ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэнгийн хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг шинжлэх ухааны ажилтны өдрийг урьтан өчигдөр боллоо. Жил бүрийн намар ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдээс нээлттэй хаалганы өдөрлөгийг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Түүх болон археологийн судалгаа тухайн улсын нэг иргэнд төдийгүй нийгэмд, дэлхий дахинд Монгол Улсыг таниулан бататгахад ач холбогдолтой юм. Ялангуяа бидний ирээдүй болсон сурагчид энэ тухай зайлшгүй мэдэх шаардлагатай гэж бодсон учраас нээлттэй хаалганы өдөрлөгөөс энэ удаагийн сурвалжилгаа бэлдлээ. Офицерт байрлах ШУА-ийн Нэгдсэн нэгдүгээр байранд тус хүрээлэнгүүд байрлаж байна. Гаднах хаалгаар оронгуут нэг давхрын хэсэгтээ Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас олдсон Хагтын хадны оршуулгын дурсгалуудыг дэлгэн тавьжээ. Хагтын хадны оршуулгаас ухмал дүнзэн авсанд оршуулсан хүний хатмал шарил буюу мумминаас эхлээд хувцас хэрэглэлийн үлдэгдэл, дайчин эрийн хэрэглэж байсан нум, сум болон төмөр дөрөө, модон арал, тагш, хавтага, эсгий онго зэрэг сонирхолтой олдвор олджээ. Бараг бүтнээрээ шахуу хадгалагдаж, Дани Улсад сэргээн засварлагдсан олдворуудын Монгол дахь эхний үзэгчид ЕБС-ийн сурагчид байлаа. Дани Улсад болсон “Чингис хаан: Тал нутгийн морьтон баатрууд” үзэсгэлэнд Хагтын хадны оршуулгын олдворууд тавигдаж, Европын үзэгчдийн хүртээл болсны дараа Монголдоо анх удаа олон нийтэд хүрч байгаа нь энэ.
Олдворуудын тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэнгээс тодрууллаа.
Г.Эрэгзэн: Монголоос нийт 70 гаруй хадны оршуулга олдсон
-Энд дэлгэгдсэн олдворууд сонирхолтой харагдаж байна. Судалгааны хувьд чухал ач холбогдолтой байх?
-Тэгэлгүй яах вэ. Монголын эзэнт гүрний үеийн хатсан хүний шарил буюу хадны оршуулгын дурсгалаас илэрсэн XIII-XIV зууны үеийн олдворуудыг дэлгэн үзүүлж байна. Ингэж бүрэн бүтэн хадгалагдсан дурсгал их цөөхөн. Монголд сэргээн засварлах боломжгүй учраас Дани Улстай хамтран сэргээн засварласан бөгөөд байгалийн ухааны нарийн судалгаа, шинжилгээнүүдийг хийж байгаа. Удахгүй нэгтгэж ном болгож хэвлүүлнэ.
-Бараг бүтэн шахуу хадгалагдсан гэлээ. Яаж хадгалсан гэсэн үг вэ?
-Хадны оршуулга гэж монголчуудын өвөрмөц зан үйл бий. Хадны хөмөг юм уу агуй гээд зай завсарт нь хүнээ оршуулдаг оршуулгын нэгэн хэлбэр юм. Энэ зан үйл нийтийн тооллын VI-XV зуунд тал нутгийн нүүдэлчдийн дунд түгээмэл дэлгэрч байсан. Хадны оршуулгыг хадны завсарт хийдэг учраас нар, салхины нөлөөлөл харьцангуй бага, сайн хатаж үлддэгээрээ онцлог. Тиймээс газрын хөрсөн дэх оршуулгын дурсгалаас хадгалалт илүү гэсэн үг. Бүрлээчийн хувцас эдлэлийн хувьд ч гэсэн органик байдлаараа олдох нь бий. Хамгийн чухал нь бие махбодь нь хатаж үлдсэн байдаг учраас нарийн шинжилгээ, судалгаа хийх боломжтой болдог. Монголоос нийт 70 гаруй хадны оршуулга олдсон. Ихэнх нь хадгалалт сайтай байсан боловч харамсалтай нь зарим олдворыг нутгийн иргэд эсвэл олз хайсан хүмүүс олж гэмтээж, сүйтгэх асуудал цөөнгүй гарсан. Хадны оршуулганд тухайн хүний өөрийнх нь хэрэглэж байсан зүйлсийг дагалдуулж оршуулсан байдаг. Жишээлбэл, хэрэглэж байсан адууг нь хамт оршуулж мумми хэлбэрээр хатаж хадгалагдсан тохиолдол бий.
Б.Ариунтуяа: Би түүхийн хичээлд дуртай
Анх 2016 оны арваннэгдүгээр сард нь Алтанцөгц сумын иргэд барагшун түүж байхдаа оршуулгыг олоод сумын цагдаад хэлж, цаашлаад аймгийн агдаагийн газарт мэдэгдэж, үүний дагуу ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс очиж малтлага хийжээ. Энэ талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батдалай “Алтанцөгц сумын нутагт байдаг Цамбагарав хэмээх хайрханы ард уулын энгэрт Хагт гэдэг газраас оршуулга олдсон. Анх очиход хадны хөмөгт 3х1 метр хэмжээтэй том үхэр чулууны хөндий зайд байрлаж байсан. Нутгийн иргэд болон сум, аймгийн цагдаагаас мэдэнгүүтээ буцаагаад оршуулгыг чулуугаар дарсан байсан. Хадны хоосон хөндий зайны цаана олдворуудаа тавьж, наана нь австай хүнээ оршуулсан. Гаднаас нь нимгэн чулуунуудаар дарж, битүүлсэн байсан” гэсэн юм. Үзэсгэлэнг үзэж байсан 14-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Анх-Эрдэнэ “Түүхэнд болсон үйл явдлууд тэр дундаа Чингис хааны үе надад их сонирхолтой санагддаг. Монголд хадны оршуулгаас мумми гарч ирсэнийг их гайхаж байна. Эдгээрээс гадна түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан номнуудыг бас сонирхлоо” гэв. Мөн тус сургуулийн 9ё ангийн сурагч Б.Ариунтуяа эсгий онго гэсэн нэртэй олдвор нь юунд ашигладаг болохыг асуухад судлаач Б.Батдалай “Монголчууд эсгийгээр хүн дүрстэй онго хийж адуу, мал, гэр орноо сахидаг хэмээн тахидаг байсан гэж XIII зууны үед Монголд зорчиж байсан Жиованни Дель Плано Карпини болон Гильом де Рубрук нарын тэмдэглэлд бичсэн байдаг. Харин Монголд биет хэлбэрээрээ анх удаа олдлоо” гэсэн юм. Тэгэхээр Монголоос анх удаа олдсон эсгий онгыг бөөгийн шашны зан үйлд хэрэглэдэг байсан байж магадгүй гэж судлаач хэлж байна. Үргэлжлүүлэн 9ё ангийн сурагч Б.Ариунтуяагаас нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа сэтгэгдлийг асуулаа. Тэрбээр “Би түүхийн хичээлд дуртай. Ялангуяа 1911, 1921 оны хувьсгал сонирхолтой санагддаг. Сүүлийн үед гарч байгаа түүхэн сэдэвт кинонуудыг үзэж байгаа. Эрдэмтэн, судлаачийн лекцийг сонсож мэдээллүүд авлаа” гэв. Шинжлэх ухааны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт тухайн чиглэлээр мэргэшиж суралцахыг хүсдэг сурагчдаас гадна сонирхсон хүмүүс чөлөөтэй оролцож, мэдээлэл авах боломжтой ажээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хувьд Монголд дахь археологийн судалгааны 70 гаруй хувийг дангаар эзэлдэг судалгааны голлох байгууллага юм. Нийт 38 эрдэм шинжилгээний ажилтантайгаар археологийн судалгааг чулуун зэвсгийн үеэс эхлээд XV зуун, дундад зуун гээд үе бүрээр нь судалж, шинжилдэг байна.
