“Чингис хаан” нисэх онгоцны буудлын замын эсрэг талын “Буянт Ухаа I” хорооллын буудал дээр хотын төвийн сургуулиуд руу чиглэлтэй хэд хэдэн сургуулийн автобус ирэх хуваарьтай байлаа. Үүрийн 06.30 цагт “Сутайн буянт” компанийн С:9 чиглэлийн автобусны жолооч Л.Сунгарав ирлээ. Түүний дараа “Эрдэм транс” компанийн С:8A чиглэлийн автобус 06.50 цагаас хөдөллөө. С:8A чиглэл гэдэг нь Тээврийн товчоонд байрлах VI сургууль, Циркийн ойролцоох 31 дүгээр сургуульд хүрэх юм. Зогсоолоос хөдлөөд гурван буудал өнгөрсөн боловч тухайн чиглэлд зорчих сурагч байсангүй. Тиймээс дөрөв дэх буудал дээрээс нь Нисэхийн 118 дугаар сургуулийн сурагчийг суулгаж, хүргэж өглөө. Цааш яармаг хүртэл явсан ч хүүхэд суусангүй. Яармагийн Нэгдүгээр буудлаас түгжрэлд саатаж эхэллээ. Энэ хугацаанд автобусны жолооч Ц.Бат-Эрдэнээс сэтгэгдлийг асуухад “Автобус баазийн жолооч болоод тав орчим жил болж байна. “Эрдэм транс” компани сар сардаа тойргоор үйлчилгээнд явдаг. Яармагийн чиглэл түгжрэл ихтэй. Өдөрт зургаагаас долоон рейс хийдэг. Нэг талдаа цаг орчим явна. Сургуулийн автобусанд явах жолооч нарыг компаниас хуваарилсан. Айлын жаахан хүүхдүүд автобус хүлээн, чихэлдэж явна гэдэг хэцүү. Тиймээс асуудлыг бага ч болов шийдэж байгаа нь сайн үйл. Өнөөдөр эхний өдөр учраас хүүхдүүд мэдээгүй бололтой. Тав тухтай, тохьтой үйлчилгээ үзүүлэхийг хичээж байна. Шар өнгийн наалт, хаяг, GPS гээд суурьлуулсан. Хуваарийн дагуу 07.50 цагт сүүлийн сургууль дээр очих ёстой. Гэтэл замын түгжрэлд цагтаа очиж чадахгүйн бололтой. Яармагийн Англи сургууль гэх мэт сургуулиудын орчимд хувийн машинтай хүмүүс нэгдүгээр эгнээг хааж зогсдог. Нэгдүгээр эгнээг хааснаар нийтийн тээвэр буудалдаа гүйцэд орж чаддаггүй гээд л хүндрэл үүсдэг. Бодит асуудлаа тооцож сургуулийн автобусны ирж очих цагийг зохицуулах хэрэгтэй” гэсэн юм.
Нийт 29 сургуулийг зорих 40 хүүхдийн автобусанд тав хүртэлх ангийн сурагч үнэгүй зорчино. 40 автобуснаас хотын захын сургуульд 16, төвийн сургуульд 24 нь үйлчилгээнд явж байна
Ер нь сургуулийн автобусыг явах чиглэлийн дагуу дөрвөөс зургаан буудал дээр зогсоохоор төлөвлөсөн боловч эхний өдөр жолооч нар хангалттай хүүхэд суулгахын тулд буудал бүрт шахуу зогсоно. Түгжрэлд миний суусан автобусны хойно урд ч мөн сургуулийн автобус ойртон ирлээ. Харж байгаад хамгийн олон хүүхэд суусан С:9 чиглэлийн автобусанд суулаа. Жолооч Л.