Хүүг бууруулахын тулд суурь шалтгаануудтай нь ноцолд

2019 оны 11 сарын 18

Хэн хүний анхаарлын төвд байдаг сэдэв бол зээлийн хүү. Тэгвэл 2019 оны гуравдугаар  улирлын байдлаар зээлийн хүү 16.7 хувь, хадгаламжийн хүү 11.4 хувь байна. Тэгэхээр 2016 оны хоёрдугаар  улирлаас буулгасан бодлогын хүүгийн  нөлөөгөөр зээл болон хадгаламжийн хүү аажмаар буурч байгааг эндээс харж болно.  

Тодруулбал, сүүлийн  хоёр жилийн хугацаанд зээлийн хүү 3.2 нэгж хувиар, хадгаламжийн хүү 1.5 нэгж хувиар буурчээ. Монголбанкны зүгээс цаашид бодлогын хүү өсөх орон зай байхгүй гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Энэ нь цаашид иргэд, байгууллагын зээлийн хүү ч дагаад өсөхөөр нөхцөл байдал бүрдэж байна гэж Монголын банкны холбоо үзэж байна. Бодлогын хүү хэдий хугацааны дараа өсөх нь хүлээгдэж буй инфляц, ам.долларын ханшийн өөрчлөлтөөс шалтгаална гэж тайлбарлаж байгаа юм.

Дашрамд дурдахад, зээлийн хүүгийн түвшинг бууруулахын тулд хадгаламжийн хүүгээ л бууруулчих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэх эдийн засагчид цөөнгүй. Мөн  улстөрчдийн зүгээс зээлийн хүүд хязгаар тогтоох тухай асуудлыг дэвшүүлж, хуулийн төсөл нь хэлэлцэх шатандаа яваа.

Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болдоо энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ  “Захиргаадалтаар хүүнд тааз тогтооно гэдэг нь өнөөгийн инфляцын 8 хувь, төгрөгийн ханшийн 10 хувийн сулрал, улс төр эдийн засгийн эрсдэлийг “байхгүй бол” гэж муйхраар тушааж байгаатай агаар нэг эмгэнэлтэй явдал юм. Зээлийн хүүг хүчээр буулгах нь хадгаламжтай хүний мөнгийг хямд аваад мөнгөгүй хүнд хямд өгөх гэж байгаа хэрэг мөн. Хадгаламжтай хүн мөнгөө бодитоос бага хүүтэй хадгалуулчихаа л байчихна. Мөнгөө банкнаас татахаа бодно, мөнгө хомстоно, зээлийн хүү өснө. Банкин дахь хадгаламж гадагшилж, зээлийн эх үүсвэрийн хомсдол хурцадна. Бичил, жижиг зээл, хэрэглээний зээл хумигдсанаар том компаниудын борлуулалт буурна. Ажилгүйдэл нэмэгдэнэ” гэж хэлж байсан.

Харин ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер хэлэхдээ “Зээлийн хүүгийн дээд хязгаар гэдэг нь зээлдэгчийн зээллэгийн зардлыг бууруулах, тэдгээрийг мөнгө хүүлэлтээс хамгаалах зорилгоор зээлийн хүүд дээд хязгаар тогтоох явдал юм. Зээлийн хүүгийн түвшинд ийнхүү хяналт тавих тухай асуудал дэвшүүлж байгаа нь зарим талаараа ойлгохоор зүйл. Гэхдээ олон улсын туршлагаас харахад хүүгийн дээд хязгаар тогтоох нь ихэвчлэн сайнаас илүү хор хохирол учруулдаг гэж үздэг...  Банкны зээлийн дундаж хүүгийн түвшин Монгол Улсад гарцаагүй өндөр байна. Инфляцын тохируулгыг тооцож үзвэл төгрөгийн зээлийн хүүгийн дундаж хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд 10 хувьтай байсан. Тиймээс бодлого боловсруулагчид хүүгийн түвшинг бууруулах арга замыг хайж олох нь зүй ёсны хэрэг юм. Гэвч өндөр өртөгтэй сөрөг үр дагавар бүхий зээлийн хүүгийн дээд хязгаарыг ашиглахын оронд хүүгийн түвшин өндөр байгаад нөлөөлж буй суурь шалтгаануудыг шийдвэрлэх нь чухал. Одоогоор зээлийн хүү өндөр байгаа хэдий ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд зээлийн хэмжээ 25 хувиар өссөн нь өндөр үзүүлэлт юм. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хүндрэлийг бий болгосон. Өрхүүд хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хүүтэй зээл авч, хэрэглээгээ санхүүжүүлж байна. Хоёр өрх тутмын нэг нь сарын орлогынхоо 50 гаруй хувийг зээлийн үйлчилгээний зардалд төлж байна. Эдгээр зээлийг эргүүлэн төлөхийн тулд өрхүүдийн орлого хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлт тогтвортой нэмэгдэх шаардлагатай гэсэн үг. Дахин давтан хэлэхэд, хууль шинээр баталж зээлийн хүүг зохиомлоор бууруулах нь уг асуудлын шийдэл болохгүй. Цаашид тогтвортой, баталгаатай зээлийн тогтолцоог хангахын тулд зээлийн хүүгийн түвшин нь нэг талдаа банкны зардлыг нөхөх, нөгөө талдаа зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцсэн түвшинд байх нь чухал юм. Тиймээс дээр дурдсан шинэчлэлүүд эдгээр асуудлуудын суурь шалтгаан руу чиглэх учраас тэдгээрт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монголбанкнаас зээлдэгчийн зээл авах чадварт тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт хийсэн нь эрсдэлийг ойрын хугацаанд хязгаарлахад туслах болно”  гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top