Монгол орон баялаг түүхтэй, археологийн дурсгалын арвин нөөцтэй орон. Тиймдээ ч Монголын археологийн дурсгалтай харьцуулахад одоо ажиллаж байгаа археологичдын тоо, ажлын цар хүрээ харьцангуй бага гэдгийг салбарын эрдэмтэд хэлдэг. Археологийн чиглэлээр 2019 онд үндсэн суурь судалгааны ажлуудаас гадна малтлага болон хайгуулын 23 хээрийн судалгааг хийжээ. Мөн компаниудын захиалгаар археологийн авран хамгаалах судалгааны ажлыг хийдэг байна. Энэ жилийн хувьд 100 орчим экспедиц захиалгат судалгаанд явжээ. Жишээлбэл, хоёр хүрээлэнгийн хамтарч хийсэн Сарьдагийн хийдийн малтлага, судалгаа. Монгол, Германы хамтарсан төслөөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дахь Хархул хааны балгасны орчимд хийсэн малтлага судалгаа, Төв аймгийн нутаг Хэрлэн голын хөвөөн дэх Хүрээт говийн дурсгалт газарт Хүннүгийн хотын үлдэгдэлд хийсэн малтлага, судалгаа, Сүхбаатар аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хийсэн Хүннү булшны малтлага, судалгааг Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн онцлон хэлж байна.
Н.Хишигт: Түүхийн судалгаа нь үндэсний дархлаа, нийгмийн ой санамж юм
Монгол хүн өөрсдийн түүхээ мэдэж, судлах ёстой. Түүх гэдэг бол нийгмийн ой санамж. Өнгөрснийг эргэн харж, өнөөдрөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох гурван цагийн шүтэлцээн дунд оршдог шинжлэх ухаан гэдгийг бид бүхэн мэднэ. Гэсэн хэдий ч түүхээ мэдэж, судлах тусам өөрийнхөө үндэстний хэл, соёл, өвөг дээдсээрээ улам илүү бахархаж, омогшино. Тэр хэрээр эх орон, ард түмнээ хайрлах, эцэг эхээ хүндлэх гээд бүхий л зүйлд энэ шинжлэх ухааны салбар сургаж байдаг аж. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт “Түүхийн судалгаа нь үндэсний дархлаа, нийгмийн ой санамжийг судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээр нийгмийн гишүүдэд танилцуулж, бататгаж, бэхжүүлдэг зүйл” гэж хэлснийг тодотгоё. Мөн түүнээс Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнгээс сонирхлоо.
-Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2019 онд хийж байгаа судалгаанаас манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Бид нээлттэй хаалганы өдөрлөгөөр судалгаа, шинжилгээний ажил нийгэмд хандсан үйл ажиллагаагаа танилцуулдаг. Монголын түүхийн суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байна. Нэг төслийг хүлээлгэж өгсөн. Нийт гурван төслийг ондоо багтаан эцэслэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Суурь судалгааны төслүүд нь Монголын түүхийн бүхий л үеийн улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралын тодорхой асуудлуудыг судлан боловсруулж, шинэ мэдлэг бий болгоход зориулсан судалгаанууд байгаа. Эдгээрээс Торгоны замын хөгжилд Төв Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг гэсэн томоохон төслийг онцолж болох юм. “Торгоны зам”, “Нэг бүс-Нэг зам” зэрэг манай хөрш орнуудыг хамарсан Төв Ази, Зүүн хойд Азийн орон зайг эзэлсэн томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Энэ үед торгоны замын хөгжилд Төв Азийн нүүдэлчид тухайн цаг үедээ ямар үүрэг гүйцэтгэж байв, тэдний үлдээсэн соёл, түүхийн дурсгалууд юу байгааг сэргээн судалж, нүүдэлчдийн бүс нутагтаа болон дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг шинээр харах, гаргаж тавих шаардлагатай байгаа учраас энэ хүрээнд төсөл хэрэгжиж байна.
-Одоо хэрэгжүүлээд хүлээлгэн өгсөн нэг төсөл нь юу билээ?
-2016-2018 онд манай хүрээлэнгийн дундад зууны түүхийн судалгааны салбараас “Эзэнт гүрний дараах үеийн монголчууд ба гадаад ертөнц, нийгэм, соёл, харилцаа” гэсэн суурь судалгааны сэдэвт ажлыг хэрэгжүүлж хүлээлгэн өгсөн. Энэ бол Дундад зууны үеийн түүхийг манай үндэсний эрдэмтэд шинээр бичих гэсэн нэгэн оролдлого. Эзэнт гүрэн тарж бутарсны дараа монголчуудад юу болсон, нийгэм, соёл, харилцаа ямар байсан гэдгийг судлагдахуун болгон тавьж, хариулж байгаагаараа чухал. Монголын түүхийн үеүүдийн судалгаа тасралтгүй явахад чиглэсэн олон бүтээлүүд гарч байгааг онцолмоор байна. Мөн түүхийн судалгаанд археологийн малтлага судалгааны ач холбогдол өндөр. Археологийн хүрээлэнтэй хамтарч хийсэн малтлага, судалгааны ажлын үр дүнд түүхийн судалгааг илүү гүнзгий тайлж, шинэ баримт, мэдээ гаргаж ирэх зэрэг ач холбогдолтой. Мөн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс захиалгат төслүүдийг хийж байна. Жишээлбэл, “XVII зууны үеийн хотуудын судалгаа соёлын өвийн хамгаалалт, аялал жуулчлалын цогцолбор болох нь” судалгаагаар сонирхолтой дүгнэлтүүд гарсан байгаа.
Л.Ганбат: Монголын эзэнт гүрний түүх Монголын гэсэн тодотголтойгоор гарч ирсэн
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр судлаачид сонирхолтой илтгэлүүд тавьсан юм. Монголын хадны оршуулгын соёл, Хүрээлэн буй орчны антропологийн судалгааны зарим асуудал, Эртний Түрэгийн язгууртны тахилын онгоны махбодын асуудалд болон Монголын түүх, археологийн цогц судалгаа буюу Сарьдагийн хийдийн малтлага, судалгааны үр дүнгээс зэрэг илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр Монголын түүхийн шинэ судалгаа гэж нэрлэгдээд байгаа “Монголын эзэнт гүрний түүх” таван боть зохиолын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр “Монголын эзэнт гүрний түүх 2006 онд Монголын гэсэн тодотголтойгоор гарсан. Их Монгол Улс, Монголын Юан Улс, Монголын Алтан ордны Улс, Монголын Цагадайн Улс, Монголын Ил хаант Улс нэрээр гарч байсан. Дэлхийн олон улс Монголын эзэнт гүрний түүхийг судалдаг. Бүгд зарим талаараа өөрийн улсдаа хамаатуулахыг хүсдэг. Бусад орны нөлөө Монголын түүхэнд тодорхой хэмжээнд байгаа ч гэсэн Монголын түүх бол Монголын л бидний л түүх байх ёстой. Энэ үүднээс 2006 онд гарсан бодиутыг шинэчилж бичсэн. Зарим зохиогч өөрчлөгдөж, нэмэгдсэн. Тиймээс ерөнхийдөө шинэ зохиол болсон гэж үзэж болно. Мэргэжлийн судлаачид нийт уншигчдад зориулж энгийнээр бичихийг зорьсон. Эх сурвалжуудаа аль болох тодорхой зааж, улс орнуудаар явж өөрсдийн авсан фото зургуудаа номонд ашиглахыг зорьсноороо онцлог байгаа” гэв. Монголын эзэнт гүрний түүхийн таван боть нь нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд Монголын Эзэнт гүрний түүхийн судалгааг ахиулсан шинэ бүтээл хэмээн зарим судлаач дүгнээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )