Монгол Улс долоо дахь удаагаа АМЬ ТАРИАНД орох вий!

2019 оны 11 сарын 22

Өнгөрсөн гучаад жилийнхээ замналыг эргээд харахад бүх буруу биднийх л байдаг. Эдийн засаг нь тогтворгүй, иргэдийнх нь олонх эмзэг ядуу манай улс 29 жилийн хугацаанд зургаан удаа ОУВС-гаар амь тариа залгуулаад, аажим аажмаар өндийн сэхээний тасгаас гардаг жишиг хэдийнэ тогтсон. Эсрэгээрээ нийгмээрээ, нийтээрээ нөгөөх дэм тусыг нь авдаг олон улсын байгууллагууд руугаа буруугаа чихээд, тохоод байдаг тактиктай ч болсон. Тэгвэл яг өнөөдрийн нөхцөл байдалд тулгуурлан маргаашийн дүр зургийг прогнозлон харахад Монгол Улс ДОЛОО дахь удаагаа амь тарианд орохгүй гэхийн баталгаа үнэхээр алга байна.

Уг нь ОУВС-гийнхан манай эрх баригчдад хангалттай сануулсан. Төсвийн сахилга батыг мөрдөхгүй бол эдийн засаг чинь уг сууриараа асуудалтай хэвээр байна л гэж анхааруулаад байсан хэрэг л дээ. Харин манай эрх баригчид 2017 онд дефольт зарлах дээрээ тулсан тэр үеэ ой санамжаасаа арчиж хаясан мэт хандаж, ирэх оны төсвөө баталсан. 12 их наядын орлого, 14 их наядын зарлага. Хаа ч байгаа юм тэр их мөнгө.

Засгийн бүтцийг нь харахаар орлого олж ирдэг нь хэд билээ. Эсрэгээрээ орж ирснийг нь зарцуулдаг хэд хэчнээн нь билээ дээ. Энэ оны төсөвт тооцсон 42 сая тонн нүүрсний экспортоо гүйцэлдүүлж чадахгүй байж ирэх онд бас л том тоогоо бичээд, хуульчилчихсан. Эдийн засгийн идэвхжил ирэх онд энэ оныхоос илүү гарах боломж үнэндээ харагдахгүй байгаа. ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д багтчихсан, хөрөнгө оруулагчид нүүрээ буруулчихсан, түүхий эдээ нийлүүлэх үндсэн ганц зах зээлтэй, өр төлбөрийн хэмжээ гэж дааж давахад хэцүүхэн байгаа  Монголын маргаашийг гоё сайхнаар төсөөлөхийн тулд бодит үндэслэлд тулгуурлах ёстой. Даанч эрж хайгаад тэр нь олдохгүй байх юм. Тиймээс ч Монгол Улс дахиад амь тариа залгуулахад ойрхон байна гэж хэлээд буй хэрэг.

Хүн дээр жишиж хэлэхэд сэхээнээс гарсан өвчтөн энгийн тасаг руу шилждэг. Эмнэлгээс бол гардаггүй шүү дээ. Түүнтэй ижил манай улс дампуурлаа зарлах аюулаас холдож, сэхээний тасгаас гарсан ч энгийн тасагт хэвтэж байгаа өвчтөн юм. Өвчтэй хүн яадаг билээ. Өвчнөө боломжит хэмжээнд илааршуулахын тулд дэглэм барьдаг. Унд хоолоо тохируулдаг. Тэгэхээр яг л үүн шиг улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлаж орлого, зарлагаа тооцох ёстой. Ирэх жилүүдэд төлөх өр төлбөрөө тооцож зарлагаа төлөвлөх ёстой. Өрийг өрөөр л санхүүжүүлчих юм чинь гэсэн тухайн цаг үедээ л аргалж байвал маргааш маньд хамаагүй гэсэн хандлагаа болимоор юм. Тэгвэл дахин өр тавихад энэ улс чинь нэр нүүртэй байх шаардлагатай. Гадаад ертөнцөд, гадаад зах зээлд хэдийн  сааралтаж харагдаад эхэлчихсэн манай улс хурдан өнгөө хувиргахгүй бол олон улсын рейтингийн агентлагууд биднийг онилоод л харж байгаа. Зэрэглэл уруудсан байхад хөрөнгө татлаа гэхэд дагаж яригдах хүү нь улам л өндөр байх нь хууль шүү дээ.

Гэтэл бид өөрсдийгөө харахаар сэхээний тасгаас гарахаараа л ужиг өвчнөө арилсан мэт санаад байна, эндүүрээд байна. Зүй нь өвчин ужиг байхын хэрээр эдгэрч, сэхээрэхэд цаг хугацаа шаарддагийн адилаар эдийн засгийн  эрүүл ахуйн байдал улс төрийн поп шийдвэрүүдийн улмаас эд эс бүхэндээ гэмтэл авсан гэхэд болохоор манай тухайд тайвшрах цаг үнэндээ болоогүй ээ.

Эдийн засаг нь бүтцийн “хувьсгал” нэхдэг, орлогын эх үүсвэр нь хумигдмал байж экспортын өсөлтийн ая таатай үзүүлэлт харахаараа л хөөрүү онгироо хүүхэд шиг задарч, сахилгагүйтдэг зангаа одоо болимоор доо. Хэдийгээр тоон үзүүлэлтүүд ая таатай гарч байгаа ч буглаа нь тогтолцооны шинж чанартай. Аливаа шийдвэрүүд нь улс төрийн гол тоглогчдын үзэмжээс, сонгуулийн циклээс хамааралтай. Ийм нөхцөл байдал хэвээрээ байхад ямар ч тоон үзүүлэлтүүдийн үнэ цэн угаасаа бүдгэрч л таарна. Ер нь тэгээд төрийн мөнгө гэж байдаггүй.  Нэг төгрөг бүрийн ард энэ улс орны иргэн бүрийн, компани бүрийн бодитой оролцоо бий.  За тэгээд уул уурхайн хамаарал бүхий орлогыг  эрүүл мэнд, боловсрол гэхчлэн хүндээ хөрөнгө оруулалт хийх чиглэлээр зарцуулж байж л ядуурлыг бууруулж,  эдийн засгийн өсөлтийг илүү олон хүнд наана гэдгийг өдөр тутам сануулахад үнэхээр илүүдэхгүй байгаа юм. 2020-2024 оны хооронд төлж барагдуулах ёстой төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, 14.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг дахиад л сануулъя.

Сэхээний тасаг биднээс холгүй харагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
des(123.116.16.69) 2019 оны 11 сарын 22

Tenegiin dotor uujuuhan bi erh barij bgaa uedee medrelee tultal samuuruulj husaad bhd heldashgui erh gej huuli namaig hamgaalaad l garna .daraa n nadad ymar pad bainav? Gej l huniirhuu zantai erh medeltenguud duuren bhd yunii har saaral yuch sanuulaad hereg baina uu?!

0  |  0
Top