Сунгарав Буянт-Ухаагаас 06.30 цагт хөдлөх ёстой байсан боловч нийслэлийн Боловсролын газраас шаардсаны дагуу 06.50 цагт хөдөлсөн байна. Учир шалтгааныг Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоос лавлахад “Өглөө 06.30 цагаас автобус хөдлөх маршруттай байсан боловч хичээл нь 08.00 цагаас ордог хүүхэд 06.30-аас өмнө босож, автобусанд сууж чадах уу гэдэг эргэлзээтэй. Эхний өдөр учраас зарим хүүхэд мэдээгүй, зарим нь автобусандаа хаанаас яаж суухаа мэдэхгүй байна. Бид сургуулийн автобусанд суугаад буудал бүр дээр хаашаа явахыг зарлаж явлаа. Хүүхэд, эцэг, эхчүүд сургуулийн автобусны үйлчилгээнд сэтгэл ханамжтай байна. Ер нь сургуулийн нийгмийн ажилтан автобусанд хяналт тавьж явна. Эцэг, эхийн хувьд хүүхдээ гэрийнхээ автобусны буудал хүртэл хүргэж өгөх, тосож авах үүрэгтэй” гэлээ. Нисэх, Яармаг орчмоос автобусандаа суусан найман сурагч Таван богдын буудал дээрх 75 дугаар сургууль, Механик инженерийн сургуулийн буудал дээрх 18 дугаар сургууль, Жаргалант төвийн буудал дээрх 15 дугаар сургууль, Дунд голын нэгдүгээр буудал дээрх 52 дугаар сургуульд тус бүр хуваагдана очлоо. Хамгийн сүүлийн сургуулийн сурагчид хичээлээсээ 20 минутаар хоцорч ирсэн юм. Энэ талаар жолооч Л.Сунгарав “Автобус баазаасаа өглөө 05.50 цагаас гараад 06.30 цагт “Буянт Ухаа”-д ирсэн. Энэ хавьд замын ачаалал их учраас хүүхдүүд бага сууж байна. Би Дүнжингарав I хорооллын “49” чиглэлийн автобусанд үйлчилгээнд явдаг. 16 жил жолооч хийж байна. Ганцхан сургуулийн автобус замын ачааллыг бууруулахгүй. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт л түгжрэлд их нөлөөлдөг гэж боддог. Автомашинаа нэгдүгээр эгнээнд албаар байршуулаад нийтийн тээврийг эгнээ рүү оруулахгүй шахах гэх мэт бүдүүлэг үйлдлүүдийг гаргадаг жолоочид байдаг. Ялангуяа “Модны 2”-ын голын зам хоёрхон урсгалтай байтал нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулчихаад санаа зовохгүй хоол идээд алга болчихдог жолооч ч бий” хэмээн жолооч нарын хувьд хамгийн их тулгамддаг түгжрэл болон сургуулийн автобусны үйлчилгээний талаар саналаа хуваалцлаа.
СУРАГЧИД: ОЛОН ХҮНТЭЙ АВТОБУСАНД СУУДАЛГҮЙ ЗОРЧИХ ХЭЦҮҮ.
ТҮГЖРЭЛИЙГ ТООЦООД НЭГ ЦАГ 30 МИНУТЫН ӨМНӨ Ч ГЭРЭЭСЭЭ ГАРДАГ
Хоцролтыг эс тооцвол сурагчид сургуулийн автобусанд сууж яваадаа сэтгэл ханамжтай байлаа. 75 дугаар сургуулийн Х ангийн сурагч Т.Ариунгоо “Яармагийн хоёрдугаар буудлаас суусан. Нэгдүгээр ангийн дүүтэй. Өглөө автобус битүү хүнтэй байдаг учраас дүүгээ авч явахад хэцүү байдаг. Тэр бүү хэл заримдаа буудал дээрээ бууж амждаггүй. Автобус долоон минутын зайтай ирдэг гэдэг боловч 15-20 минут хүлээдэг. Түгжирдэг. Заримдаа хичээлээсээ хоцордог. Би сургуулийн автобус явна гэдгийг мэдээгүй. 08.00 цагийн хичээлд очихийн тулд 06.30 цагаас өмнө босоод 06.50-д гэрээсээ гараад 10 минут алхаж автобусны буудал дээр очдог. Цас орсон үед түгжрэл ихэсдэг. Автобус буудал дээрээ ирэхгүй удах зэргийг тооцож хичээлдээ явдаг. Сургуулийн автобусанд нэгдүгээр ангийн дүү маань сууж явах боломжтой болох нь ээ” гэсэн юм.
Сургуулийн автобусанд хоёроос тавдугаар ангийн сурагчдыг үнэ төлбөргүй зорчуулах бөгөөд эхний өдөр XII анги хүртэлх сурагчдыг ч суулгалаа. Мөн Нийтийн тээв-рийн үйлчилгээний газар, нийслэлийн Боловсролын газар, сургуулийн нийгмийн ажилтан, автобус компаниас хяналтын ажилтнууд сургуулийн автобусны эхлэх цэгээс зогсох цэг хүртэлх нөхцөл байдлыг ажиглаж хамт явсан юм. 18 дугаар сургуулийн V ангийн сурагч Б.Доржсүрэн “Би Яармагийн Эмнэлгийн буудлаас хотын төв рүү сургуульдаа явдаг. Өглөө 07.10 цагт автобусанд суудаг. Автобусанд суухад суудал олдохгүй. Олон том хүн дунд заримдаа амьсгалахад ч хэцүү байдаг. Сургуулийн автобусанд суудал дээр суугаад гоё байна” гэлээ. Хичээлийн цагаасаа 20 минутаар хоцорч хүргэгдсэн 52 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Б.Эгшиглэн хоцорсондоо санаа зовж байсан боловч сургуулийн захирал, нийгмийн ажилтан нь сургуулийн автобусны үйлчилгээг дэмжиж байгаа учраас автобусны буудлаас тосож авлаа. Б.Эгшиглэнг өглөө эрт аав нь сургуулийн автобусанд хүргэж өгчээ. Тэрбээр Нисэхийн 118 дугаар сургуулийн буудлаас 06.40 цагт автобусанд сууж явдаг байна. Мөн 52 дугаар сургуулийн хоёдугаар ангийн сурагч охиныг ээж нь захиж автобусанд суулгажээ. Тэр охиныг ээж, аав нь үргэлж хичээлд нь хүргэж өгдөг байжээ. “Сургуулийн автобусны үйлчилгээ таалагдвал охиноо суулгаж байна” гэж ээж нь жолоочид хэлсэн гэнэ. Жаахан охин цаг гаруй автобусанд сууж явахдаа нойрмоглож, үүрэглэнэ. “Буянт Ухаа I” хороолол, Нисэх, Яармаг орчмоос хотын төв рүү сургуульдаа явдаг олон сурагчийн төлөөлөл тэд юм. Тэд ихэвчлэн хичээл орохоос нэг цаг 20 минутын өмнө гэрээсээ гардаг, томчуудтай хамт нийтийн тээвэрт шахцалдаж, суух суудал ч хүрэлцдэггүй гээд асуудлуудтай тулгардаг. VIVA CITY хороолол, Яармагийн орчим дахь хувийн сургуулиудын ойролцоо түгжрэл үүсдэг. Цаашлаад Эрэлийн буудлаас Таван богд компани хүртэл машин явахгүйгээр хэдэн минутаар ч хамаагүй гацаад зогсоно. Хэдэн цагаас ажил, сургуульдаа очихоо таамаглахад хэцүү өдрүүдийг иргэд бид, ялангуяа улсын ирээдүй болсон балчир үрс маань туулсаар байх уу. Эдгээр асуудлыг шийдэх нэгэн гарцыг сургуулийн автобус хэмээн нийслэлийн удирдлагууд үзэж, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 29 сургуулийн 33 чиглэлд 40 хүүхдийн автобусыг үйлчилгээнд гаргаж байгаа нь энэ.
45 ХҮНИЙ БАГТААМЖТАЙ 40 АВТОБУСАНД 3000 ХҮҮХДИЙГ ТЭЭВЭРЛЭХ ҮҮ
Аль 2012 оноос л сургуулийн автобусны асуудал яригдаж, жилд гурван сургуульд гурван ширхэг автобус төсөвлөдөг болоод хэдэн жил өнгөрсөн. Гэсэн хэдий ч нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусны стандарт, шаардлагыг хангасан ердөө 113-хан автобус үйлчилгээнд явж байсан билээ. Энэ тоо 40 автобусаар нэмэгдлээ. Гэхдээ эдгээр автобусны стандартын хувьд хүүхдийн автобуснаас арай өөр. Өөрөөр хэлбэл, өмнө нь үйлчилгээнд явж байсан 45 хүний суудалтай том оврын автобус юм. Үйлчилгээний чанар, стандартын тухайд нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Отгонсүрэн “Автобуснуудыг хаягжуулж, хяналтын төхөөрөмж суурилуулж, техникийн аюулгүй байдлыг хангасан. Хамгийн том дэвшил гэвэл GPS-ээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой болж байгаа юм. Хүүхэд нь хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэдгийг алсаас эцэг, эх хянах боломжтой” гэсэн юм. Ингээд 45 хүний багтаамжтай 40 автобус гурван ээлжээр хүүхдийг тээвэрлэнэ. Өглөө найман цагаас өмнө зайдуу хорооллын эцсийн буудлаас эхлэн сурагчдыг суулгаад сургуульд нь хүргэж өгнө. Сургуулиас автобус хөдлөөд үдийн 12.00 цагийн үед дахин эцсийн буудалдаа ирж хүүхдүүдээ зөөнө. Зөөж ирээд оройн 17.00 цаг өнгөрч байхад сургуулиудаас хүүхдүүдийг суулгаад гэрт нь хүргэж өгнө гэсэн гурван ээлжээр сурагчдыг тээвэрлэх юм. Сургуулийн автобусны эрэлт, хэрэгцээ, аль сургууль дээр нөхцөл байдал ямар байгаа талаар судалгааг голлон гаргаж байгаа байгууллага нь нийслэлийн Боловсролын газар юм. Тэдний үзэж буйгаар алслагдсан, гэр хорооллын, сургуульдаа явж, очиход хүндрэл ихтэй сургуулиудын сурагчдад сургуулийн автобус түлхүү хэрэгтэй. Гэсэн хэдий ч бага ангийн хүүхдээ сургуульд нь хүргэхээр төв рүү хувийн унаагаар зорчигчид олон. Эдгээрийг тооцоод уг 40 автобуснаас хотын захын сургуульд 16, төвийн сургуульд 24 сургуулийн автобус үйлчилгээнд явж байна. Энэ тоо хотын захын хорооллууд тэр тусмаа ганцхан сургуультай олон хүн амтай хороо, нэг цагийн зайтай газарт 10 км газарт ч алхаж сургуульдаа очдог, гэр нь замаасаа хол айлуудын хүүхдэд хүртээмтэй байж чадах уу. Автобусанд суугаад сургуульдаа очих боломжтой нэгэн нь байхад автобусанд суудаггүй алхаж явдаг балчир үрсээ яах вэ. Ялангуяа хальтиргаа гулгаатай гудам, золбин ноход хаанаас ч гарч ирж айлгаж мэдэх гудмуудаар хичээлдээ явдаг сурагчдыг яах вэ. Энэ асуудлаа ч гэсэн бодолцож, сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж итгэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Алслагдсан хороо, дүүргүүдээс хичээлдээ явдаг, цаг алхаж автобусны буудалдаа хүрдэг, гэрээс гараад хоёр цаг явж байж сургуульдаа ирдэг хүүхдүүд байна. Тиймээс цаашдаа автобуснуудад парк шинэчлэл хийж, зориулалтын сургуулийн автобус болгож үйлчилгээнд гаргана. Тоог нь нэмнэ. Сургуулийн автобусны гол ач холбогдол нь нэгдүгээрт, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангана. Хоёрдугаарт, эцэг, эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх болон орлоготой байх талаас нь хэрэгтэй. Гуравдугаарт, замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна. Сургуулийн автобусаар үйлчлэх зардлыг хотоос хариуцаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бид эхлэл болгож 3000 орчим хүүхдэд үйлчилж байна. Цаашид нарийвчлан судлаад, 2020 оны эхээр бүрэн хэмжээгээр хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна” гэсэн билээ. Үнэхээр 3000 хүүхдэд үйлчилж чадаж байна уу гэдгийг ч хэсэг хугацааны дараа эргэн харна биз ээ.
Мөн “Цаашид сургуулийн автобусны үйлчилгээ иргэдэд таалагдаж, хотын удирдлагууд дэмжвэл аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийтийн тээврийн тоог нэмэх боломжтой. Автобусны компани, эцэг эх, сургууль, жолооч нар хоорондоо ярьж хэлэлцэж илүү хүртээмжтэй үйлчилгээг бий болгох нь зүйтэй” гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар хэлж байна. Хотын захирагч сургуулийн автобуснаас гадна нийтийн тээврээр зорчиж иргэдтэй уулзахдаа хүсэлтийг нь сонсож, хүндрэлтэй асуудлуудыг шийднэ гэдгээ хэлсэн. Иргэдийн хувьд автобусанд зорчиход өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, автобусыг гадаа удаан хүлээж зогсдог, смарт карт цэнэглэх цэгүүд хүрэлцээгүй, зарим чиглэлийн автобусанд багталцдаггүй гээд асуудал их. Тиймээс Улаанбаатар хотын Захирагч нийтийн тээврийн асуудлаар сурагч багачууд болон иргэддээ хэлсэн амлалтуудаа мартахгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )