Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолыг баталсан.
Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Ингэснээр Улсын Их Хурал төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон УИХ-ын тогтоолыг баталсан гээд энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж өгөхийг гишүүдээс хүслээ.
Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын 15 гишүүн асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга С.Бямбацогт, төсөл санаачлагч гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан болон ажлын хэсгийн зарим гишүүд хариулт өгөв. Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн ахлагч доктор О.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, УБХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар нэмэлт тайлбар өгсөн юм.
Ингээд Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулах үед гишүүд саналын томьёоллуудтай холбогдуулан асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Эхлээд ажлын хэсгээс зөвшилцөн оруулж ирснийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэх саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 61 нь буюу 88.4 хувь нь дэмжив. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэх санал дэмжигдлээ.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 41 нь буюу 59.4 хувь нь дэмжиж, энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авч чадсангүй. Зөвшилцлийн хүрээнд АН-аас тавьсан энэ санал дэмжигдээгүйтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат үг хэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт АН анхнаас нь дэмжиж, өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилтэй оролцож ирсэн. Гэвч зөвшилцлийн хүрээнд АН-аас тавьсан зарчмын гурван саналын хоёр нь унасанд харамсаж байна гээд УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн цаашдын хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд хуралдааныг орхилоо. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар үг хэлээд хуралдааныг орхиж гарав.
Дараа нь төслийн зарим зүйл, хэсэг, заалттай холбоотой найруулгын саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан юм. Тухайлбал, улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөхийг гишүүдийн 93.8 хувь нь, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэх саналыг 95.9 хувь нь дэмжив.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж өөрчлөхийг 98.4 хувь нь, төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот; тосгоны” гэснийг “хотын, түүнчлэн тосгоны” гэж өөрчлөхийг 92.1 хувь нь, төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тойргийн” гэсний өмнө “шүүхийг” гэж нэмэх саналыг гишүүдийн 96.8 хувь нь дэмжив.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалгаж дууссаны дараа УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь уншиж сонсгов.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо гээд ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа гээд төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад талархлаа илэрхийлэв.
Мөн энэ үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан УИХ-ын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.
УИХ-ын даргыг үг хэлсний дараа хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, УИХ-ын гишүүд, хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд, зочид төлөөлөгчид, Тамгын газрын удирдлагууд болон ажилтнууд босож хүндэтгэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нэгэн адил хүчинтэй байх аж. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заажээ.
Харин төслийн 2 дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ гэж заажээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь (Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна) хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна. 2019.11.14. http://www.parliament.mn/n/uxky
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсантай холбогдуулан нийт ард түмэндээ хандаж үг хэлэв.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо.
Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн байна.
Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм.
Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа гээд төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархал илэрхийлэв.
Мөн энэхүү үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан УИХ-ын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүллээ.
УИХ-ын дарга цааш хэлэхдээ, бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.
Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно.
Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн онцлов. 2019.11.14. http://www.parliament.mn/n/umky
УИХ-ын даргад хандаж Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн.
Тиймээс УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр Монголын үндэсний фронт хөдөлгөөн байрлаж буй МҮЭ-ийн байранд очиход тэд УИХ-ын даргатай биечлэн уулзаж, хариуг авна гээд шаардлагад хариу өгсөн албан бичгийг хүлээж авахгүй гэв.
УИХ-ын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай дурдсан байна. Түүнчлэн уг хариу бичигт Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ.
УИХ-ын даргаас хөдөлгөөний удирдлагын шаардлагад хариу өгсөн албан бичгийг гардуулахаар очсоныхоо дараа УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байгааг хэлээд Үндсэн хуулийн бус хүрээнд өрнөж буй асуудлаар УИХ-ын дарга биечлэн хүлээж авч уулзах нь хууль ёсны мэтээр ойлгогдох, тайлбарлагдах байдал үүсэж болзошгүйг тэмдэглэлээ. Тэрбээр мөн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд байх юм бол иргэн хүн эрхээ хамгаалахаар шаардлага тавих, хариуцлага тооцохыг шаардах, эсэргүүцэх, шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх нь хэзээд нээлттэй хэмээн тэмдэглэсэн” гэжээ. 2019.11.15. http://www.parliament.mn/n/u9ky
УИХ-ын даргад хандаж “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагын хариуг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулж өгөв.
УИХ-ын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу өгөх тухай 1/12292 тоот албан бичигтээ “Танай штабаас Улсын Их Хуралд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагатай танилцлаа. Улсын Их Хурал тарах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр тодорхой зохицуулсан.
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргадаг. Танай шаардлагын дагуу УИХ-ын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох юм” гэжээ. 2019.11.15. http://www.parliament.mn/n/u9ky
Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгээс хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, эцэслэн баталсныг мэдээллийн эхэнд онцлов.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөснийг тэрбээр дурдаад, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсны эцэст 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсныг дахин тодотгов. Мөн УИХ-ын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг өндөр босготой энэхүү хуулийг батлахын өмнө сүүлийн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэний эцэст хуулиа баталлаа гэдгийг онцлов.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон гэдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан зарим зүйл, заалтуудын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга онцлоод энэ үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь арл түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэсэн зарчмын шинжтэй маш чухал заалтууд оруулсныг Байнгын хорооны дарга тэмдэглэлээ.
Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт орууллаа. Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан гээд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах тухай заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгчээ. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасныг дурдаад, үүнтэй нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батална хэмээн тодотголоо.
УИХ-ын сонгуулийг журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглосон нь чухал заалт болсныг тэрбээр мөн онцлов.
Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрх болгож заасан нь онцлох өөрчлөлтийн нэг гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тодотгож байлаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн зааж өгснөөр ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн бодлого тогтвортой байх бололцоог бий болголоо. Мөн УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно, харин ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэдгийг Үндсэн хуульд суулгаж өгсөн нь нэг чухал дэвшил гэдгийг онцлов.
Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор зохицуулсан. Түүнчлэн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар нэмэгдүүлсэн, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах зэрэг чухал заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж батлагдсаныг онцолж байлаа.
Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгах, хууль зөрчихгүй байх, өргөсөн тангарагтаа үнэнч байхтай холбоотой чухал заалтуудыг Үндсэн хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, УИХ-аар томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт оруулсныг онцоллоо.
Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаж, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог бий болгох тодорхой зохицуулалтуудыг бий болгосон.
Төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг шийдэж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал шийдэл болсон гэдгийг тэрбээр тодотгож байлаа. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж зааж оруулсан. Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр болж байгаа гэдгийг хэллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тодорхой зохицуулалтуудыг оруулж өглөө. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтлахаар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар зааж өгсөн.
Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр заасныг дурдав.
Мэдээллийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын дэд хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 2019.11.15. http://www.parliament.mn/n/w8ky
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )